Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Америкт гарсан "Чернобылийн осол"Уншсан8,293

АНУ-ын Пеннсилвань мужийн өмнөд хэсэгт орших цөмийн эрчим хүчний станцыг Three Mile Island хэмээдэг.

Б.Нямдолгор


АНУ-ын Пеннсилвань мужийн өмнөд хэсэгт орших цөмийн эрчим хүчний станцыг Three Mile Island хэмээдэг. 1979 оны 3-р сард тус станцад гарсан гэнэтийн доголдол АНУ-ын түүхэнд болж өнгөрсөн хамгийн аймшигтай цөмийн осол бий болох нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Олон нийтийн дунд асар их айдас хүйдсийг авчирсан энэхүү ослоос хойш АНУ шинээр цөмийн эрчим хүчний станц бариагүй билээ.

Кино.

Станцыг барих ажил 10 жил үргэлжилж 1978 онд дуусахад цөмийн хоёр реакторынх нь Хоёрдугаар нь ашиглалтад орж цахилгаан үйлдвэрлэж эхэлсэн байдаг. 1979 оны 3-р сард кино театрт гарч үзэгчдийг байлдан дагуулж байсан онц сонирхолтой The China Syndrome уран сайхны кинонд Жэйн Фонда, Жэк Леммон, Майкл Дуглас нар оролцон тоглосон ба гол утга санаа нь Лос-Анжелес хотоос холгүйхэн цөмийн реакторын урвалж явагдах бөгөөд хүмүүс энэ үйл явдалтай хэрхэн тэмцэлдэж байгаа тухай гардаг аж. Тухайн үеийн цөмийн салбарынхан уг киног төдийлөн ойшоож үзээгүй ба олон ч мэргэжилтнүүд цөмийн реактор хэт халснаас үүдэн цацраг идэвхит түлш хайлах буюу цөмийн эрчим хүчний идэвхтэй урвалж бий болох боломж бараг байхгүй, байж боломгүй зүйл хэмээн үзэж байсан гэдэг.

Осол.

1979 оны 3-р сарын 28-ны өглөө цахилгаан тасарсны улмаас олон үйл явдал ар араасаа бий болсон нь Хоёрдугаар реакторт аюул учруулжээ. Реакторын цөм дэх цацраг идэвхит түлшийг хөргөх ёстой усан шахуургууд горимын дагуу ажилласангүй. Чернобылийн тухай сэдэв сонирхогчдод тун дүр зураг. Үйлдвэрийн ажилтнууд цөм хөргөгч бодисгүй болсныг мэдээгүйгээр үл барам үүссэн нөхцөл байдлыг улам дордуулах арга хэмжээнүүдийг авч байсан. Эхлээд реакторын цөм усгүй болж хэт халалт үүсэв. Реакторын цөмийн барилгын тэн хагас нь хайлжээ. Станцын оройгоос үл ялиг хэмжээтэй цацраг идэвхит хий уур хэлбэрээр гарч эргэн тойрны агаар мандалд тархлаа. Реакторт их хэмжээний ус төрөгчийн хөөс бий болсноор дэлбэрэлт үүсч асар их хэмжээний цацраг идэвхит бодис агаар мандалд тарсан гэж албаны хүмүүс тайлбарладаг. Пеннсилвань мужийн амбан захирагч Дик Торнбург станцаас 5 милийн радиуст оршин суудаг бүх жирэмсэн эмэгтэйчүүд болон сургуульд ороогүй балчир хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан байдаг. Гурав хоногийн дараа мэргэжилтнүүд устөрөгчийн хөөс тэсэрч, дэлбэрэхгүй гэдгийг тодорхойлсны дараа хурдацмал байдал үүсгэсэн энэхүү осол намжсан билээ.

Ямар нөлөө үзүүлсэн бэ?

Цөмийн эрчим хүчийг дэмжих ард иргэдийн дэмжлэг 1977 онд 69 хувь байсан ч энэхүү айхтар ослын дараа мэдэгдэхүйц хэмжээгээр буурч 1979 он гэхэд 46 хувьд хүрсэн  байв. Станцын ослын үр дүнд барагцаагаар хоёр сая орчим хүн цацраг идэвхит бодист хордсон тооцоо бий. Засгийн газрын агентлагууд, нийгмийн идэвхтнүүд хүний эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө үзүүлсэн эсэх талаар судалгаа явуулсан байдаг ч тус дэлбэрэлтээс болж үүссэн гэх сөрөг нөлөөг олж илрүүлээгүй ажээ. Цацраг идэвхит бодист өртсөн хүмүүс хорт хавдар, хордлого, аллерги зэрэг өвчнүүдээр шаналж байгаа гэх мэдээлэл огт байхгүй.

Гэсэн ч ослыг тал талаас нь судалсан явдал нь АНУ-ыг цөмийн эрчим хүчний станц ажиллуулах, удирдах аргаа эрс өөрчлөхөөс аргагүй байдалд оруулав. Холбоо аюулгүй байдал, онцгой байдлын үед авах шаардлагатай арга хэмжээнүүдийг хуучин байснаас нь илүү хатуу чанд болгон өөрчилж, албаны хүмүүс реакторт шинээр лиценз олгох үйл явцаа зогсоож байсан байдаг. Three Mile Island станцын ослын дараа цөмийн эрчим хүчний станцын зураг төслийг өөрчлөх шаардлага тавьсан нь шинээр станц барьж байсан хүмүүсийг илүү удаан хугацаанд илүү их зардлаар бүтээн байгуулалтаа босгохоос өөр аргагүй болгож байлаа. Үр дүнд нь цөмийн эрчим хүчний реакторуудыг барих ажил огцом буурсан төдийгүй 1974 оноос хойш нэг ч шинэ станц АНУ-ын нутаг дэвсгэр дээр баригдаж, ашиглалтад ороогүй юм.

Их цэвэрлэгээ

Станцын сүйдсэн үлдэгдлийг цэвэрлэж янзлахад нийтдээ 14 жилийн хугацаа шаардагдсан ба ойролцоогоор 1 тэрбум доллар зарцуулсан гэдэг. Ослын дараа гэмтсэн реакторыг бүрмөсөн хааж, газартай тэгшлэн бетондсон юм. Цацраг идэвхит түлш, усыг зайлуулсан ба ажилчид 15 тонн цацраг идэвхит хог хаягдлыг Идахо мужид орших цөмийн хог хаягдлыг хадгалах үйлдвэр рүү зөөжээ.

Чухамдаа яг юу болсон бэ?

1979 оны 3-р сарын 28-ны өглөөний дөрвөн цагт Хоёрдугаар реактор эрчим хүчнийхээ 97 хувийг ашиглаж байлаа. Хоёрдугаар зэргийн хөргөгч хэлхээнд бага зэрэг асуудал үүссэнээс болж үндсэн хөргөгчийн температур нэмэгдэж эхэлснээр реактор зориулалтын дагуу автоматаар унтарчээ. Энэ үед буцаах хавхлаг хаагдаагүй, багаж заалт харуулаагүй, үндсэн хөргөгчний ихэнх нь урссаны улмаас реакторын цөм дэх дулаан хэвээр хадгалагджээ. Улмаар реакторын цөм ноцтой гэмтсэн байна. Реактор гэнэт унтарсанд диспетчерүүд ямар онош тавих, юу хийх ёстойгоо мэдэхгүй сандарч эхэлцгээв. Хяналтын өрөөний тоног төхөөрөмжийг хангалттай суурилуулж, яаралтай нөхцөл байдалд яах ёстой талаар диспетчерүүдэд мэдлэг олгож, сургалт зохион байгуулсан сан бол ийм юм болохгүй байжээ. Реактор унтарснаас хойш ердөө хэдхэн хормын дотор реакторын хөргөгч систем дээрх даралт буцаах хавхлаг нээгдлээ. Арван хормын дараа хавхлаг хаагдах ёстой байсан ч тэгсэнгүй харин ч реакторын хөргөгч ус реакторын хөргөгчний ус зайлуулах сав руу юүлэгдэж орхив. Энэ үед диспетчерүүд багаж дээрх “хаагдах” сигнал хавхлаг руу илгээгдсэн болохоор буцаах хавхлаг унтарсан гэж л бодож байжээ. Гэсэн хэдий ч тэд хавхлагны жинхэнэ байршлыг мэдэхгүй л байлаа. Хөргөх ус байхгүй болсонд хариу үйлдэл үзүүлж өндөр даралттай насосууд орлуулах усыг автоматаар реакторын систем рүү орууллаа. Товчхондоо хавхлаг онгорхой хэвээр гацсан гэдгийг станцын диспетчерүүд мэдээгүйгээс болоод энэ осол гарсан гэж үздэг. Ерөнхийлөгч Жимми Картер осол болсноос хойш нэг сарын дараа станц дээр очиж нөхцөл байдалтай танилцаж байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]