Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ч.Санжаадамба аваргын сэтгэлээ уудалсан гүндүүгүй ярианаасУншсан75,016

2011 оны улсын наадамд аймгийн арслан (улсын харцага) Ж.Амартүвшингээр дөрөв, улсын харцага (улсын гарьд) Ө.Бат-Оршихоор тав, аймгийн арслан (улсын начин) Б.Сангисүрэнгээр зургаа, улсын начин (улсын арслан) Ц.Содномдоржоор долоо даван шөвгөрч цэргийн хурц арслангаас шууд "Монгол Улсын заан" гэж өндөр цолны эзэн болсон.

“Гүндүүгүй яриа” хэмээх нэвтрүүлэг энэ жилийн сар шинийн баярын үеэр телевизийн дэлгэцнээ цацагдаж, анхны дугаартаа Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбыг оролцуулсан билээ. Бөх сонирхогчдын сонирхлыг татсан энэ нэвтрүүлэгт улсын аварга Ч.Санжаадамба хэрхэн хууч хөөрсөн болохыг уншигчдадаа түүвэрлэн хүргэж байна.

-Тухайн үед Х.Мөнхбаатар арслан, н.Азжаргал арслан гээд жин ихтэй, бяртай бөхчүүд байлаа. Тэр үед миний бяр тэдэнд яаж хүрэх вэ. Барьц л өгчихвөл бярдуулаад уначихдаг байсан. Яаж хаях аргаа олохгүй л байлаа. Тэгээд багш нар, хүмүүсээс асууж байгаад за ер нь ингээд л унагаачихвал зүгээр шүү гээд хөл дээр нь гишгэж давхар ачиж байгаа юм шиг хийдэг мэхийг их давтсан юм. Нэг заалны барилдаанд Х.Мөнхбаатар арсланд нөгөө мэхээ хийсэн чинь уначихсан. Дараа нь чи ямар мэх хийчихэв ээ гээд надаас асууж байсан л даа. Тэр мэхээрээ ер нь олон хүн хаясан даа. Гэхдээ нэг л өдөр хорьчихсон, хориотой мэх болж таарсан.

 -2009, 2010 онуудад, ид байсан үедээ бэлтгэл их хийдэг байлаа. Бэлтгэлийнхээ явцыг л тааруулж чадахгүй байсан гэж боддог. Наадмын бэлтгэл ч, өвөл хаврын бэлтгэлийг ч адилхан шаргуу хийнэ. Хэтэрхий их бэлтгэл хийгээд наадамд цөмөрчихөөд л ороод ирдэг байсан юм шиг ээ. Наадмаас хойш болохоор хөдөө орон нутгийн бүх л наадамд очоод түрүүлчихдэг. Наадамд болохоор явдаггүй. Тэр бүү хэл намайг битүү оройтой юманд түрүүлдэг, задгай оройтойд нь түрүүлдэггүй гэсэн яриа ч хүртэл гарч байсан. Монголын ард түмэн бөхдөө хайртай, бүгдээрээ л аварга болоосой, түрүүлээсэй л гээд байдаг. Ингэж явсаар 2011 онд заан болдог жилээ би бэлтгэл бага хийгээд, амарч байгаад наадамд барилдсан юм. Их аятайхан таарсан даа, ер нь тэрнээс хойш бэлтгэлээ давуулаад байдаг юм байна гэж ойлгоод тааруулахыг хичээдэг болсон.

-Сайн барилдаад түрүүлчих юм сан гэж бодолгүй л яахав. Заримдаа ч барилдахаа ер нь больчихдог юм билүү гэж бодогдох ч үе байна. Яагаад гэвэл барилдаанууд шударга бус явагдах нь их. Допингийн асуудал байна, эсвэл нутаг орныхоо бөхчүүдийг дэмждэг, нэг талд нь үйлчилдэг ч гэдэг юм уу. Би цэргийн арслан цолтойгоосоо эхлээд л Үндэсний бөхийн холбооны хүмүүсийн чихийг халууцуулж, байр сууриа илэрхийлээд энэ болохгүй байна, тэр болохгүй байна гээд явдаг байсан. Ингээд оронгуут хөл дээр гишгих мэх хориотой гээд хориод хаячихдаг ч юм уу, янз янзын дарамт их орж ирнэ шүү дээ. Хайран сайхан залуу насаа допинг тариулчихсан нөхдүүдтэй барилдаж өнгөрөөгөөд, цол авч чадах ч юм уу, үгүй ч юм уу гэж заримдаа бодогдоно. Манай үеийнхэн бүгдээрээ том том цол авчихаж байгаа юм. Гэлээ гэхдээ Монголын ард түмэн маань намайг сайн барилдаасай, том цол аваасай гэж хүсэж байхад тэднийхээ хүсэл мөрөөдлийг эвдээд яах вэ, харлуулаад яах вэ гээд л хичээдэг байсан. Үүний хүчинд Монголынхоо ард түмний хүсэн хүлээсэн тэр сайхан цолыг аваад явж байгаадаа баяртай л байна.

 -2011 оны наадам сайхан болсон. Хүсч явсан заан цолоо аваад үнэхээр их баярласан даа. Тухайн үед олон жил наадамд унаад эхлэхээр юун том цол авах, заан авах, ядаж нэг начин болчих юм сан гэсэн бодолтой л болчихдог юм билээ. Долоогийн давааны барилдааныг ард түмэн одоо ч тод санаж байгаа байх. Ц.Содномдорж бид хоёрын барилдааныг тэрний буруу, энэний буруу гэж олон жил ярьж байна. Аль алиных нь буруу байдаг байх гэж боддог.

Хөлийн цэц засуулууд ч мэдэж байгаа. Ц.Содномдорж гарч ирээд надтай өрөхдөө ингэж хэлэв. “За чи бид хоёрын аль давсан нь энэ наадамд түрүүлэх гээд байна, хоёулаа нэгийгээ ядраагаад яах вэ. Шодоод хэнийх нь талаар бууна, тэрэндээ шууд тахимаа өгчихөе” гэсэн. Бид чинь ойр дотно найз нөхөд, бие биенийхээрээ орж гараад л явдаг байсан учраас итгэлгүй яахав. Тэгээд “Наадхыг чинь хоёулаа ярих юм биш ээ. Хөлийн цэц, засуулаа дуудчихая” гээд хоёр засуул, хөлийн цэцтэйгээ зогсож байгаад “За бид хоёр шууд барилдахгүйгээр шодож байгаа шүү” гэсэн.

Эхлээд шодоход миний талд буусан юм. Тэгээд барьц сонгоод зүгээр л хаях байсан юм. Гэтэл Содном эвгүй болоод барилдмаар аядаад ирэнгүүтээ барьцаа тавиулах гэнгүүт би давхар ачаад. Тэгээд бөөн маргаан болсон. Дахиж барилдана, барилдахгүй гэсэн маргаан болоод цаг шахуу зогсоод, сүүлдээ баяр наадмын комиссынхон, хөлийн цэцүүд, үндэсний бөхийн холбооныхон ирлээ. Тэгээд дахиад шодох юм болоод хэнийх нь талаар бууна тэр нь шууд туг тойроё гэж тохироод, гар хөлөө бариад шодлоо. Гэтэл дахиад миний талаар буусан юм. Тэгсэн чинь Содном тийм юм байхгүй, тэгвэл би барилдана гээд. Тэгээд л барилдаан болоод пижигнээд би давж дууссан. Ийм л юм болсон.

Одоо бодоход ам мэх маягийн юманд л орчихсон байсан байх. Тэгээд дараагийн даваанд нь С.Мөнхбат аваргатай таарлаа. Тэр барилдаан бас их сонин юм болсон. Өмнө нь олон барилдаж байсан юм чинь золгоно л гэж бодож гарлаа. Тэгээд гарах гээд явж байсан чинь Рагчаа (улсын заан Рагчаа) ах дууддаг юм. Яваад очсон чинь "С.Мөнхбатын хоёр хавирга нь хугарчихсан гэж байна. Дөнгөж сая өвчин намдаагч давхарлаад хийлээ гэж байна, чи гараад л хаячих" гэв. Тэгээд л яарч хаях гэж ухасхийгээд өөрөө манартал унасан даа. Нэг нь л Рагчаа ахад хэлсэн шиг байгаа юм. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу. Дараа нь би Мөнхбатаас асуугаагүй л дээ.

 -2017 оны наадамд тавын даваанд барилдахад Ганжадын тохой хамаагүй түрүүлээд хүрчихсэн. Хөлийн цэцээр Төв аймгийнхан сууж байсан юм. Тэд нар барилдааны шийдвэрийг гаргаад Ганжадыг начин болгоод явуулсан. Дөнгөж аварга болчихоод дараа жилийнхээ наадамд тавын даваанд луйвардуулчихсан.

Монгол бөх маань ард түмнийхээ нүдэн дээр шударга сайхан барилдаан хийдэг бол сайхан л даа. Тэгэхгүй юм. Хэсэг бүлэг хүмүүс бөхийг муухай харагдуулаад байгаа нь харамсалтай. Нэг нутаг усныхан нийлээд олонхоороо шийддэг, нэг бол үнэн юм ярьсан хүнийг элдвээр залхаан цээрлүүлдэг асуудал байна. Би тэгэхэд Данзан гуай дээр очсон юм. “Яаж байгаа юм бэ Данзан гуай, та өөрөө харсан биз дээ” гэхэд “Чи миний үгэнд ордоггүй биз дээ” гэж хэлж байсан. Тэгэхээр үгэнд орохгүй болохоор тэгж байгаа юм болов уу гэж бодсон шүү. Улсын наадамд урд жил нь түрүүлчихсэн аваргыгаа тавын даваанд луйвардчихаад сууж байх юм билээ. Ингээд байхаар чинь барилдах сонирхол алга болчихдог юм байна шүү дээ. Одоо энэ допингийн асуудал байна.

Бас нэг харамсалтай явдал бол үндэсний бөх маань бөхийн багш байхгүй болчихсон. Ганц харамсалтай юм. Барьц авах, мэх сурахыг залуучууд хүсэхгүй байна, багшаар заалгахгүй байна. Хүчний юм уу, бодибилдингийн хүмүүс дээр очиж бэлтгэл хийж байна. Хүчтэй, бяртай л бол сайн барилдана гэсэн үзэл бодолтой. Энэ үзэл бодлыг залуусын тархинд олон жил суулгачихлаа. Бяр жин хоёроор л барилддаг болчихоод байна үндэсний бөх маань. Одоо залуучуудын жин бол доод талын залуу л 120 кг-тай болчихсон. Бусад нь яг л тийм жинтэй болохгүй бол тэрийгээ бардаггүй.

-2018 оны наадамд наймын даваанд аварга С.Мөнхбатыг хаяад үзүүр түрүүнд хүрчихлээ. Батсуурь, Жаргалбаяр хоёрын хэн давсантай барилдахаар. Тэр хоёрын барилдааныг хүн бүр л харсан байх. Би ч "За Батсуурь ч ер нь дуусчихлаа" гэж бодсон. "Би гараад л хаячих юм байна, одоо асуудалгүй л юм байна" гэж бодсон. Тэгсэн эсрэгээрээ үзүүр түрүүний барилдаанд Батсуурьтай барилдахад би өөрөө муудчихсан. Нэг гар сайн атгаж болохгүй, эрхий хурууны яс цууралт өгчихсөн, өрсөлдөгчдөө гар болохоо байчихсан гэж мэдэгдэж болдоггүй. Суурь ч бас сайхан хурдан сэргэж байна лээ л дээ.

 

Ч.Санжаадамба аваргын тухай товчхон...

Цэргийн хурц арслангаас шууд улсын заан гэх өндөр цолны эзэн болж, 2010 оны цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлж, 6002 хүчит бөхийн барилдаанд түрүүлж Гиннесийн номд нэрээ мөнхөлсөн Ч. Санжаадамба аваргын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

Ч.Санжаадамба  1985 оны 12 сарын 30-нд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Тэрээр таван хүүхэдтэй айлын бага нь. Нутгийнхан нь том ахыг нь бөх болно гэдэг байсан ч аав нь "Наадах чинь бөх болохгүй ээ. Манай Санжаа л бөх болно" гэж ярьдаг байжээ.

Ч.Санжаадамба 2008 онд бүх цэргийн баяр наадамд аймгийн арслан (одоо улсын харцага) Н.Батзаяагаар долоо даван түрүүлж "Цэргийн арслан" цол хүртсэн түүхтэй. Тэрээр 2010 оны цагаан сарын барилдаанд цэргийн хурц арслан цолтойдоо түрүүлж, бага наадмын түүхэнд шинэ амжилтыг тэмдэглэсэн юм.

2011 оны улсын наадамд аймгийн арслан (улсын харцага) Ж.Амартүвшингээр дөрөв, улсын харцага (улсын гарьд) Ө.Бат-Оршихоор тав, аймгийн арслан (улсын начин) Б.Сангисүрэнгээр зургаа, улсын начин (улсын арслан) Ц.Содномдоржоор долоо даван шөвгөрч цэргийн хурц арслангаас шууд "Монгол Улсын заан" гэж өндөр цолны эзэн болсон.

Монголын Үндэсний Бөхийн холбооноос Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх санаачилгаар 6002 бөхийн барилдааныг 2011 онд зохион байгуулсан. Анх 4096 бөх барилдуулна гэж байсан ч бүртгүүлсэн бөхчүүдийн тоо 6000 давсан учир Төв цэнгэлдэх хүрээлэнд барилдааныг зохион байгуулсан юм. Есдүгээр сарын 17-нд нээлтээ хийж, ес хоног үргэлжилсэн, 13 даваатай бөхийн барилдааны түрүү бөхөөр аварга Ч.Санжаадамба тодорч өвөрмөц нэгэн амжилтын эзэн болсон.

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж “Монгол Улсын аварга” цол авсан түүхэн амжилтын эзэн.

Аварга Ч.Санжаадамба допингийн эсрэг байр суурьтай байдаг бөхчүүдийн нэг. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Допингийн хэрэглээ газар аваад байна. Өнөөдөр сумын заан цолтой бөх шинжилгээнд бүдэрч байгаа нь үүнийг илчилж байгаа хэрэг. МҮБХ энэ асуудалд хариуцлагатай хандахгүй бол даамжирч Монгол бөх мөхөх хүртэл эрсдэлтэй. Допинг чинь удмын санг устгадаг хор уршигтай эд шүү дээ. Аав нь барилддаг бол хүү нь дууриагаад бөх болдог уламжлал үгүй болно. Ирээдүйд энэ их өв соёлыг бөхчүүд бидний үр хойч тээж авч явна. Үүнийг залуус ухамсарлах хэрэгтэй. Ийм хортой зүйлийг хэрэглэхгүй байхыг би бөхчүүдээсээ аварга цолтой хүний хувьд уриалж байна” гэсэн байдаг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]