Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сталинградын төлөөх мэргэн буудагч нарын тулаанУншсан19,101

Түүний удирдсан мэргэн буудагч нар буудлагын холын зайг нэмэгдүүлэх зорилгоор 14,5 мм-ийн танк эсэргүүцэх “ПТРД-41” буун дээр мэргэн буудагчын дуран анх удаа суурилуулан туршиж үзсэн байдаг.

Нийтлэлч, хурандаа Р.Энхболд

ОХУ-ын Волгоград хотыг 1961 он хүртэл Сталинград гэж нэрлэж байв. Аугаа Эх орны дайны үед фашистын германы цэрэг, зөвлөлтийн улаан армийн хооронд томоохон тулаан энэ хотын төлөө болсон гэдгийг санаж байгаа байх. Сталинград хотыг эзлэх нь А.Гитлерийн (үгийн шууд дуудлагаар нь бол Хитлер гэж хэлж заншмаар байгаа юм. Р.Э) хувьд стратегийн ач холбогдолтой гэхээсээ илүү үзэл суртал, нэр төрийн асуудал нь давамгайлж байсныг И.Сталин сайтар ойлгож байв. Тийм учраас И.Сталин ямар ч үнээр хамгаагүй уг хотыг хамгаалахыг Зэвсэгт хүчний Жанжин штабаас хатуу шаардах болжээ. Энэ хүнд даалгаврыг биелүүлэх зорилгоор Зөвлөлтийн дээд командлал Москва орчимд хуралдуулж байсан өөрийн стратегийн нөөц хүч хэрэгслийг Волго мөрөн рүү илгээлээ. Мөн бусад бүх фронтын хэмжээнд илүүчлэх боломжтой бүхий л нисэхийн анги, салбаруудыг Сталинградын район руу шилжүүлжээ. Ер нь хоёр тал хамаг байдгаа шавхсан гэж хэлж болно. Тулалдаж буй Зөвлөлтийн цэргийг 62 дугаар армийн командлагч генерал В.И.Чуйков,  харин Германы 6 дугаар армийг генерал-фельдмаршал Э.Паулюс тус тус удирдаж байв. 

Сталинградад жинхэнэ ойрын зайд, хот доторх байлдааны ажиллагааг сонгодог утгаар нь явуулжээ. Германы цэргийн номлолд “дайсны байрлалыг их буугаар буудаж, нисэх онгоцоор бөмбөгдсөний дараа явган цэрэг, танкийн ангиудыг давшилтад оруулах ёстой,” гэсэн зарчим үйлчилж байв. Тийм учраас германчууд давшилтад орохын өмнө журам мэт “галын бэлтгэл” хийсний дараа дайрдаг байжээ. Харин дайсны арга барилыг ойлгосон зөвлөлтийн зарим дарга нар өөрийн цэргийг дайсны байрлалд аль болох ойр байлгахыг зорих болжээ. Зөвлөлтийн цэргүүд өөрсдийнх нь цэргээс ердөө хэдхэн метрийн зайд байрлах болсон нь германы дарга нар их буу, нисэх онгоцоо үр дүнтэй ашиглах боломжгүй болгов. Германы цэргийн удирдлага хэтэрхий ойрхон байгаа орос цэргийг их буугаар буудаж, онгоцоор бөмбөгдвөл, өөрийн цэрэгт ч гэсэн хохирол учирна гэж үзэж байжээ. Генерал В.И.Чуйков энэ аргыг “германчуудыг тэврэх” гэж нэрлэж байв. Ийнхүү хоёр талын цэргүүд хооронд ихэвчлэн 100 хүрэхгүй метр, заримдаа 25 хүртэл метрийн зайтай байрлах болсон, мөн түүнчлэн цэргүүд хотын балгас болсон гудамж, байшин, орц, давхар бүрийн төлөө зууралдан тулалдаж байсан явдал нь Сталинград хотод мэргэн буудагч нарын хамгийн алдартай тулаан болох боломжийг олгосон юм.

1942 оны 10 дугаар сарын 29-нд Сталинградын фронт командлагч “Фронт даяар мэргэн буудагчийн хөдөлгөөн өрнүүлэх, дайсантай хийх тулалдаанд мэргэн буудагч нарыг өргөнөөр ашиглах тухай,” тушаал гаргав. Уг тушаал нь дараах гурван заалттай . Нэгдүгээрт: Бүх анги, нэгтгэлүүдэд мэргэн буудагчийн бүлэг байгуулж, мэргэн буудагчийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах. Хоёрдугаарт: Салаа бүр хамгийн багадаа 2-3 мэргэн буудагчтай болох. (Энд ердийн буудлагын зэвсгээр мэргэн/онц бууддаг явган цэргийн тухай ярьж байна. Учир нь тухай үед мэргэн буудагчийн тусгай дурантай винтов цөөхөн байжээ.) Гуравдугаарт: Мэргэн буудагч нарын байгуулсан гавьяа, устгасан дайсны тоог фронт даяар зарлан сурталчилах, тэднийг тухай бүр нь шагнаж байхыг үүрэг болгожээ. Сталинградаас төрсөн зөвлөлтийн хамгийн алдартай мэргэн буудагч бол мэдээж ахлах дэслэгч цолтой Василий Зайцев байлаа. Тэр нийтдээ 242 дайсны офицер, цэргийг устгасан гэнэ. Зөвхөн В.Зайцевийн мэргэн буудагчийн рот гэхэд л 4 сарын хугацаанд дайсны 1126 цэргийг устгажээ. Энэ ротод Николай Ильин (496 дайсан устгасан),  Петр Гончаров (380 дайсан устгасан), Виктор Медведев (342 дайсан устгасан) зэрэг алдартай мэргэн буудагч нар алба хааж байв.

ЗХУ-ын Баатар, ахлагч Николай Яковлевич Ильин

В.Зайцев зөвхөн тулалдаад байсангүй, дайсны мэргэн буудагч нартай тэмцэх шинэ арга техник боловсруулах, бусад мэргэн буудагч нарыг сургаж бэлтгэх, гаргаж буй алдаа дутагдлыг нь засаж залруулахад олон цаг зарцуулж байжээ. Ер нь том хотын гудамж талбайд байлдааны ажиллагаа явуулах нь тийм ч хялбар бус гэдгийг ойлгож байгаа байх. Хотын байшин, орц, давхар бүрийн төлөөх тулалдаанд жижиг дайралтын бүлгийг мэргэн буудагчдын галаар дэмжүүлэн тулалдуулж байсан нь нэлээд нөлөөтэй аргад тооцогдож байв.   

Герман, Зөвлөлтийн цэргүүд хоорондоо хэт ойрхон байрлаж байсан тул бие биенийхээ хөдөлгөөн бүрийг нарийн ажиглаж, жоохон л алдаа гаргасан цэрэг нэг бүрийг нөгөө ертөнц рүү явуулж байлаа. Зөвлөлтийн тал олон удаагийн тандалт ажиглалт явуулж, нарийн судалгаа явуулсаны үр дүнд германы мэргэн буудагч нарын ажиллагааны арга техникийг тодруулж чадсан байдаг. Тухайлбал германы мэргэн буудагч нар ихэвчлэн 800 метрээс хол зайд буй “цель”-ийг бууддаггүй байжээ. Та бүхэн 2001 онд бүтээгдсэн “Enemy at the gates” гэдэг кинон дээр В.Зайцев, германы мэргэн буудагчтай хэрхэн тулалдаж буйг тодорхой үзүүлдэгийг санаж байгаа байх. Гэхдээ энэ бол зөвхөн уран сайхны кино, бодит байдал дээр бүх зүйл өөр гэдэг нь ойлгомжтой. В.Зайцев дайсныг устгахын тулд маш олон төрлийн арга техник туршиж, ашиглаж байсан юм. Кинонд гардаг түүний ротын мэргэн буудагч нар ихэвчлэн шөнийн цагаар сонгосон газраа ирж байрлаад гэгээ ортол удаан хугацаагаар дайсныг тэвчээртэй хүлээн хэвтдэг. Дайсныг харахгүй байсан ч гэсэн сонсох, үнэрлэх мэдрэхүйгээ сайтар ажилуулах, өөрийн зөн билэгтээ итгэх зэрэг нь бодит явдал байжээ. Ер нь В.Зайцев бол маш ухаалаг хүн байжээ. Тэр дайсны хөдөлгөөн бүрийг тасралтгүй хянаж, ажиглан, тагнуулчдаас ирүүлсэн илтгэлүүдийн нягт, анхааралтай уншиж, жижиг ч гэсэн өөрчлөлт бүрийг нарийвчлан судалдаг байжээ.

Гартаа буугаа барьсан нь ЗХУ-ын Баатар В.Зайцев

Түүний удирдсан мэргэн буудагч нар буудлагын холын зайг нэмэгдүүлэх зорилгоор 14,5 мм-ийн танк эсэргүүцэх “ПТРД-41” буун дээр мэргэн буудагчын дуран анх удаа суурилуулан туршиж үзсэн байдаг. Сталинградын тулалдаанд мэргэн буудагчид үнэхээр үр дүнтэй тулалдаж, дайсанд асар их хохирол учруулж байсныг дараах хэдэн тооноос харж болно. Тухайлбал гвардын 13 дугаар буудлагын дивизийн 98 мэргэн буудагчид дайсны 3879 цэргийг, харин 39 дүгээр буудлагын дивизийн 70 мэргэн буудагчид дайсны 2572 цэргийг тус тус устгасан гэж байлдааны журналд бүртгэгджээ. Сталинградад тулалдаж байсан зөвлөлтийн 64, 62 дугаар армийн мэргэн буудагчид нийлбэр дүнгээрээ 10000 гаруй германы офицер, цэргүүдийг устгасан нь нэг мотобуудлагын дивиз хүртэл хүч байсан юм. Харин Сталинградад германы мэргэн буудагч нар зөвлөлтийн хэдэн цэргийг устгасан тухай баттай баримт байхгүй хэдий ч тооцож үзвэл багагүй тоо гарах байх гэж бодож байна.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 23. 11:36
Зочин

Хаант оросын генерал хүн улаан армид ахлах дэслэгч цолтой бн гэж байхгүй.Орос улс цэргийн өв уламжлал, цол хэргэмээ дээдэлдэг улс.

2 сар 23. 8:26
Зочин

хаант оросын генерал байсан хүн 1924 онд анх улаан армийн мэргэн буудлагийн курс байгуулсан ба тэндээ 1942 он хүртэл ажилласан .
мөн эмэгтэй мэргэн буудагчидын тусгай сургууль ч байсан . тэнд 8 сар суралцсан ахлагчид фронтын ангиудад очиж буудлагийн зааварлагчид болдог

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]