Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Тооноор тольдогч сүүлт од" номонд монголчууд Сүн улсад хүнд бэрх тулаан хийснийг ингэж өгүүлжээУншсан3,840

Том том бул чулууг тойрч ороосон нарийхан хайрган замаар уруудаж нэлээд явахад Өлзийт ноёны сураг чимээ гарсангүй.

 И.Саньцар зохиолчийн "Тооноор тольдогч сүүлт од" роман 1985 онд хэвлэгдэж эх түүхээ бахархан дээдлэгч олон Монголчуудын хүсэн хүлээсэн, хайртай ном болсон билээ. Өнөөдрийг хүртэл энэ номын тухай яриа цахим орчинд үе үе өрнөдөг. Толгойлогч сайтын уншигчдадаа "Тооноор тольдогч сүүлт од" номын нэгэн хэсгээс хүргэж байна.

Том том бул чулууг тойрч ороосон нарийхан хайрган замаар уруудаж нэлээд явахад Өлзийт ноёны сураг чимээ гарсангүй. Таамгаар урагшлан явтал гол дээгүүрх нарийхан модон гүүрээр тоосонд дарагдаж халтартсан
цэрэг угтан ирвээс Баттөмөрийн аравтын Хэрээд залуу мөн байна. Тэр гүүрэн дээгүүр өнгөрөхдөө жадаа толгой дээгүүрээ эргэлдүүлэн гозолзуулж,

 

-Дарангуйлагчаа! Өлзийт ноёноос элч ирэв. Тэд энэ доор голын тохойд нанхиад цэргийг эсэргүүцэн хоргоосоор ухарч явна гэж өндөр дуугаар өгүүлэн амьсгаадан дөтлөв. Дайжушилэгт түүний агсам морийг амгайдан зогсоож,

-Их дүу тавьж хан хурмастыг битгий цочоо! Догдолсон сэтгэлээ барь! Амьсгаагаа үтэр дараад Өлзийт ноёны элч юу гэж хэлүүлснийг өч гэв. Тэр залуу гартаа савах жадаа дөрөөвчилж ичиж зовсон байртай ийш тийш хулмалзан,

-Бага үдээс хойш Өлзийт ноён Чжао жанжны цэргийг уулын хавцалд сахин хоргоож, өдий хэр урагш давшуулалгүй чөдөрлөн барьж цус урсган тулалдаж байгаа боловч нанхиад цэрэг тоогоор давуу, явган нүцгэн гүйх тул уул хад, бартаагаар дамжин ар хударгад гарах хэмээн сандаргаж арга буюу мянгатаа гэдрэг татсаар улам ойртон байна, Бидний халаа авахад бэлдэхийн зэрэгцээ түмтийн ноёнд айлдаж нэг мянган цэрэг туслахаар авчрахыг тушаав гэхэд Дайжушилэгг зуутаасаа холбооч цэргийг гэдрэг илгээж тэр даруй Өлзийт ноёны тушаал ёсоор ашигтай байр эзэлж авахаар шууранхайлан довтолгов. Уд модны жижигхэн шугуйг нэвтэлж гарахад, шархдаж царай алдсан Монгол цэргүүд уван цуван ухарч яваатай тааралдав.

Тэднээс цааш өөр хүн амьтан дайралдсангүй. Замын хажуугийн ногоон бутны үзүүр дээр толгойн сэргийлэхэд явсан Баттөмөр угтан авав. Тэндээсээ ногооны талбай гаталж, чинээлэг тариачин амьдарч байсан бололтой гаднаа бяцхан цэцэрлэгтэй хятад байшинд дагуулан ирэв. Байшингийн гадуур мянгатын цэргүүд сүлжилдэж нэг хэсэг нь явж, нэг хэсэг нь ирж байлаа. Цаасан цонхтой байшинд бүдэг харанхуй оргиж гэрэл муу тусна. Сүрлэн ширдэг дээр хэдэн хүн цай ууж хүүрнэлдэн суусан нь Өлзийт ноён өөрийн шадар бараа бологчид толгойн сэргийлэхийн дарга нартайгаа суугаа нь тэр байв. Дайжушилэгтийг орж ирэхэд Өлзийт ноён сэтгэл ханамжтай дуу алдаж,

-Дайжушилэгт хүрээд ирээ юү? Ямар амархан яваад ирэв? Чи цэргээ аваад доод хавцгайд очиж занга тавь. Энхжин, Хартаг, Чэлүүдэй, Абагахирилтуг нарын зуут гарч ирээгүй байна. Тэднийг тулалдаанаас гартал нанхиад цэргийг хоргооно шүү. Тэд гарч ирээд эргээд та нарт тусална. Бүслэгдвэл сандрах хэрэггүй. Морины хурдаар сэт цохиж гарна биз. Гол зорилго чинь хоргооход оршино гэдгийг хатуу сана. Бүслэлтийг удааж дайсныг бэхжүүлж болохгүй. Тэгвэл дайсны цалманд үүрд үлдэх болно. За шалавла гэж тушаав. Дайжушилэгт хашааны гадна хүлээж байсан цэргүүдээ авч Өлзийт ноёны заасан газар очив. Хоёр уулын хооронд эргэн тойрондоо тутарганы талбайгаар хүрээлэгдсэн улаан элгэн хадан цохио Дайжушилэгтийн хориглох занга мөн болой. Хадан цохионы хоёр талаар битүү нарс ургаж ёроолоор нь улаалзгана, долоогоны бут ногоорон багсайжээ. Дайжушилэгт зуутаа арван арванаар нь хувааж бут шугуйг тааруулан хөндийг яаравчлан гинжлээд, өөрөө өндөр хадан цохио өөд мацаж тулалдаан болж байгаа шугуйг ажиглан хянаж суув. Хадан цохиог тойрсон тутаргын талбай ус гүйлгэнүүлэн наранд гялалзаж дундуур нь гарсан нарийхан зам яв явсаар яшил жодоо модны шугуйд шургаж нэг ил гарч, нэг далд орсоор үзэгдэхгүй болно. Төдөлгүй модны цоорхойгоор арав хориод морьтон гарч ирээд тутаргын талбайн захад эргэлдэж саатсанаа мод уруу буцаад орчихов. Үүнээс хойш удалгүй ухарч яваа Монгол цэргүүд модны цоорхойгоор байн байн үзэгдэж зарим нь тутаргын талбайг гаталж Дайжушилэгтийн зуутыг чиглэнэ. Ийм байдлаар хэдэн хурам өнгөрөв. Дайжушилэгтийн тугч гэнэт хүзүүгээ сунгаж яаран өгүүлрүүн:

Тэр тэр! Гараад ирлээ. Өгөр нанхиадуудыг хараач хөөе! гэв. Уулын сүүдэр хажин жижиг шар дуулгатай, урт жадаар зэвсэглэсэн явган цэргүүд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг язганан гарч ирэх нь үзэгдэв. Тэдний үг яриа сонсгохооргүй хол боловч өмсөж зүүсэн эдлэл хувцас, зэр зэвсэг нь тодоос тодхон харагдаж, орилолдон хүрхрэх нь салхины аясаар дуулдах шиг санагдаж байв. Нанхиад цэргүүд хэлхгэр цамцныхаа ханцуй, өмднийхөө шуумгийг боож хөлдөө цэмбэн шаахай угласан байх ба гүйж харайх нь түргэн шалмаг тул адгуусны хааныг ч гайхуулам. Баг цэргийн толгойд нүцгэн бие дээр хятад том үсэгтэй зэс хуяг өмсөж, үсээ зулай дээрээ хумьж улаан алчуураар боосон чийрэг залуу алман сэлмээ далайн бусдыгаа уриалан шууранхайлж явна.

Монголчууд хурааж мөлчийлгөсөн тутаргын талбайгаар туучин давхилдаж нанхиад цэргүүдийн түрүүчтэй үе үе зууралдан тулалдсанаа гэдрэг эргэн буруулцгааж аажмаар ухарцгаана. Навтсан гэрийн туурга зуны шиврээ бороонд нэвчин дусаалд автах адил модон дотроос нанхиад цэргийн ангиуд тасралтгүй гарч, энд тэндээс нэмэгдсээр байв. Зүүн талд ойрхон харагдах царсны төгөлд нэлээн ширүүн тулалдаан эхэлж шархтсан хүн орилох, сэлэм бамбай хавирах төмөр жингэнэх чимээ тасралтгүй гарч, айсан морьд янцгаан хуухирна.

Шуугиан чимээ дундаас шингэн дуутай нэгэн хүний «Чеэн мин, Чеэн мин...»[15] хэмээн тасралтгүй бархирах нь содон сонстоно. Тутаргын талбайд байлдсан цэргүүд Дайжушилэгтийн нуугдсан хадан цохионы тушаа ухарч ирэхэд Хартаг баатрын зуут болох нь танигджээ. Тэдгээр дайчид тугаа алдсан боловч эмх цэгцтэй ухарч Хартаг баатрыг даган авхаалжтай тулалдаж явлаа. Царсан төгөлд зууралдан тулалдсан цэргүүд модноос гарч ухарсан нь Энхжин мэргэн, Чэлүүдэй хоёрын зуут байв. Тэд эргэж буцаж цавчилдсаар Дайжушилэгтийн зууттай ирж нийлэв.Мянгатынхаа нөхдийг үзэж зориг орж баярласан дайчид хөөрцөглөн хашгиралдацгааж,

-Эндээ хориглоё! Абагахирилтугийн зуут алга. Тэднийг хүлээзнэе хэмээн ам амандаа шуугилдацгаана.

Бутанд нуугдсан Дайжушилэгтийн харваачид нанхиад цэргийг давшин ирэхэд тал талаас харваж хиаруулж гарахад айж балмагдсан тэдгээр цэргүүд тутаргын талбай дамжин ойн зүг амиа хоохойлон буцаж зугтаав. Энэ байдлыг хянаж суусан Дайжушилэгт хадны ирмэгээс өнгийн,

Сумаа хайрла. Цэргүүд ээ! Сумаа хайрла. Ухарч байгаагаа бүү умарт хэмээн хашгирах боловч сснсож байгаа хүн бий үгүйг бурхан мэдэх биз. Чжао жанжны цэрэг зэс хуягт дарга нартаа хараалгаж, Монголчуудын өмнө нуруугаа харуулж шившигтэйгээр зугтаасандаа ичиж зовсон байртай модон дотроос дахин гарч давшив. Тэд Монголчуудын цөөнийг гадарлаж, голын хөндий дэх бут сондуултай хадан цохиог бүсэлж авахаар хөдлөв. Гэвч бут бүрд тарж суусан шар зуутынхан. давшигчдыг ойртуулахгүй харвахад нанхиадууд өөрийн эрхгүй холуур дугуйрч жагсаал нь сунаж сийрчээ. Дуулгандаа гургалдайн өд хатгаж хээнцэр хэвнэг нөмөрсөн алтан бэлхүүсэвчтэй хүн бие хамгаалагч морьтнуудаа дагуулан царсан дундаас гарч чанга чанга дуугаар тушаал буулгаж тулалдааныг удирдан ирсэн нь Чжао жанжны тушаалаар боомтыг хамгаалахаар цэргүүдийг дагуулан ирсэн өвгөн байлаа. Тэрбээр өдий болтол боомтонд хүрч жанжны зарлигийг биелүүлж чадаагүйдээ бухимдан, хоцорч түдгэлзсэн цэргүүдийг жадныхаа үзүүрээр балбан тууж явна. Нанхиад цэрэг удирдагчаа үзээд зориг орсон төрхтэй гэнэт уухайлан давшиж сум онилох зав өгөлгүй ойртож гардан тулалдаанд орлоо. Хартаг, Чэлүүдэй нарын зуут мордож хадан цохиог хормойдон давхилдав. Тэд явган цэрэгтэй цавчилдан хатгалдаж эгнээгий нь сандчаан түйвээхээр оролдов. Гэвч амжилтанд эс хүрэв. Энхжин мэргэн, Дайжушилэгт нарын цэргүүд нарстай толгой өөд морьдоо хөтлөн өгсөж хориглон тулалдана. Тэнцвэргүй хүчинд автагдсан цэрэг эрсүүд мэсэнд өртөн цусаа гоожуулан унасаар байв. Тошлойн бутанд нэг аравтын морь баригч нанхиадуудад бүслэгдэж хэд хэдэн морио алуулж, өөрөө цээж уруугаа жадаар хатгуулан үхэтхийн унав. Алдуурсан агт бургасан дундуур цамнан давхиж, будилж сандарч яваад хоцорч гээгдсэн хүмүүс энд тэнд бултганаж харагдана.
Дайжушилэгт ихээхэн талхиулж, үзтэл цөөрсөн хүн морьдоо нүдэн баримжаагаар тоолонгоо,

-Тэсвэрлэцгээ дайчин баатрууд аа! Морь баригчаа бүү орхигтун хэмээн хүнгэнүүлэн хашгирав. Жамган шархтсан барс мэт архиран эргэлдэж мод чулууны завсраар ээлжлэн гарч ирэх нанхиад цэргүүдтэй хатгалдан тэмцэлдэж,

-Шилэгт! Би аравтаасаа ганцаар үлдлээ. Тэсэхгүй нь. Мордоод талд гарья хэмээн амьсгаадан шавдуулав. Дайжушилэгт тэртээ шугуйг хялалзан ажиглаж, -Тэсч үз, Жамган минь! Абагахирилтуг алга. Түүнийг гаргаж авахсан гээд нум сумаа саадгаас сугалж бургас бутан дунд шоволзох шар дуулгатныг түүж гарав. Гэвч Абагахирилтугийн зуут модноос гарч ирсэнгүй. Энэ чигээрээ нанхиадад бүслэгдвэл зуутынхаа талыг төдхөн хядуулж дуусгах байдалтай тул Дайжушилэгт санаа алдаж тугчдаа дохио өгч,

-Мордоод! гэж тушаалаа. Яг тэрхэн мөчид мөнх ногоон шугуйгаас том хар нөмрөг нь далбаганан хийсэж, хойноосоо улаан голтой туг дагуулсан хун гарч ирлээ. Дайжушилэгт аравтын дарга нартаа хандаж,

-Миний хойноос! Абагахирилтугийг угтаж давхиад хэмээн тушаагаад газрын уруу салхи исгэрүүлэн довтолгов. Чихний үзүүрт дайчин цэргүүдийнх нь уухайлах сонстож, нүдэнд нулимс бүртэлзэнэ. Гэнэтийн довтолгоонд сүрдэж балмагдсан нанхиадууд бургас чулууны ёроолд амиа хоохойлон нугдайх дүрс зэрвэс харагдаж өнгөрнө. Хад чулуунд бүдчин, бургас бутанд уруулан, модны мөчирт шавхуурдуулан давхисаар бүслэлтийг цөм цохин хадтай толгойгоос бууж, тутаргын талбайд гарав. Тэдний хажуугийн байцнаас Энхжин мэргэний цэргүүд угтан бууж ирэв. Тэд нийлж Сүн улсын явган цэрэг дундуур зүсэн орж замд тааралдсаныг дайран унагаж, хажуугаар өнгөрснийг жадаар сулбэн чичилж давшсаар Абагахирилтугтай ирж нийлцгээв. Тэр гурвын зуут тутаргын талбайг хөндлөн гулд зорчиж, тарж бутарсан нанхиад цэргүүдийг элдэн хөөж намнаад зам хааж бүсэлсэн хориглолтыг сэт цохин гарч Чэлүүдэй, Хартаг нарын зууттай ирж нийлэв.

Үүргээ биелүүлж чадсан дайчид бага багаар ухарсаар шөнө дүл Өлзийт ноёны байрласан сууринд дөхөн ирэхэд амарч хүчээ сэлбэсэн нөгөө хагас мянган цэрэг тэдний халааг авч хатгалцаж эхлэв. Шөнө болов. Хоёр тал нэг нэгийг уулгалан дайрахыг зогсож, харуул манаа гарган аль алиныгаа анасаар үүр цайлгалаа. Үүр цайх цагт өтгөн манан буусан ногоон шугуй, тариан талбан дундуур гарсан нарийхан замаар Байдар ноёны илгээсэн хоёр мянгат туг яндраа хийсгэн могой мэт мурилзан цувсаар орж ирэв. Мянгатын толгойд ирсэн ноёд хөө хуягаа ширжигнүүлэн мориноос бууж Өлзийт ноёнтой золгоод өвгөн царсны дор сууцгааж дүнгэр дүнгэр ярилцан цаашид хэрхэхийг зөвлөлдөв.

Дайжушилэгт няц цохиулсан дунд хурууныхаа үеийг хөхөж, цусыг нь газар нулиман мориноосоо бууж хөлийн чилээгээ гаргаж байгаа хэсэг цэрэг дээр сэм сэмхэн гишгэсээр ирж Да Хуан боомтын талаар сонирхон,
-Дайчин эрчүүд амгалан тавтай морилж явна уу? Да Хуан боомтыг авч чадсан уу? гэв.

Эмээлийнхээ тохмыг засаж байсан үрчгэр духтай залуу духаа улам үрчийлгэн инээмсэглэж,

-Өчигдөр орой боомтын захирагч Байдар ноёнтой хэлэлцээ хийснээр боомтыг тавьж өгсөн. Тэд өдөржин Чжао жанжныхаа тус дэмжлэгийг хулээсэн боловч тусыг олоогүй. Та нар тэднийг гүйцэд чөдөрлөсөн юм билээ. Манайхан одоо захирагчийнхаа үг тушаалыг үл даган дургүйцэж зугтагч тэрслүү иргэдийг мохоон дарж байна гэв.Тэднийг олигтой ярилцаж амжаагүй байтал түгшүүрийн дохио дуугарч цэргүүд жагсав. Цэргүүд дунд «бүсэлчихэж» гэсэн түгшүүртэй үг цухалзав. Дайжушилэгт давхийн цочиж хөөрөх манангийн доогуур харлан үзэгдэх ой шугуйн зүг ширтвэл энд тэнд хэсэг бусаг явган цэрэг харагдаж, гурвалжин хэлбэртэй туг далбаа нь явдал дунд нь найган хөдөлж тэднийг ар хударгаар нь ороон бүслэхээр зогсолтгүй урагшлан давшиж байжээ. Төдөлгүй Өлзийт ноёны дуу хангинаж,

-Баатар хөвгүүд ээ! Бид зуурч тулалдана. Шөнө амарсан таван зуут дайсны баруун жигүүрийг сэт цохиод ир гэж тушаав. Дайжушилэгт зуутаа дагуулан ухасхийж усны шуудуун дээгүүр харайлган гарч, хурааж онгичсон ногооны талбайд бүдчүүлэн, түүний цаагүур эмжин тарьсан модны шугуйд орон гаран давхив. Нанхиад цэргүүд явдлаа саан эгнэн жагсаж жадаа амдуулан арзайлган угтав.

Олон адуунд түрэгдэх эхний эгнээний цэргүүд жаданд хатгуулж эмээлээс холбирон унахад дараачийнх нь хятад цэргуүдийг морьдоор гишгүүлж. морин жадаар сүлбэж, зууралдсан ширүүн тулалдаанд оров. Явган цэргүүдтэй хатгалдан тулалдзх эвгүй боловч тэднийг давамгайлж байгаа нь лавтай мэдэгдэнэ. Явган цэргийн жагсаал хэврэгхэн, нэг буснивал толгой дараалан хэрчүулж дахин эмхрэх цаг олддоггүй билээ. Хүзүүгээ гудайлган бутарч зугтагсдыг бургас огтлох мэт хиаруулах нь юунаас ч төвөггүй явдал ажээ. Харин зууралдан тулалдах үед амь тасарч байгаа цэргүүд морины цавь сугыг жадаар хатгах, олом жирэм таслах, татаж унагах аюул алхам бүрд тохиолдоно.Нанхиад жанжнууд цэргээ гэдрэг татаж газрын цагаачаас зайлсхийж хад чулуу тийш тулалдааныг шилжүүлэхийг оролдов. Халуун чулуу долоож, хашир суусан зуутын дарга цэргээ модонд оруулалгүй зах сахин эргэлдэж нанхиадуудын довтлолтыг өөр дээрээ урин дуудна. Нар өндөрт хөөрхөд шүүдэр хатаж манан арилаад байгаль узэсгэлэнтэй сайхан енгө төрхийг олж, далбагар том гишүүнэ, гоньд, арсгар ягаан цай өвс ургасан ногооны талбайн далан дээгүүр хөх цэхцэгий өөд уруу нисэн бууж, морьтой явган нанчилдагчдыг гайхан харж ямар гэгч юм болж байгааг ойлгохыг хүссэн мэт үзэгдэнэ.

Тариачдын навтгар хуучин байшингийн наагуур цаагуур хятад Монгол цэргийн ангиуд сүлжилдэн бужигналдацгааж хэн нь хэнийгээ дийлж, аль тал нь хаана байгаа нь мэдэгдэхийн аргагүйд хүрэх удаа ч тохиолдоно. Хэсэг хугацаанд аль аль тал учраа мэдэхгүй балбалцан газрын хөрсийг цусаараа бялдаж байтал модон дотроос нанхиад цэргийн шинэ хүч гүйлдэн гарч иржээ. Дайжушилэгт үүнийг хятадын туслах хүч ирэв хэмээн сэтгэж,

-Урагшаа цэргүүдээ! Баатар хөвгүүд ээ! Миний хойноос гэж уриалаад зуутаа дагуулан модноос гарч ирсэн нанхиадуудын хажуу хавирганаас шаан оров. Гэтэл цаадуул тэдэнтэй хатгалдсан ч үгүй эргэж мод уруу зугтав. Тэдний цаанаас модон дотор Монгол цэрэг байлдан явах нь харагдахад үүрээр тэднийг бүслэхээр явсан хятад цэргүүд Байдар ноёны нэмэгдэл хүчинд цохигдоод зугтаж явааг сая ойлгожээ. Зугтагсдыг Дайжишилэгт буруу талаас нь дайрч нанхиад цэргийн гол хүчтэй нийлүүлэх дөхсөнөө ухаарав. Морины амыг эргүүлсэн боловч тэдгээр цэргүүд мод шугуй дамжин гол уруудан гүйсээр ид тулалдааны хэсэгт Сүн улсын цэргүүдтэй нийлж авав. Монголчууд морины хурдыг шүтэн дайсны сул талын жигүүрийг гярхай олж хүчээ шилжүүлж, ээлж дараагаар
цохилт өгч давшсаар тулалдааны явцыг эсрэгээр өөрчилж чадав, Үүрээр бүслэх гэж давшсан Чжао жанжны цэргүүд өөрсдөө бүслэлтэд хаагдсан байлаа. Тэд буслэлтээс гарах гэж тэнхээ мэдэн тулалдах боловч явган цэрэг хаа холдох вэ? Чжао жанжнаас цэрэг удирдаж ирсэн өвгөн жанжин мориндоо нэг мордож тариачны овоохойд нэг орж эртхэн ухрах учиртайг оройтуулж цаг алдсанаа сая ухаарч тэвдэж байлаа. Нар дээр хөөрч халуу дүйглээ. Ногооны талбайн судаг бүрд шархтсан үхсэн хүн ундуй сундуй хэвтэж ёолон гаслах дуу чихнээ хадна.

Байдар ноёны мянгат тулалдаанаа түр зогсоож Сүн улсын цэргийн үлдэгдлийг буулган дагуулах тухай тулган шаардахаар тусгай хүн илгээлээ. Тэр хэлмэрч цэрэг нанхиадын шивээлэн хориглосон цэргүүдийн емнө омголон морио цамнуулан байж өндер дуугаар ийн өгүүлэв:

-Хүүш! Нанхиад та нар сонс! Да Хуан боомт буусан. Энэ хар шугуйд та нарт туслахаар дахин хүч ирэхгүй. Амь амиа тээж, толгой толгойгоо хоохойлсон нь онох бус уу? Буугтун! Буугтун! гэхэд бүслэгдэж цөхрөнгеө барсан цэргүүд эргэлзэн бодлогоширч, нэг нэгийн нүүрийг харахгүйг хичээн дор дороо газар ширтэн займчин холхиж, нэгэн үе тээнэгэлзэв. Урам орж зоригжсон. хэлмэрч залуу нанхиад цэргүүдэд тулан очиж,

-Буугтун! Ноёноо гаргаад өг. Түүний аминд ч өлзийтэй. Нар хурмастын зулайд тогтох үед жад мэсээ хаяж ногооны талбай дээр жагсацгаа. Өлзийт ноёнд өвдөг сөхрөн өршөөл гуйвал нийгүүлсэн соёрхох болно. Дагагтун! Эс дагагсдад үхэл! хэмээн өндөр дуугаар дахин хашгирав. Овоохойн нөмөрт шадар эрсүүдээрээ хүрээлүүлэн бухимдан уйлж суусан хөгшин жанжин мориндоо ухасхийн мордож цадиггүй бархиран зогсох элч өөд дөхөж,

-Чи муу зүрчидийн бөгсний алчуур сонс! Зүрчидийг унахаар Монголчуудад шилжээ юү? Наад муусайн талын зэрлэгүүддээ хэлээд орхи. Миний зүрх цохилж байсан цагтаа тэнгэрийн хүү Кай Цин хуандийн жанжин би хэзээ ч хүний ул долоож яваагүй юм. Тэр тусмаа би Монголчуудын морины туурайг долоохгүй гэдгээ тангараглая. Үтэр тонил. Далд ор гэж уужим ханцуйт торгон дээлэн дээр өмссөн алтан чимэгтэй гялалзсан хуягаа дэлдэн байж амьсгаадан хашгирав. Уур нь хүрч уушиг нь сагсайсан хэлмэрч залуугийн нуд нь булингартан,

-Намгийн муу илжирсзн хуандийг тэнгэрийн хаантай зүйрлэнэ үү! Ертенц дээр ганц Чингисийн угсаа Мөнх хаанаас өөр эзэн байхгүй гэдгийг мэд. Хэрээ мэдэж сагсалз, нэрээ мэдэж ольболз! Муу хөгшин луухаан чиний цусаар ногооны чинь талбайг услаад өгөхөөр ухаан орох вий гэж занаад морио гуядаж ухасхийн буцаж давхив.

Байдраг ноёны илгээсэн гурван мянган цэрэг Өлзийт ноёны удирдлагаар нанхиадын бүслэгдсэн цэргийг нухчин дарж зүйл дуусгахаар морины хурдаар дайран довтоллоо. Хятад хөвгүүд гарах гарцгүй болсон ч зоригтой зогсож өөрсдийнхөө үхлийг тэсэн хүлээв. Дахиад л шархтсан хүн мал орилж, зэр зэвсэг харшилдан хангинав. Хятадын түрүүч эгнээ морьдын хөлд гишгэгдэн алга болоход арынх нь эгнээ жадаа арзайлган залгана. Дайжушилэгт зуутаа шамдуулан урагшилж, баруун солгойгүй цавчиж. чичлэн хатгах жаднаас далдиран зайлж бамбайгаараа халхлан тулалдсаар байтал нанхиад цэргүүд аажмаар түрэгдэн ухрах нь илэрхий болов. Тулалдааны бишгүүр байн байн дуугарч, ялалт ойртсоныг дохиолно. Зуутын тугууд хориглолтын төв өөд улам дөхнө.

И.Саньцарын "Тооноор тольдогч сүүлт од" романы хэсгээс.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 11. 13:07
Зочин

Энэ номыг хаанаас авах вэ ? тооноор тольдогч

2 сар 12. 16:31
Зочин

Энэ номыг яаж олж авах вэ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]