Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ц.Төрбат: Нэг хүнд зориулж 2000 хүртэлх адуугаар тахилга өргөсөн байдагУншсан5,607

Хэд хэдэн чухал зүйлийг мэдэж болно. Буган хөшөөг эргүүлж тойруулаад маш их хэмжээний адуу малын тахилгын байгууламжууд байгуулсан байдаг.

Саяхан "Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл" номын нээлт болсон юм. Эрдэмтэн судлаачдын олон жилийн суурь судалгааг багтаасан томоохон хэмжээний энэ бүтээлийн гол автор болох ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч доктор ппрофессор Ц.Төрбаттай ярилцлаа.

-Та шинэ бүтээлийнхээ талаар манай уншигчдад танилцуулаач?

-Энэхүү хоёр боть бүхий том хэмжээний бүтээл маань нийтдээ 936 нүүр хэмжээтэй. Хэдийгээр миний нэр редактор нь хэмээн бичигдсэн ч цаана нь цөөнгүй судлаачдын олон жилийн турш хийсэн суурь судалгаа байгаа юм. Монголын буган хөшөөг судлах суурь судалгаа үндсэндээ 2005 оноос эхэлсэн гэж болно. Анх Баян-Өлгий аймгаас эхэлсэн судалгааны ажил маань 14, 15 жилийн дараа дуусч төр, түмэндээ өргөн барьж байна. Хоёр ботид маань нийтдээ 14 аймгийн нутаг дэвсгэрт байгаа, 1241 буган хөшөөний судалгааны материал багтсан ба үүнийг судалгааны бүтээл хэвлүүлэх сүүлийн үеийн арга зүйн дагуу болосруулж, гар зураг, гэрэл зураг, 3D загварууд, цогцолбор дурсгалын зургуудаар баяжуулж, шинжлэх ухааны тодорхойлолт, эрдэм шинжилгээний эх хэрэглэгдэхүүнийг нь багтааж хэвлүүлсэн.

-Буган хөшөөний талаар тодорхой ойлголтыг та хэлж өгөөч? 

-Номын нэр "Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл". Монголын буган хөшөөний соёл гэж нэрлээгүй нь учиртай. Буган хөшөөний тархалт нь ганцхан Монгол биш хил залгаа бүс нутгуудад хамрагдана. Буриад, Тува, Шинжаан цаашлаад Дундад Ази, Казакстан, бүр цаашилбал Хар тэнгис Каспийн тэнгисийн зааг нутагт хүртэл буган хөшөөний соёл тархсан байгаа нь Монголчуудын тархалттай төстэй. Монгол хэлт ард түмнүүд Ази,  Европ дамнан оршдог. Гэхдээ Монголчуудын тархалтын хамгийн гол цөм нь Монгол Улс байдагтай адил буган хөшөний тархалтын цөм Монгол улсын нутагт байдаг. Евразийн өргөн уудам нутагт 1500 гаруй буган хөшөө мэдэгдэж байгаагаас 1241 нь манай улсын нутагт бий. Нийт буган хөшөөний 85 хувь гэсэн үг. Хамгийн баялаг агуулгатай, ур хийц сайтай, хамгийн том цогцолборууд нь бүгд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гэсэн үг.

Буган хөшөө гэж юу вэ гэвэл бугыг дүрсэлсэн хөшөө дурсгалыг хэлнэ. Одоогоос 3200 орчим жилийн өмнөөс тархсан соёл гэж болно. Тухайн цаг эрин үеийнхээ нийгмийн үзэл суртал, шашин шүтлэгийн илэрхийлэл. Энэ үе нь хүрэл зэвсгийн төгсгөл үе болно.

Энэ үед Монгол орон даяар мал аж ахуй бүрэн түгэн дэлгэрээд, хүн амын тоо олширч маш том тэсрэлтийн шинжтэй өөрчлөлтүүд явагдсан ба яг энэ үед буган хөшөөний соёл орж ирсэн. Нэг талаар монументал урлаг гэж нэрлэгддэг нүсэр том хэмжээтэй дүрслэх урлагийн  маш гайхамшигтай төлөөлөл болж байгаа. Нөгөө талаар тухайн үеийн хүмүүсийн сүсэг бишрэл, ертөнцийг үзэх үзлийн бэлгэ тэмдэг гэж ойлгож болно. 

Тухайн эрин үеийн гол шүтлэг бол цэрэг эрс, дайчин баатар эрсийн шүтлэг байсан. Овог аймгаа хамгаалдаг, мал сүрэг, газар нутгаа хамгаалдаг дайчин баатар эрсүүд, хүчирхэг өвгөд дээдсийг шүтдэг шүтлэгийн бэлгэ тэмдэг нь буган хөшөө юм.

Тйимээс буган хөшөө бол өөрөө хүний дүрслэл. Хэдийгээр буган хөшөөнд хүний гар хөлийн дүрслэл байхгүй ч цөөнгүй буган хөшөө хүний нүүрийн дүрслэлтэй байдаг. Буган хөшөөний олон элементүүд хүзүүний зүүлт, чихний ээмэг, байлдааны бүс, дайчин эрийн бусад хэрэглэлүүд, зэр зэвсгүүд, хамгаалалтын хэрэгслүүд бүгдээрээ буган хөшөөнд дүрслэгдсэн. Тиймээс буган хөшөө гэдэг бол хүн, хүний дүрслэл юм гэж үздэг.

-Буган хөшөөний соёл Монголын түүхийг Хүннүгийн үеэс хэр зэрэг урагшлуулж байна вэ? 

-Хүннү гүрнээс  өмнөх нүүдлийн соёл иргэншил түүний гарал үүсэл орчин цагийн Монголчуудтай хэрхэн холбогдож байгааг тодорхойлох нь манай суурь судалгааны чухал асуудал байгаа. Хүннү гүрнийг бид мэддэг. Ази, Европыг дамнасан агуу их гүрэн байсан гэдгийг мэдэж байна. Тэгвэл Хүннү гүрний үндэс суурь нь хэн юм, хаана юм бэ? Энэ асуудлыг бид хүрлийн үеийн судалгаа түүний дотор энэ үеийн хамгийн бэлгэдэлт дүр болсон буган хөшөөн дээр тулгуурлаж судалж гаргах зорилготой. Монголд төдийгүй Оросын судлаачид мөн адил хүрлийн үеийн анхны төр улсын тухай асуудлуудыг их хөндөж байна. Учир нь энэ сэдвээр археологийн тодорхой том баримтууд байдаг. 

 Хүрлийн үед ялангуяа хүрлийн төгсгөл үед асар том газар нутгийг хамарсан соёлын нийтлэгүүд бий болсон. Баруун зүгт Дундад Азиас Монголын төв хэсэг хүртэл, хойд зүгт Минусын хотгороос өмнө зүгт Тэнгэр уул хүртэл бараг 2 сая километр квадрат хэмжээтэй нутаг дэвсгэрт буган хөшөө тархсан. Эндээс соёлын нийтлэг бий болсон гэж үзэж байна. Энэ маань нэгдсэн том үндэстэн бий болсныг харуулж байна. Соёлын нийтлэг, шашин шүтлэгийн нийтлэг, дээр нь мал аж ахуйд суурилсан хүчирхэг эдийн засагтай болсон нь төр улсын үндсэн хэв шинжийг агуулж байгаа юм. Ийм учраас бид хүрлийн үеийн анхны төр улсууд Хүннүгийн өмнөх төр улсуудын тухай асуудлыг буган хөшөөн дээр тулгуурлаад судалж байна. 

Мөн Монгол үндэстэн, угсаатан бүрэлдэн бий болсон түүхийг ганцхан Хүннүгээр хязгаарлахгүй тэрнээс ч урагшлуулаад төмөр зэвсгийн цаг үе, цаашилбал хүрлийн үед хамруулж ойлгож болно. Монгол угсаатан бүрэлдэн бий болсон хамгийн чухал голомт дорно Монголд байна. Яг энэ буган хөшөөний соёлын үеийн хүмүүстэй нэг цаг үед зэрэгцэн оршиж байсан дөрвөлжин булшны соёлынхон гэж байдаг. Дөрвөлжин булшны соёлын хүмүүс манай судлаачдын сүүлийн үеийн судалгаагаар Монгол угсаатан бий болсон гол мөхлөг юм гэж мэдэгдэж байгаа. Тиймээс Монгол угсаатан бий болсон цаг үеийг 3200 жилийн өмнөх түүхээр ярих хэрэгтэй, Хүннүгээр хязгаарлаж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Та түрүүн буган хөшөө нь хүн, хүний дүрслэл гэж хэлсэн. Тэгвэл Буган хөшөөний соёл тухайн үеийн хүмүүсийн таалал төгссөн хүчирхэг өвөг дээдсээ нутаглуулах соёлтой нягт холбоотой болж таарах нь ээ? 

-Хэд хэдэн чухал зүйлийг мэдэж болно. Буган хөшөөг эргүүлж тойруулаад маш их хэмжээний адуу малын тахилгын байгууламжууд байгуулсан байдаг. Буган хөшөө маань нас барсан хүчирхэг өвөг дээсийг нь төлөөлж байгаа учир тэр өвөг дээдэстээ тахилга өргөж таарна аа даа. Тэр үед буган хөшөөний соёлынхон адууны маш хүчирхэг аж ахуйтай байсан. Тиймээс буган хөшөө маань өөрөө хиргисүүр гэж нэрлэгддэг оршуулгын байгууламжтай холбоотой. Зарим хиргисүүрт 2000 хүртэлх тооны адууны тахилга байгаа юм. Нэг хүнд зориулаад нэг байгууламжид 2000 хүртэлх  адуугаар тахилга өргөсөн гэсэн үг. Энэ бол маш их гэсэн үг л дээ. Ер нь бол Евразид ийм том хэмжээний тахилгын байгууламж өөр хаана ч байхгүй. Ийм том хэмжээний байгууламж байгуулна гэдэг чинь Монголын эртний соёл иргэншлийн бас нэг гайхамшигтай бахархал. Эндээс нэгдүгээрт хүчирхэг аж ахуйтай болсон гэж ойлгогдоно, хоёрдугаарт төр улс яригдана. Хүчирхэг төр улс байгуулагдаж байж л тэр эзэн, ноёдод зориулж ийм том хэмжээний нийт улс үндэстнийг хамарсан тахилгын ёслолууд хийгдэж таарна. 

-Буган хөшөөний соёл нь өөрөө ямар нэгэн урлагийн төрөл зүйлтэй холбогдох уу?

-Ер нь нүүдэлчдийн бүтээсэн урлагийн төрөл гэж яривал нэг л зүйлийг онцлох хэрэгтэй. Энэ бол амьтны загварт урлаг юм. Бид урлагийн маш олон төрлийг мэддэг. Тэр дотор өөрийн гэсэн байр сууриа эзлэх хэмжээний урлагийн төрөл бол амьтны загварт урлаг. Энэ амьтны загварт урлагийн гарал үүслийн асуудал археологийн судалгаанд 100 гаруй жил яригдсан. Гарал үүсэл нь хаана вэ, яаж бүрэлдэв, яаж хөгжив гээд. Маш олон жилийн судалгаа хийгдэж, эцсийн эцэст явсаар байгаад буган хөшөөн дээр ирсэн.

Яагаад гэвэл амьтны загварт урлагийн бүх гайхамшигтай төлөөлөл энэ Евразийн тал нутаг даяар байна. Монголоос авахуулаад Украин, Унгар хүртэл тархсан байна. Гэхдээ Монголын буган хөшөөн дээр тэр амьтны загварт гэж  нэрлэж байгаа урлагийн бүх шинжүүд цогцоороо, бүх дүрүүд бий. Туурайтан амьтад, араатан амьтад, домгийн амьтад гээд гурван үндсэн төрөл бий л дээ. Тэд нь бүгд байна, ер нь маш олон амьтдын дүрүүд бүгдээрээ байдаг. Дээр нь, Монголын буган хөшөө маргаан байхгүй хамгийн эртнийх хэмээн тооцогддог. Энэ бол Монголд бий болсон урлагийн төрөл юм. Энэ бол хүн төрөлхтөний соёл иргэншил, урлагийн өв санд оруулсан гайхамшигтай хувь нэмэр юм гэсэн дүгнэлтэд хүрч байгаа. Бас л манай эртний соёл иргэншлийн бахархал л даа.

Нэмж хэлэхэд манай бүтээлд хэд хэдэн хэрэглээ байгаа. Юуны өмнө соёлын өвийн хадгалалт, хамгаалалт яригдана. Энд орсон 1241 буган хөшөөнөөс хэдэн арван жилийн дараа хэд нь үлдэхийг бид мэдэхгүй. Манай 1 сая 500 мянган километр квадрат газар нутагт байгаа буган хөшөө болгонд бид манаач суулгаж чадахгүй. Ийм учраас энэ маань өөрөө тэр өвийг,  тэр олон дурсгалыг мөнхөлж байгаа юм.

Хоёрдугаарт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад оруулах дараагийн номинаци бол буган хөшөө байгаа. Одоогоор ЮНЕСКО-гийн дэлхийн өвд Монголоос гурван өв багтсан байдаг. Тэгвэл дөрөв дэх нь Монголын буган хөшөө болох ёстой. Дэлхийн өвийн хороо бол биднээс суурь судалгаа шаардана. Үнэхээр дэлхийн өвд бүртгэх хэмжээний ач холбогдолтой юм уу, үгүй юу гэдгийг тодруулна. Үүнд манай энэ бүтээл тэр суурь судалгаа нь болох юм. 

Бид гурван жилийн турш буган хөшөөний соёлоо дэлхийн өвд бүртгүүлэх төсөл дээр ажиллаж, эхний шатыг давсан. Цаана нь олон үе шат байгаа. Амжилттай болвол хоёр жилийн дараа ч юм уу, бид дөрөв дэх өвтэй болвол маш том бахархалтай үйл явдал болох ёстой. Бүртгэлээ гээд хадгалалт, хамгаалалт нь бидний нуруун дээр үлдэнэ л дээ.

-Бидний бас нэгэн том бахархал юм даа?

-Тэгэлгүй яахав. Аливаа үндэстэн өөрийн дархлааг бэхжүүлэхийн тулд соёлын өвийнхөө хэмжээг нэмэх ёстой байдаг. Бахархлынхаа хэмжээг нэмэх ч гэдэг юм уу. Бидэнд Чингис хаан байна. Монголын эзэнт гүрэн байна. Бусад бахархлууд ч байна. Үүнд зайлшгүй нэмэгдэх бахархал бол буган хөшөө юм байна. Үүнийг л энэ суурь судалгаа, бүтээлээрээ бид баталж өгч байгаа юм. Монгол брэнд гэж яригддаг. Монгол брэндэд юу байх ёстой юм гэвэл энэ Хүннүгээс өмнөх үеийн өвөг Монголчуудын үеийн бахархалт монументал дүр бол буган хөшөө юм гэж ойлгож байгаа. Цаашид брэндинг болгож хөгжүүлэх, энэ чиглэлээр инновацлаг хандлагатай судалгаанууд хийгдэх шаардлагатай. Энэ бол суурь судалгаа дээрээ тулгуурлаад хавсарга судалгаа явах ёстой гэсэн үг. Яваандаа энэ маань хэрэглээ рүү орох ёстой, аялал жуулчлал руу орох ёстой. Буган хөшөө брэндинг болно гэдэг чинь өөрөө шууд утгаараа мөнгө оруулахгүй боловч дам утгаараа Монголд маш их ач холбогдолтой. Соёлын том дархлааны асуудал байна, үндэсний бахархал байна, эх оронч үзэл байна. Энэ бүх цогц ойлголтуудад манай энэ судалгааны бүтээл тодорхой хувь нэмэр оруулна гэж ойлгож байгаа.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 8. 0:19
Зочин

Olon barimt bii Baatar eriig nas barhad ni hairtai mordiig ni hamt ongoldog baisaniig maltlagaar harj l baisan Uls undestnii hairtai udirdagchid otog bolgon ni moridoo daguulj baisan baij boloh l yum

3 сар 12. 20:31
Mgl

Mongolchuud morio hezee ch tegej alahgui olnoor ni.Ene bol daind uregdsen moriduud yum

3 сар 19. 18:32
Рэгзэн

Үнэн Судлаачид Монгол "унаган төрх"- өө бодолцмоор юм. Би л лав хайртай нөхөр хөлөг морио дайнд унахад нь (амийг минь аварсан) толгойг тэврэн дотроо уйлж авчирч тавихаас бус "АЛЖ" хэзээ ч тавихгүй Би бөө хүмүн

3 сар 26. 15:54
Зочин

Яагаад гэвэл танд морь байхгүй ш дээ. Зарим түүхэнд хүн, хүний зүрхээр тахил өргөдөг байсныг бас яаж тайлбарлахав. Түүхийг дандаа одоогоор тайлбарлаж болохгүй шүүү

3 сар 20. 9:41
Зочин

2000 адууг нэг цагт тахил болгоогvй бж болно. Удаан хугацааны турш тахил ергедег газар бсан ч бж болох...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]