Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх давтагдав: Хятадуудыг албадан гаргасан нь, 1966-2019Уншсан11,023

Тэр бол 1966 он бөгөөд мөн л хятад иргэдийг БНМАУ-аас бөөнөөр нь албадан гаргасан түүхтэй. Тооны хувьд өчигдөр албадан гаргасан 800 хятадтай харьцуулах аргагүй олон тоогоор, өч төчнөөн мянгаар нь тэр үед гаргаж, Монгол орныг хятадуудаас хуйгаар нь цэвэрлэж байв.

Манай улсын хүчний байгууллагууд сүр дуулиантай илрүүлэн, хорионд оруулж байгаад өчигдөр бөөнөөр нь албадан Монгол Улсаас гаргасан хятадуудын явдал түүхийн нэгэн үеийг цухас санагдуулах аж.

Тэр бол 1966 он бөгөөд мөн л хятад иргэдийг БНМАУ-аас бөөнөөр нь албадан гаргасан түүхтэй. Тооны хувьд өчигдөр албадан гаргасан 800 хятадтай харьцуулах аргагүй олон тоогоор, өч төчнөөн мянгаар нь тэр үед гаргаж, Монгол орныг хятадуудаас хуйгаар нь цэвэрлэж байв.

Энэ түүхийг өгүүлбэл, саяхан тусгаар тогтнолынхоо 70 жилийн ойг сүр жавхаатай тэмдэглэсэн БНХАУ тэртээ 1950-1960 онуудад БНМАУ-ыг өөртөө нэгтгэх асуудлыг зөвшөөрүүлэхээр ЗХУ-д хандаж, дипломат яриа хэлцлээр шахалт үзүүлэхийг завдсан ч ямар ч амжилтад хүрсэнгүй. Тиймээс “300 жилийн өрөө төлнө”, "Социалист бүтээн байгуулалтад тусална" гэх сайхан үгээр халхлан 100’000-200’000 хятад ажилчин, 200’000-300’000 тариачин БНМАУ руу оруулах, бүр цаашлаад Өмнөговь аймгаас малчдыг шахан нүүлгэж, хятад иргэдийг бөөнөөр суурьшуулах асуудлыг шахалт, сүрдүүлэг, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах зэрэг түмэн арга ашиглан БНМАУ-ын удирдлагаар зөвшөөрүүлэхээр оролдож байсан талаар Монголын нэрт түүхч, түүхийн шинжлэх ухааны доктор Г.Сүхбаатар асан тэртээ 90-ээд оны эхэн үед “Монгол улсын түүхэн хөгжлийн вектор” хэмээх өгүүлэлдээ дурдаж байжээ.

Баримт дурдвал 1952 оны аравдугаар сарын 4-нд БНХАУ, БНМАУ-ын анхны хэлэлцээрийг Бээжин хотноо байгуулж, энд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай, БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал нар гарын үсэг зурсан.

1955 оны дөрөвдүгээр сарын 7-нд БНХАУ-аас манай бүтээн байгуулалтад Хятад ажилчдыг оролцуулахаар илгээх хэлэлцээр байгуулагдаж эмч, сувилагч, багш, мужаан, ваарчин, тогооч, оёдолчин болон ногоочин, гахай, шувуучин зэрэг 8200 хүн ирж байв. Улмаар 1960 оны есдүгээр сард хоёр удаагийн хэлэлцээрээр 12 мянган ажиллах хүч илгээснээр хятад ажилчдын тоо 30 мянгад хүрч ихэнх нь Улаанбаатар хотод үлдэж, зарим хэсгийг нь аймгуудад хуваарилжээ. Оргил үедээ хятад барилгачдын тоо 4200 гаруйд хүрч, Хятадын барилгын компани Монголд салбараа нээж байв.

Гэхдээ энэ ажил БНМАУ-ын талд ашигтай, томоохон үр дүнтэй байсныг тэмдэглэх хэрэгтэй. Толгойтын цахилгаан станц, Энхтайвны болон Баянзүрхийн, Яармагийн гүүрүүд, Архангайн Тамирын гол, Сэлэнгийн гүүрүүд, Улсын Их дэлгүүр, Спортын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, “Баянгол” зочид буудал, Хархорины услалтын байгууламжийг хятадууд барьж байгуулан Монголын талд хүлээлгэн өгсөн байдаг.

 Гэвч тухайн үед Хятадаас ирсэн 30 мянга гаруй ажилчид Монгол иргэдтэй гэр бүл болох зэргээр суурьшмал амьдрал зохиохоор хичээх, хуучин цагаас эхлүүлэн Монгол угаас суурьшин амьдарч байсан өч төчнөөн мянган хятадуудтай нэгдэн янз бүрийн зохион байгуулалтад орж эхэлснийг БНМАУ-ын хууль, хүчний байгууллагынхан соргогоор анзаарч, улмаар хятадуудыг эх нутгаасаа албадан гаргах шийдвэрт хүрсэн байна. 

Ялангуяа нийслэл Улаанбаатар хотод суурьшмал хятад иргэдийн тоо олон арван мянга, хятад ажилчдын тоо ч өчнөөн мянгад хүрээд байв.

Асуудал газар авч Сайд нарын Зөвлөл (СнЗ)-ийн хурал дээр Ю.Цэдэнбал “Энэ Монголд чинь одоо Хятадын арми байна уу? Хятад ажилчид байна уу? Дахин арга хэмжээ авах хэрэгтэй болж” хэмээн шүүмжилж СнЗ-ийн холбогдох шийдвэр гаргуулснаар Хятад иргэдийг Монгол Улсаас албадан гаргаж эхлэв. Ийнхүү жараад онуудад хятад иргэдийг албадан гаргахаар галт тэрэгт суулгах үед хятад иргэд эсэргүүцэл үзүүлж, вокзал дээр манай НАХЯ, цагдан сэргийлэхийн ажилтнуудтай цуст зодоон өрнүүлж байсан түүх хэд хэд бий.

Тухайн үеийн түүхийг сайн мэдэх цагдаагийн дэд хурандаа  З.Батсүх “Хятад, Монгол хоёр их найрсаг байх үед хятадууд манайд ажиллах хүчин болгож 35-40 мянган ажилтан өгсөн. Тэр хятадууд аймаг болгонд барилга барьсан. Хөх даалимбан цамцтай, хар шаахайтай хятад ажилчид цэнхэртэж байдаг байсан. Туул голын ойрхон морин тойруулга дээр барилга барьж байсан хятадууд дотор тагнуул байгаа сэжиг гарсан юм. Шалгаад үзсэн чинь жирийн барилгачид дотор Хятадын генерал тоосго зөөж, шавар зуураад явж байсан шүү дээ. Гэтэл тэд бүгд цэргийн зохион байгуулалттай байсан. 3540 хятад ажилчныг Хятадын цэргийн хүмүүс болохыг тодруулж, баривчилж байсан” хэмээн ярьсан байдаг.

Ингээд Монголд дахь үйл явдлын талаар мэдээлэл авсан Н.С.Хрушёв тэр дор нь Ю.Цэдэнбал руу утас цохин “... Арай ч ийм арга хэмжээ авч болохгүй байх. Олон улсын хэмжээнд танай ч, манай ч нэр унаж мэднэ. Ийм дээрээ тулах шаардлагагүй” гэхэд “Нөхөр Никита Сергеевич, Хятад Монгол хоёрт эртнээс шийдээгүй нэг асуудал байдаг юм. Бүүр эртний хэрэг л дээ. Гэвч хуучраагүй. Түүнийг яг энэ цаг үед шийдэх хэрэгтэй байна” хэмээн Ю.Цэдэнбал хариулсан гэдэг. Ийм хариулт авсан Н.С.Хрушёв “За за Монголчуудын олон зуун жилийн асуудал юм байх. Үүнд бид оролцох шаардлагагүй. Ю.Цэдэнбал өөрөө мэдээд шийдэг. Бидэнд Монголд байгаа хэдхэн хятад биш, Монголын урд байгаа тэрбум шахам хятад л хамаатай. Гэхдээ Капица чи Цэдэнбалыг сайн ажиглаарай” гэж надад хэлсэн гэж диломатч, дорно дахиныг судлаач М.С.Капица “Записи дипломата” номондоо дурдан бичжээ.

БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалын өгсөн чиглэлийн дагуу Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр 1983 онд хятад иргэдийг Улаанбаатараас дахин албадан гаргасан нь түүнийг БНМАУ-ын удирдагчийн өндөр албан тушаалаас яаралтайгаар холдуулах нэгэн шалтаг болсон талаар тухайн үед КГБ-ын зөвлөхөөр ажиллаж байсан В.Радченко “Главная профессия-Разведка” номдоо дурдсан байдаг .

Ю.Цэдэнбал төрийн тэргүүнээр ажиллаж байсан үеийн эдийн засаг, гадаад харилцаа, тэр тусмаа ЗСБНХУ-тай харилцаж байсан харилцаанд судлаачид шүүмжлэлтэй ханддаг боловч Монгол Улсаас хятадуудыг гаргах талаар хатуу чиг шугам барьж байсныг дээрх явдлууд ч давхар гэрчлэх юм.

Гэрэл зургийг Zindaa.mn
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]