Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хөвсгөл нуур - Монголын гайхамшигУншсан1,631

Зочдын маань дараачийн хүсэл нь өглөөний нар ургахыг харах байлаа. Тэр ёсоороо бүгд харанхуй байхад эртлэн босч гарцгаав.

 Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар бичиж байна.

Хэд хоногийн өмнө гадны хүмүүсийн хамтаар Хөвсгөлд очиж хоёр хонов. Анх удаа очиж байгаа хүмүүс болохоор том зорилт тавьж, нуураар аялна л гэнэ, шөнийн тэнгэрийн од харна л гэнэ, үдэш нар жаргахыг, өглөө нар ургахыг үзнэ л гэнэ. Цаатны хотонд очиж цаа, малчны хотонд очиж морь унана л гэнэ. Ер нь юм юм төлөвлөж айхтар зорилго, хүсэл мөрөөдөл өвөрлөж байгаа аж. Тэр бүгдийг нь биелүүлчих юмсан, үзүүлчих юмсан гэж байдгаараа л хичээж, чадлаараа зүтгэлээ. Онгоцны билет гэж нэг ховор юм олдоход бэрх ажээ. Арай гэж танил тал, хүн амьтнаар яриулсаар байж арван хэдэн суудал олж аваад нөгөө хэдээ суулгаад хөөрлөө. “Хүннү Эйр”-ийн цоо шинэхэн агаарын хөлгөөр тухтайхан ниссээр ганцхан цаг болоод газардав. Хөвсгөлд би хэд хэдэн удаа очсон. Энэ удаа очиход ч аанай л наран дуртмал нүд гялбан гэрэлтэж, аймгийн нисэх буудлын өмнөх Монголын анхны сансарт нисэхийг мөрөөдөгч Гэлэнхүүгийн хүрэл хөшөө бүхий авсаархан буудал нар дэвсэн угтлаа.

Чингээд Мөрөн хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нараар дайлуулж аваад цаашаа Хатгалыг чиглэн довтолголоо. 2012 онд мөн л гадны зочдын хамт ирж, Хатгал руу явахад Мөрөн-Хатгалын хооронд засмал зам тавьж байсан ч арай  дуусаагүй, шороон замаар явж байсан. Дараа жил нь ашиглалтад орсон байх. Өнөө үзэхэд уг нь сайхан зам юм гэтэл овон товон, энхэл донхол ихтэй тул хурдтай явахад аюултай аж. Түүнийг нь мэдэхгүй хүмүүс хурд хэтрүүлэн давхиж байгаад “нисэх” аюултай тул маш болгоомжтой явах хэрэгтэй гэж жолооч залуу үглэсээр, өдөр 1 хагаст гарсан хүмүүс Хөвсгөл нуурын баруун эрэгт хамгийн хойд талд байх Тойлогт жуулчны баазад хүрч очиход оройн 6 цаг болж байлаа. Тооцож үзвэл, Мөрөнгөөс Хатгал хүрэхэд 2 цаг, Хатгалаас Жанхайн даваа хүрэхэд 1 цаг, тэндээс Тойлогт хүрэхэд бараг 1 цаг зарцуулжээ. Автуус ч гэж автуус, зам ч гэж зам юм аа. Элдвийг л бодож явлаа, манайхан Мөрөнгөөс Хатгал хүрэх засмал замыг аятайхан тавьчихгүй дээ гэж халаглаж, Хатгалаас Жанхай, цаашлаад Тойлогт хүртэл бас засмал тавьчихвал ч... гэж мөрөөдөн бодож явлаа.

Тэгж бодохын учир бас байнаа. Учир нь гэвэл энэ удаад ирсэн зочид маань ирсэн зорилго, хүсэл мөрөөдлөө бүрэн биелүүлээд буцав. Хувилж тооцох юм бол 100% биш, бүр 200% биелүүлсэн гэж хэлж болохоор. Энэ тухай товч дурдаж, зураг үзүүлсүгэй. Монгол нутгийн байгалийн сайхныг бахархан тольдож явсаар бид алдарт Жанхайн даваан дээр гарч 13 бөөгийн овооны дэргэд хүрч ирэхэд моддын дундуур нуурын мандал цэлэлзэн үзэгдэж, зочдыг өөрийн эрхгүй татан соронздож эхлэх нь тэр. Удалгүй машиндаа сууж уруудахад Далай ээж нүдний өмнө цэлийн цэнхэрлэсээр угтан авлаа. Монгол газрын их усан, Монгол үндэстний их далай мянга мянган жил биднийхээ мэлмийг баясган, сэтгэлийг цэлмээж ирсэн тэр л агуу сайхан дүр төрхөөрөө цэлэлзэнхэн, цэнхэрлэнхэн байнам. Аяа, Монгол газрын их усан, Монголчууд бидний их өв баялаг – Хөвсгөл далай Монгол нутгийн хойморт ийнхүү цэлэлзэнхэн байдаг нь та бидний юутай их завшаан, юутай их аз хийморь вэ. 

Монголд ирдэг олон жуулчин шөнө тэнгэрийн од харна гэдэг. Түүнийгээ ч хардаг. Монгол нутгийн цэлмэг шөнө тэнгэр дүүрэн од мичид ярайн түгээд, түүнийг харсан хэн бүхэн дуу алдан шагшицгаана. Хаа ч ийм л байдаг. Шөнө хугаслан унталгүй, нуурын эрэг дээр аппарат камераа зоон тухалсан зочдынхоо авсан зургуудаас уншигчдадаа хүргэе. “-Шөнө 10 цаг хагаст тэнгэрийн хаяа бас л гэрэлтэй байгаа юм чинь бид хэзээ од харах юм бэ?” гэлцэж байсан зочид маань удалгүй энд тэндгүй дуу алдан: “Амьдралдаа анх удаагаа ийм сайхан юм үзэж байна, Ямар их од вэ? Энэ Тэнгэрийн заадал байна, бас Сүүн зам гэдэг биз дээ, тэр Долоон бурхан, тэр Алтан гадас, тэр юу вэ?” гэлцэн шагширцгаана. Зочдын маань эх оронд нар эрт жаргаж, харанхуй болдог, зун бол 6 цагт жаргаж, тэгээд л харанхуй болдог ажээ. Харин өвөл бол бараг 4 цагт нар жаргаж, 5 болоогүй байхад харанхуй болчихдог гэнэ. Тиймээс Тойлогт баазад 6 цагт ирсэн бид 7 цагт оройн хоол идэхэд ч нартай байсан, 8 цагт зоог өндөрлөхөд ч нартай байсан, нуурын эргээр зугаалж зугаалж өрөөндөө орж амарцгаахад ч нартай байсан. Тэгээд үдэш шөнө болсон хойно 10 цагт гарч од харья гэсэн нь тэр билээ. Залуучууд зураг сайн авах юм, аппарат камер нь ч мундаг юм. Гадна, дотнынхон нийлээд түүдэг асаан тойрон сууж, шөнө дүл өнгөртөл намуухан хүүрнэлдэнэ. Архидан хөлчүүрч, дуулж орилолдон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа юм алга. Өдөр нь нарладаг сандал дээр тухлан ном уншицгааж, бас дугхийж харагдана. Манайхан ч бас нэг хэсэг шуурч хүрээд үзсэн болж оддог байсан бол одоо өөр болж байгаа бололтой. Байгалийн сайхныг зөвхөн үзэх төдий биш, харин байгалийн сайханд саатан амарч, алжаал тайлан тухлахыг илүүд үздэг болжээ. 

Зочдын маань дараачийн хүсэл нь өглөөний нар ургахыг харах байлаа. Тэр ёсоороо бүгд харанхуй байхад эртлэн босч гарцгаав. 8 сар гарсан тул үүр хожуу цайж байгаа, уг нь 6, 7 сард бол өглөө 3 цаг өнгөрөөгөөд үүр тэмдгэрч, 4 цагт нар ургадаг юм гэхэд итгэхгүй байсан зочид маань харанхуй тэнгэр зүүн хаяанаасаа аажмаар цайрсаар, 5 цагт гэгээ орж, удалгүй нар ургахыг харж, бас өнөөх олон хүчтэй аппарат, камераараа зураг дарж, бичлэг хийж авцгаалаа. Орчлонгийн мөнх алтан дэнлүү болсон агуу наран гариг их усны цаад талаас цухуйн хөөрөх нь гайхалтай ажгуу. Энэ бол өдөр бүхэн давтагдаг байдаг, тийм ч болохоор хүн тэр болгон ажиж анзаардаггүй, тийм эгэл атлаа эгэлгүй нэгэн гайхамшиг авай.

Талд, говьд, ууланд нар мандах нь бүгд өвөрмөц өнгө төрхтэй гайхамшиг билээ. Энэ удаад зочид маань Хөвсгөл нуур дээгүүр нар ургахыг тэвчээртэй хүлээсээр зорьсондоо хүрч эдгээр зургийг авсан нь энэ ээ. Гайхамшигтай. Энэ үзэмжийг үзэж зогсоход “Аяа, энэ орчлон ертөнц гэгч юутай гайхамшигтай вэ! Аяа, энэ Монгол орон, Хөвсгөл далай юутай бахархалтай вэ! Аяа, “Уяхан Замбуутивийн наран” хэмээх Монголын маань агуу сайхан дуу анир чимээгүйхнээр эгшиглэн дуурьсаж байгаа биш үү!” хэмээн өөрийн эрхгүй сэтгэл сэргэн бодогдож билээ. Тэр мөчид бас гадныхан эх орныг минь шагшин дуу алдаж байсан буй заа. Үүнийг үгээр дүрслэн илэрхийлэхийн арга үгүй, эдгээр зургийг харахад тэгэх ч шаардлага ч үгүй буй заа.

Зочдын маань үзэх өөр нэг хөтөлбөр бол Хүслийн арал дээр очих байв. Гэвч усан онгоцны ахмад Л.Баярсайхан “Нуурын дунд хавьд Хадан хүй арал гэж байдаг. Түүнийг үзэх нь дээр” гэж зөвлөснөөр бид тийшээ зорилоо. Өглөө битүү манантай, жихүүн байсан тул зузаан хувцас өмсөцгөөж, онгоцны тавцан дээр гарахад задгай далайн сэрүүн салхи сэвэлзэн үнэхээр жиндүүлэх ажээ. Эхэндээ зочид маань их ус хараад сэргэн хөөрч, онгоцны тавцан, хитэг, хошуун дээр гарч зураг хөргөө татуулан хэсэг баясацгаав. Тэгээд нэг цаг шахам явахад жихүүцэж, аажмаар дуугаа хураан, энд тэнд нугдайн сууж гар утсаа шагайцгаалаа.

Нуурыг битүү бүрхсэн манан дунд эргэн тойронд юу ч үл үзэгдэн, гагцхүү их ус, их ус, манан, манан... Хаа нэг цахлай шувуу часхийн дуугарч хоёр нэгээрээ нисэн өнгөрнө. Усан онгоцны ахмад хижээл бор хүн эхнэрийн хамт хөлгийн бүхээгт зэрэгцэн зогсоод залуураа чадмаг мушгин, өмнөх өтгөн мананг нэвтлэн тэртээ алсыг харах мэт  итгэлтэй урагшилна. Гэвч мань мэт нь тэр өтгөн мананг хэрхэн нэвт шувт харч чадах билээ. Гагцхүү ахмадад итгэн хүрэх газар ойрхон бий хэмээн найдахаас өөр аргагүй. Сүүлдээ тэвчээр алдагдаж, бүхээгийн хаалгыг татан: “Арал дөхөж байна уу? Хэзээ хүрэх вэ?” гэхэд өнөөх чинь: “Болоогүй байнаа” гээд чимээгүй болох нь урамгүй.

Дэмий л хөлгийн тавцан дээр гарч нөмөрт сууж аваад тээр жил УИХ-ын гишүүн асан Гүндалай энд завьтайгаа нуурын шуурганд боогдож, төр засгаар онцгой байдал зарлуулан нисдэг тэрэг хөөргөн бөөн хэрэг явдал мандааж байсныг санан “Арай ч тийм юм болохгүй байлгүй!” хэмээн сэтгэлээ тайвшруулж явлаа. Гэтэл “Арал харагдаж байна!” гэх дуу эгээ л “Земля!” хэмээн дуун алддаг далайчдын тухай адал явдалт роман, киноных шиг л сонсогдов. Босч харвал манан дундаас нов ногоон арал тодрон ойртож байлаа. Гэнэт чих дөжрөм дуу чимээ нүргэлэн бөөн чарлаан хашгираан сонсогдож эхэлсэн нь арал дээр байдаг түм буман шувуудын дуу чимээ аж. Эрэг хөвөөний усанд хэдэн зуугаараа хөвөн налайж асан шувуудын сүрэг “Энэ одоо бидний амгалан тайван байдлыг алдагдуулаад хэн гээч ямар амьтад хүрээд ирэв ээ?” гэх шиг далавч юугаа дэлгэн дэвэн агаарт хөөрцгөөн бужигналдаж эхэллээ.

Төдөлгүй онгоц маань арлын эрэгт дөхөн ирж зогсоход хөлгийн ахмад эхнэр, хүүгийн хамтаар шат тулан биднийг арал дээр буулгав. Тэгээд хүү нь болох идэр залуу биднийг дагуулан тогтсон замаар арлын орой толгой дээр гарч овоо үзүүлээд цаашлан арлын хойд хадан үзүүрт аваачин шувуудын чуулган үзүүлэв. Тэртээ доор их ус цэлэлзэн цэнхэртэж, ёроол нь номин ногооноор гэрэлтэн гялбалзана. Цагаан хөөс сахруулсан давалгаа долгис эргийн хад чулууг балбан бутран буцахуйд гүн цээлийн ёроолын чулууд бариад авмаар ойрхон мэт тодхон харагдах нь усны тунгалгийг илтгэнэ. 25 м хүртэлх гүний ёроолын чулуу тэгж харагддаг, харин түүнээс цааших гүнд нарны гэрэл хүрдэггүй гэнэ. Хадан хошууг бүрхсэн үй түмэн шувуудын дуу чимээ чих дөжрөөн шаагилдсаар л, улам ч чангарах агаад, цасан цагаан цахлай, тураг гого хэмээх тас хар шувууд газар бүрхжээ.

Өтгөн манан дунд цаг шахам яваад “Одоо буцах уу?” гэж хэлж байсан зочид маань буцаагүйдээ баярлан, энэ гайхалтай өвөрмөц дүр төрхийг дахиад л шагшин дуу алдацгаасаар аппарат, гар утсаараа зогсоо зайгүй зураг дарцгааж, бичлэг хийцгээв. Тэнгэр хойд хаяанаасаа цэлмэж, их усны дээрх өтгөн манан хөөрөн сийрч, нар гарч ирэхэд эргэн тойрны байгаль хангай нүдний өмнө гоо сайхнаа дэлгэн цогцоллоо. Гайхамшигтай гэхээс өөр юу гэхэв. Бүгдээрээ дахиад л дуун алдацгаав. Тэртээ баруун талаар Хорьдол Сарьдагийн нуруу, Уран дөш уулс цайран сүндэрлэж, харин зүүн этгээдэд Монголчуудын өндөр дээд эх гэгддэг Алунгоо хатны төрсөн нутаг – Аригийн голын уулс, ой хөвч ногоорон үзэгдэх авай.

“Энэ олон шувууд нуураас загас барьж хооллодог уу?” гэж асуухад хөтөч залуу: “-Үгүй ээ, энэ хавьд загас бараг байхгүй. Харин энэ арал дээр аюулгүй учраас үүрээ барьж өндөг, дэгдээхэйгээ гаргадаг юм. Хавар 5, 6 сарын үед ирвэл болгоомжтой байхгүй бол тэднийгээ хамгаалсан шувуудад толгойгоо цоо тоншуулж мэднэ шүү!” гэж ярилаа. Арлаас буцаж хөдлөхөд хүү гялгар уутанд авчирсан талхаа ээжтэйгээ хамт үйрүүлэн шидэлж эхлэхэд үй олон шувууд тэнгэр бүрхэн ирж талхны үйрмэгийг уралдан шунган идэцгээхийг харахад гайхалтай. Тэр олон шувууд биднийг удтал даган нисч уснаа буусан талхны үйрмэгийг олж тонших гэж бөөгнөрөн шаагилдах нь жигтэй соньхон, ямар сайндаа л энэ бүхнийг харсан зочид маань: “Энэ арал эднийх үү, энэ шувууд тэжээвэр шувууд уу?” гэж асууж байхав. Сонирхуулахад, үдийн нарны гэрэлд арал холоос яг л аварга том матар хэвтэж байх шиг харагдах тул зочдодоо хэлэхэд тэд “Crocodile island!“ хэмээн шуугилдаж дахиад л баахан зураг дарцгаав. Хөлгийн ахмад л энэ далдхан нууцыг надад харуулсан хэрэг. 

Буцах замд хөлгийн ахмад Баярсайхан харин бидэнтэй яриа өрнүүлж, ямар их мэдлэгтэй болохоо гайхуулав. Мань хүнд мэдэхгүй юм гэж үгүй бололтой, ямарч гэсэн энэ нутаг орон, Далай ээж, ус, баялаг, геологи, газар зүйн чамгүй мэдлэгтэй болохоо харууллаа. Аялал дуусч, онгоц эргийн зогсоолд тулж ирээгүй бол мань хүний ам чилж, үг дуусах өдий байсан юм. Хөвсгөл нуур бол дэлхийн цэнгэг усны нөөцийн 1 хувийг агуулдаг, уртаараа 136 км, өргөнөөрөө 20-40 км, хамгийн гүн нь 267 м агаад эргийн нийт урт нь 414 км ажээ. Үүний ердөө л 10 гаруй км-т нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явагдаж байна. Нуурын ус багасч байна уу, нэмэгдэж байна уу? гэж хөлгийн ахмад Баярсайханаас асуухад “Нэмэгдэж байгаа” гэв. Эрэг дээр байсан модны хожуул усан дотор орчихсон байхыг хараад урьд орой нь тэгж бодож байсан минь онов. Хөвсгөл нуурын хойд эрэг Ханхаас Оросын хил хүртэл 20 км, цаашаа Байгаль нуур хүртэл 180 км агаад ердөө 200 км-ийн зайтай оршдог энэ хоёр нуур хүйн холбоотой гэнэ.

Эцэст нь бодоход, энэ дэлхий дээр олон газарт байгалийн үзэсгэлэн, хосгүй гайхамшиг өчнөөн бий. Тэр бүгдийн дунд манай Далай ээжийн үзэсгэлэн онцгой содон сайхан юм байна гэсэн бодол төрж, энэ бодол маань зочдын маань сэтгэлийн ханамжаар давхар батлагдсан юм. Харин ганц зүйлийг дурдахад, Хатгалаас Жанхай, Тойлогт хүртэлх хэдхэн км зайд засмал зам тавьчихаасай гэсэн хүсэл санаа төрснөө нутгийн зон олонд дуулгавал тэд: “Хэлээд юүхэв. Бид Их хуралд нэр дэвшигчдэд байнга хэлдэг юм, тэд ч сонгогдохоо дөхөөд ирэхээр хайлсан тугалга шиг болчихоод, ёстой дэлхийн үзэсгэлэн, газрын диваажин цогцлоох юм л амлацгааж, энэ зам юу байхав л гээд байдаг, тэгээд сонгогдож аваад л чимээгүй болдог доо” гэж итгэл алдарсан янзтай шагширч, үгээ барж байлаа. Хөвсгөлийн үзэсгэлэн дэлхийг шагшуулж, Хөвсгөлийн гишүүд нутгийнхнаа шаагиулдаг нь энэ бололтой. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд нутаг орноо хөгжүүлэх гэж өчнөөнийг хуваарилж, том төсөл, бүтээн байгуулалт хэрэгжүүлж чаддаг атал тэднээс дооших нь бол барахгүй юм байна даа гэсэн бодол төрснийг нуух юун. Уг нь хэмжээ хязгааргүй ч юм биш, бас ЖДҮ мэтийн авилга, хээл хахуультай холбогдож аюул дагуулах юм ч бишсэн.

Хөвсгөл нутаг байгалийн бохирдолд төдийлөн өртөөгүй, онгон зэлүүд, цэвэр ариухан хэвээрээ байна. “Өнөө жил Өгий нуурын орчим шээс баастай холилдож гүйцлээ” гэсэн халаглал харууслын дэргэд хоймор нутаг сайхан байна. Гэхдээ бас ёс юм шиг “но” байнаа. Хүн цугладаг замын гуанз, цайны газруудын ойр орчимд замын хоёр талаар хуванцар сав, шил, цаас дүүрэн. Нэг зөв зүйл бол Хөвсгөлд майхантай аялагчид бараг алга. Майхантай аялал бол үеэ өнгөрөөж байгаа зүйл. Тэд өөрсдөөсөө мөнгө зардал гаргахгүйгээр аялахыг л зорино, харин байгаль орчныг бохирдуулж, экологийн тэнцвэрийг алдагдуулж байгаагаа тоох ч үгүй, ер нь мэдэхгүй, ойлгох ч үгүй. Увсын Хяргас нуурын Хэцүү хад, Хэнтийн Хар зүрхний Хөх нуур, Өвөрхангайн Улаан цутгалан, Өмнөговийн Ёлын ам, Тэрэлжийн уулс гээд олон сайхан үзэсгэлэнт газар хүн аялж зугаалахад бэрх болж байгаа дуулдана. Өнгөрсөн зун Өвөрхангайд явж байхад малчин айлыг тойроод баахан майхантай амрагчид, гэтэл тэр хавьд нь алхаж гишгэх зайгүй баас шээс, нойлын цаас болчихсон байсан. Хар зүрхний Хөх нуурын хавь орчмын ой мод бас л тийм байсан.

Монголоос өөр дэлхийн ямарч улсад майхантай аялал байхгүй болсон. Гадаадын аль ч улс оронд эзэнгүй сөөм газар ч байдаггүй болохоор хэрэв та нэг газарт майхан шааж хэд хоноё гэвэл эзнээс нь зөвшөөрөл авна, ихээхэн мөнгө төлөх болно. Тэгэхлээр хэрэв Монголчууд майхантай аялахыг хүсвэл тэдэнд өндөр хариуцлага, бас өндөр татвар ноогдуулдаг болмоор. Жуулчны баазууд ч цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна, дэлхийн жишигт дөхөж тохилог сайхан болж байна. Тойлогт хэмээх энэ баазад хэд хоносноо жишээлэн дурдаж тэгж хэлж болохоор. “Жуулчид хэр их ирж байна?” гэж асуухад баазын эзэгтэй Д.Наранчимэг: “Дотоодын аялагчид ирэх нь багасч байна. Ер нь гуравхан сая хүн чинь 5-6 жил шуураад л болчихдог юм байна. Харин бид гадаадын аялагчдыг өвөл зунгүй хүлээж авдаг, захиалгаа хэдэн сарын өмнөөс, намар, өвөл нь хийчихдэг” гэж байв. Би Монголын хүн амыг өсөөсэй гэж залбирч явдаг хүн. Гэтэл 2060 онд л 5 саяд хүрэх юм гэсэн. Тэгэхлээр бид замаа засч, тав тухыг хангаж, гадаадын жуулчдыг л татах боломж байна. Хөвсгөлд эрт сэрүү орж, 8 сарын дундаас хойш хүн очих нь цөөрдөг гэсэн нь худлаа аж. Жуулчны баазууд 6 сард нээгдэж намар орой болтол буюу 10 дугаар сар гартал жуулчид авдаг юм байна. 8, 9 дүгээр сард намрын налгар өдрүүд налайгаад харин ч сайхан байдаг гэнэ. Тойлогт бааз бол бүр өвөл зунгүй үйл ажиллагаа явуулдаг, олон улсын арга хэмжээ ч зохион байгуулдаг туршлагатай гээд энэ өдрүүдэд болох олон улсын марафон тэмцээнд оролцохоор хэд хэдэн орны тамирчид, сонирхогчид цуглаад хөл хөгжөөн ихтэй байсан юм.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар

2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]