Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халх голын тэнгэрт: Долдугаар сарын эхээрУншсан13,590

1939 оны 7-р сарын эхээр Халх гол дахь Зөвлөлтийн нисэх хүчин тооны хувьд нэлээд цөөрсөн бөгөөд (280 орчим сөнөөгч, бөмбөгдөгч онгоц) тулалдааны хохирол, материалын элэгдэл зэргээс болж нэлээд онгоцыг зэвсэглэлээс хассаны дотор И-15 бис олноор байлаа.

Халх голын тэнгэрт болсон тулалдааны тухай та юу мэдэх вэ? Агаарын тулааны талаар Зөвлөлтийн баримт болон Оросын судлаачдаас ямар дүн мэдээ, Японы судлаачдаас ямар дүн мэдээ, баримт тус тус гаргадаг вэ. Нийтлэлч "Чалчаа саарал"-ын тухайн үеийн нөхцөл байдал дундаас урган гарсан баримт, мэдээллүүд хэрхэн зөрдөг, агаарын тулааны өрнөл зэргийг олон талаас нь өгүүлсэн цуврал нийтлэлийг хүргэж байна. Өмнөх нь:

Нэг. Халхын голын тэнгэрт: Монголын нисэх хүчин ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Хоёр. Халх голын тэнгэрт: Агаарын тулаанууд өргөжиж эхэллээ

Гурав. Халх голын тэнгэрт: Оросууд арга хэмжээ авч эхэллээ

Дөрөв. Халх голын тэнгэрт: Агаарт ноёрхохын төлөө


Тав. Халх голын тэнгэрт: Долдугаар сарын эхээр

 

1939 оны 7-р сарын эхээр Халх гол дахь Зөвлөлтийн нисэх хүчин тооны хувьд нэлээд цөөрсөн бөгөөд (280 орчим сөнөөгч, бөмбөгдөгч онгоц) тулалдааны хохирол, материалын элэгдэл зэргээс болж нэлээд онгоцыг зэвсэглэлээс хассаны дотор И-15 бис олноор байлаа. Энэхүү хуучирсан онгоц Японы шинэ сөнөөгч нартай тулалдах ямар ч чадваргүй байсан учир хуучирч муудсаныг хасаж, байлдах боломжтойг нь цуглуулан тусгай анги байгуулан зөвхөн нисэх буудал хаах, хаяа газрын цэргийн үйл ажиллагаанд штурмовик буюу дайрагч байдлаар ашиглахаар болжээ. Харин эдгээр И-15-ыг орлохоор цөөн тооны Чайка ирсэн бөгөөд 7-р сарын турш бага бага группээр нэлээд тооны Чайка Халх голд нэмэгдэн ирж  байсан байна.

Чайка. Энэ бол Сталины бас нэг нууц зэвсэг байсан бөгөөд Сталин өөрөө Поликарповын энэ онгоцонд асар их ач холбогдол өгч, нууцалж байсан ба Халх голын дайны үеэр энэ онгоцыг дайсны нутаг дэвсгэр дээгүүр нисэхгүй байх тушаал 7-р сарын турш хүчинтэй байсан гэдэг. Үнэндээ энэ нь өнөөх л биплан И-15 бөгөөд дугуй хураадаг, арай илүү хүчтэй мотор тавьсан зэргээрээ л И-15 болон И-15 бис-ээс ялгаатай юм. Далавчны хэлбэрээс болж Чайка (цахлай)хэмээх нэр авсан энэ онгоц нь хурд, галын хүч, өндөр авах хурд зэргээрээ өмнөх загвартай харьцуулахгүй боловч дайны нөхцөлд И-16-аас юугаар ч илүү байж чадаагүй билээ. Зөвлөлтийн нисэх хүчин цаашид ямар байх тухай төсөөлөл алдаатай, бүрэн боловсроогүй байсны нэг баталгаа нь энэ онгоц гэж хэлж болох байх.1939 онд биплан онгоцонд найдлага тавьж байсан гэдэг нь одооны өндөрлөгөөс харахад хэцүүхэн сонсогдож байна. (Гэтэл энэ үед Германд “Эмиль”-ийг зэвсэглэлд аваад байсан үе шүү дээ) .

Я.В.Смушкевич  Японы сөнөсөн онгоцны хэсгийг үзэж байна. Цаад талд Жуков?

Зөвлөлтүүд бас шинэ И-16 П-г нэлээд авчирсан ба П буюу пушка-их буу бүхий энэ онгоцыг эхний ээлжид газрын бай дайрахад ашиглаж байсан байна. Энэ үед Зөвлөлтийн тагнуул Японы нисэх хүчнийг 312 онгоцтой, түүнээс 168 нь сөнөөгч, 144 нь бөмбөгдөгч гэж үзэж байсан нь бодит тооноос  2-3 дахин давсан байна. Сүүлийн үед ямар нэг нэмэлт хүч, хангалт аваагүй, агаарын тулалдаанд хүлээх хохирол улам бүр их болж байгаагаас шалтгаалан тухайн үед Япончууд байлдааны үүрэг гүйцэтгэх боломжтой 100-110 онгоцтой байв.

7-р сарын 2-ны орой Япончууд “Номон ханы мөргөлдөөний 2-р үе”-ийг эхлүүлсэн бөгөөд Халх голын зүүн эргээс их бугаар буудаж, агаараас бөмбөгдөж анхаарал татаж байх хооронд Кобаяшигийн групп Халх голын баруун эрэгт нь байршиж цаашдын үйл ажиллагааны түшиц газар болгох ёстой байв. Их бууны галын дэмжлэгийн хүчинд Кобаяши гол гаталж чадсан ба тэднийг хажуу жигүүрээс нь сөрөг довтолгоо хийн дайрах байсан Монголын 6-р морьт хороог Японы хөнгөн бөмбөгдөгчид бөмбөгдөж эмх замбарааг нь алдагдуулан сөрөг довтолгоог эхлүүлээгүй байна. Энэ үед япончууд 800-1000 метрийн нам өндрөөс бөмбөгдөж, маш идэвхтэй тулалдаж байсныг Зөвлөлтийн тагнуулын мэдээ онцгойлон тэмдэглэсэн байдаг.

Халх голын наад эрэгт япончууд гарч эхэлсэн гэдэг мэдээ авсан Зөвлөлтийн цэргийн удирдлага нэгэн эрсдэлтэй шийдвэр гаргасан нь дөнгөж нэмэлт хүч болон ирж байгаа танкийн 11-р бригадыг явуут дунд нь, явган цэргийн дэмжлэггүйгээр шууд тулалдаанд оруулсан явдал юм. Явган цэргийн дэмжлэггүй танк гэдэг бол маш эмзэг бай. Нийт 152 БТ, 11 шатаагч бүхий танк маршаас шууд тулалдаанд орох гэж байх үед нь Японы бөмбөгдөгчид хоёр удаа дайрсан боловч олигтой үр дүнд хүрсэнгүй. Ганцхан танкны гинж тасарсныг 2-3 цагийн дотор зассан гэсэн үр дүнтэй бөмбөгдөлт болжээ. Бөмбөгдөлтийн дараа танкийн анги Халх голын баруун эрэгт гарсан Японы цэргийн анги нэгтгэл руу духны дайралт хийсэн бөгөөд тулалдааны явцад аймшигтай хохирол хүлээн 135 танкчид алагдсан, сураггүй болсон, 82 танк, 6 шатаагч танк нэг мөр устгагдсан байна. Хэдийгээр асар их хохирол үзсэн ч баруун эрэгт гарсан цэргүүдийг бэхжиж авахаас нь өмнө буцаан хөөх даалгавраа амжилттай биелүүллээ.

Зөвлөлтийн нисэх хүчин үдээс хойш л тулалдаанд орж эхэлсэн бөгөөд (Японы бөмбөгдөгчид ажиллаж байсан гэхээр цаг агаар боломжийн байсан бололтой) 73 СБ Халхын гол, Хайлаастын гол, Яньху нуурын орчим дахь Японы цэргийн байрлалыг бөмбөгдсөн бөгөөд Японы 23-р дивизийн штаб энэ бөмбөгдөлтөд өртөж штабын дарга хурандаа Оучи тэргүүтэй олон офицер алагджээ. Өөр нэгэн хэсэг шинэхэн барьсан хөвөгч гүүрийг бөмбөгдсөн боловч онож чадаагүй төдийгүй Японы сөнөөгч онгоцны дайралтад өртөж нэг онгоцоо алдсан байна.

17 цагийн үед Зөвлөлтийн бас нэг бөмбөгдөгчийн групп агаарт гарч Номон хан, Бүрд овоо орчим дахь дайсны байрлалыг бөмбөгдсөн ба зенитийн галд нэг онгоцоо алдаж, багийн бүрэлдэхүүн бүгд амь үрэгдсэн ба буцах замдаа сөнөөгчид дайруулан бас нэг онгоц нь гэмтжээ. Энэ өдөр Япончууд 4 СБ бөмбөгдөгч, 6 ширхэг И-16, 1 Р-Z унагасан гэх боловч үнэндээ Зөвлөлтүүдийн хохирол нь зөвхөн 2 ширхэг СБ (мөн 1 СБ гэмтсэн гэсэн ойлгомжгүй мэдээ)юм.  7-р сарын 4 нд агаарын тулалдаан эрчимжсэн ба хэмх цохиулсан Кобаяшигийн группийн үлдэгдэл Халх голын зүүн эрэгт буцан гарах гэх үед нь И-16-гаар хамгаалуулсан бөмбөгдөгчид хоёр удаа дайран бөмбөгдсөн байна. Японы сөнөөгч нар газрын цэргээ хаах үед нь Зөвлөлтийнхөн эхний тулалдаанд  дайсны 5, дараагийн тулалдаанд 12 онгоц унагасан гэсэн аймаар мундаг  тоо бичсэн байдаг боловч хамгийн гол нь тэд бөмбөгдөгчөө бүрэн бүтэн хамгаалж чадсангүй. Япончууд Зөвлөлтийн 7 Сб-г унагасан  ба эдгээрийн 4 нь өөрийн нутагт аргагүйдсан буулт хийсэн ( онгоц цаашид ашиглах боломжгүй болсон),  10 нисгэгч амь үрэгджээ. Сөнөөгч нарын хувьд 2 И-16-ийн нисгэгч хөнгөн шарх авч буудалдаа эсэн мэнд буусан байдаг.

Үдээс хойш дахин нэг агаарын тулалдаан болоход Зөвлөлтүүд дайсны 11 онгоц устгасан гэж мэдэгдсэн ба өөрсдийн хүлээсэн хохирол нь нэг нисгэгч буудуулж унан, сураггүй алга болсон явдал. Энэхүү Зөвлөлтийн 17 болон 11 онгоц устгасан гэх дэндүү том тоонууд бодит байдлаас ихээхэн хол байв.

Энэ тулалдаанд нэг хачирхалтай үйл явдал болсон нь Зөвлөлтийн нисгэгч Павлов И-15-ынхаа суудлын даруулгыг хийгээгүй үедээ маневр хийн онгоцноосоо унасан байна. (Покрышкины ном дээр дайны эхэн үед ч Зөвлөлтийн олон нисгэгч нар энэ бүсийг хийдэггүй байсан тухай, яагаад ийм тэнэг зуршил байсаар байсан тухай гардаг.) Эзэнгүй онгоц мэдээж унасан ба харин нисгэгч шүхрээр эсэн мэнд газарджээ. Нэмээд хэлэхэд нисгэгч маань буудуулсан энээ тэрээ гэж худлаа ярилгүй байдлыг шууд үнэнээр нь хэлсэн гэдэг. Бас нэг сонирхолтой зүйл бол 20 мм-ийн их буу бүхий И-16 хөлөглөн газрын бай дайрахаар хөөрсөн Ворожейкин өөрийн талын СБ-г хамгаалах агаарын тулалдаанд орж буудуулж унан бүтэн сарын турш жагсаалаас гарсан явдал. Халх голын агаарын тулалдааны тухай сайхан дурдатгал бичсэн энэ хүн сүүлд Зөвлөлтийн хамгийн алдартай ас-уудын нэг болсон билээ.

Эдгээр өдрүүдийн агаарын тулалдааны үр дүн ямар байв? “Оросууд” 17 болон 11 онгоц унагасан гэсэн хэтэрхий тоо нь бодит байдалтай нийцэхгүй гэдгийг өмнө хэлсэн учир Япончуудын тооцоог сонирхъё. Тэдний тооцоогоор бол ганцхан 4-ний өдөр Зөвлөлтийн 53 онгоц унагажээ. Гэхдээ ганцхан сөнөөгч онгоц алдаад шүү. Япончуудын энэ тоог тайлбарлах ямар ч шаардлагагүй гэдэг нь өмнөх түүхээс харсан ч гэсэн ойлгомжтой байх.  Харин Зөвлөлтийн мэдээгээр тэд япончуудад буудуулан 7 бөмбөгдөгч, 3 сөнөөгч онгоцоо алдсан байна.

Үргэлжлэл нь: Халх голын тэнгэрт: Тооны зөрүү ба анхны "Таран"

Нийтлэлч "Чалчаа саарал"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]