Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хүний хөл хүрч ирээд өвдгийг чинь өшиглөж байхад хоёр нүд чинь юу харж байсан юм бэ"Уншсан11,748

Жамьян аварга өсөхөөс өтлөх хүртлээ Улхан харуулаар удаан нутаглаж явжээ.

Сэцэн хан аймгийн Мин засгийн харьяат Жамьян аварга бүрэн бус мэдээгээр 1816 оны Даншиг наадамд 1032 бөхөөс 11 давж түрүүлсэн, 1813, 1817 оны Даншиг наадмуудад үзүүрлэсэн, 1821 онд ес давж шөвгийн дөрөвт үлдсэн 1829 он хүртэл Даншиг наадамд тогтмол 5-7 давсан алдарт бөх юм. Жамьян аварга өсөхөөс өтлөх хүртлээ Улхан харуулаар удаан нутаглаж явжээ. Ид насанд хүрч байх үедээ өвлийн цаг, ой хөвчөөс таван алд урт ёзоороороо тохой өргөн, хоёр том модыг нэг нэг сугандаа тэврэн чирсээр ирж байхыг нь олон хүн удаа дараа харсан тул «Халхын том наадамд л барилдаж байвал зохих хүн юм» гэж зөвлөх болжээ.

Тэр үеийн нэгэн жишээ нь, Улхан харуул орчмоор нутагтай тэрэгчин Лувсан гэдэг, үг дуу цөөнтэй, нутаг усандаа томоотой, шударга гэж алдаршсан нэгэн хүн намар, шар нарны үеэр тэрэгний мөөр хийх сайн чанарын хус мод шилж ачаад хоёр үхэр тэрэг хөтлөн уулын ноёлох өндрөөс нам руу орох эгц замаар модон дундуур арай чарай явж байтал хэсэг шигүү хусны нарийн чөлөөгөөр гарчих гэсэн чинь харин хоёр бүдүүвтэр хусны завсарт, ачаатай тэрэг нь хоёр дугуйгаараа зоогдож орхиод гарч өгсөнгүй, шар үхэр нь хэчнээн зүтгэвч хүчин хүрсэнгүй нэлээд уруу газар, ачаатай тэрэг, өөрийн хүчээр шургаж орсон тул тийм амар ухруулж ч болохгүй байжээ.

Лувсан өвгөн нэгэнт тамир тэнхээ хүрэхгүй тул, дэмий сүхээ авч тэр хусыг цавчдаг юм бил үү, уг нь залуу хус юм санж гэж бодоод цавчихаа хайрлан гайхаж тамхи татаж суутал тэр жил арван долоотой байсан Жамьян хүү мод бэлтгэн хийхээр яваад тааралджээ.

Хоёул мэнд усаа мэдэлцэн, өвгөн ч учир явдлаа ярьтал Жамьян хүү мориноос буугаад тэр хоёр хусны нэгийг нь барьж үзэн их л ажиглаж, ар дахь газраа эргэн харж байхыг өвгөн үзээд,

- За чи дийлмээр санагдана уу? Яах вэ, эр хүн хойно, татаад үз л дээ. Харин залуу хусыг хугалчхаж харлав даа хөөрхий! гэж тоглоом хийж хэлжээ. Жамьян хүү хариу ч хэлсэнгүй, нэг хөлөө хусны ёроолд өшиглөж, нөгөө хөлөөр ар тийш сайн тулж аваад гэнэт татаж орхисонд тэр хус шажигнан хугарч, санаандгүй суусан өвгөн золтой л цохиулчихсангүй.

- Чи ийм айхтар их тэнхээ чадалтайгаа мэдсээр байж ийм сайхан модыг дэмий хуга татах хэрэг юү байсан бэ? гэж Лувсан өвгөн зэмлэж, хожим хойно ийм болгоомжгүй ажил бүү хийж яваарай гэх зэргээр тэрэг хийх хусандаа ихэд харуусаж уурлахад Жамьян:

- Би үүнийг хугарах юм гэж яаж мэдэх вэ дээ. Дийлэхгүй л байх гэж бодсон юм гэсэн гэж, хожим болтол Лувсан тэрэгч ярьдаг байсан гэнэ. Хойтон жилээс нь арван наймтай Жамьян анх удаа холын аянд мордож Халхын долоон хошуу Даншиг наадамд зодоглосон гэлцдэг.

Өөрийн нь хошууны олон сайн бөх Жамьянг дагуулан тэр даншиг наадамд очихдоо элдэв сургамж захиас хэлж, ах захын ёсоор захирч зандарч явсан ажээ. Наадам ч эхэлж гэнэ.  Жамьян ч овоо л барилдаж эхэлжээ. Гэтэл баруун аймгийн нэгэн айхтар бөх Жамьянг амлаж авсанд хүмүүс:

- За тэр ч мөн муухай зантай бөх дөө. Барилдсан хүнээ заавал гэмтээдэг хүн гэлцэж шивэр авир ярилцжээ. Харин Сэцэн ханы Гомбо арслан хэмээх хуучны нэр цуут хашир бөх "Ямар ч өрсөлдөгчөөс бүү ай, сайн барилдаарай хө чи! Хошууны нэр хөөдөв!" гэж хатуухан захиж, их л ширүүн байсан гэдэг. Жамьян ч гарч очин, нөгөө айхтар бөхтэй нь өрөөд зогсжээ. Жамьян уг нь бага наснаас эхлэн үеийн залуустай барилдаж ноцолдож, Монголын аль ч нутгийн хөвүүдтэй адил Монгол бөхийн арга барилдлагааг өөрийн зөнгөөр сурсан бөгөөд «мөрөндөө хажиг» хүн ажээ. Хоёул барин тавин барилдаан ширүүсэх үеийн нэгэн дайралтад гэнэтхэн ямар нэгэн зүйл тас гэсэнд өрөөсөн хөл нь гишгэж болохгүй болоод явчихжээ.

Жамьян ч арай л унасангүй, засуул нь түшин авч зүүн хөлөө бараг чирсээр бөхийн асарт иржээ. Зүүн хөлийн нь өвдөгний нүд тэсэхэд бэрх өвдөх бөгөөд Жамьян ч арай л уйлалгүй, шүд зуун янцаглаж ярагласаар чичрэн зогсож нутгийн бөхчүүлээ царайчлан харжээ. Гэтэл Гомбо арслан учиргүй уурлаж,

- Заяагүй муу новш, нутаг хошууны нэр хөөдсөн мануухай, чи хүний хөл хүрч ирээд өвдгийг чинь өшиглөж байхад наад хоёр нүд чинь юу харж байсан юм бэ? гэж загнаад өөрсдийнхөө нэгэн бөхөд:

- Бушуухан гүйгээд, морьдынхоо хазаараас, хамгийн том зуузайтайг нь аваад ир! гэжээ.

Жамьян ч бүр гайхаж, хүнд хөлөө өшиглүүлж гэмтээсэн биш, харин том зуузайтай хазаараар зодуулах юм болж байна уу даа энэ чинь гэж бодож айж л зогсжээ. Багахан аяганы амсрын хэр дугариг зуузайтай хазаар тэр дорхон авчирмагц Гомбо арслан ганцхан татаад сурыг нь тастаж, нэг мушгиад амгайг нь салгаж хаячхаад тэр зуузайг хадгаар тойруулан ороож жийрэглээд Жамьянгийн өвдөгний нүдний тойгон дээр угласанд яг таарчээ. Өвдөгний нь тойгийг, тал талаас нь хуруугаараа шахан дуу алдтал нь барьж базлаад, тэр цагаригаа углаж, хонгоор нь хавтгайлан хадгаар татаж сайн боож өгчхөөд,

- Бушуу очиж барилд хө! Чамайг түүнд унавал, хээр аваачиж турсагыг чинь хуулаад, тэнд нь орхичхоод явчихна шүү! гэжээ. Жамьян ч уур шарандаа хөлийн өвдөхийг мэдэхгүй болсон юм уу, ер нь өвчин гэх юмгүй болсон мэт, харин ч бушуухан барьж аваад нөгөөх муу бөхийг газар савчихмаар л санагдаад болдоггүй гэнэ. Тэгээд за тэр айхтар хүнтэй чинь... нэг бол хаячихъя, эсвэл ү х ч и х ь е гэж бодоод хүрч очжээ. Нөгөө бөх ч барилдахаар дахин өрж, Жамьян ч нөгөө хажиг мөрөө тавьж өгөөд ойртжээ.

 «Тэгсхийж байгаад дахин өшиглөх гэвэл анаж байгаад тэр хөлийг нь шүүрэн авах юм шүү» гэж Жамьян дотроо их л анаж байж. Гэтэл цаад бөх нь сэнжигнээс нь сэнжлэн бариад авч гэнэ. Жамьян ч мөрөө дагуулан өгч жаахан тухалж эхэлтэл нөгөө хүн хажиг мөрий нь зодгоос гурван хуруугаа лавхан хийгээд барих үед нь Жамьян гэнэт хүчтэй мурин халсанд ямар нэгэн зүйл пүд гэх шиг болоод тэр бөх дуу алдан унажээ.

Жамьян ч асрын зүг дэлж, очиж бөхийвөөс нэг юм мөрний нь тэндээс газар унах шиг болж, тонгойн харвал, хүний гурван х у р у у н ы ү з ү ү р и й н  үе хумстай юутай хээтэйгээ байж гэнэ. Жамьян ч тэр гурвыг бушуухан авч түрий рүүгээ хийчхээд, ёсоо ёсолж, асрын зүг гүйжээ. Ингэж Жамьян нь баруун зүгийн тэр нэгэн бөхөд өвдөгнийхөө тойгийн я с ы г хага өшиглүүлсэн боловч нутгийнх нь ахмад бөх Гомбо арслан энэ мэт бэртэлтийг сайн мэдэх, гарын дүйтэй хүн тул дор нь эвлүүлэн боож, хэдхэн хоногт эдгээжээ.

Харин тэр гурван хуруугаа тас татуулсан бөх удалгүй бие барсан гэж дуулджээ. Тэгсээр он цагийн эргэлтээр, Жамьян ч тэр тухай мартжээ. Ингэж барилдаж явсан халхын цуут бөх Жамьян сүүлд нас ахиж, гэр зуур амар амгалан суух болсоор олон жил өнгөрчээ. Хөвчийн их уулс дунд бөглүү нам гүм нэгэн энгэрт алдарт бөхийн гэр нутагшин байсаар ирэх очих хүмүүс төдий л олон бус, анир чимээгүй өвгөн насны өдрүүд нь эхэлжээ.

Гэтэл нэгэн өдөр гэргий нь гаднаас орж ирээд "нэг бадарчин ирж явна" гэж хайхрамжгүй өгүүлжээ. Ер тэр үед бадар барьж явах лам хувраг алиныг тэр гэх вэ! Удалгүй гадаа чимээ сонстож, үүрэг юугаа гэр дээр шажигнуулан тавьж, хоолойгоо зассаар нэгэн бадарчин орж иржээ.

Ажиглавал, нэлээд настай бололтой авч бие нь тун тэнхлүүн сүрлэг том, зузаан чийрэг хүн үзэгджээ. «Надаас л наанагүй настай хүн юм даа. Гэхдээ бие нь яасан сайхан, бөх хүний галбиртай эр вэ! Энэ ч залуудаа мөн ч сайхан эр яваа даа!» гэж тэрхэн зуур Жамьян аварга бодож амжжээ.

Орж ирсэн бадарчин, За Жамьян аваргын амрыг эрье! Хоёул золгочихно байгаа даа! гээд зэхэхэд нь Жамьян аварга,

- Та чинь хэн л байна даа. Би нэг л танихгүй оргиод байх чинь гэсээр золгохоор босоход тэр хүн,

- Аргагүй, аргагүй. Та танихгүй тань хэр ээ гээд золгож,

- Дээр үед та бид хоёр наадам дээр л учирч явсан сан даа. Миний энэ гарыг танина биз дээ! гэсэнд тэр гарын гурван хуруу нь үзүүрийнхээ үеэр тасарсан үзэгдсэнд Жамьян аваргын дотор нь сэрхийгээд явчихжээ. «За энэ чинь нөгөө миний, хурууг нь тас мурьдаг хүн байх нь! Аль эрт бие барлаа гэж дуулдсан худлаа л байж дээ! Одоо энэ хүн яах гэж ирсэн юм бол доо?» гэсэн бодол дотор нь гэнэт төрөөд,

- Ээ та чинь, би танивал таньж болох л хүн санж дээ! Нээрэн ч одоо харахад, тэр залуу цагийн чинь төс бараг хэвээрээ байх чив! гэж тэр хоёр яриагаа эхэлжээ. Цаад бөх,

- Би таны өвдөгний тойгийг хага өшиглөчхөөд, даанч овилгогүй загнаж байж энэ гурван хуруугаа тун гэнэгүй авхуулсан л даа. Таны мөр мөн ч халгаатай бөгөөд хүчтэй байсан шүү.

Тэр дороо л би Халхын нэг уурлуулж болохгүй хүнийг уурлуулчихлаа даа гэж мэдсэн, тэгээд ч нээрэн, тэр наадмаас хойш таны нэр алдар мандаад, барилдах нь бүү хэл, наадмын газар өөд ч бараг зүглээгүй дээ. Хэчнээн сайхан эрийн биед сэв суулгаж байснаа өөрөөрөө жишиж ойлгоод, ер нь явдал суудал ч зохихоо байж түүнээс хойш нүглээ наманчлан өнөөг хүртэл буян хийсээр явна аа. Тэгээд таныг амьд мэнд гэж дуулаад энэ зүүн зүгийн эргэл мөргөлийн орноор хэсүүчлэн явах зам зуурт тантай нэг уулзаж ярилцъя, залуу цагийн явдлаа цайлгая гэж нутгаас нааш явган гарч, их ч хол газар юм, хоёр сар гаруй явж ирлээ дээ гэжээ.

Ийнхүү ид залуу цагтаа тэгж нэг учирсан алдарт хоёр бөх, өвгөн болсон хойноо ингэж уулзсан түүхтэй бөгөөд хоёр гурав хоног ярьж, садан төрөл шиг амраагаад тэр бөхийг буцах замд нь гаргаж өгөхдөө Жамьян аварга Богдын хүрээ хүртэл тэргэн дээр хамт сууж, ярьж хөөрч явсан гэдэг. Халхын нэгэн цуут бөх, Сайшаалт ерөөлт ба Төр гэрэлтийн үед алдарт наадмуудын их талбарт тоосоо өргөж явсан хүчирхэг Жамьян аваргын тухай ам дамжсан хууч ийн үлджээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]