Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Германчууд Францаас хариугаа авсан ньУншсан23,468

Гитлер ч яаран хариу өгөөгүй ба энэ хэд хоногт улам бүр ахисаар Францын ихээхэн газар нутгийг өөрийн мэдэлд оруулж авчээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Гитлерийн Герман Польш улс руу халдан довтолсны дараа буюу 1939 оны 9-р сарын 3-нд Франц улс Германд дайн зарласан билээ. Хэдийгээр хоёр улс дайны байдалтай болсон ч аливаа нэг зэвсэгт мөргөлдөөн, дайн дажны байдалд оролгүй жил болсны дараа,  1940 оны 5-р сарын 10-нд Герман Франц руу халдан орсон. Германы цэргүүд бараг сар хагасын дотор, цахилгаан дайны бас нэг гялалзсан ялалт байгуулж Европын энэ их гүрнийг буулган авсан байдаг.

Бууж өгөх гэрээнд гарын үсэг зурах ёслол болсон галт тэрэг

Энэ хугацаанд Францын эрх баригчид Бордо руу зугтан зайлж, хэзээ мөдгүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурж магадгүй болж байгааг ойлгосон британичууд цэргийн болон бусад туслалцаа үзүүлэхээ зогсоож, Францын мэдэлд байсан Бук генералын удирдлага доорхи цэргээ яаран татсан байна. Английн засаг захиргааны хувьд Франц гэдэг улс бүрэн дарагдсаныг ойлгож байсан ба харин энэ их улсаас үлдэх цэргийн болон аж үйлдвэрийн нөөц, хүч чадалд ихээхэн санаа зовж байжээ. Францын хүчирхэг флот Германы гарт орсноор Английн хойд Африк дахь колони улсуудтай харилцах зам харилцаа эрс хүндэрч, Германы хувьд ихээхэн давуутай байдал олж авах учир Черчиль нэгэн саналыг Францын талд тавьсан байна. Энэ саналд өгүүлснээр бол "Хэрвээ Франц улс нь Германтай хэлэлцээ хийн бууж өгөх бол Францын тэнгисийн цэргийн хүчийг тэр чигээр нь Британийн мэдэлд шилжүүлэх, Британийн нутагт Францын засгийн газрыг түр орогнуулах..." гэх мэтийн зүйлс байж.

Францын төлөөлөгчид

Бүр Их Британи болон Франц улс нь нэг Үндсэн хуульд захирагдах, нэг улсын иргэншилтэй байх, гүйцэтгэх болон хууль тогтоох нэг засаглалтай болгох гэх мэтийн хувилбар энэ саналд байсан гэдэг бөгөөд энэ нь Франц улсыг Британийн нэг колони маягийн улс болгохоор байж.

Францчуудын хувьд энэ бол хүлээж авах боломжгүй санал байлаа. Нэгдүгээрт, британичуудын нөлөөнд бүрэн орох болно (дайсан болсон Гитлерийнхээ бүрэн нөлөөнд орох уу, Британийн нөлөөнд орох уу гэсэн сонголт), хоёрдугаарт буюу хамгийн гол шалтгаан нь Франц Британийн энэ саналыг хүлээн зөвшөөрвөл Гитлерийн Германтай дайн хийсэн хэвээр байх болно. Харин францчууд дайн хийх хүсэлгүй байлаа. 1939 оны намар Франц Германд дайн зарласан нь үнэн л дээ. Яахав жаахан яараа л биз. 1940 оны 6-р сарын 17-нд Францын шинэ Ерөнхий сайд Петень Испани улсаар дамжуулан Гитлерийн Германтай энхийн хэлэлцээ хийх хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдлээ. Энэ хүсэлтийг гаргангуутаа ард түмэндээ хандаж үг хэлсэн ба үүндээ Германы армийн эсрэг элдэв үйл ажиллагаа явуулахаа зогсоохыг уриалсан байна. Германы талаас хариу сонсоогүй байхдаа ийм үг хэлснийг олон хүмүүс одоо хүртэл янз бүрээр л тайлбарладаг юм гэсэн. Ийм үгийн дараа угаасаа сөнөж сүйрч байсан Францын армийн эсэргүүцэх чадвар ямар байх нь ойлгомжтой.

Гитлер ч яаран хариу өгөөгүй ба энэ хэд хоногт улам бүр ахисаар Францын ихээхэн газар нутгийг өөрийн мэдэлд оруулж авчээ. Одоо Францтай хэлэлцээ хийхэд бүх л хөзөр өөрийнх нь гарт байгаа. Франц орон, Петень бол ердөө л амь гуйж байгаа нөхөд гэсэн үг. Гэхдээ Францын флотыг гартаа оруулж авч амжаагүй байгаа гэсэн нэг асуудал байвч Петеньд Францын флот өөрийн зогсоолдоо зогсож байх ёстой гэдгийг сайн гээч нь ойлгуулаад авч. Петень ч Францын флот бол түүнд байгаа цорын ганц хөзөр гэдгээ сайн ойлгож байлаа.

Музейн ханыг эвдлэн галт тэргийг гаргаж байгаа нь

1940 оны 6-р сарын 20-нд Германы тал Францын эрх баригчдыг Тур хотод хүрэлцэн ирэхийг урилаа. Энэ мэдээг авсан Францын олон томоохон эвэртэн туурайтнууд яаран очсон бөгөөд Ерөнхий сайд Петень энэ удаа очсонгүй. Турд ирсэн төлөөлөгчдийг германчууд нэг хоног амраагаад Компьений ой дахь Ретонд хэмээх төмөр замын станцад аваачсан байна.  Чухам энд ирсэн хойноо Францын төлөөлөгчид Германы тал ямар арга хэмжээ авах гэж байгааг ойлгожээ. Учир нь 22 жилийн өмнө буюу 1918 онд, Дэлхийн 1-р дайнд ялагдсан Германыг буулгаж авах гэрээнд гарын үсэг зурсан яг тэр газар тэднийг авчирсан байна. Тэр үед ялагч болсон Францын маршал Фош  ямар ихэмсэг байсан, “Хоёрдугаар Рейхийнхнийг” хэрхэн дээрэлхэн байсан гэдгийг Германы армийнхан мартаагүй байж.

Францын талтай хийх энхийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Германы бараг л бүх томчууд ирсэн бөгөөд эдгээрийн тэргүүн нь Адольф Гитлер өөрөө байлаа. Хэдийгээр энэ явдлыг энхийн гэрээ гэж нэрлэдэг боловч үнэндээ зүгээр л бууж өгөх ёслол болсон гэж болно. Генерал Кейтель Францад тавих шаардлагаа уншиж танилцуулсан ба энэ шаардлагад ямарваа нэг өөрчлөлт оруулахгүй гэдгээ шууд хэлсэн гэдэг. Ингээд 1940 оны 6-р сарын 22-ны 18 цаг 32 минутад Францын тал энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан ба “буулгаж авсан тал”-ыг төлөөлж Кейтель гарын үсэг зурсан байна.

Вильгельм Кейтель, Шарль Хюнтцигер гарын үсэг зурах үе

Энэ гарын үсэг зурах ёслолыг хийсэн байшин сав гэж ямар юм байсан бол? Байр сав биш галт тэрэг дотор энэ гэрээг үзэглэсэн гэдэг. Яагаад? Яагаад гэвэл 1918 онд Германы армийг буулгаж авах гэрээг мөн л галт тэрэг дотор зурсан ба 22 жилийн дараа “Бууж өгөх гэрээ"-нд гарын үсэг зурахдаа яг тэр галт тэргийг ашигласан юм. Харин энэ удаа ялсан, ялагдсан талын байр солигдсон байлаа.

Дэлхийн 1-р дайнд ялалт байгуулаад гарын үсэг зурсан энэ галт тэрэг нь Францын хувьд түүхийн үнэт зүйл болж музейд байрласан байсан боловч Гитлер хариугаа авахын тулд уг музейн ханыг нурааж байгаад сайхь галт тэргийг гаргуулсан гэдэг. Дараа нь буюу гарын үсэг зурсны дараа уг галт тэрэг байх ёстой газраа буюу Германы музейд очсон байна.

Цаг цагаараа байдаггүй гэгчээр 1945 онд Гитлерийн Герман бууж өгөх болоход генерал Кейтель гарын үсэг зурах гэж байхдаа ялагч тал гэдэг хэсэгт Франц улс гэсэн нэр байгааг хараад “Эд нар ялагч юм гэж үү” хэмээн тохуурхан хэлж байсан гэх яриа бий. 1918, 1940 оны гэрээг байгуулсан уг галт тэргийг 1945 онд шатаасан юм гэнэ лээ. Бодвол франц нэртэй нэг нөхөр л ингэсэн болов уу. Ядаж 1940 оны шившгийг нь дурсах юм нэгээр ч гэсэн цөөрөг гэж бодсон байх даа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]