Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хасар удмынхан хэнд зүтгэсэн бэ?Уншсан24,312

Түүхч, зохиолч Б.Номинчимэд: “Омог босоо ХАВТ ХАСАР” өгүүллийн хэсгээс...

...Их хаан ахынхаа алдар цууны цуурайн дор дарагдан буйгаас биш Хавт Хасар бол Монголын эзэнт их гүрнийг бүтээн босгоход яндашгүй их гавьяа байгуулсан Монгол төрийн түүхэн том зүтгэлтэн.

Өнөө Хавт Хасарын удам нь дээдэстээ зориулан гурван ч том тахилга үйлдэх бөгөөд манай түүхийн ямар ч ихэс хаадад тийм гурвалсан тахилга үгүй аж.

Хасарын үр хойчсийн үүх түүх ч мөн арвин баялаг, намтар дүүрэн агаад тэд үе үеийн монгол туургатны түүхэнд үнэлж баршгүй их үүрэг үүрч, ул мөрөө үлдээсэн билээ. Тухайлбал, Их Юань улсын Их вангийн удам залгамжийг эхлүүлсэн Бабушын түүх нэн сонирхолтой. Тэр Хавт Хасарын дөрөвдүгээр үеийн ач байжээ. Мөн Дэлбэг хааныг зүй бусаар тэнгэр болоход Их хаан орыг арав гаруй жил залгасан Адай хаан буюу Асагалдай нь Хасарын наймдугаар үеийн ач болно. Тулааны талбарт баатар, түмний хэрэгт төрийн түшээ, хайр дурлал, сэтгэл зүрхний ертөнцөд жинхэнэ нөмөр нөөлөгтэй эр хүн болох Өнөболд вангийн түүх бол тэр аяараа хайр, харуусал, тэмцлийн дууль. Тэр бол Хасарын арванхоёрдугаар үеийн ач Хорчины баатар Шүүстэйн хүү билээ.

 

Үүнээс нааш ч олон бий бөгөөд тэдний нэг нь Англи, Францын хүчирхэг флот, армид чухам монгол дайчны ур чадварыг гайхуулсан бахдам хавтай цохилтуудыг удаа дараалан өгч явсан алдарт Сэнгэринчин жанжин юм. Тэр бол Хасарын хорин зургадугаар үе нь болно. Зөвхөн нэгнийх нь тухай л бичихэд дээд өвөг Омог босоо Хавт Хасарын түүхээс огтхон ч үл дутах яруу сайхан зохиолын бэлээхэн сэдэв, “түүхий эд” бий дээ. Хавт Хасарын тухайгаар эхлүүлсэн романаа цааш үр хойчисийнх нь бахдам нууцлаг түүхээр үргэлжлүүлэн бичиж чадах хүмүүн чухам өөрөө мөн билээ хэмээн эрхэм зохиолч нөхөр Ж.Заяабаатарт сануулахын ялдамд, дараагийн романыг нь найдан хүлээж буйгаа уламжилсу.

Омог босоо Хавт Хасар” романы тухай олон зүйлийг өгүүлж болох билээ. Түүхэн зохиолд түүхэн бодит үнэн, уран сайхны давс хужир хоёрын тун банг тааруулна гэдэг амаргүй. Түүхэн үнэний тун ихэдвэл зохиол биш түүх бичлэг болж орхино. Харин уран сайхны давс нь хэтэрвэл түүхээ гүтгэн гүжирдсэн хэрэг болно. Харин энэхүү романд тэр зааг, хэмжээ, чанарыг гайхалтай сайхан тааруулсан. Ялангуяа Хавт Хасарын омог босоо оршсоны нууцын тунг тааруулж ч, тайлж ч чаджээ. Монголын Нууц товчоонд өгүүлэхээс төдийлөн зөрөхгүй атлаа, тэнд байх бяцхан өгүүлбэрийг ч бүрэн дүүрэн өгүүлэмж болгон бүтээж чадсан байх юм. Тэгээд түүнээ өвөрмөц сонин өнцгөөс тайлан илэрхийлнэ. Энэ бол уран бүтээлчийн ур чадвар.

Ер түүхэн зохиолын гол мөн чанар нь түүхийн алив үйл явдал хийгээд түүхэн хүнийг шинээр нээн, нууц зангилаа бүхнийг уран сайхнаар тайлах явдал юм. Бид Өвөр Монголын алдарт жүжигчин Г.Баасангийн гол дүрийг нь бүтээсэн “Чингис хаан” олон ангит киног дуртайяа үздэг. Хүний сэтгэлийг татаж чадсаны нэгэн учир нь түүхээ яс барьсан ч, тэр түүхэн үнэнийхээ хүрээн дотор гайхалтай сайхан уран сайханжуулж чадсаных юм. Ж.Заяабаатарын “Омог босоо Хавт Хасар” роман ч мөн үүн лүгээ адил. Түүнээс гадна яруу сайхан хэл найруулга, дүр дүрслэлийг эл романы хуудас бүрээс үзэж болно.

“...Хасар хаврын тарчигт ихээхэн туйлдсаар хүрч иржээ. Цаг ямагт дүрэлзэн жийхайж байдаг жартгар бор нүдийг нь үүлэн цайвар нулимс бүрхэж, сахалтай уруул нь чичрэх аж...” /223-р хуудас/ Энэ хоёр өгүүлбэрээс Балжун нуурт ахыгаа олж ирж буй Хасарын дүр төрх нүднээ харагдах шиг болно.

“...Хасарын цэргүүд далай руу хошууран орсон элсэрхэг зөөлөн эрэгт тулж ирэх үес огторгуйг зэгэл үүлс бүрхээд, их усны цав цагаан хөөс алгадан цахлай шувууд шуугилдан нисэлдэх авай. Эрх дураараа, дэндүү зоргоороо, бүгдийн эсрэг ганцаараа тэмцэлддэг эрх чөлөөт, хар толгойт шувуухай салхи хүсэн тэнгэрт чарлалдсаар...” Энэ цахлай шувуудын тухай дүрслэл бараг л дэндүү зоргоороо, дэндүү эрх дураар, омог төгөлдөр Хасарын өөрийнх нь дүр төрхийг дамаа өгүүлэх мэт. Хасарыг яагаад “Хавт” хэмээдэг билээ? Хавтай бахтай байх нь сүр жавхлан, зориг чадлын илэрхийлэл билээ.
Энэ мэт олон сайхан жишээг дурдан өгүүлж болно. Хавтай бахтай, омог босоо Хавт Хасартаа зориулан Монгол түмнээс босгосон яруу сайхан, утга төгөлдөр үгэн хөшөө болжээ хэмээн энэхүү романы тухай тун товчоор үнэлж болно

ХАСАР

https://mn.wikipedia.orgвэбсайт дээр тэмдэглэгдсэн өгүүллээс...

Бага нас

Жочи Хасар нь Чингис хааны эх эцэг нэгтэй гурван дүүгийн нэг байсан. Тэрээр нум сум харвахдаа чадварлаг сайн байсан учраас түүнийг мөн Хавт Хасар гэж нэрлэдэг байсан. Хасарыг хүүхэд байхад нь тайчуудын жанжин Таргутай Хирилтуг гэр бүлийнх нь хамт Боржигон овгоос хөөж явуулсан. Хоол хүнс ховор байсан бөгөөд түүний эх нэгтэй дүү Бэxтэр хүнс хулгайлсан учраас Хасар ах Тэмүжингийн хамт Бэхтэрийг найман шарга адуугаа хариулж байхад нь хоёр талаас нь угтаж харван алсан.

Идэр нас

Тэрээр 1179 оноос эхлээд Чингис хааныг их улсаа төвшитгөн, нэгтгэх хүртэл хорь гаруй жилийн туршид хүчин зүтгэж байсан. 1203 онд хаан ахтайгаа эв түнжин хагарч сарнисан үед, Хархалзан элээт хэмээх газар Монгол, Хэрэйдийн цэргийн хүчин хоорондоо байлдаж, Чингис хан зүүнш ухарсны дараа Хасар тэргүүтэй Монгол өрхүүдийг Хэрэйдийн их цэрэг хураан авсан. Чингис, Хасар нар дахин нэгдэж Ван хааныг туулын Хар Түнийн шугуйд бүхүйд нь хумин авч довтлоод эзлэн авчээ.

Өмч газар хүртсэн нь

Чингис хаан эх нэгтэй дүү Хасар, Хачиун, Тэмүгэ, Бэлгүтэй нарт Их Монгол улсын зүүн захад нутаг олгож, зүүн жигүүрийг бүрэлдүүлсэн бол гурван хүү Зүчи, Цагадай, Өгөдэй нарт баруун захын нутгийг өгч баруун жигүүрийг байгуулсан. Баруун жигүүр баруун тийш үлэмж хэмжээгээр газар нутгаа тэлсэн боловч зүүн жигүүрт тийм их эзлэх газар байгаагүй. Баруун жигүүрээс ялгаатай нь зүүн жигүүрт Хасар, Хачиунаас илүү Тэмүгэг илүү дэмждэг байсан. Хасарын улс (ард түмэн болон хоёрдугаарт газар нутаг) Тэмүгэгийн улсаас хавгүй жижиг байсан. Түүний анхны газар нутаг Хянган уулсын баруун тал байсан бөгөөд Эргүнэ мөрөн, Хайлар мөрөн болон Хөлөн уулаар хүрээлэгдсэн байжээ. Хятадыг байлдан дагуулсаны дараа Хасарын удмын ноёд нэмж Шаньдун болон Жяньши мужуудад тус тус хувь газар хүртээж өгсөн.

Залгамжлагчид

Хасарыг түүхэн сурвалжуудад 40 орчим үр хүүхэдтэй гэж бичсэн байдаг. Харин түүхэнд нэр дурьдсан нь Егү, Есүнгэ, Тогу нарын нэрс тодорхой үлджээ. Хасар, Хачиун, Тэмүгэ зэрэг ноёдын удам нь Жалайр, Хонгирад, Ихэрэс, Үжээд, Мангууд зэрэг таван хүчирхэг аймагтай ижил хэмжээнд очиж, зарим үед тэдгээрийг өөрсдийн харъяанд багтааж байв. Эдгээр удамынхныг ихэвчлэн Тэмүгэгийн удмын ноёдууд удирддаг. Аригбөх хааны тэмцэлийн үеэр энэхүү гурван ноёдын удам Тэмүгэгийн ач хүү Тачарын удирдлага дор Хубилайг (Чингис хааны ач хүү) дэмжсэн.Түүнийг нас барсны хойно Егү залгамжилжээ. Түүний дараа Хасарын ноёдын дунд гурав дахь гэр бүлийн тэргүүн Есүнгэг Хубилай хаан сонгож баталгаажуулсан байна. Тэрээр Хасарын хүү бөгөөд ах Егүгээ залгамжласан. Тэрээр Есүнгэгийн бичээсийн (хуучин чингисийн чулуу гэдэгээрээ алдартай) баатар юм. Энэхүү ноёдын удамыг Есүнгэгийн хүү Эсэн Эмүгэн залгамжласан бөгөөд дараа нь Эмүгэний хүү Шидур залгамжласан. Хэдийгээр Шидур Тэмүгэгийн ачинцар Наянгын удирдсан Хубилайн эсрэг бослогод оролцсон боловч энэхүү ноёдын овог ямар нэгэн самуунгүйгээр үлдэж чадсан. Зургаа дахь тэргүүн Бабушад 1307 онд Хайсан Хүлүг Хаан Чин ван цол хүртээсэн. Эх сурвалжаас харахад Хасарын удамын ноёд эзэнт гүрэн Хятадаас гарсны дараа ч гэсэн энэхүү цолыг хадгалсаар ирсэн. Хасарын үр удам монголын эзэнт гүрний бусад хэсэгт ч гэсэн хүчирхэг хэвээр байсан. Жишээ нь Хасарын удамын Тугайтөмөр, XIV зууны дунд үед Ил ханы улсын хан ширээний төлөө өрсөлдөгчдийн хамгийн сүүлчийн хүчирхэг нэгэн байсан.

Хасарын удмын нэг ноён Мин улсын цэргүүдээс хамгийн сүүлчийн Их хаан Тогоонтөмөрийг хамгаалах гэж яваад алагдсан гэж мөн нотолдог. Монголчууд Хятадаас ухарсны улмаас үүссэн үймээн самуунаас болж Юань гүрний сүүл үеэс зууны дунд үе хүртэл Хасарын удмын ноёдод юу тохиолдсон нь тодорхойгүй байдаг. Монголын он тооллын бичигт Хасарын үр удмын талаархи зарим нэг тэмдэглэл байдаг боловч тэдгээрийг түүхчид ихэвчлэн буруу ташаа мэдээлэл гэж үздэг. Ялангуяа Мэргэн Гэгээний зохиосон Алтан Товч (Лувсанданзангийн Алтан товчтой андуурч болохгүй) Хасарын удмын ноёдын нөлөөг хэтэрхий дөвийлгөсөн байдаг. Учир нь үүнийг зохиогч нь өөрөө Хасарын удам юм. Өнөболдын тухай өөр нэг алдартай түүхэнд тэрээр Мандуул хааны бэлэвсэн эхнэр Мандухай хатанд гэрлэх санал тавьсан боловч Мандухай түүний оронд Чингис хааны удмын балчир хүү Батмөнхыг (Даян Хаан) сонгосон гэдэг.

Хасарын угсааныхны эзэмшил

Болунай, Хорчин Монголчуудыг удирдаж Хянганаас зүүн тийшхи нутгийг захирч байсан. Түүний үр удам Манж Чин гүрний захиргааны Жиримийн чуулганы Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос, Зуу Үд чуулганы Ар хорчин, Улаан Цав чуулганы Дөрвөн Хүүхэд, Муу Мянган, Урад аймгуудыг багтааж байсан. Тэдний дундаас Хорчингын ноёд Манжийн сүр хүч нэмэгдэж байсаны эхний үед эзэн хаан Айсан Гиорогийн гэр бүлтэй ураг төрлийн холбоо тогтоож Чин гүрэний ноёрхолын туршид дээд түвшиний ноёдын цол хэргэмтэй байсан. Хэйлонжиан мужийн Дөрвөн аймаг 1624 онд Чин гүрэнд дагаар орж Хасарын үр удамынханы удирддаг Жиримийн чуулганы нэг туг болж зохион байгуулагдсан. Горлосын хошуу мөн Хасарын үр удам удирддаг байсан.

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 9 сар 5. 13:55
Зочин

хасарын удам чинь уг нь Хошуудууд биз дээ анх хошууд нар алтан ургийнх гээд ойрдууд дотроо тэргүүлэх байр суурьтай байж байгаад сүүлд цорос өөлдүүдэл энэ байр сууриа алдсан гэдэг , цоросыг зүүнгар хошуудыг баруун гар гэдэг байсан биз дээ , дээр үед хошууд нар зүүнмонголоос талаас баруун зүгт нүүж очсон гэж л мэдэх юм байна

2018, 3 сар 15. 22:08
Зочин

Арагтөмөр, уруктөмөр гэсэн хасарын удмын хоёр ах дүү хоорондоо муудалцан нэг нь баруун тийш нүүж ойрдыг түших болсон. Тэр нь хошууд. Нутагтаа үлдсэн нь хорчин

2016, 6 сар 14. 22:27
Зочин

Тэгээд Хавт Хасарын удам хар хятад, манжтай нийлж хөх Монголын хас төрийг мөхөөх гэж явсан болж таарч байна уу

2017, 9 сар 4. 17:09
Зочин

Халхууд тэмцхээс татгалзан урваснийг Монголын, Дэлхийн түүхчид байтугай гудаманд байгаа нохой ч хүртэл мэднэ.

2016, 6 сар 11. 0:20
зочлоё

хорчин нартай яагаад Хасарыг холбоод байгаа тэнэгүүд вэ? Хасар хорчинг захирч хорьж байх үүрэгтэй болохоос Хасар хорчинтой холбоотон биш, түүх ойлгохгүй тэнэгүүд ч хэцүү юм даа, үгээ олж хэлж сур үгүй бол өөрийгөө манж гэдгээ батлана, бас зарим нь манж нар ухаалаг гэжээ, ичээч, манжийн төрийг хорчин татвар эм захирч монгол оронд халдсанг бүү март, манжууд хорчин татвар эмийн үгээр үг хийж явсан тэнэгүүд улсаа ч эвдүүлсэн, төрөө ч эвдүүлсэнг сана даа, ичээч ингэж байлайрч байхаа, манжтай хэвэл нэгтэй хэлхээ бөхтэй юу?

2016, 6 сар 8. 19:57
Сүх

Түүхээ ойлгохгүй байнаа, залуусаа, та нар. Яг бодитоор бол Лигдэн хаан Бээжинг хамгаалж Манжуудтай байлдсан нь Монголын түүхэн дэх хамгийн том алдаа байсан юм. Манжууд Лигдэнг уриалж хамт хятадыг эзлэе гэсэн боловч Лигдэн харин хятадтай холбоолж Манжтай байлдах болсоноор ихэнх ноёдуудын дургуйг хүргэж, нэгдсэн монгол бодлого сарнин алга болсон юм. Харин манжууд бол тэр үедээ шиээр гарч ирж байсан хүчирхэг төр улс байсан юм. Анхнаасаа л бид манжтай нийлж хятадыг эзэлж авах нь чухал байсан юм. Манжууд тэнэг биш учраас Монголчууд шиг дайёин улстай байлдах өчүүхэн ч сонирхолгүй, бас тэдэнд бидэнтэй байлдах нь ямар ч ашиггүй байсан юм.

2016, 6 сар 7. 11:11
Зочин

Хорчин нутгийн хүмүүс өөрсдөө ч ярихдаа "бид тэнгэрт хараагдсан учраас хэзээ ч өөдлөхгүй" гэлцдэг.

2016, 6 сар 6. 18:07
HASARIIN HORCHIN AIMAG

NOVSHIIN HORCHINGUUD MONGOLIIN TORIIG MANJTAI NIILJ HORLOSON HUMUUS

2016, 6 сар 6. 18:03
Зочин

хасарын удамыхан хорчин манжтай өвөр түрийндээ орж монголын төрийг үгүй хийсэн улсдаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]