Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Нар гарах зүгээс хоёр баатар ирж энэ эхнэрийн амийг аварна"Уншсан43,760

Бид асуулаа: “Та нар юу хэлж байгаа юм бэ?” гэсэнд тэдний нэг нь тайлбарлаж хэлэв: “Урьд шөнө бид Очир гуай гэдэг өвгөнөөр дал тавиулсан юм. Очир гуай далаар юм сайн мэддэг юм.

Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн "ЛУС САВДАГ, ЧӨТГӨР ШУЛМАСТАЙ УЧИРСАН ХҮМҮҮСИЙН ЯРИА" номонд орсон сонирхолтой хэсгээс уншигч та бүхэндээ сонирхуулж байна.


НҮГНЭЙН ТӨВД

Дорнодын Наваан гэгч өвгөн Ц.Дамдинсүрэн гуайд ийн хуучилсныг 1975 оны 3-р сарын 23-нд тэмдэглэжээ.

Матадад Нүгнэйн Төвд гэдэг мэргэн лам байсан. Чухам нэр нь Лувсандамба гэдэг. Төвд хүн. Багадаа Дамдинчухлын хонийг хариулж явсан гэдэг. Алтан-Очиртын хийд дээр сууж Нүгнэй сахиад олонд алдартай болсон. Шоо орхиж мэргэлдэг. Зүүдээ манаад өглөө нь асуултын хариуг хэлдэг байсан. Би Цагаан Дарвагай орж эмчээс эм залах гэж яваад замдаа Баганы Сайн усыг дайрч Эвэрт Пунцагийнд нэг хоносон. Дэргэд нь нэг гэр бариад Нүгнэйн Төвд сууж байсан. Төвд: “Би одоо явалгүй болохгүй боллоо” гэж байсан. Нас барах ойртлоо гэсэн үг болов уу гэж бодоод “Та бидэнтэй хамт эндээ саатаж айлд” гэсэнд “Хугацаа байхгүй, зай байхгүй боллоо” гэж байсан. Түүнээс хойш удалгүй Төвд 1937 онд баригдаад алга болсон. Баригдахаа тэр мэдсэн байх гэж би боддог гэв.

1935 онд би Баяндэлгэрийн наадамд очоод ахын эхнэр Дуламын хамт тэр Төвд ламын гэрт орлоо. Тэгэхэд над урт вандан хадаг өгч сайн явахыг ерөөж байсан.


БУУДСАН НЬ

Өвгөн Батсүхийн ярьсныг ийн тэмдэглэжээ.

Таван ханатай гэрийн дунд тавьсан навтгар ширээн дээр хувинтай айраг тавиад бид тав зургаан хүн тойрч суугаад том хулаар айраг ууж элдэв юм ярьж суулаа. “Хүнд тус хүргэе гэсэн үнэн санаа байвал чадалгүй боловч тус хүргэж болно” гэж буурал өвгөн Батсүх хэлээд энэ саналдаа нотолгоо болгож дараах зүйлийг ярьсан юм.

Би 1950-иад оны үед Дорнод аймагт цэргийн холбоонд ажиллаж байлаа. Манай зарим дарга нар аргал гэрээлэх гэж хэд хоног хөдөө айл хэсэж сүүтэй цай ууж явах юм. Би бас хөдөө мал маллаж өссөн хүн болохлоор хөдөөгүүр аргал гэрээлэх ажлаар явах асан гэж санадаг байлаа. Тэгээд би таньдаг Дорж даргадаа гуйлаа: “Хөдөө аргал гэрээлэхээр явахдаа намайг аваад яваач. Би хөдөөгүүр явж аяга сүүтэй цай олж уух асан гэж санаж байна” гэлээ. “Чи холбооны цэрэг, чамайг дарга чинь явуулахгүй байх аа” гэв. Би тэгэхлээр “Би даргадаа хэлье. Бас гуйя. Зөвшөөрөх байх” гэв. Тэгээд би даргад хэлсэнд дарга маань “Ганц хоёр өдөр юм бол яах вэ. Яваад ирнэ биз” гэж байна.

Хэд хоногийн дараа Дорж дарга бид хоёул морьтой хөдөө явлаа. Би винтовтой, Дорж гар буутай, хоёул цэрэг хувцастай явсан юм. Өртөө шахуу явж Өвөр Хөөвөр гэдэг газарт очиж унтлаа. Тэнд нэлээд гэр айл байсан боловч аргал гэрээлэх хүн бараг олдохгүй байлаа. Тэдний хэлэх нь: “Бид урьд аргал гэрээлсэн, гэрээтэй аргалаа өгч дуусаагүй байна” гээд аргал гэрээлэх хүн олдохгүй байлаа. Ар Хөөвөрт аргал гэрээлээгүй айл олон бий гэж тэндээс сонсоод маргааш өглөө нь эртхэн босоод хоёул Ар Хөөвөр орохоор явлаа.

Сая нар гарч байх үед бид Ар Хөөвөрт хүрч очив. Хэдэн гэр айлын гадаа очоод буулаа. Гэтэл том цагаан гэрийн гадаа хэдэн хүн зогсож байна. Тэд нар хоорондоо “За даа мөн шүү, энэ мөн” гэж ярилцаж байх нь сонсдов. Тэд нар биднийг угтаж ирээд морьды маань тэрэгнээс уяж байна. “За гэрт морилж ор” гээд үүд сөхөж оруулав. Бид хоёр их гайхаж байлаа. Огт танихгүй хүмүүс биднийг их хүндэлж морь авч уяад л, үүд сөхөөд л, угтаж ирээд л байх нь хачин санагдлаа. Орж очсон чинь биднийг хүндтэй суудалд суулгаад л цай идээгээр зочилж гарлаа. “Та нар хаанаас хаашаа морилж явна вэ?” гэж байна. “Бид аргал гэрээлэх гэж явна” гэв. “А тэр болно. Аргал цэрэгт буулгаж өгөлгүй яах вэ! “ гэж байна. Бидний ажил ер нь бүтэж байна. Гэтэл нэг хар хүн бидэнд торгон хадаг бариад “Тусалж хайрла” гэж байна. Бид бүр их гайхчихлаа. “Яаж байгаа юм бэ?” гэж Дорж маань хэлээд хадгийг авахгүй байна. Тэр хар хүн хэлж байна: “Манай эхнэр хөнгөрөх гэж өвдөөд хэд хонолоо. Хүүхдээ гаргаж чадахгүй байна. Одоо дөнгөж амьд байна. Өршөөж тусалж хайрла” гээд уйлах шахаж байна. Тэгэхлээр харсан чинь зүүн урд хатавчинд нэг хүүхэн араг тэврээд амьдын төдий байж байна. Урьд нярайлах эмэгтэйг зүүн урьд хатавчинд араг түшүүлж суулгадаг заншилтай байсан юм. “Эмчид оч! Эмчид очихоо яасан юм?” гэсэнд “Манай сумын эмч өөрөө өвчтэй, эмнүүлэх гэж аймгийн төвд явчаад алга” гэж байна.

Тэгэхлээр бид хоёр үнэнээ хэллээ: “Бид нар цэргийн хүмүүс. Эмнэлгийн ямар ч мэргэжил байхгүй, мэдлэг ч байхгүй. Дөнгөж дунд сургуулийн боловсролтой улсаа. Бид хоёр яагаад ч тусалж чадахгүй” гэлээ. Гэтэл тэр хар хүн хэлж байна: “Та хоёр яасан ч тусалж чадна. Чадахыг чинь бид мэдэж байна” гэх юм. Бусад хүмүүс бас түүнийг дэмжиж “Та хоёр тусалж чадна. Туслах ёстой” гэж байх юм. Тэгэхлээр “Бид хоёр яаж туслах юм бэ? Чадал байхгүй. Яагаад бид хоёр туслах ёстой болсон юм бэ?“ гэлээ. “Та нарын тусалж чадахыг бид мэдэж байна” гэж хэдэн хүн зэрэг зэрэг хэлж байна.

Бид асуулаа: “Та нар юу хэлж байгаа юм бэ?” гэсэнд тэдний нэг нь тайлбарлаж хэлэв: “Урьд шөнө бид Очир гуай гэдэг өвгөнөөр дал тавиулсан юм. Очир гуай далаар юм сайн мэддэг юм. Тэр өвгөн хэлсэн нь: “Маргааш өглөө нарнаар нар гарах зүгээс хоёр баатар ирж энэ эхнэрийн амийг аварна. Айх /гүй/ юмгүй” гэсэн юм. “Өвгөний хэлсэн хоёр баатар бол та хоёр мөн дөө” гэж байна. Тэгээд тэд нар “Тусалж хайрла!“ гэж гуйгаад болдоггүй. Бид хоёр бүр яах ч аргагүй байлаа. Хоёул гадаа гараад “Одоо яах вэ?“ гэж зөвлөлдөв. Дорж маань юм хэлж өгөхгүй болохоор би хэллээ “Та гэрт ороод хүмүүсийн анхаарлыг татаж юм ярьж бай. Би гадаа үлдээд зүүн хатавчны дэргэд гадаа нь зогсож байгаад винтовоороо нэг дээш нь буудаад орхие. Тэгж цочоож үзье“ гэв. Дорж маань зөвшөөрч гэрт орлоо. Бусад хүмүүс цөм Доржийг тойроод сууж байв. Би зүүн хатавчны дэргэд гадаа нь чимээгүй зогсож байгаад уулын орой чиглүүлээд нэг буудаад орхилоо. Буу тас хийхэд бүх хүмүүс цочин босчээ. Өнөөх өвчтэй эхнэр цочиж ихэр татахад хүүхэд нь төрөөд чарлаж байжээ. Буун дуунаас цочоод ширүүн хөдлөхөд хүүхэд нь гарсан байна. Бид юу ч мэдэхгүй байсан боловч тэр эмэгтэйг нярайлахад тус болсон юм. Тэр айлын хүмүүс биднийг бүхэл өдөржин хүндэлж зочилсон билээ. Аргалыг ч их гэрээлсэн.

Одоо тэр нутагт очиж тэр хүмүүстэй уулзаж хууч хөөрөх асан гэж санах юм. Тэгэхэд төрсөн хүүхэд одоо том болоод нэг газарт ажил хийж байгаа байх даа.

1975.11.15

 

* * *

Тая хэмээгчийг Дорнод аймагт байхад нь Цагдан Сэргийлэхийн дарга Ухнаа элдвээр загнаж доромжилдог байжээ. Гэтэл Ухнаагийн нялх хүүхэд нас бараад оршуулах гэж нүх ухачихаад амсар дээр нь очиж гашуудлын үгийг хэлэх гэж байтал Тая согтуу давхиж очоод авсыг нь сөхөж чүдэнз зураад хүүхдийн хамарт хүргэсэнд цэврүү гарчээ. Тэгэхлээр Тая амьд байна гэж мэдээд хүүхдийг авснаас гарган авч хөл гараас атгаж хэд сунгаад тавьсанд хүүхэд эхэр татаад амь оржээ. Тэгэхэд нэг ч хүн юу ч хэлж чадахгүй байсан. Эх нь Таяийг тэвэрч үнсээд авсыг өшиглөж хаяад хүүхдээ тэврэн гэрийн зүг гүйжээ. Тэгэхэд Тая Ухнааг загнаж “Чиний өнөөх хууль цааз гэж ярьдаг чинь яасан бэ? Чи амьд хүнийг оршуулах гэж байдаг чинь ямар хууль цаазанд бичигдсэн байна вэ?” гэж хараагаад баахан согтуу мордоод явчсан юм гэнэ. Үүнээс хойш Тая Дорнодод суухад их хэцүү болсон гэнэ.

Ням-Осор. 1976.3.21

 

САА ӨВЧНИЙГ ЭМНЭСЭН НЬ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд урьд Жигжилийн Шавран гэж ид шидтэй лам байлаа. Раахын ван жанантай /увдистай/ хүн юм гэдэг байлаа. Саа өвчнийг Раахын хорлол гэж үздэг байсан цаг билээ. Жигжидийн Шавран, Раахын увдистай хүн тул саа өвчнийг амархан эдгээж чаддаг гэж ярьдаг байлаа.

Жигжидийн Шавранг нэг удаа саа өвчтэй хүнийг эмнэхийг би үзсэн. Манайхны Бүрэнтал гэдэг хүнд саа өвчин тохиолдож нүүр ам нь муруй болоод байв. Жигжидийн Шавранг залж ирэв. Тэр ирээд гурил зуурч хүний дүрс хийгээд Бүрэнталын дэргэд тавив. Тэгээд “Чантуй” /архийн ухиал/ гэдэг номыг уншиж Бүрэнталын нүүрийг тарнидсан архиар угаав. Тэр угаасан буртаг архийг гурилан хүн дээр хийв. Тэгээд нэг харсан чинь өнөөх гурилан хүний царай муруй болчихсон байв. Бүрэнтал овоо хэдэн үг хэлж чаддаг болов. Шавран хэлж байна:

— Ингэж гурав угаалгавал зүгээр болно доо гэв. Гурван өдөр гурав тэгж угаалгав. Би сүүлийн хоёр угаалганд байгаагүй боловч тэд “угаалгалаа” гэж ярьж байсан. Түүнээс хойш Бүрэнтал хэл ороод , нүүр ам нь тэгш болоод хориод жил эрүүл яваад саяхан өөр өвчнөөр нас барсан даа.

Жигжидийн Шаврангаас Раахын жананг Сарлаг Содов авсан гэдэг. Сарлаг Содов саа өвчтэй хүний өвчин эдгээж байна гэж сонссон. Гэвч би өөрөө үзээгүй. Би Сарлаг Содов гуайтай уулзаад тэр жанангаа над хайрла гэж гуйсан боловч тэр намайг “Хөнгөмсөг хүн. Жанан өгч болохгүй” гээд жанангаа над зааж өгөөгүй. Тэгээд Сарлаг Содов нас барж тэр жанангийн үндэс тасрах нь тэр.

Г.Бадарч ярив.

1980.10

 

Ээ дээ. Хүчинтэй байж магадгүй шүү

1980 оны хаврын эхэн сард, билгийн улирлын шарагчин хонин жилийн өвлийн адаг сарын битүүний шөнө бямба гаригт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Даш гэдэг өвгөн нас барав. Бичин жилийн /1980 оны/ цагаан сар гарсны дараахан би талийгаач Дашийнд ойр нутагтай Чой гэдэг айлд оров. Чой гуай гэртээ сууж байна. Ойр хавийн сонинг ярилцав. Тэгээд Чой гуай хэлэв: “Манай энд Даш саяхан нас барав. Нас барах нь яах вээ. Хөөрхий. Насны хэмжээ болсон юм байгаа биз. Заавал цагаан сарын өмнөх битүүний шөнө шид бямба гаригт нас барах юм. Гайтай хөөтэй хэрэг дээ. Алтан сав гэдэг номыг нээж үзвэл долоон хүн дагуултай гэж байна шүү” гэв. Би хэлэв: “Одоо шинэ цагт тэр “Алтан савын” үг хүчингүй болсон байлгүй дээ” гэв. Чой гуай: “Ээ дээ. Хүчинтэй байж магадгүй шүү” гэв. Тэгээд байж байтал нэг сарын дотор тэр хавийн таван хүн нас барав. Долоон хүн үхэхгүй таван үхээд өнгөрөх юм болов уу? гэж байтал хаврын өнөөх цуутай их шуурга болоод хоёр хүн төөрч үхлээ. Ингээд долоон хүн Дашийг нас барсны дараа нэг сарын дотор үхлээ шүү. Шид бямба гариг, хуучны өвгөдийн яриа ёр, “Алтан сав” гэдэг номын заалтанд ямар нэг учир байдаг юм болов уу? гэж гайхах юм.

Гүнтэвийн Бадарч. 1980.10.22

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]