Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Сайн хаан БатУншсан8,200

Бат хааны талаар өрнөдөд “Сайн хаан” гэж санал нэгтэй зөвшөөрсөн байдаг. Сайн гэдэг нь амгалан, төвшин, мэргэн гэсэн утгыг агуулсан учраас л ингэж нэрлэсэн нь гарцаагүй юм. Муу бол муу л гэж нэрлэх биз ээ.

БХЭШХ-гийн ажилтан ахмад, доктор Ph.D Т.Сүхбаатар бичиж байна.


Зүчийн улсын хаадын талаар цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Өмнө нь Зүчийн улсыг үндэслэгч ханхүү Зүчийн талаар оруулсан бол энэ удаагийн нийтлэлийн эзэн маань түүний хүү Бат юм.

 

Юуны өмнө Бат гэгч аугаа хүн хэзээ төрсөн бэ? гэдэг дээр өнөө хүртэл маргаан дагуулсаар л байна. Түүний мэндэлсэн он, сар, өдрийг тодорхойлоход ихээхэн хүндрэлтэй бөгөөд ам дамжсан цуу яриа үлгэр домог л бидэнд уламжлагдан иржээ. Бид Бат хаан байтугай Чингис хааныхаа төрсөн он сар дээр нэгдмэл байж чаддаггүй маргалдаж байдаг ард түмэн билээ.

Батын төрсөн оныг дурдсан цорын ганц эх сурвалж бол Персийн зохиолч Кази Ахмед Гаффаригийн (Кази Ахмед ибн Мухаммед Гаффари Казвини 1515–1568) “Дэлхийг тохинуулагчийн  жагсаалтууд” (Списки устроителя мира) юм. Тэнд “тэрбээр 602[1] онд (= 18.VIII.1205-7.VIII.1206) мэндэлсэн[2] гэж өгүүлжээ. Гэхдээ энэ зохиол хожим хойно Бат хаанаас хойш даруй 300 жилийн дараа зохиогдсон гэдгийг санах хэрэгтэй.

Рашид ад Дин Батыг 606 он буюу 1209 оны 6 сарын 6-наас 1210 оны 6 сарын 24-ний хооронд төрсөн гэж үзэхдээ Монголчуудын хий насыг тооцож гаргасан байдаг. Зүчи 1207 онд ойн иргэдийг байлдан дагуулах үед Батыг төрсөн[3] гэж үзэх нь ч бий.

Оросын судлаач, түүхчид ч Батын төрсөн он сар өдөр дээр нэгдсэн ойлголтод хүрээгүй л байна. Орос ч гэлтгүй Монголчууд ч нэгдмэл ойлголтгүй, ам дамжсан эсвэл нэг нэгнээсээ судалгаагүйгээр хуулсан байдаг. Ганц нэг уншсан зүйл болон өөрийн бодсоноо туйлын үнэн гэдэгт итгэн зүтгэх нь гайхмаар.

Батыг 1205/1206 онд Зүчийн хоёрдугаар хүү болон төрсөн гэж А.Карпов үзсэн байдаг[4]. Р.Ю.Почекаев өөрийн бүтээлдээ Батыг 1209 оны могой жилд[5] төрсөн гэж үзсэн байна. Ер нь 1209 он гэдэг дээр Оросын судлаачид ихэнх нь санал нэгтэй байдаг.

Монголын нууц товчооны 270-р зүйлд өгүүлснээр “Бат, Бүри, Мөнх тэргүүтэн хааны төрлийн ахмад хөвүүд ноёдыг Бат ахлан захиртугай! гэж зарлиг болов. Гол улсаас гарсан цэргийг Гүюг ахалтугай! гэж зарлиг болов”. гэж өгүүлснээс ухаж үзвэл Бат, Гүюг хоёр нас чацуу мэт харагдаж байгаа юм. Гүюг хааныг 1206 онд төрсөн гэж санал нэгтэй үздэг. Монголчууд аливаа зүйлд тэр дундаа аян дайнд их цэрэг захируулахдаа зөрчил гарахаас болгоомжлон насаар бага бус харин нас чацуу ойролцоо хүнээр удирдуулдаг байсныг бодолцож үзвэл Бат 1206 онд төрсөн баймаар.

Цааш нь үзвэл, Нууц товчооны 275-р зүйлд Бат, хипчак нутгаас Өгэдэй хаанд нууцаар өчиж илгээсэн нь,

Олон эх сурвалж Зүчийн хөвгүүдийн ахмад нь Орду гэж нэрлэдэг. Өөр ч нэг баримт бий. Жувейни Зүчийн хөвгүүдийг тоочихдоо эхлээд Бувалыг, дараа нь Ордуг тэгээд Батыг нэрлэсэн[6] байна.

Бувал уг нь Зүчийн 7-р хүү гэж сурвалжуудад дурдагддаг. 7-р хөвгүүн Бувалын нэр Зүчийн хөвгүүдийн доторх зэрэг зиндаа шатлалын дагуу бичигдсэн байх талтай. Өөрөөр хэлбэл Бувал Батаас насаар ах ч татвар эмийн хүү тул доогуур бичигдэх шалтгаан болжээ. Татвар эмийн хүү болох Зүчийн 13-р хүү Туг-төмөр ч Батаас насаар ах байсан байж мэднэ. Баттай хамт өрнийн их аян дайнд оролцсон Шибан, Тангад нар ч түүнтэй нас чацуу байж мэднэ.

Гэрт эзлэх байр суурь эхийн талын сүр хүчээс шалтгаалан Бат ахмад хөвгүүн шиг бичигдэх болжээ. Бат хэрхэн Зүчийн улсын удирдагч болсон хийгээд улсдаа ямар байр суурьтай байсан тухай “Хоёр эзний нэг улс” хэмээх өгүүлэлд өмнө нь тодорхой дурдсан тул энд орхиё.

Монголын нууц товчоонд өгүүлснээр Бат Өгэдэйг 1228 онд хаан ширээнд залах ёслолд оролцсон байдаг. Учир нь Бат Зүчийн улсын төр баригчийн хувиар Монголын их хаанд үнэнчээ илэрхийлж тангараг өргөсөн гэж үздэг. Нууц товчоонд “хулгана жил /1228 он/ Хэрлэнгийн хөдөө аралд Цагадай, Бат болон” гэж өгүүлэн түүнийг Цагадайн дараа хоёрдугаарт эрэмблэн бичсэн нь Чингис хааны үр хүүхэд ач нарын дотроос нэр нөлөөтэй байсныг бодолцоод тэр байх л даа.

Батын нэр дараагийн удаа 1235 оны хонин жил болсон хуралдай дээр дурдагддаг. 1228-1235 оны хооронд Батыг Өгэдэй хааныг даган умард Хятадыг эзлэх их аян дайнд оролцон цэрэг дайны урлагт суралцсан гэж үздэг. Түүний нотолгоо нь хятад маягаар дүрслэгдсэн Батын доорхи зураг юм. Уг хөрөгт Батыг идэр залуу байдлаар дүрслэн үзүүлжээ. Батыг Хятадад байх үеийн энэ зургийг хэн ч няцаадаггүй учир түүний хөрөг гэж баттай үзэж болно.

Монголын эзэнт гүрний их хааны зарлигаар 1235 онд өрнийн их дайныг эхлүүлэн 1242 онд амжилттай төгсгөж өөрийн улсын хүчин чадлыг нэмэгдүүлж эхэлсэн юм. Түүний хувьд нэг том дайсан байсан нь их хаан Гүюг байсан юм. Өрнийн дайны үед эв түнжингүй болсон хоёр хаан иргэний дайны өмнө ирээд байсан ч Гүюг хаан тодорхой бус шалтгаанаар нас барснаар уг үйл явдал болоогүй билээ.

Бат  хаан орос орны эв нэгдэл шашин соёл засаг захиргааны бүтцэд томоохон өөрчлөлт шинэчлэлт хийх эхлэлийг тавьж орос орны хөгжлийг тодорхойлсон. Түүний он жилүүдэд Оросын вангууд хөл дээрээ тогтож улс удирдах учир зүйгээ олж авсан. Тэрээр оросын дотоод хэрэгт оролцоод байдаггүй бөгөөд ганц тохиол нь Неврюйн дайн байсан юм. Чадварлаг удирдагч, дипломатч гэсэн алдрыг хүртэх ёстой хүн бол яах аргагүй Бат хаан юм.

Түүний төрсөн он сар өдөр маргаантай байдгийн адил түүний нас нөгчсөн он сар өдөр ч маргаан дагуулдаг. Тухайлбал түүний нас нөгчсөн оны хамгийн эртний хувилбар бол 1242 он гэх бөгөөд лигницийн талд алагдсан эсвэл Унгарыг эзлэх тулааны үед алдагдсан гэх зэргээр бурах нь Европт түгээмэл.  Мөн Оросын олон он тооллын бичиг болон хожмын ам  дамжин нэгнээсээ хуулсан зохиолууд (Москвагийн чуулган, Тверийн он дараалсан бичиг, гэх мэт) 1246-1247, 1248 оныг дурддаг. Гэтэл Плано Карпини Бат хаантай уулзсан тухай тэмдэглэл бий.

Бас нэг төөрөлдсөн он бол 1253 он юм. Перс арабын олон түүхч нар тухайлбал Рашид ад Дин, Ибн Халдун, ал Айни, Гаффари дээрх тоог бичсэн байсан. Гэтэл 1253 онд Монголын эзэнт гүрний их хаантай уулзахаар Европоос Хар хорум руу аялсан Гильом де Рубрук Бат хаантай уулзсан тухай тэмдэглэл үлдсэн байдаг. Ерөөсөө Плано Карпини, Гильом де Рубрук амьд хүнтэй бус харин сүнс сүүдэртэй уулзсан болж таарч байгаа юм.

Батын үеийн армен түүхч Киракос Ганзакеци, Их Вардан, мөн Персийн түүхч Жувейни, Персийн түүхч Хамдаллах Казвини, Шараф ад Дин Йезди  нар 1257 оныг дурддаг. Батын үед амьдарч Делийн султанд хүчин зүтгэж байсан Минхаж ад Дин Жузжани бичихдээ “тэрбээр 28 жил шахам энэ улсад хаанчлаад насан эцэслэсэн”  гэж өгүүлжээ. Мөн Р.Фахретдин (Фахретдинов, Ризаитдин Фахретдинович-Зөвлөлт татарстаны нэрт зохиолч, судлаач шашны зүтгэлтэн 1859-1936) өөрийн бүтээлдээ Батын төрсөн оныг дурдаагүй ч түүнийг 1255 онд нас барсан  гэж өгүүлжээ.

Зүчийн улсын талаарх Монголын цор ганц түүхийн бүтээл болох Монголын Алтан ордон улс номонд Батын нас барсан оныг 1255 он байж болохоор байна  гэж өгүүлжээ. Батын нас нөгчсөн оныг 1255, 1256, 1257 гэсэн ойролцоо гурван оноор авч үзэх нь элбэг. Хамгийн дөхсөн ойролцоо он бол 1256 он болж байна.

Бат хааны үр удам гэвэл түүхэнд Сартаг, Тукан, Абукан гэсэн гурван хүүгийн л нэр гардаг. Улагчи Бат хааны хүү гэдэг ч Сартагын хүү гэж маргах нь цөөнгүй. Сартагийн эх бол Батын их хатан Борогчин байсан бөгөөд Тукан, Абукан нар өөр хатанаас төржээ. Батыг нас барсны дараа Монгол заншлаар Борогчин хатан хүү Тукантай суусан. Бат залгамжлагчаараа Сартагыг томилох нь гарцаагүй байсан. Тиймээс Сартаг Зүчийн улсын хаан ширээнд суусан. Түүнийг нь Мөнх хаан ч баталгаажуулсан.

Бат хаан тэнгэрт хальсны дараагаар түүний тухай элдэв домог цуу яриа ертөнцөөр нэг тархсан юм. Гэсэн тэр бүхэн нь үнэнд үл нийцэх худал хуурмаг домог байсан юм. Бат хаан хэзээ ч алуурчин геноцид үйлдэгч харгис этгээд байсангүй. Бат бол оросын ард түмнийг тонон дээрэмдэж хүчирхийлж ирсэн, хөгжлөөс хоцроогч бүр Куликовын тулалдаанд ялагдсан Мамайг Бат хаантай зүйрлүүлдэг нь ч худлаа юм. Бат хааныг муулахад Зөвлөлтийн үеийн болоод түүнээс өмнө хойших өнөөдрийн түүхчид жинтэй хувь нэмэр оруулсаар л байна. Тэд түүхэн үнэнг өгүүлэхээс айдаг нь харин маргаангүй үнэн.

Харин орос дахь евразист үзэлтнүүд өөр бодолтой байдаг. Л.Н.Гумилев л гэхэд Бат хааныг Их Карлтай нэг түвшинд авч үзсэн байдаг. Гэхдээ Карлыг өөд болоход улс нь таран бутарсан бол Зүчийн улсыг Батыг үгүй болсон ч оршин тогтнож байсанг санах хэрэгтэй. Еврази үзэлтнүүд Батыг цуст алуурчин хорлон сүйтгэгч бус харин өгөөмөр буянтай захирагч, аугаа дипломатич, үндэсний болоод шашны тал дээр тун хүлээцтэй бодлоготон гэж дуу нэгтэй зөвшөөрдөг.

Бат хааны талаарх эрдэмтэн судлаачдын тодорхойлолтоос дурдвал. Жувейни: Бат хариу боддоггүй өгөөмөр, зүйрлэшгүй уужим сэтгэлтэй хүн, С.Цолмон: Бат нь эрч хүчтэй, ухаалаг, хүлээцтэй, найрсаг удирдагч хүний бүхий л шинжийг шингээсэн томоохон зохион байгуулагч, асуудлыг голчоор нь шийддэг ноён нуруутай, алсын хараатай удирдагч байсан юм, С.Лочин: Бат ханы ухаалаг, сэргэлэн, зохион байгуулах их авьяастай, ааш зан төлөв, даруу, өвөг эцэг Чингис хааны их засаг хуулийг хатуу чанд даган мөрддөг хүн байв..

Ер нь Бат хааны талаар өрнөдөд “Сайн хаан” гэж санал нэгтэй зөвшөөрсөн байдаг. Сайн гэдэг нь амгалан, төвшин, мэргэн гэсэн утгыг агуулсан учраас л ингэж нэрлэсэн нь гарцаагүй юм. Муу бол муу л гэж нэрлэх сэн.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 4 сар 7. 13:47
Зочин

Монголчууд бас мусулманууд шиг үеэлтэйгээ суудаг бсан уу? Бат хаан үеэл ах дүүсийн дундаас төрсөн гэжүү? нөгөө 9 үедээ цус холилдохгүй гэсэн айхтар ес тэгээд хэзээнээс үүссэн юм бэ?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]