Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Япончууд агаарт тулалдах чадалгүй боловУншсан8,585

8-р сарын 27. Энэ өдөр Япончуудын газарт бүслэгдсэн цэргүүдийг Зөвлөлт Монголын цэргүүд бяцлан дарж байх үед агаарт ч бас ширүүхэн тулалдаан болж Японы хамгийн алдартай ас болох Хиромичи Синохара амь үрэгдсэн байна.

 Халх голын тэнгэрт болсон тулалдааны тухай та юу мэдэх вэ? Агаарын тулааны талаар Зөвлөлтийн баримт болон Оросын судлаачдаас ямар дүн мэдээ, Японы судлаачдаас ямар дүн мэдээ, баримт тус тус гаргадаг вэ. Нийтлэлч "Чалчаа саарал"-ын тухайн үеийн нөхцөл байдал дундаас урган гарсан баримт, мэдээллүүд хэрхэн зөрдөг, агаарын тулааны өрнөл зэргийг олон талаас нь өгүүлсэн цуврал нийтлэлийн 11 дэх хэсгийг хүргэж байна. Өмнөх нь:

Нэг. Халх голын тэнгэрт: Монголын нисэх хүчин ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Хоёр. Халх голын тэнгэрт: Агаарын тулаанууд өргөжиж эхэллээ

Гурав. Халх голын тэнгэрт: Оросууд арга хэмжээ авч эхэллээ

Дөрөв. Халх голын тэнгэрт: Агаарт ноёрхохын төлөө

Тав. Халх голын тэнгэрт: Долдугаар сарын эхээр

Зургаа. Халх голын тэнгэрт: Тооны зөрүү ба анхны "Таран"

Долоо. Халх голын тэнгэрт: Япончууд тэнгэрийн ноёрхлоо бүрэн алдлаа

Найм. Халх голын тэнгэрт: Японы ас нисгэгчид цөөрөв

Ес. Наймдугаар сарын 20-21-ний тэнгэрт

Арав. Их довтолгооны үеийн агаарын тулалдаан

8-р сарын 27. Энэ өдөр Япончуудын газарт бүслэгдсэн цэргүүдийг Зөвлөлт Монголын цэргүүд бяцлан дарж байх үед агаарт ч бас ширүүхэн тулалдаан болж Японы хамгийн алдартай ас болох Хиромичи Синохара амь үрэгдсэн байна. Тэрээр Японы мэдээгээр бол зөвхөн Халх голын дайны үеэр Зөвлөлтийн 58 онгоцыг унагасан гэх. Гуравхан сард 58 онгоц унагасан энэ хүн амьдралынхаа сүүлчийн өдөртөө 56, 57, 58 дахь онгоцоо унагаад байх үед нь түүний Ки-27-г  Зөвлөлтийн сөнөөгч нар буудаж унагасан гэнэ.

 Япончуудын унагасан онгоцны тоо ямар их давстай байдаг талаар энэ цувралдаа олон бичиж байсан учир энэ удаа өөр нэг жишээгээр уг тоог хэр үндэстэй байж болохыг харуулъя. Хиромочи Синохара 27-ны өдөр Зөвлөлтийн гурван онгоц унагасан юм бол Зөвлөлтийн тал энэ өдөр нийт гурван онгоцоо алджээ. Унасан онгоц, нисгэгч нарын нэр ус бүгд тодорхой. Энэ “Японы Хартман” маань (тухайн үед энэ хүнийг Азийн Рихтхофен хэмээн нэрлэж байсан гэдэг. Рихтхофен бол дэлхийн нэгдүгээр дайны хамгийн том ас-улаан барон хэмээх нэрээр алдаршсан хүн. Харин бидний үеийнхэн иймэрхүү хүмүүсийг Хартман гэж нэрлэж болох биз) ганцаараа дээрх гурвыг устгасан мэт харагдаж болох ч үнэндээ тэр өдөр Японы бусад нисгэгч нар бас дахиад 8 онгоц унагасан гэж мэдээлж. Ийм байдлаар мань эрийн унагасан онгоцны тоо бодит байдлаас ихээхэн зөрөх нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч энэ бол Японы халх голын тэнгэрт хамгийн тод гялалзсан од байсан бөгөөд энэхүү од нь харваснаар тэдэнд одоо туршлагатай сайн нисгэгч, сайн онгоц цөөхөн үлдэж, Зөвлөлтийн тооны хувьд олон дахин давуу, чанарын хувьд дутахгүй болсон нисэх хүчний өөдөөс сөргүүлэх юмгүй шахам болсныг харуулсан нэг баталгаа нь байлаа.

Зөвхөн 8-р сарын сүүлийн 10 өдөрт Японы 33 туршлагатай асууд амь үрэгдсэн нь байдал ямар байсныг, Япончууд агаарт ёстой бут цохиулж байсныг хамгийн тод харуулж байна. Халх голын дайнаас амьд үлдсэн Японы цөөхөн асын нэг Ивори Сакаи дурдатгалдаа “Энэ бол миний амьдралын хамгийн хүнд үе байлаа. Өдөрт 5-6 байлдааны нислэг хийх бөгөөд оройдоо буух үед нүд харанхуйлж бараг л юм харалгүйгээр буудаг байв. Дайсны онгоцнууд асар том аянгын үүл мэт хэдэн зуугаараа бидэн рүү дайрах ба бидний хохирол тэр үед маш их, бүр маш их байж билээ. Манай хорооны нисгэгчдийн гуравны хоёр нь алагдсан боловч би ёстой л ид шидээр амьд үлдэж. Гэхдээ миний машин 50 сумны нүхтэй буцан бууж ирж байсан үе бий юм шүү” гэж бичжээ.

Энд нэмж хэлэхэд дээрхийг бичсэн тэр Ивори Сакай гээчийг зарим хүмүүс Японы алдарт ас Сабуро Сакай-тай хольж хутгах нь бий. Нисэх хүчний бас нэг ноён оргил болох Сабуро Сакайн тухай “Ийм сайхан сэтгэлтэй хүн яахаараа ийм ядуу тарчиг амьдардаг билээ” хэмээх нийтлэлдээ бичиж байсан билээ.

29-н болон 30-ны өдрүүдэд Японы бүслэгдсэн цэргүүдийг дуусгаж байгаа Зөвлөлт Монголын армийн цохилтод саад болох зорилгоор Япончууд агаараас дэмжлэг үзүүлэх гэсэн боловч энэ нь ямар ч амжилтад хүрсэнгүй. Үүр гийхтэй зэрэгцэн ниссэн Японы 9 бөмбөгдөгч онгоцыг 20 сөнөөгч хамгаалан ниссэн боловч тэднийг замд нь Зөвлөлтийн бараг 100 гаруй сөнөөгч онгоцнууд барьж авчээ. Хүч тэнцвэргүй энэ тулалдаанд Япончууд 4 сөнөөгч, 1 бөмбөгдөгчөө алдсан бол Зөвлөлтийн нэг И-16 унасан нь нисгэгч Поповын онгоц байжээ. Дараа нь энэ хүний цогцсыг олоогүй, дайны дараа Япончуудтай олзлогдсон нисгэгч нараа солилцох үед гарч ирээгүй зэргийг бодоход хаа нэгтээ үхсэн бололтой.

30-ны өдөр бас нэг иймэрхүү тулаан болсон буюу Зөвлөлтийн 88 И-16, 25 И-153 (Чайка-Цахлай) нар бас л 40-өөс илүү тооны сөнөөгчөөр хамгаалуулсан 9 бөмбөгдөгч илрүүлэн дайрч ямар нэг хохиролгүйгээр 18  сөнөөгч, 2 бөмбөгдөгч унагажээ. (энэ өдөр бас нэг И-16 унасан тухай баримт бий)

8-р сарын 31-н буюу Японы бүслэгдсэн анги нэгтгэлийг бут цохин дуусгасан тэр үед Зөвлөлтийнхөн дайсныхаа 21 онгоцыг  унагаж нэг онгоцоо алдсан гэдэг. Нэг ёсондоо 8-р сарын сүүлийн гурван өдөр болсон агаарын ширүүн дайнд Зөвлөлтийн тал дайсныхаа 46 онгоцыг унагаж өөрсдийн 2 онгоцоо алдсан (маргаантай нэгийг нэмбэл 3) гэсэн хэтэрхий мундаг дүнтэй бол бол Япончууд эдгээрээс 3 онгоц, гурван нисгэгч амь үрэгдсэнийг нь л хүлээн зөвшөөрсөн байдаг гэнэ. Харин Япончууд эдгээр өдрүүдэд буюу 29-нд 7, 30-нд 24, 31-нд 14 ялалт байгуулсан буюу сүүлийн гурван өдөрт бас л 46 ялалттай гэжээ. Адилхан тоотой... Япончууд ихээхэн даруухан байх чинь. Агаарын дайн тулааны тухай тоо мэдээ гэдэг нэг иймэрхүү л зүйл билээ.

Монголын нутаг дахь Квантуны арми сүйрч үүнээс улбаалан ерөнхий сайд Харанумо Кутаро огцорч шинэ ерөнхий сайдтай болох нь тодорхой болсон бөгөөд тэр шинэ сайд Зөвлөлт Монголын талтай гэрээ хэлэлцээ хийхээс өөр аргагүй тийм үе ирлээ. Харин ямар нөхцөлөөр?  Бас 8-р сарын 23-нд Японы гол холбоотон болох Гитлерийн Герман нь ЗХУ-тай харилцан үл довтлох гэрээ байгуулсан нь Халх голын орчимд хийж байгаа дайны үр дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь тодорхой. Халх голын дайн хэзээ мөдгүй дуусах тэр цаг ойртсоор.

Үргэлжлэл, төгсгөл нь: Халх голын тэнгэрт: Япончууд сүүлийн боломжоо ашиглах гэж оролдсон нь

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]