Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны гутгаар хүү, Их Монгол улсын хоёр дахь эзэн Өгөдэй нь эцэг их хааныхаа босгосон их улсаа улам хүчирхэгжүүлж, батжуулсан бөгөөд түүний удмынхан Монгол гүрний төрд асар их нөлөөтэй байв.

Хубилай хааны Хайду ноёнтой хийсэн тэмцэлУншсан3,074

Хэмжээний хувьд Хайдугийн улс нь 1,25 сая км2 талбайтай буюу Герман, Итали, Францын нутгийг нийлүүлсэн дайны нутаг байлаа.

 
Хубилай хаан болон Хайду ноён нарын тэмцэл

 

Хубилай хаан болсныхоо дараа өөрийгөө зөвхөн Их Монгол улсын хаан төдийгүй нэгэн зэрэг Хятадын хууль ёсны эзэн хаан боллоо хэмээн үзэж оны цолоо “Чжиюань” хэмээн зарлав. 1271 онд Хубилай хаан Дайду буюу Хаанбалгас хотдоо шилжин сууж, “Их Монгол улс” гэсэн нэрийг өөрчилж “Их Юань гүрэн” хэмээн нэрийдсэн байна.

Хубилай хааны энэхүү шийдвэрийг олон ч Монгол ноёд эсэргүүцэж байв. Тэднээс хамгийн хүчтэй, хамгийн аюултай нь Өгөөдэй удмын Хайду байлаа. Хайдугийн тэмцэл нь 1266 оноос эхэлсэн. 30 жилийн турш Хубилай хаантай хатуу тэмцэл хийсэн Хайду үнэхээр богино хугацаанд хүчирхэгжсэн юм. Хайду бол Монгол улсын төвийг Хятадад нүүлгэхийг эрс эсэргүүцэж байсан. Рене Груссегийн бичсэнээр Хайду Төв Азид өөрийн улсаа байгуулж чадсан байна. 1267-1269 оны хооронд Хайдугийн улс нь Кашгар, Алтайн нуруу, Хами, Илийн сав газраар төвлөрч байв.

Хэмжээний хувьд Хайдугийн улс нь 1,25 сая км2 талбайтай буюу Герман, Итали, Францын нутгийг нийлүүлсэн дайны нутаг байлаа. Бараг л өнөөгийн Монголын нутагтай тэнцэхүйц хэмжээтэй байсан гэсэн үг. Хайду хаан өөрийнхөө нэр дээр зоос цутгуулж, шашны талаар тэнцвэрт бодлого явуулж, архины хэрэглээг багасгах гэх мэт арга хэмжээ авч байснаас нь үзэхэд шаггүй удирдагч хүн байжээ. Хайдугийн цэрэг нь ихэвчлэн түрэг болон Монголчуудаас бүрдсэн морин цэрэг, явган цэрэг, дээрээс нь оньс шиддэг багажуудыг оруулаад 150000 орчим байнгын цэрэг байсан нь Хубилай хааны хувьд жинхэнэ аюул байсан юм. Тооны хувьд Хубилайн Юань гүрэн, Алтан Орд болон Ил хаадын цэргээс цөөхөн байсныг харгалзан Хайду энэхүү дутагдлыг цэргийн сахилга батаар нөхөхийг хичээж байжээ. Хайдугийн цэрэг маш хурдан давшилтанд ордог. Бас дохиогоор богино хугацаанд ухралт хийдэг, дээрмийн дайныг сайн хийдэг цэргүүд байжээ. Гэхдээ Хайду эдийн засгийн чадамжийн хувьд Хубилайтай харьцуулахад хамаагүй сул байв.

 

Өнөөгийн Хятадын газрын зургийг харвал баруун-хойд хэсэгт Энэтхэг улсын баруун-хойд хэсэгтэй бараг нэг шугамд зэрэгцэж ирдэг билээ. Хятад улсын баруун хязгаар болсон энэхүү нутаг нь 17-р зууныг хүртэл Монголчуудын мэдэлд байсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Монголын эзэнт гүрний энэ хэсэг буюу өдгөөгийн Шинжаан-Уйгур, Киргиз, Казахстаны өмнөд нутаг нь тогтворгүй, байнга л дайн самуун болдог, зөрчлийн талбар байв. Монголын эзэнт гүрэн байгуулагдахаас өмнө Хар Хидан энд оршин тогтнож, дараа нь Хүчүлүг ирж баахан түйвээв. Тэгээд Монгол цэрэг ирж Хүчүлүгийг даран хуучин Хар Хиданы нутгийг Монголын эзэнт гүрэнд нэгтгэв. Эзэлсэн газраа 4 хүүдээ хувааж өгөхөд хуучин Хар Хиданы нутаг ерөниийдөө Цагаадайн хаант улсад хамаарах болсон бол Төв Азийн зүүн хэсэг нь буюу Хами, Кашгар, Алтайн хязгаар нь Өгөөдэй хаанд ноогджээ.

Казахстаны өмнөд хэсэг, Узбекийн цөл, Тэнгэр уул, Иссык куль нуурыг хамруулсан Төв Азийн энэхүү нутаг нь Юань, Мин, Чин гүрний хязгаар нутаг байсан бөгөөд бослого үймээн, хөдөлгөөн, тулалдаан байнга болдог. Өдгөө ч БНХАУ-ын энэ хэсэг асуудал ихтэй, зөрчилтэй газар бөгөөд салан тусгаарлах үзэлтэй хүмүүс энд хамгийн хүчтэй байдаг. Хубилай хаан энэ нутагт бас л бүрэн хяналтаа тогтоож чадаагүй. Хэдийгээр эзэнт гүрэнд хамаарах боловч энэ хэсэг нутаг байнга л асуудал дагуулдаг байсан бололтой.

Өгөөдэй хааны ач нар дотроос хамгийн ухаалаг, чадварлаг нь Хайду байсан гэдэгтэй ихэнх хүмүүс санал нийлдэг. Хайду бол Өгөөдэй хааны 5-р хүү Хасын хөвгүүн билээ. Хайду Тулуйн удамд хаан ширээ шилжсэн эсэргүүцсэн бөгөөд хааны эсрэг хуйвалдаанд оролцсон хэргээр Мөнх хааны үед улс орны төвөөс алслагдсан Тарвагатайн нуруунд амьдарч, нэг ёсны цөлөгдсөн хүн болжээ. Мөнх хааны үед Хайдуд маш бага нутаг дэвсгэр олгож, хаан ширээнээс нь шахсанд тайвширч чадахгүй байжээ. Хайду ноён Тулуйнхныг дээрэмчин мэт үзэж насан туршдаа энэ үзэлдээ үнэнч байсан юм. “Хайдугийн шууд цаазлуулаагүй шалтгаан нь Зүүн Европт хийсн Монголчуудын аян дайныг амжилттай удирдалцаж, Лигницийн тулалдааны баатар болсон учраас цаазын ялнаас мултарчээ” хэмээн Ш. Насанбат өөрийн “Монголын түүхэнд үлдээсэн 33 цуут тулаан” номондоо өгүүлсэн бол харин Английн түүхч Жон Ман “Хайду ноён 1235 онд төрсөн бололтой. Мөнх хааны эсрэг хуйвалдаан болоход Хайду нас бага байсан учраас оролцоогүй ч шийтгэлээс мултарсангүй. Тиймээс Тарвагатай нуруунд цөлөгджээ” хэмээн бичжээ. Хэрвээ Хайду 1235 онд төрсөн юм бол яаж Лигницийн баатар болох вэ? Мөнх хааны элчийг барьж аваад хорьсон тохиолдол Хайду ноёнд байх ажээ. Энэ үед Мөнх хаан Сүн улсыг дайлах их ажилд дарагдсан байсан учраас Хайдуг шийтгэх чөлөөгүй байв.

Ямартаа ч Хайду бол Хубилай хааны хамгийн аюултай дайсан нь байсан юм. Мөнх хааныг нас барсны дараа Хайду хаан ширээг эргүүлэн авахаар зүйл бүрийн арга сүвэгчлэх болов. Тиймдээ ч хэт их хүчирхэг болсон Тулуйн удмынхны хүчийг сааруулахын тулд Аригбөх болон Хубилайн тэмцлийг хурцатгаж, өөрөө Аригбөхийг дэмжих хандлагатай байв. Мөнх хаан нас барж, Аригбөх, Хубилай нар тэмцэлдэж эхэлсэн нь Хайдуд сайхан далим болжээ.

Аригбөхийг ялагдсаны дараа Хайду цэргийн хүчээ цуглуулан тулалдаанд бэлтгэж эхлэв. Хубилай ч зүгээр суусангүй. Хайдугийн гарыг мухарлахын тулд өөрийн хүү Номхондоо цэрэг захируулан Хархорины ванд өргөмжлөн, умард хязгаарын хэргийг бие даан шийдэх эрхийг олгожээ. Номгон ханхүү Хайдуг ганцаардуулахын тулд Алтан ордон, Цагаадайн хаант улсын Монгол хаадтай холбоо тогтоохыг зорьжээ. Энэ нь зарим талаар үр дүнд хүрч, Цагаадайн хаан Цапар цэргийн хүчээр Хайдуг хянаж байхаар болжээ. Алтан Ордны хаан Мөнхтөмөртэй хэлэлцэн тогтож, Хайду хэрвээ Юань улсад довтолвол цэргийн хүчээр туслахаа мэдэгджээ.

Хайду ч зүгээр суусангүй. Хариш улстөрчийн хувьд бусад ноёдыг ч талдаа татаж байв. Үр дүнд нь Алтан орд болон Цагаадайн улсын ноёд Хубилай хаантай байгуулсан гэрээгээ няцаж, Хайдуг дэмжих маягтай болов. Хайду ноён үндсэндээ Цагаадайн хаант улсын эрхийг мэддэг болсон байв. Хайду ноёныг амьдарч байх үед Монголын эзэнт гүрэн задарч өөр хоорондоо тэмцэлдэж эхэлжээ. Алтан Орд Ил хаадын улстай, Цагаадайн хаант улс мөн л Ил хаадын улстай, заримдаа Алтан Ордтой зэвсэг зөрүүлж зөрчилдөж байсан. Энэ далимыг ашиглах Хайду ноён хүчирхэгжээд авчээ.

Хайдугийн хүчирхэгжилт цаг хугацааны хувьд бас Цагаадайн хаант улсын хаан Алгугийн үхэл, Алтан Ордны Бэрх хааны үхэл, Ил хаадын Хүлэгү хааны үхэлтэй давцдаг. Тэдний үхэл Төв Азийн орон зайд вакуум гаргасан нь Хайдуд сайхан боломж болсон юм. Эрх мэдлээ баталгаажуулахын тулд Хайду ноён Цагаадайн улсын хаан Борагтай байлдаж ялж байжээ. Хубилай 1260 онд Дадуд өөрийгөө хаанд өргөмжлөх ёслолд Хайдуг урихад Хайду “Агт туранхай” гэсэн шалтаг хэлж хариу өгч байжээ. Хайду Цагаадайн хаант улсыг эрх мэдэлдээ авав. Ингэж дур зоргоороо аашилж, нутаг дэвсгэрээ дураараа иомруулах эрх түүнд байгаагүй гэж Хубилай хаан үзжээ. 1266 онд Хайдугийн цэрэг анх удаагаа Хубилайн цэрэгтэй тулж улмаар ялсан байна. 1268 онд дахин тулжээ. Хайду Хубилай хоёр Бишбалигийг булаацалдав. Энэ удаа Хубилай Хайдуг ялжээ. 1275 онд Хайдугийн удирдсан 120000 цэрэг Хархоринд цөмөрч иржээ. 1277 онд Хайду Хубилайн цэрэгтэй Дорнод Туркестанд тулахад Хайду ялж олон жанжингуудыг нь олзлон авчээ. Хайду амаргүй дайсан гэдгээ Хубилайд ойлгуулав.

1277 онд Хайду, Мөнхтөмөр нарын ятгалгаар Жирх ноён Хубилайгаас урваж, Номхон, Хантун нарыг барьж аваад Номхоныг Мөнхтөмөрт, Хантунг Хайдуд тус тус хүргүүлжээ. Үүнийг олж мэдсэн Хубилай хаан Баян жанжнаар толгойлуулсан их цэргийг умард зүгт хөлөдгөж Жирх ноёны цэргийг бутцохин Жирхийг цаазаар авчээ. Түүний дараа Ляодунгийн захирагч Наян ноён цэргээ аван Хайдутай байлдахаар хөдөлсөн боловч урваж Хайдугийн талд оржээ.

Хайдуг Алтан ургийн бусад ноёдын үр удам ч дэмжиж байсан. Тийм ч учраас бүрэн ялагдаагүй байх. Чингисхааны дүү нар болох Хасар, Хачиун нарын удам ч Хайдуг дэмжиж байв. Тэд ихэвчлэн Алтайн хязгаар, Монголын уугуул нутаг болон Манжийн нутгаар төвлөрч байв. Наян их олон цэрэгтэй нөлөө бүхий ноён байсан учраас Хайдутай нэгдвэл аюултай болох байв. Хайду, Наян нар нэгдээд Бээжин хотыг 2 талаас нь довтлохоор шийджээ. Хубилай хаан түгшүүр авч Хайду, Наян нарыг нэгтгэлгүйгээр тус тусад нь цохиж устгахаар болжээ. Хубилай хаанаар удирдуулсан цэрэг Наяны эсрэг хөдөлсөн бол Гамалагаар удирдуулсан цэрэг Хайдугийн эсрэг хөдөлжээ.

Баян жанжнаар Хархорумыг хамгаалуулж, Хубилай хаан Наяны эсрэг цэргээ авч хөдөлжээ. Энэ үед Хубилай хаан 73 настай байжээ. Хубилай хаан Хайду болон Наяны эсрэг цэргээ авч хөдлөхдөө урваж мэднэ гэж сэжиглээд цэргийнхээ ихэнх хэсгийг Хятад цэргээс бүрдүүлсэн гэдэг. Монгол жанждад итгэж захируулалгүй, өөрөө цэргээ захирчээ. Хубилайн эрхшээлд орсон Хятадууд Монголчуудыг эсрэг идэвхитэй тэмцэж, тоог нь цөөрүүлэн, хүчийг нь сулруулах зорилгоор Монголчуудын эсрэг иргэний дайнд идэвхитэй оролцдог байжээ.

Хубилай хаан 360000 морьт цэрэг, 100000 явган цэрэг бүрдүүлсэн ба Ляо голын орчим Наяны цэрэгтэй тулалджээ. Хубилай хаан Наяны хүрээ рүү нууцаар дөхөж чадсан бөгөөд харуул манаагүй байдлыг нь ашиглан тулж иржээ. Наян ноён Хубилай хааны цэрэг хүрээлэн буусныг ч мэдэлгүй хатантайгаа жаргаж байсан гэдэг. Хубилай хааны гэнэтийн довтолгоон Наяныг сандаргаж, улмаар ширүүн тулалдаан өрнөв. 2 тал ихээхэн хохирол амссаны эцэст Хубилай хааны цэрэг ялж Наян жанжныг олзолжээ. Наян жанжныг эсгийд ороож чивчиртэл нь чангалан хороожээ.

Гэтэл Хайдугийн эсрэг хөдөлсөн цэргүүд Хайдуд цохилт өгч чадсангүй. Гэхдээ Хайдуг ухрааж чаджээ. Хайду Хубилайн эсрэг том жижиг довтолгоо үйлдсээр байсан боловч төдийлөн амжилт олоогүй юм. Хайду Хубилайг ялах хамгийн таатай боломжоо ингэж алдсан. Хэдийгээр Хайдугийн тэмцэл нь хаан ширээний төлөө тэмцэл мэт харагддаг ч гэсэн нөгөө талаар Монгол улсын хүйс төвийг хэвээр хадгалах гэсэн Аригбөхийн тэмцлийн залгамж холбоо байжээ. Хайдугийн тэмцэл зарим талаараа Чингисхааны үйлсийг үндсээр нь ганхуулсан хэрэг байв. Хайдугийн тэмцлийн үед Өрнө дорнын зам харилцаа тасалдаж, түгжигдмэл болсон нь Монголын эзэнт гүрнийг хэцүү байдалд оруулсан гэж үзэх үндэстэй. Аригбөх, Хубилай 2-ыг байлдаж байхад Хайду идэвхигүй ажиглагч байсан юм. Хайдугийн албатууд бол хожмоо нэгэн удаа хүчирхэгжин мандсан баруун Монгол буюу Ойрадуудын өвөг гэж зарим судлаачид үздэг байна. Хайдуг дарах гэж Хубилай хаан 30 жил оюун бодол, хүчээ зориулсан боловч дийлсэнгүй.

Хубилай хаанаас хойших түүний удмын хаад Хятадыг захирч байгаад 1368 онд Хятадуудад шахагдан Монголчууд нутагтаа буцаж ирсэн юм. Хайдугийн тэмцлийг эцсийн зорилго ийнхүү Хубилай хаанаас хойш 74 жилийн дараа биелэлээ олжээ. Хубилай хаан амьд ахуй цагтаа Хайду ноёныг дарж чадаагүй. Харин түүний ач Төмөрийн Юань гүрний хаан болсны дараа Хайду ноён нас барснаар түүний тэмцэл зогссон ажээ. Хайду хэдийгээр Хубилайг дийлээгүй ч гэсэн Хангайн нурууны баруун хэсэг, Алтайн нуруу, Дорнод Туркестанаар төвлөрсөн, нөлөөтэй хэвээрээ байжээ. Хайду ноёны тэмцэл Хубилай хааны шүдний өвчин байсан юм. Японыг дайлах гэсэн 3 дахь удаагийн оролдлогыг Хайдугийн тэмцэл тасалдуулжээ. Японыг эзлэх гэсэн 2 удаагийн бүтэлгүй оролдлого Хайдугийн дургүйцлийг бас төрүүлж байсныг энд дурьдах хэрэгтэй. Яг үнэндээ Хайдуд Хубилайг бүрэн ялах найдлага бага байсан юм. Хубилай хэдийгээр хаан болсон ч гэсэн эзэнт гүрнийг бүхлээр нь захирсан бус, харин Түвд, Монгол, Хятадад төвлөрсөн Юань гүрнийг хаан байсан юм. Баруун зүгт Хубилайн эрх мэдлийг хязгаарлагч хүчирхэг ноён нь Хайду байжээ.

Б.Батмөнх

Эх сурвалж:

  1. Ш. Насанбат. “Монголчуудын түүхэнд үлдээсэн 33 цуут тулалдаан: Хайду, наяны эвсэл буюу Хубилайн эсрэг их тулаан”.
  2. Отахи Мацуво. “Хубилай хаан”.
  3. Ж. Ж. Саундерс. “Монголчуудын байлдан дагуулал: Хятад дахь Монголын ноёрхол”.
  4. Н. Дугарсүрэн, Д. Гүн-Үйлс. “Монгол хаад: 4-р боть. Хубилай хаан”.
  5. Н. Дугарсүрэн, Д. Гүн-Үйлс. “Монгол хаад: 5-р боть. Хайду хаан”
  6. John Man. “The Mongol Empire: Genghis Khan, his heirs and the finding of modern China: Challenge from homeland”.
  7. 善从。“中国皇帝全传:元朝世祖忽必烈”。
  8. 勒内格鲁塞。“草原帝国:记述游牧民族与农牧社会三千年的历史:忽必烈与海都的斗争”
  9. 衫山正明。“忽必烈的挑战;蒙古帝国与世界历史的大转向-”
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]