90-ээд оны үед Монгол Улс төдийгүй дэлхийн олон орныг Өмнөд Америкийн олон ангит савангийн дуурь кинонууд байлдан дагуулж байлаа. Олон орны үзэгчдийг байлдан дагуулсан кинонуудын нэгт зүй ёсоор тооцогддог, манай улсын хувьд ардчилал гарснаас хойшхи анх удаа бүх Монголчуудыг дэлгэцийн өмнө суулгаж чадсан савангийн дуурь бол Венесуэл улсын Venevision кино компанийн бүтээсэн “Халтар царайт”. Испани хэлээр Cara Cusio, англи хэлээр Dirty Face хэмээгдэх 174 ангит энэ кино Монгол Улсад 1994 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизээр гарсан. Венесуэлээс гадна долоон улсад албан ёсоор бүх анги нь гарсан бөгөөд АНУ, Испаниас гадна Ази тивээс Монголтой цуг Филиппин, Индонези улсад цацагджээ. Филиппинд 1999 онд гарсан бол Индонези улсын иргэд Монголчуудтай адил 1994 онд энэ киног албан ёсоор үзжээ. Чухам филиппинчүүд бидэн шиг хот, хөдөөгүй энэ киног үзээд, дараа нь гол дүрийн жүжигчдийг нь эх орондоо урьж чадсан эсэхийг мэдэхгүй юм.
Ямартай ч энэ киног гарах үед Монголд гэмт хэргийн гаралт эрс буурч, троллейбус, нийтийн тээвэр сул зогсдог байсныг хожим хэвлэлүүд бичиж байв. Том цагаан торонд хүртэл энэ киноноос улбаатай нэр хайрлах зэргээр шилжилтийн үеийн Монголчуудын амьдралд чамгүй мөрөө үлдээсэн.
Венесуэлийн нийслэл Каракас хотын чинээлэг айлын хүү Мигель Ангел Гонзалес, ядуусын хорооллын Стрелита нарын хайр дурлалаас үүдэлтэй үйл явдал энэ кинонд гардаг гэснээр киноны өрнөлийн тухай өгүүлэхээ зогсооё.
Стрелитад тоглосон Венесуэл, АНУ-ын жүжигчин, Сония Элеонора Смит удам дагасан жүжигчин. 1947 онд Германд төрсөн Венесуэлийн кино урлагийн алдартай жүжигчин бүсгүйн цорын ганц охин нь Сония Смит. 1972 онд АНУ-д мэндэлсэн бөгөөд эцэг эх нь хоёр тийш болсны дараа ээжтэйгээ хамт төрөлх эх орон Венесуэлдээ иржээ. Коллежид сэтгэлзүйн чиглэлээр суралцдаг байхдаа “El Desprecio” хэмээх олон ангит кинод туслах дүр бүтээн жүжигчний туршлага хуримтлуулж амжжээ.
Сония Смит, Габриел Поррас нар
Дараа жил нь "Халтар царайт" кинонд тоглосон нь түүнд маш их нэр алдрыг хайрлаж, жүжигчний замналыг эргэлт буцалтгүй сонгоход хүргэжээ. Улмаар Сония Смит Латин Америк-АНУ-ын дэлгэцийн олон бүтээлд тоглож, Холливудад данстай болжээ. Энэ жил сард 48 нас хүрч байгаа Смит саяхныг хүртэл буюу 2017 оныг хүртэл кинонд тоглож ирсэн юм. Смит "Olvidarte Jamas” хэмээх кинонд 2006 онд хамтран гол дүрд нь тоглосон Мексикийн жүжигчин Габриел Поррастай гэрлэсэн ч 2013 онд тэд салалтаа зарласан.
"Халтар царайт" киноны гол дүрд Сония Смиттэй хамтран тоглохдоо жүжигчин Гиллермо Давилла Венесуэлд охид, бүсгүйчүүдийг хуйлруулсан алдартай дуучин, жүжигчин байв. 1955 онд төрсөн тэрээр 70 нооос жүжигчний карьерээ эхлүүлсэн, 1982 онд анхныхаа супер хит киноны гол дүрд тоглож, 1983 оноос Латин Америк, АНУ-д дуучны карьераа эхлүүлж, олон сая хувь борлуулж амжсан ба 1992 онд “Халтар царайт” киноны гол дүрд тоглох урилга хүлээж авахдаа 37 настай, гурван ч удаа гэрлээд бүтэлгүйтсэн, оддын амьдралаар амьдраад удчихсан нэгэн байв. Харин түүний дурлалт бүсгүйд тоглох Сония Смит дөнгөж 20 настай байв. 17 насны зөрүүтэй жүжигчид ийн дурлалт хосуудын дүрийг бүтээсэн юм.
Одоо Гиллермо Давилла 65 настай, АНУ-ын Майамид амьдардаг.
Кинонд Санта, Тонигийн дүрийг бүтээсэн залуус мөн л латин Америкийн олон арван савангийн дууриудад тоглосон алдартай жүжигчид. Сантагийн дүрийг бүтээсэн жүжигчин Жижи Занчетта 2012 он хүртэл дэлгэцнээ дүр бүтээсэн бол дүрсгүй Тонигийн дүрд тоглосон Адолфо Кубас мөн л 2012 он хүртэл жүжигчний карьераа үргэлжлүүлсээр байжээ. Одоо Жижи Занчетта 53-тай бол Адолфо Кубас 56 настай.
Адолфо Кубасын хувьд латин америк даяар охид бүсгүйчүүдийг байлдан дагуулж байсан, Перугийн Плэйбой сувагт багагүй хугацаагаар ажиллаж байгаад 2013 онд хорт хавдраар өвчилснөө мэдсэн байна.
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес 2013 онд хорт хавдраар нас барахынхаа өмнөхөн Адолфо Кубасыг мөн энэ өвчнөөр өвчилснийг дуулаад өөрийн биеэр дуудаж уулзан, улсын эмнэлгээс үнэ төлбөргүйгээр эмчилж, гадаадад эмчилгээнд шаардагдах бүх зардлыг нь улсаас олгохоор болгожээ. Нэг их удалгүй Уго Чавес хорт хавдраар талийгаач болсон ба Адолфо Кубас улсдаа эмчлүүлсэнгүй, АНУ-д өөрийн хөрөнгөөрөө эмчлүүлж одоог хүртэл хүнд өвчинтэйгөө тэмцсээр байгаа аж. Халтар царайт кинотой холбоотой дараагийн нийтлэлээрээ бид энэхүү киноны жүжигчдийг Монгол хэрхэн урьж авчирсан, Монголчуудтай уулзуулсан түүхийг өгүүлэх юм.