Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн контентийг ивээн тэтгэгч, мэдлэгийг дээдлэгч Петровис групп

Бүүвэй баатрын домогУншсан1,734

Өөлдийн Зодог ноён Халхтай олон удаа дайтаж явсан хүн юм. Нэг удаагийн дайнд халх нутгаас Содном гэдэг хүүхэн олзолж, түүнийг өөрийн хатан болгожээ. Нэг өдөр өөлд нутгаар тэнүүчилж явсан халх бадарчин Содном хатны өргөөнд ороход (Зодог ноёны байхгүйд) Содном хатан мэгшин уйлж суужээ. Бадарчин түүнээс: «Бадарчин би бол суух оронгүй, толгой хавчих сууцгүй, амьтны нүдний үзүүр болон хэсэн тэнэж явахдаа нүднээс нулимс унагаж үзээгүй атал, торгонд боодолтой, тарган мах идэж, тансаг сайхан сууж байгаа хатан та юун ингэж мэлмэрэн уйлан хайлан сууна вэ» гэж асуухад, Содном хатан: Хүн хүний зовлон харилцан адилгүй, тэр дундаас сэтгэлийн зовлон гэдэг бүр ч хэцүү. «Би бол энэ нутгийн хүн биш, албадагдан ирсэн халх нутгийн хүн билээ» гээд өөрийнхөө үйл явдлыг илэн далангүй бадарчинд ярихад бадарчин: аймгийн ховыг элч, хотлын ховыг бадарчин гэж би танд нэгэн зүйл хэлье. Танай өөлдүүд халхын сайн эр Хатанбаатар гэдгийг олзлоод авчирч байгаа сурагтай. Хэрэв «Хатан та, тэр сайхан эртэй холбоо тогтоон, хүү гаргаваас, энэ хүү таныг халх нутагт аваачин жаргуулах болно» гэж хэлэхэд Содном хатан учиргүй баярлан бадарчинд их шан өгчээ. Түдэлгүй өөлдүүд халхын Хатанбаатар гэдгийг олзлон авчирч зарцлах болжээ. Содном хатан, Хатанбаатар хоёр нүүр учран танилцаж, далдуур явдаг болж, удалгүй хатан бие хүнд болсон ажээ.

Зодог ноёныг авд явсан үед хатан нярайлж, хүү төрүүлэхэд, Зодог ноён энэ мэдээг дуулан эргэн ирж хүүг үзэн яасан нүдэнд хүйтэн хүүхэд вэ хэмээн сэлмээ суга татан, цавчих гэтэл Содном хатан: төрсөн үрээ алдаг ямар эцэг байдаг билээ. Ноён таны саруул ухаантай чинь яасан бэ гэж хэлэхэд ноён хүүхдийг хороохоо больж түүнд Хувнагварал гэдэг нэр өгч өршөөсөн ажээ.

Хожим Хувнагварал хүүг 3 нас хүрэхэд Зодог ноён мөн хороохоор завдтал эх нь бас хориглож амийг нь хэлтэлж авсан байна. Хүүг төрсний дараа удалгүй Хатанбаатар таалал болжээ. Нас барахынхаа өмнө Содном хатанд нэг захиа өгч «миний хүүг 13 нас хүрэхээр үүнийг задалж уншуулаарай» гэж хэлсэн ажээ. Хувнагварал хүү ноён эцэгтээ их сайн, эхийгээ үзэж чаддаггүй байсан тул Зодог ноён үүнд нь сэтгэл их баярлан, ёстой миний хүү гэж энхрийлэн байжээ. Гэвч Хувнагварал нэг удаа эхдээ: «Өстний өвөрт, ачтаны ард би өсөж байна» гэж хэлэхэд эх нь түүний бодлыг сая ойлгож явдаг байжээ. Хувнагваралыг 13 нас хүрэхэд эх нь түүнд Хатанбаатарын захиаг уншуулбаас «Өдөр балар, шөнө тодорхой, их хар, бага цавч, зээрэнцэгтэй зээглийгээ зэгс дэрс болго, 13 нас хүрээд ноёнд, «би 13 нас хүртлээ хурим найр үзсэнгүй» гэж хэлээрэй гэсэн бичиг байв.

Энэ нь өдөр битгий яв, шөнө яв, уяаг нь сарын өмнөөс тааруулж хоёр морь бэлд, найрын үеэр эхтэйгээ хамт орго гэсэн утгатай захиа байжээ.

Хүү энэ ёсоор ноён эцэгтээ хэлбэл, тэр зөвшөөрч найр наадам зарлаж гэнэ ээ. Найрын ид үед Хувнагварал эхийгээ явах зүгт мордуулаад өөрөө морьтойгоо найрлаж байгаа гэрийн өмнө ирж,

 Халхын хоёр хүнийг

Харах бараагүй

Хайх мөргүй алдлаа

Өвгөн эцгийн өсийг хэзээ ч хариулж магадгүй шүү

 гэж хэлээд эхтэйгээ зугтжээ. Хойноос нь өөлдүүд нэхсэн болов ч гүйцсэнгүй. Тэр хоёр хэдэн өдөр явсаар өглөө нарнаар нэгэн айлын бараа харж, тэр айлд ирж буухад ногоон торгон дээлтэй охин нохой хорьж өгчээ. Эх нь бэлгэшээн тэр охины нэрийг асуувал Нэмэхбаяр гэхэд улам ч их баярлажээ.

Гэрт орвол, гэр дүүрэн улс сууж байжээ. Бүгдийн мэнд амрыг мэдээд суувал, цав цагаан сахалтай өндөр настай нэг өвгөн:

— Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой хүү хаанаас хаа хүрч явна аа гэж асуухад хүүгийн эх: одоо нутаг гэвэл Өгий цагаан нуур, уул нутаг гэвэл Өлөн зовхистой гэж хариулахад, өвгөн гайхаж Өгий цагаан нуур гэдэг бол халхын нутаг гэж гайхсан байдалтай хэлэхэд, хүүгийн эх бүх түүхээ ярьж өгчээ. Өвгөн миний нэр бол халхын хэрсүү Цэвэг гэдэг. Алив хүү минь дээлээ тайл гэж, хүүгийн дээлийг тайлуулан харвал түүний нуруунд «ха», элгэнд «та» гэсэн үсэг байсан тул, өвгөн чи арга буюу боржигины Хатанбаатарын хүү мөн байна. Харин эцэг та хоёрын үсэг солигдсон байна гэжээ. Тэгээд хэрсүү Цэвэг боржигин хошууны түшмэдэд «танай ноёны хүү манайд байна, ирж үзнэ үү» гэсэн захиа илгээжээ.

Түдэлгүй боржигины түшмэд, тайж нар ирж, хүүг үзэн түүнийг Боржигон хошууны ноён Хатанбаатар бээлийн хүү мөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хэрсүү Цэвэг өвгөн хүүд: чиний нэр өнөөдрөөс эхлэн Хувнагварал биш, харин чи Ванчигжав гэдэг нэртэй боллоо гэж түүнд нэр өгчээ. Тэгээд боржигины түшмэл, тайж нар эх, хүү хоёрыг хошуундаа залан авчирч, 15 настай Ванчигжавт бүүвэй Хатанбаатар бэйл цол шагнан түүнийг засаг ноёноор тохоон тавьж, эцгийн суурийг нь залгамжлуулж, эх Содномд тэнгэрийн бэр үр залгамжлуулагч цол хайрласан гэнэ.

 Этнографийн судлал «Боржгин˗халх» УБ., 1972, IV боть, 7—9˗р дэвтэр, 33—34 дэх тал.

 

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 8. 0:42
Hongorzul Зочин

Tuuhiin biy daaltan deere bichle dajgu bolson bn?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]