Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Б.Мөнхболд: Миний бүтээлүүдийн ихэнх нь түүхэн сэдэвтэй байдагУншсан2,240

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа гуайн хүү, хөгжмийн зохиолч Б.Мөнхболдтой ярилцлаа.

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа гуайн хүү, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдтой ярилцлаа.  Аав, ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа энэ эрхэм олон олон уран бүтээлчийн ирээдүйн зам мөрийг гэрэлтүүлсэн нэгэн.  Тэрбээр 2009 онд Морин хуур симфони найрал хөгжмийн концерт, Ятга симфони найрал хөгжмийн концерт, төгөлдөр хуурын Сонат зэрэг бүтээлээрээ Монгол улсын Төрийн дээд шагнал Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн билээ.

-Таны аав, танай гэр бүлийнхэн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулсаар ч байгаа. Хоёул яриагаа таны аав болон өвөөгийн тухай түүх, дурсамжаас эхэлье.

-Манай гэр бүл гурван үеэрээ урлагийн замналаар явсан. Өвөг эцэг “гайхамшигт” Гончиг уртын дууч, ерөөлч, магтаалч хүн байсан. Гайхамшигт хэмээн нэрлэсний учрыг хүмүүс гайхамшигтай сайхан дуулдаг гэж ойлгоод байдаг. Гэтэл “Гайхамшигт” хэмээх Буддын шашны найман тахилын дууг их сайхан дуулсан учраас нутгийн зон олон ийн нэрийдэх болсон байна. Уртын дууг жирийн, суман, айзам гэж гурван янз ангилдаг. Өвөө маань айзам уртын дууг сайхан дуулдгаараа нутаг орондоо байтугай Сайн ноён хан аймагтаа алдартай дуучин байлаа. Аав маань нялх багаасаа өвөөг дагаж найр наадам, урлагийн орчинд өссөн болохоор тэр бүгд сэтгэл зүрхэнд нь хоногшин үлдэж, ирээдүйн хөгжмийн зохиолч болох гараагаа эхэлсэн гэж би хувьдаа боддог. Тухайн үед найрын дуу өөрийн гэсэн дэг жаягтай, хүндэтгэлтэй байлаа. Одоогийнх шиг замбараагүй биш. Айзам уртын дуугаар найраа эхлүүлж, яваандаа задгайрах, найр өндөрлөх гээд хөгжмийн хэлээр бол хэлбэрт орсон байж гэж дүгнэдэг.

Тийм орчинд өссөн хүн ирээдүйн хөгжмийн зохиолч болох нөхцөл нь бүрджээ. Аав маань 22 нас хүртлээ ижий, аавдаа тусалж, малчин ахуйн амьдралаар амьдарч байгаад 1936 онд цэрэгт татагдсанаар урлагийн замд хөл тавьсан. Тэр үед цэргийн хөгжмийн комиссынхон цэргүүдийг шалгаруулж авч байж л дээ. Хөгжим тоглох, бүрээ үлээх эсэхийг шүдийг нь хараад л шинжчихдэг. Шалгахаар ирэх дөхөхөд нь аав толгойгоо тонгойлгоод суучхаж гэнэ. Жирийн цэргийн албыг гурван жил хаагаад нутаг орондоо ирж, гэр бүлээ зохион амьдрал ахуйгаа бодох байтал цэргийн хөгжимд таван жил алба хаагаад халагддаг байж л дээ. Тэгээд л нуугдаад суугаад байж. Гэтэл дарга нь амаа ангайж, шүдээ харуулахыг үүрэгдэж, “нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой” хүү байна гээд л үг дуугүй цэргийн хөгжмийн ангид авсан гэдэг. Ингээд цэргийн бүрээчээр хоёр, гурван жил суралцаад 1939 оны Халх голын дайны нүүрийг үзсэн. Халх голын дайны үед анхны гурван бүрээчин байсны нэг нь миний аав. Япон цэргүүд довтлоход бүрээ үлээж байсан түүхээр би болоод манай гэр бүлийнхэн их бахархдаг юм даа.

Цэрэгт байх үеэс урлагт орох зам нээгдэж, ЗХУ-ын Москва хотноо П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн дэргэдэх цэргийн хөгжмийн удирдаачийн салбарт хөгжмийн зохиолч Г.Цэрэндоржтой хамт суралцаж байсан ч уушгины хатгалгаагаатай гэж оношлогдсоноор буцаж ирсэн. Аав цэргийн албанд цэргийн хөгжмийн удирдаачаар завсаргүй 17 жил зүтгэсэн. Энэ хугацаанд ес хоногийн зайтай хоёр удаа Алтангадас одонгоор шагнагдсан. Ийм түүхэн үйл явдал өөр байхгүй. 15 жил ямар ч алдаа дутагдал гаргалгүй албаа нэр төртэйгөөр гүйцэтгэсэн гэж Алтангадас одонгоор шагнасан бол ес хоногийн дараа тухайн үеийн социалист орнуудын төрийн дууллыг хөгжимчид нь нэг ч нот харалгүйгээр тоглуулсан хэмээгээд тус одонгоор хоёр дахиа шагнуулсан. Тэр үед “Цэргийн дэг жаяг өндөртэй дарга байна. Энэ даргаа заавал шагнаарай, удирдсан хөгжимчид нь нэг ч нот харалгүй тоглосон байна” гэж Румыний Ерөнхийлөгч Ю.Цэдэнбал даргад хэлж байсан гэнэ лээ. Энэ түүх ховор тохиолдол шүү.

-Цаг төрийн нөлөөгөөр хэлмэгдэж байсан түүхтэй гэдэг?

-Цэргийн албанд ажиллах хугацаандаа сэхээтний төөрөгдөл гэдэг зүйлд өртсөн. Аав “Коммунизм гэдэг чинь АНУ-д л байдаг юм”, “Үхэр их тушаасан хүмүүс одон медаль авдаг юм байна”, “Оросууд Монголын малыг хямдхан авч байна” гээд л ам цуурчихсаныг найз нь До яаманд хошуу хүргэснээр баривчлагдаж, долоон жил гаруй хугацаанд хоригдох ял авсан. Эр хүний зам ээдрээтэй, бартаатай гэж энэ байх даа. Долоон жилийн ялыг 2 жил 9 сарын ажлын гүйцэтгэлээр дуусгаж, хугацаанаасаа өмнө суллагдсан юм. Тухайн үед Соёлын сайдаар Ч.Лодойдамба ажиллаж байжээ. Тэгээд аавыг дуудаж уулзаад Хүүхэлдэйн театрт уран сайхны удирдаачаар оруулсан. Тэнд хоёр жил ажиллаад Улсын филармонийн симфони найрал хөгжмийн удирдаачаар томилогдож ирсэн. Үүний дараа Монголын хөгжмийн зохиолчдын хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга, одоогийнхоор бол ерөнхий захирлын албан тушаалд 17 жил ажилласан. Ажиллах хугацаандаа Монголын хөгжмийн зохиолчдын орон тоог маш их өсгөсөн. Гурав, дөрвөн хүний орон тоог 11 болгож дээшлүүлсэн, хөгжмийн зохиолчдын холбооны материаллаг бааз, гадаад, дотоодын хамтын ажиллагааг хөгжүүлсэн гавьяатай хүн дээ.

Гурван зуугаад дуутай, хөгжмийн бүхий л салбарт бүтээлээ туурвиж, дуурь, бүжгийн жүжиг, дуулалт жүжиг, драм, симфони найруулал, хүүхдийн уран бүтээл хийсэн. Наян насандаа Ламын гэгээний шавь гэдэг утгаар зургаан наснаасаа нүдээр үзэж, чихээр сонссон бүхнээ уран сэтгэмжээр баяжуулан “Дамдин Чойжилын дором” хэмээх бурхны шашны бүтээл туурвиж, өөрийн намтар, түүхийн талаар арав гаруй жил бичсэн гурван боть номоо бүтээсэн. Бүх үйл явдлыг өчигдөрхөн л юм шиг ой тоондоо тусгаж бичсэн байгаа юм. “Нэг ч зүйлийг марталгүй бичсэн” гэж өөрөө хэлж байсан. 83-тайдаа дээрх бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн.

Аавын маань туулсан зам дардан байгаагүй ээ. Тэр бүхнийг даваад гарснаар нь ааваараа бахардаг даа. Ч.Лодойдамба гуайн “Хугараагүй ноён нуруу” гэж зохиол бий. Тэр л санаанд ордог юм. Аав минь “Хүнд тусалж байвал үйлс сайн бүтнэ, урт насална” гэсэн лоозунтой байсан. Хүний тус сэтгэлийн, оюуны, эдийн гэж гурван янз бий. Мань мэтийнх нь бэлчээр хүрэхгүй байгаа ч сэтгэлийн, оюуны тусыг чадах чинээгээр бусдад хүргэж л явна.

-Таны аав гурван ч удаагийн дайны нүүр үзсэн гэлээ. Дайны сум, дарийн утааны талаар үр хүүхдэдээ хэрхэн хүүрнэж байв?

- Зарласан, зарлаагүй гурван удаагийн дайнд оролцсон. “Гавьяа шагнал гэхээс илүү эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө явснаараа аав нь их бахархдаг” гэж ярьж байсан. Дайсан хамгийн түрүүнд дайсныхаа дарга, тугчин, бүрээчийг хөнөөх гэдэг дайны үеийн бичигдээгүй хуультай байсан гэдэг. Бүрээчин хүн цэргүүдийнхээ зүрх зориг, жавхаа, зоригийг бадраадаг гэдэг утгаар ингэдэг байж.

Халх голын дайны үед гэдэг байх аа,  дарга нь тушаал өгч, аавыг байлдааны тагнах даалгавраар нэг цэргийн хамт явуулжээ. Гэтэл өнөө цэрэг нь “Үгүй ээ, нэг л биш боллоо шүү. Өөр замаар явж байсан даа” гэж гэнэ. Тэр хоёр гайхахын зэрэгцээ цаашилсаар дурандаж хартал мотоциклтой, улаан дээлтэй нөхөр явж байж. “За энэ нэг л биш болчихлоо шүү. Манайд юуных нь мотоцикл байх вэ дээ“ гэж ярилцаад байж байтал цэргүүд машиндаа сууж байна гэнэ. Тэгээд өнөө хоёр чинь зугтжээ. Аав “Буундаа сумтай байхгүй яав даа, гүйцэгдэх нь ойлгомжтой, ядаж нэгийг нь дарахгүй юу” гэж бодсон байгаа юм. Өнөөх машинууд ойртоод иртэл азаар Зөвлөлтийн гурван хуягттай таарч, хамгаалуулсан юм гэдэг.  Амь өрссөн үйл явдлаас ингэж нэг мултарчээ.

Бас нэг удаа Зөвлөлийн талд бичиг хүргэх даалгавар авчээ. Халх гол үерлэчихээд гар чаддаггүй. Гармаар мориороо арай хийн явж байвал ус бүрхэхээр нь мориныхоо хондлой дээр дарсан чинь морь нь өөрөө зүтгэсээр гол гаталж, даалгавраа биелүүлсэн гэдэг.

-“Намрын шөнө” дуу бүтсэн түүхийг манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Аав Улсын филармонид ажиллаж байхдааа ээжтэй танилцсан. Хуучнаар Шар дэлгүүр, одоогийнхоор 25-р телевизийн урд талын дэлгүүрийн дэргэд ээжийг болзоонд урьж л дээ. Мэдээж эмэгтэй хүн бардам зан гаргана л даа, ирээгүй. Аав бүтэн өдөржин хүлээхдээ төвөгшөөхийн оронд баяр бахдал болж, хайр дурлалдаа шатаж явж. Ингээд хүлээж байх хугацаанд нь “Намрын шөнө” дууны ая нь ороод ирсэн гэдэг. Дотны найз Ж.Бадраадаа энэ талаараа ярьжээ. Ж.Бадраа гуай мөн ирээдүйн хань Бадарч гуайд дурлаад, хайрандаа шатаж явж л дээ. Ингээд хоёр эрийн хайрын сэтгэлээс энэ дуу бүтсэн гэдэг. Ж.Бадраа гуай дууны шүлгийг ээжид зориулж бичсэн байдаг.

“...Зовлон биш

Зол минь гэлтэй” гэж байгаа шүү дээ. Аав тухайн үеийн мэдрэмжээ их сайхан илэрхийлж, Ж.Бадраа гуай онож шүлэглэснээр ийнхүү бүтээл төрсөн түүхтэй.

Бас нэг түүхтэй дуу бий. Тэр нь “Зандан шоо”. Аав Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт явж байхдаа хүүхдийн үсний найр болж байхтай таарчээ. Найрыг ахалж байсан айхтар өвгөн аавыг хараад “Ламын гэгээний хүү айраг сайн ууна биз дээ, сайн хуруудна биз” гэж. Ингээд гурав, дөрөв дэх дээрээсээ нэг биш болоод ирж, аав ч “Би бие засъя” гэж гэнэ. Гэтэл найр ахалж буй өвгөн бусаддаа “Энэ нөхрийг сайн хараарай, зугтчихаж магадгүй” гэсэн гэнэ. Найрыг орхих хоёр л арга байдаг. Нэг нь зугтах, нөгөө нь айрагны сөнгийн өмнө сөхөрч суугаад “Айраг та далай юм, би өчүүхэн юм” гэж хэлээд нутаг усаар нэг шившиг болох. Аав яаж зугтах вэ гээд бодоод сууж байтал гаднаас 17, 18 насны бүсгүй орж иржээ. Санаа зорилгоо бүсгүйтэй харцаараа ярилцаж, дохилцоод бие засахаар гарлаа. Гурван харгалзагчтай гараад л бие засч байгаа дүр үзүүлж байгаад өнөөх бүсгүйн тушааг нь тайлсан морийг унаад давхичихаж гэнэ. Өнөөх сөнгийн ахлагч өвгөн гарч ирээд “Ээ, туучий! Ламын гэгээний хүүхдийг нэг сайн чадах байсан юм” гэжээ. Гурван дагалдагч “Араас нь хөөх үү” гэхэд “Та нарын наад адсага яаж гүйцэх юм. Тэр хүүхдийн морь гэж жигтэйхэн юм байна” гээд хоцорсон юм гэдэг.

Нутагтаа очоод тогтож сууж чадахгүй байгааг нь анзаарсан өвөг эцэг маань зургаан тугалтай үнээгээр нэг морь авч өгчээ. Одоогийнхоор бол жийпний үнэ  юм уу даа. Тэр морь өнөөх дуунд гардаг Зандан шоо гэж морь. Зандан шоогоо хөлөглөөд л Архангайн Цэнхэрийг зорилоо доо. 100 гаруй километр явсан гэж байгаа шүү. Их мундаг чадалтай морь байж. Их л сайхан хар нүдтэй бүсгүй байсан юм болов уу даа, өөрийнх нь хэлдгээр “Хар нүдэн”-тэйгээ уулзжээ. Ингээд удалгүй аав нутаг буцах болсон. Өвөө, эмээ маань “Харийн нутагт хүргэн орж болохгүй шүү” гэдэг захиас даалгавар өгснийг биелүүлээд залуу хосууд ингэж л хагацан салсан юм гэдэг. Өнөөх бүсгүй уйлаад хоцорч, аав эргэж харж зүрхлэлгүй зүрхээ чангалаад л давхисан юм гэнэ лээ. Аав “Зандан шоо” гэх мориндоо их хайртай байлаа. Ингэж л дуу төрсөн түүхтэй.

-Хөгжмийн ертөнцөд хөл тавьж байсан дурсамжаасаа манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Би эхээс зургуулаа. Том ах Б.Мөнхдорж найруулагч. Драмын театрын тайзнаа Монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг амилуулж, тулгын чулууг нь тавилцсан хүн. Удаах эгч Б.Мөнхцэцэг ЦДБЧ-д хөгжимчнөөр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, бага эгч маань төгөлдөр хуурч. Маш сайн төгөлдөр хуурч байлаа. Удаах ах Б.Мөнхбаяр Улсын Филармонийн Баянмонгол чуулгад хөгжимчнөөр ажилладаг. Б.Мөнхжаргал эгч маань л ганцаараа урлагийн замыг сонгоогүй. Хэлний мэргэжил сонгож, Австралийн Олон улсын байгууллагад ажилладаг. Манайх урлагийн талдаа, мэргэжил талдаа их сайн, харин амьдрах ухаан жаахан муутай байдаг юм. /инээв/ Миний хувьд Хөгжим бүжгийн консерваторид найман жил ажиллаж, уран бүтээлээ туурвиад л явж байна даа.

Миний урлагт орсон зам дардан. Найман настайдаа төгөлдөр хуур тоглож сурсан. Орос багшийн удирдлагад гурван жил суралцаад дөрөвдүгээр ангиасаа Ардын жүжигчин Т.Цолмон багшийн удирдлагад дунд сургуулиа төгстөл суралцсан. Их сайн сурч байгаад аравдугаар ангиасаа бага зэрэг суларсан юм. Яахав зохиол бичих өгөгдөл нь бага зэрэг цухуйсан юм болов уу даа. Багш “Үүнийгээ давтаарай” гэж захичихаад гараад орж ирэхэд давтаагүй сууж байна. Хоёр жил гаруй болоод Т.Цолмон багш аавд “Би энэ хүүхдийг дийлэхгүй юм байна. Хөгжмийн зохиолч болго” гэсэн юм билээ. Тэгээд 12-р ангиа төгсөөд Хөгжмийн зохиолчдын холбоонд хөгжмийн зохиолч УГЗ Б.Бямбабаяр, Х.Найдансүрэн нартай өрсөлдөж, Арменид суралцах болсон юм. Ингээд ЗХУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт Александр Арутюняны удирдлагад суралцсан. Ёстой хувь тохиолоор, гэрэлтэй дардан зам гэгчээр явсан. Төгөлдөр хуурчаар явж болох л байсан. Төгөлдөр хуурчийн гуравхан хуваарь ирчихсэн, намайг хөгжмийн холбоонд шалгалт өгөхөд нэг хуваарь чөлөөлөгдчихлөө гээд ангийн охидууд бөөн баяр болж билээ. /инээв/

Хоёрдугаар курсэд байхдаа ЗХУ-ын хөгжмийн зохиолч оюутнуудын дунд зарлагдсан том уралдаанд оролцож гуравдугаар байр эзлэв. Тэгж байж намайг арай өөр нүдээр харж байгаа юм. Манайд сонгодог урлаг хэдэн жил хөгжсөн билээ, гэтэл тэнд хэд билээ? Том гүрний хөгжмийн урлагийнхан, 150 гаруй хүнээс гуравт шалгарахад их л сайхан мэдрэмж төрж байсан шүү.

Сургуулиа төгсөөд энд ирэхэд нийгмийн шилжилтийн завсрын үе таарсан юм. Урлаг, уран сайхан бүгд хөсөр хаягдаж, хүн бүр ганзагын наймаанд явна. Урлагийн өнөөх босгосон зүйлс нурж эхэлсэн шүү дээ. 2000 оноос хойш л эргээд босож байна уу даа. 1993 оноос Хөгжмийн багшийн их сургууль, Соёлын дээд сургууль, 1998 оноос СУИС-д багшилж байгаад 2004 оноос Хөгжим бүжгийн коллеждоо ажилласаар байна. Гучаад жил уран бүтээлээ туурвихдаа хөгжмийн урлагийн бүхий л салбарт бичсэн. Киноны дуу, их дуурь хоёр л дутуу байна. Миний бүтээлүүдийн ихэнх нь түүхэн сэдэвтэй байдаг, их сонин. Хамгийн сүүлд 2018 онд Ш.Сүрэнжавын зохиолоор “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” гэж моно дуурь бүтээсэн.

-Уран бүтээлч хүнтэй ярилцаж байгаагийн хувьд асуухгүй өнгөрч болохгүй зүйл байна. Бүтээл төрөх агшин, онгод хөглөхийн талаар?

-Сэтгэл санаа сайхан, тайван амгалан, баяр баясалтай байхад онгод төрдөг. Сайхан юм үзэх, харах, сонсох , сэтгэл дүүрэн байхад онгод ёстой хөглөгддөг шүү. Хамгийн зовлонтой нь онгод дандаа орж ирэхгүй. Орж ирэхгүй үе байна. Зарим бүтээл төрөх гэж долоо хоног, бүтэн сар болох тохиолдол бий. Би өглөө бүр төгөлдөр хуураа тоглодог нь онгодоо хөглөх гээд л оролдоод байгаа учиртай юм. Манай аав маш их явган алхдаг хүн байсан. Би лифтэнд суудаггүй. Алхаж явахад уран бүтээл төрөх нь бий. Биедээ дандаа харандаа, нотны дэвтэр, баллуур авч явдаг. Явж байхад гэнэт орж ирвэл шууд л цүнхээ тавиад тэмдэглэж авна даа. Хүн харвал “өвчтэй, мангар юм шиг, юугаа бичээд байдаг юм бол” гэж бодогдож магадгүй. Тэгэхгүй бол онгод баригдана гэж байхгүй. Хааяа зүүдэнд орж ирдэг л юм.

- Дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын суу билиг эртнээс тодорсон байх юм. Таны авьяас билиг ч хүүхэд ахуй цагаас тодорчээ. Орчин нөлөөлөөд байна уу, төрөлхийн авьяас билиг нөлөөлөөд байна уу?

-Миний хувьд бол орчин нөлөөлсөн. Яагаад гэвэл манайд дандаа урлагийн томчууд, сор уран бүтээлчид ирдэг байсан. Д.Намдаг, Ч.Лодойдамба, “Үер” киноны Болд өвгөн гээд л оюуны элитүүд орж ирнэ. Тэд Монголын соёл урлагийг хэрхэн хөгжүүлэх вэ бүтээн байгуулалтын талаар ярилцана. Ний нуугүй хэлэхэд тэдгээр хүмүүс улс орныхоо төлөө үр хүүхдүүдээ хөсөр хаячихдаг байсан шүү дээ.

-Та нэг ярилцлагадаа “Би урлаг хөгжүүлэгч болохоос шүүмжлэгч биш” гэж хэлсэн удаатай. Шүүмж судлал эрчимтэй хөгжиж байж л урлагийн хөгжил алхам алхмаар урагшилна аа даа.

-Дээр дурдсанчлан манайд ирдэг урлагийн томчууд бие биенээ байнга шүүмжилдэг байсан. Бие биенийхээ дутагдлыг хэлэхэд маш нээлттэйгээр хүлээж авна. Одоо тэгдэг эсэхийг би сайн мэдэхгүй байна. Би шүүмжлээд дэмий биз дээ.

-Ая зохиогч, хөгжмийн зохиолч хоёрын нарийн ялгамжааг тайлбарлахгүй юу?

-Дууны ая болон жижиг хэлбэрийн хөгжмийн аялгуу зохигчийг ая зохиогч гэдэг. Харин хөгжмийн зохиолч бол хөгжмийн бүхий л салбарт, чиглэлд бичих чадвартай байна. “Дуунаас дуурь хүртэл” гэж ном байдагтай адил шүү дээ. Дуунаас эхлээд л том хэлбэрийн симфони, концерт, магтуу, дуурь, драмын жүжиг, бүжгэн жүжиг, дуулалт жүжиг гээд бүхий л төрлөөр бичих чадвартай хүнийг хөгжмийн зохиолч гэнэ. Хөгжмийн зохиолч хүн “Та үүнийг бичиж чадах уу” гэхэд чадахгүй гээд байж болохгүй. Цэргийн хүн тушаал ёсоор болгодог шиг бүхий л төрлөөр бичих чадвартай байх, хөгжим зохиохоос гадна хүний хөгжмийг найруулж бичих чадвартай байх ёстой. Зарим тохиолдолд хөгжмийн зохиолчийн орон зайг ая зохиогч нар нөхдөг шүү.

Хөгжмийн зохиолч хүн мэргэжлийн түвшинд бэлтгэгддэг. СУИС болон Хөгжим бүжгийн консерваторид хөгжмийн зохиолч бэлтгэж байна. Би гэхэд арав гаруй шавь төрүүллээ, дийлэнх нь өвөрмонгол. Москвагийн хөгжмийн их сургуульд Т.Мөнхбаатар, эвэр бүрээний гэдгээр танигдсан хөгжмийн зохиолч О.Чинбат, “The Hu” хамтлагийн гишүүн Н.Тэмүүлэн зэрэг олон сайхан шавь байна.

-Таны хүүхдүүдээс урлагийн замналаар явж байгаа юу?

-Байхгүй шүү. Охин маань тэс өөр мэргэжил эзэмшсэн. Хүүгээ хятад хэлний ангиас нь гаргаад Хөгжим бүжгийн сургуульд оруулж байсан. Дөрөв дэх үеийн залгамжлагч төрсөн бол сайхан байхгүй юу. Өвөө, аав, хүү гээд гурван үеэрээ урлагт зүтгэсэн тохиолдол ховор. Дараагийн үеэ бэлдэх гэж их хичээсэн, даанч болохгүй юм. Хожуу хойно тодорч магадгүй гэж хүлээж байна. Мэдэхгүй, гучин насандаа энэ замналаар зүтгэхийг үгүйсгэхгүй, хүлээж л байна. Хүү маань Японд сурч байгаа. “Хөгжмөө санаж байна” гэж хэлж байна лээ. Ингэж л мэдэгддэг байхгүй юу гэж бодсон шүү.

Ярилцсан О.Цэцэгсүрэн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]