Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Германы тагнуулын албадыг төөрөгдүүлсэн “Махан таташ” ажиллагааУншсан79,239

...Одоо амьд ахуйдаа архичин тэнүүлч явсан эрийг Английн цэргийн эрхтэн болгох нарийн, няхуур ажил эхэллээ. Ингэж хорвоо дэлхийд Английн усан цэргийн офицер Уильям Мартин гээч бий болсон ба түүний...

1943 оны хавар Испанийн эрэг хавиар загасчилж явсан хэдэн загасчид гартаа гавласан цүнх бүхий, Английн усан цэргийн офицерийн хувцастай цогцсыг олж зохих газарт нь мэдэгджээ. Тэрхүү офицерийн биеэс олдсон бичиг баримт нь тухайн цогцсыг Английн цэргийн офицер Уильям Мартин гэдгийг баталж байсан ба түүний хайрт бүсгүй болох Пэмийн бичсэн сэтгэл хөдлөм хэдэн захиа, Пэмийн бололтой усны хувцастай зураг, хуримын бөгж худалдаж авсан баримт зэрэг зүйлс халааснаас нь олдсон байна. 

Англичууд ч энэ тухай мэдээ ирэнгүүт Испанид дипломат болон элдэв аргаар тэр офицерийн цогцос болон бусад хэрэгсэл бичиг баримтыг  яаралтай буцаан өгөхийг дахин дахин сануулж эхэлсэн бол харин Испанид байрлах Германы тагнуулын алба ч зүгээр байсангүй.

...Чухам ингэж Дэлхийн II дайны цаашдын өрнөлд ихээхэн хэмжээгээр нөлөөлсөн нэгэн том  ажиллагааны хамгийн идэвхтэй, эгзэгтэй үе эхэлсэн байна. Энэ бол “махан таташ” буюу  “mincemeat” нэртэй Германы цэргийн удирдагчдыг төөрөлдүүлэх зорилго бүхий ажиллагаа байлаа.

1943 оны эхэн үе. Дэлхийн II дайны гал ид дүрэлзэж байсан үе бөгөөд Дорнод фронт дээр Курскийн тулаанд хоёр тал яаран бэлдэж байхад баруун талд Холбоотнууд хаа нэгтээ нэлээд том хэмжээний десант буулгах нь тодорхой болсон тийм л үе байлаа.

Германуудын хувьд Холбоотнуудын буулгах десантийн чигийг урьдчилан тогтоох нь маш чухал байсан ба Газрын дундад тэнгисийг хянах хяналтаа хадгалах, Холбоотны десантийг сөрөхийн тулд бүр Дорнод фронтоос ч цэрэг татах эсэхээ шийдэхэд тагнуулын мэдээлэл дутагдаж байлаа. Харин Холбоотнуудын хувьд Газрын дундад тэнгисийг хянах, юм аятайхнаар эргэвэл Италийг дайнаас гаргаж ч болох том боломжтой "Хаски" ажиллагаандаа чухал ач холбогдол өгч байв. Чухам энэхүү Хаски ажиллагааг далдлахын тулд “Махан таташ” хийж эхэлсэн байна.  (Энэхүү "Хаски"-д тулгуурлан 1944 онд болох Overlord буюу Нормандад буулгах том десант, II фронтыг нээх ажиллагааг төлөвлөсөн билээ)

Зарим “домгоор” бол хожим Жеймс Бондын тухай кино зохиолыг бичиж алдаршсан Ян Флеминг дайны үеэр Английн усан цэргийн тагнуулын байгууллагад ажиллаж байх үедээ хэд хэдэн сонирхолтой санаа сэдэж байсны нэг болох нэлээд гэнэн гэмээр санааг мэргэжлийн тагнуулчид  хөгжүүлэн ажиллаж эхэлсэн байдаг.

Амьд ахуй цагтаа архи ууж, хүний оронцог шахам амьдралаар амьдарч яваадаа гутарч, хархны хор ууж амиа хорлосон Майкл Глэндоур (зарим баримтаар уушгины хатгаагаар үхсэн, усанд үсэрч живж үхсэн гэх мэт өөр ярианууд ч бас бий) хэмээх ар гэр, авгай хүүхэд, эцэг эхгүй нөхрийн цогцсыг хүүр хадгалах газраас тусгай албадынхан олж авсан ба тэдний удаан хайсан,  “махан таташ”-д хэрэгтэй  тэр цогцос мөн байлаа.

Одоо амьд ахуйдаа архичин тэнүүлч явсан эрийг Английн цэргийн эрхтэн болгох нарийн, няхуур ажил эхэллээ.

Ингэж хорвоо дэлхийд Английн усан цэргийн офицер Уильям Мартин гээч бий болсон ба түүний бичиг баримтыг бүрдүүлэхдээ харин тагнуулын албаны жинхэнэ ажилтны зургийг ашиглаж, хайртай бүсгүй Пэм гээчийг мөн зохиож, дүрд нь мөн л тагнуулын албаны бүсгүй тоглуулж, хайрын захиа, нэлээд задгайдуу зураг, хуримын бөгж худалдаж авсан баримт зэргийг бэлдэн халаасанд хийж өгч. Одоо хамгийн гол зүйл болох нууц бичиг баримт.

Мартины гарт гавласан тэрхүү цүнхэнд маш нууц тэмдэгтэй материалууд орсон ба тэнд Холбоотнууд Грект десант буулгах талаар болон бас бус юм байж. Нөгөө германчуудын хайгаад, дутагдаад байсан мэдээлэл энэ бус уу? Грект шүү.

Ингээд дөрөвдүгээр сарын 30-нд шумбагч онгоцоор “хошууч Мартиныг” Испанийн эрэгт ойрхон хаясан ба заавал Испанийг сонгосон нь ч учиртай байлаа.

Хэдийгээр Испани тухай үед албан ёсоор төвийг сахигч гэдгээ зарлан байсан боловч тэнд Германы тагнуулын албаны маш том сүлжээ ажиллаж байсан байна.

Удалгүй Мадрид дахь Английн тагнуулуудаас Испанийн эрэгт нэгэн англи офицерын цогцос олдсон талаар мэдээлэл Лондонд ирж эхэлсэн ба харин цүнхний тухай юу ч дурдагдаагүй байлаа. Юу ч дурдагдахгүй байхыг бодоход цүнх очих газраа очсон бололтой.

Мартины шарилыг хүлээн авсан Английн Консул “хошууч Мартиныг”  зөөж тээвэрлэх боломжгүй учраас Испанийн нутагт нэр төртэй оршуулсан ба Мартины “гэр бүл” болон “хайртай Пэмээс нь” гашуудлын цэцгийн хэлхээ зэргийг явуулсан байдаг.

Энэ явдлын өмнөхөн буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Английн цэргийн хүн зөөж явсан нисэх онгоц энэ бүс нутагт сүйрсэн байдаг ба амь үрэгдсэн хүмүүсийн нэрс дотор өнөөх хошуучийн нэрийг яаралтай оруулж, Тайм сонин түүнийг нь нийтэлжээ.

Нэлээд хэдэн хоногийн дараа Мартины гарт гавласан байсан цүнх санаандгүй тохиолдлоор олдсон ба бичиг баримтууд бүрэн бүтнээрээ...

1943 оны зургадугаар сарын 9-нд Хаски ажиллагаа эхлэн Холбоотнууд Грект бус Сицилид  470 000 гаруй цэрэг бүхий томоохон десант буулгаж эхэлсэн боловч үүнийг германчууд Грект буух жинхэнэ хүчирхэг десантыг халхлах ажиллагаа хэмээн Грек дэх цэрэгтээ бэлэн байхыг тушааж суусаар үнэт цаг хугацаа алдан стратегийн чухал ач холбогдол бүхий арлыг эзлүүлсэн байдаг.

Энэхүү ажиллагааны үеэр холбоотнуудын талаас 10 000 гаруй цэргээ алдан 20 000 гаран хүнээ олзлуулсан бол герман-италичуудаас 29 000 гаруй цэрэг алагдаж, 140 000 гаруй хүн олзлогдсоны ихэнх нь италичууд байжээ.

Урьдчилсан тооцоогоор Холбоотнуудын армийн хүлээж болох хохирол бодит тооноос хэд дахин их байсан гэдэг ба чухамхүү “Махан таташ"-ийн гол дүр болох, амьд ахуй цагтаа хэнд ч хэрэггүй, тэнүүлч, архичин байсан  Майкл Глэндоурын үхлийнхээ дараа байгуулсан гавьяаны ачаар ийм бага хохирол хүлээсэн гэдэгтэй маргах аргагүй.

1997 онд Испани дахь “хошууч Мартины” булшин дээр Майкл Глэндоур хэмээх жинхнэ нэрийг нь нэмж шивсэн гэдэг.

P.S.

-Дэлхийн II дайны үеэр Германы тагнуулын алба Холбоотнуудын командлалыг төөрөгдүүлэхийн тулд Нидерландын нутагт  (Голланд юмуу Холланд биш. Голланд гэдэг бол Нидерландын нэгэн мужийн нэр) том онгоцны буудал барьж маш олон онгоц тэнд гэнэт бий болсон байна. Хамгийн сонирхолтой нь тэрхүү онгоцны буудал, онгоцнууд бүгд хуурамч, модоор хийсэн эд байлаа. Ингээд онгоцны буудал баригдаж дуусан, онгоцнуудаа буудлаар тарааж байх үед Английн цорын ганц бөмбөгдөгч онгоц нисэн ирж, цорын ганцхан бөмбөг хаяад явсан гэдэг. Тэрхүү бөмбөг нь модон бөмбөг байжээ.

-"Махан таташ" ажиллагаатай төстэй ажиллагаа Халх голын дайны үеэр Зөвлөлтүүд хэрэгжүүлсэн гэсэн  Константин Симоновын (андуураагүй гэж найдаж байна) бичсэн юм уншиж байсан билээ.

Япончууд тулалдааны талбараас олдсон Зөвлөлтийн нэгэн алагдсан жижиг тушаалын офицерийн цогцсыг нэгжихэд цүнхэнд нь хариуцсан цөөхөн цэргүүдийнхээ өвлийн хувцасны захиалгыг бэлдэж байсан ноорог бүхий бичиг баримт байжээ. Өвлийн бэлтгэл хийж байгаа болон удаан хугацааны хориглолтын шугам хийж байгаа талаарх элдэв радио тоглоом,... зэрэг бусад ажиллагааны ("Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киног санаж байгаа биз) нэг болох энэхүү арга хэмжээ 1939 оны наймдугаар сард эхэлсэн Зөвлөлт-Монголын их давшилтыг халхлах ажиллагаанд ямар нэг хэмжээгээр нэмэр хандив болсон байж таарна.  

Нийтлэгч Чалчаа саарал

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 4 сар 6. 12:08
Жи цэг.

Чалчаа саарлын нийтлэлүүд нээрээ супер юм аа. Амжилт хүсэе !!

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]