Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эверестэд амиа өргөсөн уулчидУншсан7,064

Гималайн нурууны Ноён Оргил Эверест нь далайн түвшнээс дээш 8848 метрт өргөгдсөн дэлхийн хамгийн өндөр уул юм.

Б.Нямдолгор

Гималайн нурууны Ноён Оргил Эверест нь далайн түвшнээс дээш 8848 метрт өргөгдсөн дэлхийн хамгийн өндөр уул юм. Английн BBC сувгаас өгч байгаа мэдээллээр Эверестийн оргилд хүрэхээр гараад аяллынхаа ард гарч чадалгүйгээр Их Хайрханд өөрийн “амь насаа өргөсөн” нийт 200 гаруй уулчин байгаа ажээ.

Жорж Маллори, Эндрью Ирвин нарыг 1924 онд алга болсноос хойш уулчдын чадал чансаа, тэсвэр тэвчээрийг жинхэнэ утгаар нь шалгадаг энэ “өршөөлгүй” ууланд олон  уулчин амь эрсэдсэн байдаг. Шерпа, Европын уулчид ч тэдний нэгэн адилаар уулын оргилыг эзлэх оролдлого хийж яваад амь насаа алдсан байдгаас зарим нэг уулчин нь ихэд алдаршжээ. 

Цэванг Палжор

Уулын оргилд хүрэх гэж яваад шуурганд өртөн багийн гишүүн Цэванг Сманла, Доржэ Моруп нарын хамт амь насаа алдсан гэж ВВС сувгаар мэдээлж байлаа. Уулын оргилд хүрэхсэн гэхээс тэсч ядаж байсан бусад багууд тэдэнд тохиолдсон хүнд хэцүү нөхцөл байдлыг үл тоомсорлосон ч байж мэдэх. Энэ гурвын үхэл өнөөг хэр нь маргаантай байдаг бөгөөд хүмүүс олон талаас нь тайлбарладаг. Өөр өөр нийтлэлүүдэд дөрвөн гишүүнээс бүрдсэн Цэванг Палжорын баг Эверестийн оргилд гарсан анхны энэтхэгчүүд болно гэдэгтээ итгэлтэй байсан талаар бичсэн байдаг.  Цаг агаар аюултай болж эхлэхэд доошоо буцсан ганц гишүүн нь л амьд үлджээ. Харин оргил өөд зүтгэсэн Палжор болон түүний багийн хоёр гишүүн доош буухдаа цасан шуурганд өртөж нас барсан юм. Уулын оргилын хажууханд хэвтэх Палжорын цогцосны ил гарсан хэсгийг уулчид андахгүй ээ. Түүний неон ногоон өнгийн гутал уулын оргилд хүрэхийг хүсэгчдэд айдас хүйдэс төрүүлэн газрын баримжаа өгөх тэмдэг нь болсоор буй. Адал явдалд дурлагч, Эверестийн оргилд амжилттай гарсан уулчин Ноел Ханна “Уулчдын 80 хувь нь Палжорын  эцсийн амралтын цэгийн ойролцоо түр саатаж амардаг” гэж ярьсан байдаг.

Френсис Арсентьев, Сергей Арсентьев

Френсис Арсентьев нь хүчилтөрөгчгүйгээр Эверестийн оргилд гарсан анхны эмэгтэй хүн болж бичигдсэн ч харамсалтай нь тэрээр нөхрийнхөө хамт уулын оргилд хүрээд буцаж явах замдаа цасан шуурганд өртөн цавчим хадан хясаанаас унаж нас баржээ. Френсисийг амьсгаатай байхад нь олсон уулчин Кэти О’ Доуд багийнхан нь бүсгүйд туслах аргагүй байсан тухай дурсан ярьсан ярилцлагыг The Guardian сонинд нийтэлсэн байдаг юм.

Френсисийг хүнд гэмтсэн байсан болохоор үүрээд уулнаас бууна гэдэг туйлын бэрх зүйл байсан. Тусламж дуудахаар уулнаас буусан Френсисийн нөхөр нь Френсисийн байрлалыг тогтоохоор ахин уул руу авирчээ. Дээш авирч явахдаа хүчилтөрөгчийн дутагдалд орсон тэрээр мөн л Эверестэд мөнхөрсөн билээ. Дараа нь Кэти О’ Доуд багийнхныхаа хамтаар ирж Френсисийг хүний ёсоор оршуулсан юм. Эрэлхэг уулчин бүсгүйн амь эрсэдсэн газрыг Америкийн далбаагаар чимэглэж, толгойн дор нь гэр бүлийнхнийх нь бичсэн захидлыг дэрлүүлжээ.

Жорж Маллори

Британийн алдарт уулчин Жорж Маллори Эверестэд нас барсан алдартай хүмүүсийн нэг юм. The Guardian сонинд бичсэнээр Маллори болон түүний хамтрагч Эндрью Ирвин нар оргилд хүрсэн анхны хүмүүс болох гэж яваад нас баржээ. Энэ хувь заяанд төрсөн бусад азгүй уулчид шиг тэд ч магадгүй таагүй цаг агаарт боогдож, 8000 метрийн өндөр дэх “Үхлийн бүс”-д гацсан бололтой.  Ихэнх уулчид өндрийн өвчин, хэт ядралтаас болж зөв шийдвэр гаргаж чадахаа больж, хий юм харж эхэлдэг энэ бүсэд л амь насаа алддаг. 1999 онд Эрик Саймонсон, Жочен Хеммлеб нар уулчдад юу тохиолдсоныг мэдэх зорилгоор “Маллори Ирвиний экспедици”–ийг зохион байгуулсны хүчинд Маллоригийн цогцсыг эрж олж чаджээ. Унаснаас болсон уу яасан түүнийг олох үед Маллори толгойндоо шархадсан байдалтайгаар түрүүлгээ харан хэвтэж байжээ. Харин Ирвиний цогцсыг ер олоогүй юм.

Дэвид Шарп

Английн туршлагатай уулчин Дэвид Шарп Эверестийн цог жавхлант байдалд татагдан, аюул ослоос айхаа больсон ба 2006 онд Эверестийн оргилд гарсныхаа дараахан нас барсан юм. Washington Post сонинд бичсэнээр багийнхан нь буцах шийдвэр гаргасны дараа Шарп авиралтаа үргэлжлүүлжээ. Түүнийг хүчилтөрөгч болон бусад зүйлсийн тусламжгүйгээр оргилд гарсан анхны хүн болохыг зорьсон гэж үздэг. Шарпыг Эверестийн оргилд гарчихаад доош бууж явахад хэдийнэ харанхуй болсон байсан ба их хүйтэн цаг агаарт даарч ядран, хүчилтөрөгчийн дутагдалд орж, орчин тойрон сайн харагдахаа больсоноос түүнийг уулнаас бууж чадаагүй байх гэсэн таамаглалыг дэвшүүлдэг юм. Шарп дээр дурдсан Цэванг Палжорын нас барсан газар болох Эверестийн 8500 метрт орших “Ногоон гутал агуй”-н ойролцоох нэгэн хадны дор өвдгөө тэврэн суусан чигээрээ нас баржээ. Уг нь тэрээр хамгийн өндөрт байрлах Кэмп 4-өөс ердөө 250 метрийн зайд байсан байдаг. Түүний хажуугаар олон уулчин өнгөрсөн ч бүгд түүнийг алдарт “Ногоон гутал” байна хэмээн эндүүрч Шарпыг ганцааранг нь орхижээ. 2003, 2004 онд олон  уулчидтай мөр зэрэгцэн Эверестийн оргилд гарахаар хичээж байсан Шарп эхний оролдлогоороо хөлийнхөө зарим хурууг, удаах оролдлогоороо гарынхаа хуруунуудыг хөлдөөж байсан гэдэг. Баллонтой хүчилтөрөгчид итгэдэггүй, өөртөө хэт их итгэдэг байсан нь түүний амь насыг авч одсон юм.

Зарим нь адал явдал хайж, амжилтад хүрэхийг хүссэндээ авирч байхад нөгөө хэсэг нь амьдралынхаа хамгийн сүүлийн авиралтыг хийхээр энэ их Хайрханыг зорин очдог. Эверест ууланд олон арван хүн харамсалтайгаар энддэг ч гэлээ зүрх сэтгэлээ өндөр ууланд эргэлт буцалтгүйгээр өгсөн уулчдын хамгийн том хүсэл мөрөөдөл нь болон ихэмсэг бөгөөд аймшигтайгаар сүндэрлэсээр байгаа билээ. 

Аннапурна
К2
Нангапарпат
Ханченжанга
Айгер
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]