Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Монгол Улсын хурандаа генералуудУншсан18,639

БНМАУ-ын үед офицерийн дээд цолыг хошууч генералаас дээш өгсүүлж дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал хэмээн дөрөв эрэмбэлдэг байжээ.

Миний цэргийг
Эцэг тэнгэр өршөөг
Этүгэн газар ивээг
Хурандаа генерал Ж.Ёндон

Монгол Улсад өдгөө цэргийн цол хэрэглэх олон улсын жишигтэй дүйцүүлж генерал цолны дөрвөн эрэмбэ хэрэглэж байна. Бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал. Тэгвэл БНМАУ-ын үед офицерийн дээд цолыг хошууч генералаас дээш өгсүүлж дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал хэмээн дөрөв эрэмбэлдэг байжээ.

БНМАУ-ын хэмжээнд цорын ганц армийн генерал цолтон нь Батын Дорж бол (Ю.Цэдэнбалыг маршал хэмээн тооцвол) хурандаа генерал цолыг 1961 оноос эхлэн нийт 10 хүнд олгосон байна.

Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор энэхүү цэргийн дээд цолыг бий болгож Халхын голын, Чөлөөлөх дайнуудад тус тус оролцож байсан Ж.Лхагвасүрэнд анх олгожээ. Цол дэвшсэн Ю.Цэдэнбал, Б.Дорж нараас гадна найман хурандаа генералын тухай товч танилцуулга хүргэж байна. Дашрамд дурдахад хурандаа генерал болон армийн генерал цол 2006 оноос Монгол Улсын Зэвсэгт хүчний цолноос хасагджээ.

 

Жамъянгийн Лхагвасүрэн

Ж.Лхагвасүрэн 1912 онд төрсөн. 1939 онд 27 настайдаа МАХЦ-ийн Улс төрийн газрын даргаар томилогдож, тэр жилдээ Халх голд армийн нэгдүгээр группын командлагч, дивизийн комиссар Г.Жуковын орлогчоор МАХЦ-ийн анги нэгтгэлүүдийн дайны ажиллагааг удирдсан. Маршал Г.Жуков Ж.Лхагвасүрэнгийн удирдсан МАХЦ-ийн штабын ажлыг өндөр үнэлсэн байдаг. 1945 онд Чөлөөлөх дайнд МАХЦ-ийн анги нэгтгэлүүдийг удирдсан.

Зүүн гар талаас: Хошууч генерал Б.Дорж, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн, хошууч генерал С.Балдан нар. Анхны генералууд 1944 он.

1948 он хүртэл БНМАУ-ын Цэргийн явдлын яамны жинхэнэ орлогч сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогчоор, 1959 оноос 1969 он хүртэл Батлан хамгаалах яамны сайдаар арван жил ажилласан. 1969 оны долдугаар сард улсын баяр наадмын өмнөхөн, цэргийн парадын бэлтгэл ид явж байх үед Ж.Лхагвасүрэнг гэнэт МАХН-ын Төв хороонд дуудаж ажлын тайлангаа тавихыг шаардсан ба Улс төрийн товчоо бараг бүтэн бүрэлдэхүүнээрээ цугласан тэр учир битүүлэг хурал дээр Ж.Лхагвасүрэн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.

1989 онд Ж.Лхагвасүрэнд БНМАУ-ын Баатар хэмээх эрхэм хүндтэй цолыг нэхэн шагнахад “Залуу жанжин” маань таалал төгсөөд долоон жил болж байлаа.

 

Сандивын Равдан

1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Сандивын Равданд БНМАУ-ын хурандаа генерал хэмээх эрхэм цолыг олгожээ.

С.Равдан 1907 онд мэндэлжээ. 1930 онд “генералын мөрдэс халааслан” цэргийн албанд татагдаж, байлдагчаас хурандаа генерал цол хүртэтлээ Монгол Улсын зэвсэгт хүчинд зүтгэсэн С.Равданд БНМАУ-ын Ардын СнЗ-ийн 1971 оны 3-р сарын 9-ний өдрийн 68 тоот тогтоолоор хурандаа генерал цол хүртээсэн. Цолоо авах үедээ С.Равдан Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны орлогч сайд бөгөөд Улс төрийн газрын даргаар ажиллаж байв.

С.Равдан 1932 онд Баруун аймгуудад дэгдсэн зэвсэгт үймээний эсрэг тэмцэл, 1936 онд Зүүн хязгаарт болсон Адагдулаан, Буландэрсний байлдаан, 1939 оны Халхын голын дайн, 1941 оны 07-11 сард Москвагийн хамгаалалт, 1945 оны Чөлөөлөх дайн, 1944, 1947-1948 онд Баруун хязгаарт Оспаны дээрэмчдийг хөөн зайлуулах байлдааны ажиллагаанд оролцсон ахмад дайчин бөгөөд нэг бус удаа шархдаж, Солонгосын дайны үед Америкийн бөмбөгдөлтөд өртөж, хүнд бэртэл авч байжээ.

С.Равдан генералын хүү Р.Баярын хэвлэлд өгсөн ярилцлагадаа аавынхаа тухай “Монголын генералуудаас ийм олон дайн, байлдаанд оролцсон хүн байхгүй юм билээ. Солонгосын дайны үед Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөд хоёр удаа өртөж, битүү гэмтэл авснаар эрүүл мэндээрээ ноцтой хохирч, нэг чих нь сонсголгүй, зүрхний эмгэгтэй болсон. БНАСАУ-д Элчин сайдаар томилогдож очсоныхоо дараа дайнд өнчирсөн хүүхдүүдийг Монголд авчирч, халамжлан хүмүүжүүлэх санал гаргаж, тэр нь дэмжигдсэн. Ингээд 197 солонгос хүүхэд (эрэгтэй 115, эмэгтэй 82) 1952-1959 онд ядуухан, тарчигхан ч гэсэн амар тайван Монгол Улсад эмчлүүлж, амьдарч байгаад нутаг буцацгаасан ба зарим нь эндээ үлдсэн байдаг. Дарийн утааг бэхтэй хамт үнэрлэж явсан, жинхэнэ төрийн хар хүн гэхэд хилсдэхгүй. Халхын голын дайны үед одоогийн “Соёмбо” буюу “Улаан од” сонины эрхлэгчийн орлогч, “Эх орны төлөө” фронтын сонины эрхлэгчээр ажиллаж байхдаа 80 дугаар хэвлэн гаргаж, сонины мэдээ, материал цуглуулах гэж фронтын тэргүүн шугамд ажиллаж бас байлдаж явсан” хэмээн дурссан байдаг.

 

Бутачийн Цог

Урд эгнээний голд Б.Цог

СнЗ-ийн тогтоолоор 1971 оны 3 дугаар сарын 9-нд хоёр хүнд хурандаа генерал цолыг хүртээсний нэг нь Б.Цог.

Б.Цог 1912 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ. 1931 онд цэргийн албанд татагдсан цагаас хойш армид тасралтгүй зүтгэж, Цэргийн яам, Ардын армийн жанжин штаб, Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яам, БХЯ-нд газар, хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд зэрэг хариуцлагатай албан тушаал хашсаар 1985 онд насны тэтгэвэрт гарчээ. Халхын голын дайнд их бууны анги салбарыг командалж оролцсон ба 1945 онд Белорусийн 3 дугаар фронтын бүрэлдэхүүнд танкийн бригад командлан Дорнод Пруссийн операцийг хэрэгжүүлэхэд, 1947, 1948 онд улсын баруун хил хязгаарт хасгийн болон Гоминданы дээрэмчдийг бут цохиход хүчин зүтгэж явжээ.

Жагсаалын цэргээс хурандаа генерал болтлоо цэргийн бүхий л шат дамжлагыг дамжиж, академи, дээд сургуулийг нь төгссөн, мэргэшсэн цэргийн жанжин.

1950-иад оны сүүлчээс Иргэний агаарын тээврийн салбар манай улсад хөгжихөд одоогийн МИАТ, ИНЕГ-ын даргаар олон жил ажилласан. Цэргийн нисэх хүчнээс иргэний нисэх салбар тусдаа бие даан гарч, иргэний тээвэр, шуудан, бусад хангалт үйлчилгээний салбарыг нь байгуулж, өдий зэрэгтэй том нисэхийн компани болгоход Б.Цогийн оруулсан хувь нэмэр асар их. МАХЦ, 1960-аад оны сүүлчээс Монгол Ардын арми нэртэй шинэ маягийн армийг бий болгож хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж БНМАУ-ын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор таван удаа шагнасан ба энэ одонгоор ийм олон удаа шагнуулсан хүн түүнээс өөр байхгүй аж.

ЗХЖШ-ын даргаар олон жил ажиллаж, Ж.Лхагвасүрэн, Б.Дорж, Ж.Авхиа, Ж.Ёндон нарыг сайд байхад Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж ирсэн. Маш сайн зохион байгуулагч, удирдлагадаа байгаа хүмүүсийн ахуй амьдралыг сайн харж үздэг, зовлон жаргалыг нь хуваалцаж өөдрөг сэтгэл төрүүлдэг, тэр хэмжээгээрээ ажлын эрч хүчийг өрнүүлдэг удирдагч байсан тухай цэргийнхэн дурссан байдаг.юм.

 

Жарантайн Авхиа

Зүүн гараас Ж.Авхиа, Ю.Цэдэнбал, С.Жалан-Аажав, Б.Дорж

Ж.Авхиад 1978 онд хурандаа генерал цолыг олгосон. Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт 1923 онд төрсөн Ж.Авхиа 1939-1940 онд Багш нарыг бэлтгэх курс, 1947-1950 онд ЗХУ-ын Алма-Ата хотын Морин цэргийн дунд сургууль, 1953-1956 онд Марксизм, ленинизмийн оройн дээд сургууль, 1956-1960 онд Москва хот дахь Цэрэг, Улс төрийн академийн Хууль цаазын факультет, 1978 онд ЗХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Академийн дээд курст тус тус суралцаж, хууль цаазын болон цэргийн хос мэргэжил эзэмшсэн, хуульзүйн шинжлэх ухааны доктор, профессор, төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх, хурандаа генерал, Монгол Улсын гавьяат хуульч хүн юм.

1943-1947 онд хилийн цэрэгт тусгай хорооны цэрэг, суман, штабын бичээч, удирдах газрын офицер, газрын даргын даалгавар гүйцэтгэгч, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж, 1950-1956 онд НАХЯ, 1961-1963 онд УЦСЕГ, 1963-1969 онд дахин НАХЯ-нд ажиллажээ. 1969-1978 онд БНМАУ-ын прокурор, 1978-1982 онд БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдаар ажилласан.

Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтад оролцож явсан Ж.Авхиа үүсэн байгуулагдахаасаа эхлэн морьт цэргийн уламжлалтай, 70 шахам жилийн түүхтэй Монгол Ардын армийг тухайн цагтаа орчин үеийн гэгдэх зэвсэг техникээр бүрэн зэвсэглэсэн, бүтэц зохион байгуулалт нь шинэчлэгдсэн мэргэжлийн арми болгон , өргөтгөж чадсан юм. 1980-аад он бол Монголын Ардын армийн түүхэнд оргил үе байв. Хожмоо БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, дэслэгч генерал Ш.Жадамбаа “Энэ зохион байгуулалтын асар их үйл ажиллагааг тэр үед БХЯ-ны сайд байсан хурандаа генерал Ж.Авхиа удирдан зохион байгуулсан юм" гэж тэмдэглэжээ. Армийг иж бүрнээр өөрчлөн, шинэчлэх нь хялбархан хийчих зүйл биш гэдэг нь хэн хүнд ч ойлгомжтой.

 

Санжийн Батаа

1978 оны 9 дүгээр сарын 28-нд Ж.Авхиа Батлан хамгаалахын сайдаар томилогдож, хурандаа генерал цол авахад энэ өдөр түүнтэй хамт энэхүү цэргийн дээд цол хүртсэн генерал бол С.Батаа байлаа.

С.Батаа 1915 онд төржээ. 1936 онд цэргийн албанд татагдаж, 1943-45 онд Цэрэг, улс төрийн академийг төгссөн. МАХЦ-ийн Улс төрийн газарт хэлтсийн дарга, орлогч дарга улмаар 1950 онд БХЯ-ны орлогч сайд бөгөөд Улс төрийн газрын дарга болжээ. 1952 онд Улсыг Батлан хамгаалах яамны сайд, 1956 онд уг яамыг татан буулгаж, Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамыг шинээр байгуулахад, тус яамны 1-р орлогч сайд, Монгол Ардын цэргийн командлагчаар томилогдсон.

1978 он. Зүүн талаас урд эгнээнд ЗХУ-ын баатар нисгэгч Г.С.Петровский, маршал Ю.Цэдэнбал, армийн генерал Б.Дорж, зөвлөх В.П.Дороднов, арын эгнээнд зүүн талаас: зөвлөх Н.Д.Зеленин, генерал Д.Ёндондүйчир, хурандаа генерал С.Батаа, хурандаа генерал Б.Цог,  дэслэгч генерал Ч.Пүрэвдорж.

1963 оноос АИХ-ын Тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллахдаа 1966-69 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч даргын албыг хашиж байв.

Бага залуу наснаасаа цэрэг армид орж, бүх ухамсарт амьдралаа Монголын зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, цэрэг дайчдыг сургаж хүмүүжүүлэхэд зориулсан С.Батаа маш өндөр шаардлага тавихын зэрэгцээгээр хамтран ажиллагчдадаа халамж, анхаарал тавьдаг, Монголын Ардын армийн буурал комисаруудын нэг юм.

 

Бугын Дэжид

Зүүн гараас: НАХЯ-ны хошууч генерал С.Даваахүү, НАХЯ-ны сайд, хурандаа генерал Б.Дэжид, НАХЯ-ны 1-р орлогч сайд, УЦСЕГ-ын дарга, хошууч генерал А.Думбурай

Б.Дэжидэд СнЗ-ийн тогтоолоор 1979 онд хурандаа генерал цолыг олгожээ. 1927 онд Увс аймгийн Өмнөговь сумын нутагт төрсөн. Мал эмнэлгийн текникум, МУИС төгсөж малын их эмчийн мэргэжилтэй. Төв, Говь-Алтай аймгуудад малын эмч, нэгдлийн дарга, аймгийн АДХГЗ-ны орлогч дарга, Төв, Баян-Өлгий аймгуудад МАХН-ын хорооны 1-р нарийн бичгийн дарга, 1971-1981 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, 1981-1990 онд МАХН-ын Төв хорооны Нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны дэргэдэх Намын хянан шалгах хорооны даргаар тус тус ажиллажээ. Хурандаа генерал цол олгох үед хууль, хүчний байгууллага болох НАХЯ-ны сайдаар олон жил ажиллаад байв.

 

Сономын Лувсангомбо

1982 онд хурандаа генерал цол олгосон. 1924 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн. 1944-1954 онд ЗХУ-д цэргийн дунд, артиллерийн инженерийн академид суралцсан. Цэргийн болон барилгын инженерийн мэргэжилтэй.

Цэргийн сургуульд багш, ангийн орлогчоор ажилласаар инженерийн цэргийн өндөр мэргэшил, боловсролтойн хувиар 1972 оноос Барилгын цэргийн удирдлагаар ажиллаж, тухайн үеийн олон бүтээн байгуулалтын ард гарчээ. 1979 онд Монголын Ардын армийг өргөтгөх, шинэ зэвсэг, техникээр хангахаар ЗХУ-аас өгсөн зээлээр цэргийн ангиудыг барьж байгуулах, орон сууцжуулах, дэд бүтцийг нь шийдвэрлэх ажилд барилгын цэргийг мэргэжлийн удирдлагаар хангаж, танк, их бууны төрөл бүрийн полигонууд, агуулахууд, зам талбай, инженерийн шугам сүлжээ, сургалтын полигонууд зэрэг бүтээн байгуулалтыг гардан хийсэн. 1979 онд дэслэгч генерал цол олгосон, 1982 онд хурандаа генерал цол олгож НАХЯ-ны сайдаар томилсон.

 

Жамсрангийн Ёндон

Ж.Ёндонд 1982 оны 10 дугаар сарын 29-нд хурандаа генерал цол олгожээ. 1923 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн. 1971-1974 онд ЗХЖШ-ын дарга, 1982-1989 онд БХЯ-ны сайдаар ажиллаж байсан. Хурандаа генерал Ж.Ёндонг цэргийн үе үеийнхэн эрхэмлэн хүндэтгэдэг бөгөөд 1955 онд Хүндэт харуулын тусгай ротыг байгуулахад анхны захирагчаар нь томилогдож, ард олноо “Рапорт Ёндон” хэмээн алдаршсан юм.

Ж.Ёндон генералыг Зөвлөлтийн арми, тэнгисийн цэргийн флотын удирдах бүрэлдэхүүн тухайлбал, тэр үеийн ЗХУ-ын Батлан хамгаалах яамны сайд, маршал Д.Устинов, Жанжин штабын дарга маршал В.Агорков, Улс төрийн ерөнхий газрын дарга армийн генерал Е.Епишев болон цэргийн тойргийн командлагчид, Варшавын гэрээний орнуудын цэргийн төв командлалаас өндөр үнэлж байсан баримт бичгүүд БХЯ-ны төв архивт бий.

Жагсаалын цэргээс хурандаа генерал, бага даргаас Батлан хамгаалах яамны сайд хүртэл жирийн бус "хүнд" замыг өгсөж дэвших замаар туулсан Ж.Ёндон генералын тухай Ph.D Г.Сумьяа “Тэр бол жанжин байсан юм. Шат дараалсан цэргийн сургууль төгсөж, оператив-тактикийн өндөр боловсрол эзэмшсэн. Тухайлбал, Цэргийн ерөнхий сургууль, ЗХУ-д Буудлага тактикийн дээд курс, Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академи, Зэвсэгт хүчний Жанжин штабын академи төгссөн байна.

Дунд, ахлах, дээд офицерийн бүх албан тушаалыг дамжиж, сумангийн улс төрийн орлогч, сэлэмт сумангийн захирагч байхдаа хариуцсан нэгжээ онц сургаж, байлдааны буудлага тактикийн сургуульд тэргүүн байр эзэлдэг байжээ. Орос улсад цэргийн академи төгсөж ирээд тун удалгүй Ардын армийн Жанжин штабт алба хааж эхэлжээ. Түүний хамт төгсөгч нар нь батальон, хороонд ажиллаж байхад 40 насыг дөнгөж алхсан өндөр мэргэшилтэй залуу дарга Ж.Ёндон аль хэдийнэ хэдэн албан тушаал алгасч, тухайн үедээ хамгийн залуу генерал гэгдэж, 1960-аад оны сүүлчид Монголын Ардын армийн Жанжин штабын дарга бөгөөд Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд болсон байлаа. Мэдлэг, мэргэжлийн хувьд цэргийн, салбарт бэлтгэгдсэн команд штабын мэргэжлийн томоохон дарга, цэргийн нэрт зүтгэлтэн байсан төдийгүй, онол, улс төрийн өндөр мэдлэгтэй, өргөн цараатай сэтгэдэг, цэргийн удирдлагын онолч байлаа” хэмээн дурдсан байдаг.  

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 16. 16:38
Зочин

Бутачийн Цогийн үнэн түүх нь Ховд аймгийн Алтай суманд Маамдайн гэр бүлд төрсөн. Бага насандаа Хүрээ хийд рүү лам болохоор яваад их хэлмэгдүүлэлтийн үед буцаж чадалгүй айлд өргөгдсөн түүхтэй билээ.

4 сар 16. 13:38
Зочин

Ёндон генерал 1985 он хүртэл БХЯ сайд байсан санах юм. 1985 оноос Жадамба генерал БХЯ сайд болслон.

4 сар 10. 17:01
Зочин

bayarllaa saihan yum unshlaa

4 сар 18. 15:08
Зочин

bi svvliin 3-jiliin hvnted haruuliin tsereg bailaa Endon general said bidnii halamjlan hvmvvjvvlegch bailaa 1989 ond Jadambaa general said bolson yum

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]