Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Х.Баянмөнх: Ам мэх энэ тэр гээд ярих гэнгүүт “Чи битгий донгос” гээд далбаанаас нь дугтраад, хонгодоод тавьдаг юмУншсан39,659

Би тийм мэх хийж байгаагүй ээ. Тэгэхдээ ам мэхэнд хүн итгэх номгүй юм байгаа юм шүү. Ам мэх энэ тэр гээд ярих гээд тэгэнгүүт “Чи битгий донгос” гээд далбаанаас нь дугтраад л, хонгодоод тавьдаг юм.

Ярилцсан Л.Батцэнгэл


Монгол Улсын дархан аварга, доктор Хорлоогийн Баянмөнх “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх гурван ботийг бүтээн туурвиж Монгол түмнийхээ алган дээр тавих үед ийн хөөрөлдсөн бүлгээ.

-Та Монгол бөхийн мэхийн талаар мундаг судар бүтээж. Энэ гурван ботид чухам хэдэн мэхийн хувилбар багтав?

-“Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх энэ гурван ботийг бүтээхийн тулд би амьдралынхаа дөч гаруй жилийг зориуллаа. 1971 онд Улсын багшийн дээд сургууль төгсөхдөө л энэ сэдвийг сонгож авсан юм. Энэ хугацаанд бас боловсролын докторын зэрэг хамгааллаа. Ингэж судалсаар Монгол бөхийн 725 мэх байдаг юм байна гэдгийг тогтоолоо. Найман анги болгон, бүх шаардлагатай зургийг авахуулж гүйцээлээ. Энэ гурван ботид Монгол бөхийн бүх мэх багтсан. Монгол бөхийн мэхийн тухай мянга шахам жилийн судалгаа байна. Арван гуравдугаар зууны Бэлгүтэй, Бүри бөх хоёрын зургийг “Монголын нууц товчоон”-оос эш татаж бүтээлгэн, гурван ботийн анхны дэвтрийн нүүрийг чимлээ.

-“Монголын нууц товчоон”-д “Улсын бөх Бүри бөх” гээд гардаг даа?

-“Улсын бөх Бүри” гэдэг чинь одоогоор улсын дархан аварга гэсэн үг шүү дээ. Тэр Бүри бөх ийм мэх хийдэг байсан гэснээс улбаалж түүнээс хойших бүх мэхийг багтаасан. Энэ 725 мэхээс цааш үсрээ л гурав, таван мэх л нэмэгдэхээс хэтрэхгүй.

-Таны хувьд Монгол төрийнхөө наадамд арав түрүүлсэн их аварга хүн. Монгол бөхийн мэхний үлгэр дуурайл болсон хэн таны хувьд хэн байв?

-Гонжоон зааны гучин гурван сүлжээ мэх гэж домог яриа байдаг байсан. Монгол Улсын арслан Ванчинхүү маш олон сайхан угсраа мэхтэй хүн байсан гэж байгаа. Тэрний зургийг аваад, биччихсэн түүх одоогоор алга. Энэ мэхний номыг хийхэд өөрөө ямар бөхөөр ямар нэгэн амжилт гаргаагүй, үр хүүхдэдээ дэг сургууль заагаагүй хүн хийчихнэ гэхэд бас их хүнд. Тийм учраас энэ хүнд хөдөлмөрийг би л хийх ёстой гэсэн үүргийг өөртөө өгөөд хийсэн юм. Миний хүндэлж хайрладаг бөхчүүдээс Бээжин аварга олон сайхан мэхтэй хүн байлаа. Дархан аварга Агваансамдангийн Сүхбат олон сайхан мэхтэйг Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ.

-Танай хүргэн хүн дээ?

-Сүхбат чинь миний шавь байхгүй юу. Монгол бөхийн манлай мэх гэдгийг наад хүн чинь үүсгэсэн юм. Ерэн дөрвөн оны Ардын хувьсгалын ойн долоогийн даваанд Пунцагийн Сүхбат, Гантогтох хоёрын барилдсан барилдааны мэх бас л сайхан болсон. Энэ бол Монгол бөхийн хариу мэх байсан. Арван дөрвөн вариант дамжсан мэх байлаа. Энэ мэхний зураг хөрөг харин энэ номд орсон шүү.

-Мэх бол бөхийн нэг ёсны амжилт гаргах зэвсэг. Та чухам хэдэн мэх ашигладаг байв?

-Мэх болгоныг мэдэж байх нь бөх хүний үүрэг. Тэрнээс мэх болгоныг гүйцээж хийнэ гэдэг үлгэр. Нэг мэхийг нэг хүн насандаа ч хийж сурахгүй. Тийм учраас би зүүн хөл авдаг, халз хутгадаг хоёр мэхтэй, энэ мэхэндээ долоо найман варианттай л байсан. Хүн барьцаа хамгаалж чадахгүй байвал суйлаад хаячихна, дугтраад хаячихна, тойгдоод хаячихна. Миний хувьд цэрвүү барьц, барьц гэсэн хоёр л мэхтэй хүн.

-Монгол Улсын дархан аварга Жигжидийн Мөнхбат та хоёр бол “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх” гээд домог болсон хоёр шүү дээ. Та Мөнхбат аваргын эсрэг мэх боловсруулж л байсан байж таараа даа?

-Бид хоёр өрсөлдөгч юм чинь тийм мэхний тактик байлгүй яахав. Бид хоёр хоёулаа пассивный бөхчүүд шүү дээ.

-Пассивный гэдэг чинь хамгаалдаг гэсэн үг үү?

Хорлоогийн Баянмөнх аваргын гаргасан номын хавтас
 

-Хамгаалдаг хоёр бөх. Хүний мэхийг дутуу хийлгэж, үлдсэн нөхцөлд хаядаг тийм аргатай хүмүүс. Тийм учраас удаад байдаг байхгүй юу. Тэрнээс тийм их айхтар мэхийн зөрчилдөөн байхгүй шүү. Нэг аюул нь ямар ч бөх бид хоёрт дутуу мэх хийж болдоггүй юм. Хүн дутуу мэх хийлээ л бол тэрэнд нь асаа л мэхээ гүйцээж, дахиад тэр хүн мэх хийх ч аргагүй, унахаас өөр аргагүй байдалд л оруулдаг хоёр байхгүй юу. Ийм л нэг аргатай хоёр байхгүй юу, бид хоёр.

-Монгол Улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ ид барилдаж байх үедээ учраагаа барьцаар баглаад байдаг байсан даа. Энэ мэхэнд орох уу?

-Тэр барьц мэхэнд орно л доо. Тэгэхдээ жаахан болхидуухан л арга л даа. Тэрнээс чинь болж хаялцах барьц гээч юм гарч ирлээ шүү дээ. Хүн хүний хаялцах арга өөр. Зарим нь унахгүй байж байгаад хаяя гэсэн тактиктай боллоо шүү дээ.

-Олон сайхан мэхтэй бөхчүүд гэвэл Ванчинхүү арслан гээд та нэр дурдлаа. Одоо үеийн залуусаас танд харж явдаг бөх байна уу?

-Байна аа байна. Улсын харцага Баасанхүү байна шүү дээ. Баасанхүү харцага юу л таарна, тэр мэхийг хийнэ. Одоо бөхчүүд мэх хийхээс аргагүй болсон, цаг хугацаанд шахагдаад. Миний энэ ном гарлаа. Ном уншсан бөхчүүд “замбараагүй” их гоё мэхүүдийг хийж эхэлнэ. Монгол бөхийн хувьд урьд өмнө ийм сурах бичиг байгаагүй, харьцуулах юм байхгүй байсан хүмүүс энэ номыг харчихсан байхад, нэг хүн нэг мэх сурчихсан байхад л баллана.

-Нээрээ л тэгэх байх даа. Ушу, кекүшенку карате гэхэд л зурагт сурах бичгүүдээр сураад явчихдаг юм чинь?

-Тийм шүү дээ. Энэ ном чинь шууд багш юм чинь. Заавал би очоод заагаад байхгүй, бүх мэхийг заагаад, сануулж зөвлөчихсөн байгаа юм чинь. Монгол бөхийн 725 мэхээс гадна чөлөөт бөхийн олимпод хэрэглэж болох 102 мэхийг бас оруулсан.

-Бөхийн төрлүүд хэд хэдэн мэхтэй байдаг юм бол. Та судалж үзэв үү?

-Тэр бүхнийг судалсан хүн цөөхөн л дөө. Сумог 82 мэхтэй гэж зарладаг. Бусад төрлүүд далан нэг, далан гурав гэж судалдаг.

-Тэгэхээр таны ном чинь бүр арав дахин илүү мэхтэй болоод явчихав аа?

-Хамгийн наад талдаа л арав дахин илүү. Манай үндэсний бөх чинь босоо барилдааан шүү дээ. Хэвтээ барилдаануудын мэхийг нэмбэл явж өгнө. 725 мэхтэй барилдаан гэдэг Гиннессийн номд л бичигдэнэ л дээ, өөр ямар ч арга байхгүй. Монголын ард түмэн гэдэг чинь ямар гайхамшигтай оюун ухаантай вэ гэдгийг энэ номууд батална.

-Өмнөд Монголын хөл нь хөлтэйгөө, гар нь гартайгаа барилддаг бөхийн мэхийг судалж оруулав уу?

-Би тэрийг судлаагүй ээ. Монгол бөхийн барилдааны өчүүхэн нэг хэсэг шүү дээ. Гар гартайгаа, хөл хөлтэйгөө гэдэг чинь хавсарч цохих, өхийлдөх гээд хэдхэн мэхэнд л эргэлдэнэ.

-Таны ном мэхнээс гадна овоор овоглогдсон байх юм?

-Ов байлгүй яах вэ. Ов мэх гэдэг чинь өөрөө хэлбэл ухаан, суу заль, овсгоо, цовоо сэргэлэн, хийморилог байдал бүгд багтана. Мэх гэдэг нь арга шүү дээ. Ов гэдэг чинь маш шинэ юмыг сэддэг гэсэн үг шүү дээ.

-Мөөеө аварга залуудаа ам мэх хийдэг байсан гэдэг. Энэ яг ямар мэхэнд орох бол?

-Ам мэх Монгол бөхөд их байдаг.

-Та тийм мэх хийж байв уу?

-Би тийм мэх хийж байгаагүй ээ. Тэгэхдээ ам мэхэнд хүн итгэх номгүй юм байгаа юм шүү. Ам мэх энэ тэр гээд ярих гээд тэгэнгүүт “Чи битгий донгос” гээд далбаанаас нь дугтраад л, хонгодоод тавьдаг юм. Ярих юм бол тэр хүнтэй яриад л байна шүү дээ. Тийм учраас ярьж л болдоггүй юм. Монгол Улсын арслан Чүлтэмсүрэн гэж байсан юм. Тэр хүн их овсгоотой, сэргэлэн хүн л дээ.

Тэр хүн “Бууж өгөхгүй ч гэсэн эхэлж ам мэх хийх ёстой байдаг юм” гэдэг байсан. “Аварга аа, би давчих уу” гэчихэд хүний сэтгэл санаанд их саад хийдэг гэнэ ээ.

-Таны дөчөөд жилийн хөдөлмөрөө зориулан бүтээсэн номыг хэн хэн ариутган шүүв?

-Номын мялаалга үгийг Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонт соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, туульч өөлд Тангадын Галсан, Монгол Улсын арслан, спортын гавьяат дасгалжуулагч, дэд профессор Лувсанчимэдийн Сосорбарам, шинжлэх ухааны доктор, спортын гавьяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Лувсанзундуйн Ням, Монгол Улсын начин, боловсролын доктор Бүдээбазарын Адьяахүү нар бичиж ариутган шүүсэн. Номын сэцдийн зөвлөлд маш их баярлалаа. Ардын уран зохиолч Т.Галсан гуайн 

“Бүргэд бүргэдийн шүүрлэг өөр

Бөх бөхийн мэх нь өөр

Бүүвэй бүүвэйн уянга өөр” гэдэг үг юутай үнэн.

-Монгол бөхийн барилдааны ов мэхийг та найман үндсэн хэсэгт ангилан судалсан гэсэн. Ямар мэхүүд байна?

-Барьцгүй хийх, цэрвүү барьцнаас хийх, элэг бүсний барьцнаас хийх, хав золгож хийх, шуудагдаж хийх, давхар мэх, хариу мэх, угсраа мэх гэсэн найман ангилалд хуваагдаж байна.

-Та даншгийн их аварга Ш.Намхайгийн дархан мэхийг таамаглан нэлээд судалсан гэл үү?

-Намхай аварга ямар мэхтэй хүн байв гэсэн асуултыг олон бөхөд тавьж байлаа. Дархан аварга Б.Түвдэндорж гуай “Мөрний барьцаас халаад гар дээгүүрээ арьс татаж байгаа юм шиг хөврүүлж татаж хаядаг байсан” гэж настайчуул хэлдэг юм билээ гэж байсан. Аварга Ж.Цэвээнравдан, даян аварга Н.Жамьян, даншгийн заан Д.Содном, Д.Гарамбазар нарын олон бөхөөр Намхай аваргын дархан мэхийг яриулж, бөхийн сургууль дээрээ нээлттэй хэлэлцүүлэг зохиож байлаа. Тэр бүхэн номд тодорхой орсон л доо.

-Дэлхийн аварга бөх Зэвэгийн Ойдов гуайд зориулсан хөшөө боссон. Таны хөшөө Увс аймгийн Улаангом хотын цэнгэлдэхэд бослоо. Ямаршуухан сэтгэгдэл төрдөг юм байна?

-Амьддаа хөшөөгөө босгуулна гэдэг ховорхон л үйл явдал. Ард түмэн бөхөөрөө бахархаад хөшөөг нь босгож байгаа юм. Увс аймагт босгосон хөшөө чинь иж бүрэн хөшөө шүү дээ. Эргэн тойрондоо арслан, бар, заантай, Монголын анхны мянган жилийн настай хөшөө гэж ярьдаг юм билээ. Өмнө нь хийсэн хүмүүсийн хөшөө бол шавар цементээр хийсэн цээж баримал байдаг бол энэ хөшөө маш сайн чанарын хөшөө гээд байгаа. Увс аймгийн ерэн жилийн ойгоор л босгосон эд.

-Таны Монгол бөхийн ертөнцөд оруулсан гавьяа яндашгүй. Биеэр байгуулсан хөлсөн гавьяанаас гадна номын цагаан буян үйлдэж сайхан ном судар бүтээлээ. Гэлээ ч хүний хорвоо гэдэг сайн, муу янз бүрээр л хэлэгдэж явдаг нь жам. Таныг Монгол бөхийг баруун, зүүн Монголын бөхчүүд гэж хоёр хуваасан нүгэлтэн гээд бас үздэг шүү дээ?

-Монгол бөхийг хоёр хуваасан гэдэг арга байхгүй үнэн зүйл байхгүй юу. Улсын наадамд Увс аймгаас хүн барилддаггүй байсан шүү дээ. Дээр үед даншиг наадам, ардын хувьсгалын наадмуудыг ч манай Увсын бөхчүүд мэддэггүй байсан. Алс хол газар учраас ирж чаддаггүй ч байж. Надаас эхлээд улсын наадмын дэвжээн дээр Увсын бөхчүүд гараад ирсэн.

-Увсын долоон хар гэж алдартай бөхчүүд гарч ирсэн дээ?

-Увсын долоон хар гэж гарч ирээд л, наадамд нь арав түрүүлээд ирэхээр хүмүүс бидний эсрэг бодолтой болоод ирдэг юм байгаа биз дээ. Тэгээд л “Увсын бөхтэй харьцах нь, Баянмөнхтэй харьцах нь” гэсэн үзэл гараад ирсэн. Тэгсэн чинь одоо сүүлийн үед “Увс болоод Увсын бөхтэй харьцах нь” гээд эхэллээ шүү дээ. Одоо Архангай, Говь-Алтайгаас ч олон сайхан бөх төрөөд ганцхан Увсын бөхчүүдтэй тэмцэнэ гэсэн юм алга болж байна. Бүх л нутгийнхан нэг нэгэндээ багш, шавь болоод холилдчихлоо. Надад гэхэд Увсын биш хэдэн зуун сайхан шавь нар байна. Миний энэ номыг бүтээлцэхэд энд тэндхийн өчнөөн олон шавь минь оролцлоо. Одоо бол би үүнд эмзэглэх юм байхгүй. “Хагас зуун жилийн ганцаардал” гэж дурдатгалын номдоо хангалттай бичсэн шүү дээ. Хойч үедээ санамж болгож спорт ийм байдаг юм шүү гэж бичсэн хэрэг л дээ. Хаанахын ч спортын салбарт ийм зүйл байж л байдаг. Хамгийн гол нь хэмжээ дамжаатай л байх ёстой. Дээшээ халиад улс төртэй хутгалдаж болохгүй.-Таныг Бөхийн өргөөг авах гээд үзэлцээд байдаг гэсэн яриа байдаг даа?

-Бөхийн өргөөг надад мөнгөөр өгсөн ч би авахгүй гэж байгаа шүү дээ. Би өөрийн дөрвөн өрөө байраа хоёр өрөө болгодог юм бил үү гэж бодоод яваа хүн. Хөгшин бид хоёр одоо хоёулхнаа амьдарч байна. Дал, наян метр квадрат өрөө чинь томдоод байна шүү дээ. Цэвэрлэхэд ч хэцүү юм. Байраа жижиглэж хоёр өрөө болгодог юм бил үү гэж байхад Бөхийн өргөөгөөр юугаа хийдэг юм. Тэр новшийн хог шороог цэвэрлэнэ гэж лай байхгүй юу. Надад энэ тухай бодсон бодол нэг ч удаа байхгүй. Ер нь бөхчүүд дотор хувьчилж авъя гэж бодсон хүн нэг ч байхгүй.

-Ач, зээ нараас чинь бөх болчихоор хүн анзаарагдаж байна уу?

-Байгаа байгаа. Бэлтгэлээ хийцгээгээд байж л байна. Би ч өөрөө бэлтгэл сургууль хийгээд зовлон их үзсэн болохоор нэг их бөх болгочихъё гэж хүчлээд байдаггүй юм. Өөрснөө л мэдэг. Барилдвал барилдаад, барилдахгүй бол байг. Заавал миний зовлонг туулж, миний замаар явах албагүй шүү дээ.

 

 

 

 

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 14. 20:12
Зочин

Дархан аварга Цэрэнтогтох гэж жинхэнэ мэхний их уурхай байлаа.Цэрэнтогтох аварга 120кг биеийн хүндтэй хүн 48кгийн жинд барилддаг нөхдүүдийн хөлийг хүртэл авчихдаг байсан гэдэг.Баянмөнх аваргийг анх түрүүлдэг жилээ ямар уран олон угсраа уран мэхээр хаяж байлаа даа.Бичлэг нь байдаг юм шүү.Ам мэх хийж үзээгүй гэнэ үү?1987онд 10дахиа түрүүлэхдээ мөн л Цэрэнтогтох аваргийг ам мэхээр л хаясан байдаг юм байх чинь билээ.Цэрэнтогтох аварга шууд дайраад барьцаа аваад явхад нь чи юундаа яардаг юм тэртэй тэргүй чамайг би дийлэхгүй гэж хэлээд Цэрэнтогтох аварга барьцаа жаахан сулруулангуут нь бусгаад хаячихсан байдаг.Та яаваа гэсэн чамайг иймхэн юманд унан гэж бодсонгүй гэчихээд дэвээд явчихсан.Тэр чигээр нь өрөвдөлгүй дайраад хаячих байсан юм гэж ярьж байхыг нь 2дэлдэнгээрээ сонсож нүдээрээ хараад сууж байлаа.Ёстой уран барилдаантай аварга бол Цэрэнтогтох гээд хэлчихэж чадахгүй улсад 10түрүүлсэн аварга байх уу?Жижиг Сүхбат бол Цэрэнтогтох аваргийн талд нь л арай гэж хүрэх уран барилдаан гаргаж байсан.Тухайн үеийн бичлэг энэ тэр юмс даанч ховор юм!1977онд Баянаа аварга хөдөө явж ирээд 1н заалны барилдаанд Цэрэнтогтох аваргад уначихаж.Тэгээд хувцасаа өмсөж байх зуураа сая би хөдөөгөөр анд явж байгаад бэлтгэлгүй ирээд чамд уначихлаа.7хонгийн дараа бэлтгэлээ хийгээд дахин чамтай үзнэ чи миний гараас хаа холддог юм гэж.7хонгийн дараа дахин түрүү,үзүүрт таарчихаж Баянаа аварга шуудагнаас татаж бярдаж ирээд өргөж хаядаг байж яг тэгээд татаад дайрангуут тосгуулаад өшиглчихөж гэтэл Баянаа аварга хөөрч ирээд ар нуруугаараа хүчтэй унангуутаа өрсөн чигээрээ босоод ирсэн унаж сураагүй хүн тийм байдаг юм бн лээ царай нь их хачин болчихсон тахимаа өгсөн түүнээс хойш аваргад бараг унаагүйдээ.Харин наадмаар жаахан яарч мэх хийгээд буруудсан 5-8н даваанд дан тунасаар их ядарсандаа гэж сурвалжлагчид ярьсан байдаг.Баянаа аварга энэ2барилдааныхаа дараа Цэрэнтогтох ч Хадаагаасаа түрүүлэж аварга болох нь дээ Мөнхбат бид 2ийн халааг энэ хүн л авах нь гэж хүмүүст ярьсан байдаг.

9 сар 29. 21:30
Зочин

Хор хутгаад байвал цолыг чинь хураана шүү. Олимпод улс төлөөлж очоод өөртөө үйлчлэхээс нь жийнсэн өмд туусан гэж дуулсан. Цэба толгойг нь илээд өнгөрсөн.

10 сар 1. 4:26
Зочин

Сайхан зохионо шүү дээ бас л хаха. Атаархалаас л эхтэй юм даа.

9 сар 30. 18:12
Зочин

Чи суманд зодоглож үзээ юу

9 сар 30. 13:01
Зочин

заа тэгэж сурагаар хүн гүтгээд яах вээ амны зоргоор хуцах юм

9 сар 30. 16:30
Зочин

Харин тэхх худлаа яриад байх юм
Зочид буудлын өрөөний нь гялгар хөшигийг нь тууж ирээд хэсэглээд хоргой гэж зарсан ш дээ хө

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]