Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Өндөр өө, чам шиг ийм анатомийн гажиг-дээрэмчин манай театрт хэрэгтэй байна"Уншсан13,844

Түүнийг “Монголын театрын Брехт” гэх нь ч бий. Дэлхийн жүжгийн урлагт хувьсгал хийсэн хүнтэй эгнэх сэтгэлгээтэн гэсэн утгыг энэ үнэлэлт илэрхийлнэ.


Урлагт үнэнч амьдарсан стандарт бус сэтгэлгээтэй найруулагч

Түүнийг “Монголын театрын Брехт” гэх нь ч бий. Дэлхийн жүжгийн урлагт хувьсгал хийсэн хүнтэй эгнэх сэтгэлгээтэн гэсэн утгыг энэ үнэлэлт илэрхийлнэ. Баярцагааны гэж овгоор нь дуудахаасаа илүү мэргэжлээр нь найруулагч Баатар гэхээр урлагийн ертөнцийнхөн андахгүй. Түүнийг амьд ахуйд сайхан хөөрөлдөх сөн гэж их хорхойсовч бэргэж явсаар уулзаж амжаагүйдээ харамсана. Нэгэнтээ Улсын драмын эрдмийн театрын захирал Цэрэнсамбуу ахтай хөөрөлдөхөөр очоод байхад утсаар ярьж байснаа гэнэт “Баатар найруулагч хэцүүдчихжээ” гэж ум хумгүй гарч, ардын жүжигчин Н.Сувдыг дагуулан эмнэлэг рүү зугтах мэт одсон сон. Монголын тайз, дэлгэцийн урлагт жинхэнэ хувьсгал хийсэн тэр их сэтгэгчийг хийж бүтээх идэрхэн насандаа тэнгэрт одохын чинээ хэн санах билээ дээ. Тэр эдүгээ эсэн мэнд сэн бол энэ сарын 29-нд жаран насны босго алхах байв.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Баярцагааны Баатар 1959 онд Улаанбаатар хотод төрсөн айлын ууган хүү ажээ. Тэр 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байгаад 1979 онд Украйн улсын Киев хотын И.К.Карпенко-Карыйн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд элсэн суралцаж 1984 онд драмын найруулагч мэргэжлээр төгсөж ирэн 1985-1999 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, Монголын үндэсний телевизийн программын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 1999 оноос Улсын драмын эрдмийн театрт ерөнхий найруулагч, найруулагчаар иржээ.

Баатар найруулагчийг стандарт бус сэтгэлгээтэй хэмээдэг нь тайзнаа түүний тавьсан сонгодог болон үндэсний жүжгүүдэд нийгэм цаг үеэ гэсэн уран бүтээлчийн эмзэглэл, ертөнцийг үзэх үзэл нэвт шингэсэн байдагтай холбоотой. Б.Баатар театрын тайзнаа В.Ёжовын “Гургалдайн дуут шөнө”, Э.Оюуны “Гарваа”, А.Дударевын “Босго”, “Цэргүүд”, Ш.Гүрбазарын “Сэрүүн зүүд”, Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно”, Б.Лхагвасүрэн “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, Д.Урианхайн “Хүн бүгд би”, “Харанхуйд юу ч харагдахгүй 2-1=0”, Д.Мэндсайхан “Ээж ээ”, “Мануухай”, “Худалч эгч”, Ц.Хулангийн “Монгол ардын суут”, А.П.Чеховын “Цахлай”, В.Н.Гоголийн “Амьгүй албат”, М.Сервантесын “Кихот ноён”, Лев Толстойн “Адууны түүх” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүд, “Маш нууц”, “Бид ингэж ялав”, “Рин авгай ба аюул”, “Шөнийн сүүдэр” зэрэг 20 гаруй радио жүжиг, “Хүннү”, “Шагай” зэрэг теле жүжиг, “Икар”, “Соёо”, “Хүйтэн цуст”, “19”, “Тэнгэрийн андгай” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ ард түмэн үзэгч олны мэлмийг баясгаж, сонорыг мялааж ирсэн авьяас төгөлдөр уран бүтээлч байсан юм.

Оюутан ахуйдаа нэгэн өрөөнд амьдарсан соёлын тэргүүний ажилтан, найруулагч Н.Болд “Дөрөв, тавдугаар жаахан пионерүүд байхдаа нам засгийн илэрхийлэлтийг Төрийн ордны индрээс уншиж байсан тэр мөч саяхан мэт санагдана. Киевийн Театр урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид таван жил хамт сурч, оюутны байранд шарсан төмсөө хувааж идэж байсан минь ч саяхан мэт бодогдоно. Драмын театрт Баатартайгаа дөрвөн жил хамт ажилласан минь ч саяхан л мэт байна. С.Жаргалсайханы “Тэмүжин” жүжгийг хамт найруулж явлаа. Л.Толстойн “Адууны түүх” жүжгийг тавихад түшмэлийн эрх мэдлээ ашиглаж санхүүг нь зуун хувь хийж чадсандаа баяртай байна. Би зүгээр ч нэг “Цаг хугацаа салхи мэт хийсэн оддог оо” гэж яриагүй. Монголын эртний яруу найрагт “Нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун хэрмийг ч цоолно. Нэгэнт өнгөрсөн андаа санахад хүрэл зүрх ч хайлна” гэж гайхалтай сайхан хэлсэн байдаг. Өнөөдөр бидний зүрх хайлж байна. Яагаад гэвэл Баатарыгаа дурсан санаж байна. Хүний амьдралд дурсамж шиг сайхан юм үлддэггүй юм байна” гэсэн байдаг.

Соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү “Намайг хоёр мянгаад оны эхээр дуудан “Хөөе, өндөр өө, чам шиг ийм анатомийн гажиг-дээрэмчин манай театрт хэрэгтэй байна” гэснээр “Кармен” жүжгийн гол дүрд тоглосон. Хамгийн сүүлчийн жүжигт нь ч тоглосон. Найруулагч аа, анатомийн гажиг нь байна аа. Та нэр шигээ миний Баатар, үхэн үхтэл минь миний зүг чиг байх болно” гэж тэнгэрт буй найруулагчаа дурссан удаатай.

Баатар найруулагчийг жүжигчдийг төрүүлдэг гэж уран бүтээлч шавь нар нь ихэд сүслэн дээдэлдэг. Дэлхийн урлаг соёлын академийн байнгын хорооны гишүүн, зохиолч, яруу найрагч Д.Урианхай их андынхаа тухай “Баатар надад хааяа гайхшрах сэтгэл төрүүлдэг байсан. Баатар их муухай ааштай ш дээ, та нар мэдэж байгаа байх. Уран бүтээлчдээ их хатуу. Монголчууд ааш муутай хүнд дургүй шүү дээ. Муу хэлдэг. Тэгэхэд Баатарт улсууд их сайн байгаад байдагт би гайхна. Зохиолчид, театрын урлагийнхан түүнийг хайрлаад байдаг. Яагаад хайрлаад байдаг юм бол доо гээд бодоод үзэхээр худлаа хэлдэггүй байсан. Дандаа үнэн юм яриад байсан учраас хайрлаад байсан юм бол уу даа гэсэн шалтгааныг би сүүлд бодож олоод байгаа юм. Надтай анх уулзаад “Хоёулаа хэдэн жил хамтарч ажиллая. Зарчмаа тохироё” гэсэн. Би зарчим марчим гэж юу байдаг  юм бол доо гэж гайхлаа. “Би тодорхой хэлье, та бид хоёр их урлагаар нөхөрлөнө шүү. Их урлагт алдаа байж болно. Их урлаг тушенка байж болохгүй шүү” гэсэн. Ийм зарчмаар өвгөн, залуу хоёр хүн нөхөрлөсөн. Хамтарч хэдэн жүжиг тавьсан. Энэ жүжгүүд их аюултай мөнгө олдоггүй шүү дээ. Баатар намайг заримдаа “Хулгайч” гэнэ, “дурак аа” гэнэ. Их дотносч байгаа нь тэр л дээ.

“Таны жүжгүүд надад сэтгэлгээний их орон зай хайрладаг. Амархан бичигдсэн жүжгүүд уран бүтээлчийн жаргал эдлүүлдэггүй юм аа, дурак аа. Жүжиг тайзан дээр тавьдаг, уншдаг гэж хоёр янз байдаг. Их урлаг тушёнка биш” гэж надад хэлдэг байсан. Баатарын Монголын театрын урлагт үлдээсэн мөр мөнх орших болтугай” гэж дурссан байдаг.

Баярцагааны Баатар найруулагч театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Гэгээн муза” наадмын шилдэг найруулагчийн шагналыг таван удаа хүртэж БСШУЯ-ны “Мөнгөн мод-2014” оны шилдэг уран бүтээлч, 1996 онд “Хүннү” бүтээлээр “Гоо марал” шагнал, 1989 онд “Сэрүүн зүүд” жүжгээрээ Драмын шилдэг найруулагч, 2014 онд “Би Эдит Пиаф байна” нэг хүний жүжгээр Косова улсад зохион байгуулагдсан моно жүжгийн фестивалиас гран-при шагнал, Япон улсад 1992 онд зохиогдсон Олон улсын радио жүжгийн наадмын гран-при шагналыг тус тус хүртсэн агуу уран бүтээлч байсан билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]