Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

XX зууны хамгийн том луйварчдын нэг Зөвлөлтийн иргэнУншсан31,913

Владимир Голубенко нэртэй, 19 настай эр трамвай дотор хүний түрийвч хулгайлж байгаад анх удаа баригдан шоронд суулаа.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

"Catch me if you can" (Чадвал намайг барь гэж орчуулах юм болов уу) нэртэй Спилбергийн найруулсан, Том Хэнкс болон Ди Каприо нарын тоглосон нэгэн киног та бүхэн үзсэн байх. Кино урлагийн гурван томоохон оргилуудын бүтээсэн энэ киног Фрэнк Эбегнейл хэмээх залилагчийн бодит түүхээр хийсэн гэдэг. Тэгвэл энэ түүхтэй тун ойролцоо үйл хийсэн нэгэн эр 1930-аад оны үед ЗХУ-д бужигнуулж явжээ.

Хуурамч Пургин- Владимир Голубенко

Энэ зураг дээрх хүнийг Голубенко биш гэдэг хүмүүс бас байдаг юм байна.

Владимир Голубенко нэртэй, 19 настай эр трамвай дотор хүний түрийвч хулгайлж байгаад анх удаа баригдан шоронд суулаа. Ялаа эдэлж дуусан шоронгоос гараад сурсан юмаа хийж явсаар 1937 онд дахин баригдан Дмитровский гэсэн нэгэн жижигхэн сууринтай ойрхон байрлах шоронд орсон байна. Угаас хэл яриа нь дийлдэхгүй уран, хүний сул талыг ашиглахдаа гаргуун тэрээр хуяг нарыг ангайлгаж, өөртөө дасгасаар байгаад нэгэн удаа эгзэг гарган шоронгоосоо оргожээ. Шууд л явсаар галт тэрэгний зогсоолд очин, зорчигч тээврийн галт тэргэнд суусан байна. Ямар ч бичиг баримтгүй учир эхний шалгалтаар л баригдах аюултай болохоор юун түрүүнд нэгэн зорчигчийн бичиг баримтыг хулгайлж авангуут эхний зогсоол дээр бууж олны дунд уусан алга болов. Тэрхүү паспорт нь Валентин Пургин хэмээх хүнийх  байсан бөгөөд зургийг нь өөрийнхөө зургаар сольсны дараа хэнд ч үзүүлэхээс айхааргүй найдвартай бичиг баримттай болжээ. Дараа нь энэ паспортыг мөн ч олон хүн шалгасан боловч  зураг нь хуурамч гэдгийг хэн ч мэдээгүй юм гэнэ лээ.

Одоо яах вэ? Дахиад л хүний халаас ухаад, хэзээ нэгэн цагт баригдана гэж айж явах уу, эсвэл...

Оросын шоронгийн хулгайч нарын нэг алтан дүрэм болох “уснаас чимээгүй, өвснөөс намхан байх” гэдэг зарчмыг мань эр дагалгүй харин ч эсрэгээр явахаар шийджээ. 

Хэсэг хугацааны дараа “өнөөх чинь” Свердловск хотод ирэхдээ Цэргийн тээврийн академийг төгссөн диплом, дунд сургуулийн гэрчилгээ, хувийн хэрэг, академиас олгосон хувийн тодорхойлолт зэргийг өвөртөлж явсан байна. Тэдгээрийг бүгдийг өөрөө гараараа хийхдээ хуудсаа хуучруулж шарлуулах... зэргээр хамгийн жижиг зүйлийг ч сайн тооцсон учир “Гудок” хэмээх хотын сонины газарт ажилд авах үед ямар нэг эргэлзээ гэх зүйл гарсангүй. Ингэж шоронгийн хулгайч маань сонин сэтгүүлийн сурвалжлагч болон хувирчээ.

Хотын энэ жижигхэн сонин ч удалгүй мань эрд гологдон, арай томхон олз хайж эхэлсэн хуурамч Пургин маань “Комсомолки” хэмээх улс орны хэмжээний том сонины сурвалжлагч болохоор Москвад ирж, хариуцлагатай редакторыг ёстой толгойг нь эргэтэл сэнхрүүлсээр тун богино хугацааны дараа тус сонины цэрэг дайны хэлтсийн редакторын орлогч болсон байна. Энэ бол 1939 он байлаа.

Гэсэн хэдий ч шударга хүний цалин мөнгө түүний амьдралд хүрэлцдэггүй, хүрэлцэх хэмжээний мөнгөтэй болох, тансаг амьдрахын тулд бүр илүү гялалзан гялтагнах хэрэгтэй байдаг...

Халх голын дайн түүнд том боломж олгосон юм. Цэргийн хэлтсийн шинэхэн дэд редакторыг алс Монголын баруун хил дээр болж байгаа үйл явдлыг сурвалжлуулахаар явуулсан боловч мань эр өөрийгөө тэгж бууны аманд аваачих гэж огт зүтгэсэнгүй харин ч өөрийгөө шархадсан баатар болгон сэтгүүлдээ хуурамч хэд хэдэн материал явуулсан байна.

Халх голын дайнаас эргэн ирэхдээ тэр Алс Дорнодод шархаа эмчлүүлж байсан тодорхойлолт төдийгүй Лениний одон зүүсээр сэтгүүлийн байрандаа орж иржээ. Чухам юуны төлөө ийм том шагнал хүртсэнийг асуухад их л нухацтайгаар нууц гэдгийг бусаддаа ойлгуулсан байна. Саяхан л жирийн нэг сэтгүүлч гэж харагдаж байсан энэ хүний тухай олон юм цуг ажилладаг хүмүүст ил болж эхэлсэн ба Пургин нь ВКП буюу коммунист намын гишүүн хүн, бүр маш нэр алдартай хоёр хүн түүнийг батлан дааж энэ намд элсүүлсэн, Лениний одонгоор шагнуулсан шалтгаан нь цэргийн нууц ажиллагааг нэр төртэй биелүүлснийх нь төлөө... гэх мэт. Ер нь л төрийн тусгай нууц албаны хүн гэж мэдрэгдэж эхэлж. Мэдрүүлэх гэж хуурамч Пургин ч их хичээж байсан нь ойлгомжтой. Яг үнэндээ энэ хүн Халх голын дайны үеэр Белорусст байсан бөгөөд тэндхийн цэргийн зарим нөхдийн толгойг эргүүлж байгаад, мөн өөр бусад аргаар янз бүрийн бичиг, маягт олж авсныгаа ийнхүү ашиглаж байжээ.

1940 он болж Зөвлөлт-Финийн дайны тухай сурвалжлага хийлгэхээр “Комсомолки” нь хамгийн шилдэг ажилтнаа илгээх боллоо. Сэтгүүлч бөөн баяр хөөртэй явсан мэт боловч удалгүй НКВД (манайхаар Дотоод хэргийн  яам)-ээс “Нөхөр Пургин нь тусгай даалгавраар Ленинград хотод хэсэг байх хэрэгтэй болсон” тухай нууц захиа сэтгүүлийн редакцд ирсэн байна. Мэдээж хэрэг энэ захиаг мань эр өөрөө бичсэн хэрэг.

Ленинградад архи, хүүхэн эргүүлэн ресторанаар тэнэж явахдаа (мань эрийн томилолтын мөнгө чамлахааргүй их байсан бөгөөд Халх голын дайнаас хойш энэ хүний нэр нүүр сэтгүүл дотроо дэндүү өндөр болсон байв) нэгэн хүний ширээн дээр орхисон сонинг олж харсан байна. Тэр сонинд ”Өвлийн дайны” үеэр гавьяа байгуулж байгаа цэрэг дайчдын тухай, хэн ямар одон медаль хүртсэнийг нийтэлснийг уншаад мань эрийн дараагийн зорих өндөрлөг тодорхой боллоо. Тэр одоо ЗХУ-ын Баатар болох хэрэгтэй. Баатар болох бүх л зүйл түүнд бий.

Энэ хэсгийг нийтлэлийнхээ эхэнд бичсэн ”Catch me if you can” киноны адил төстэй зүйлээр дуусгаж дараагийн нэгэн киног танилцуулах хэрэгтэй болох нь .

2019 онд гарч Каннын кино наадмын тэргүүн шагнал авсан "Паразитууд" буюу "Gisaengchung" хэмээх Өмнөд Солонгосын кинонд нэг гэр бүлийнхэн хэрхэн яаж ээлж дараалан баян айлын үйлчлэгч, жолооч, хүүхдийн багш болж залилж байгаа тухай гарах бөгөөд бидний түүхийг нь ярьж байгаа хуурамч Пургин ч бас иймэрхүү зүйл хийсэн хүн билээ.

Пургин шоронгоос оргоод хүний паспорт дээр зургаа нааж, дараа нь сургууль соёл төгссөн бичиг баримтыг мөн хуурамчаар үйлдэж байсан ч түүний авьяас чадалд хязгаар гэж байх нь тодорхой. Нэгэнт Эбегнейл биш хойно дараа дараагийн том залиланд илүү “Өндөр мэргэжилтэй боловсон хүчин” хэрэгтэй. Тийм хүн шоронд орж гарах нь их учир хуурамч Пургин маань “гар хурууны хөдөлгөөн сайтай” хуучин танилынхаа нэгийг олж авч, тэр нь ч хийх ёстой ажлаа гялалзтал хийж байж. Түүнд туслуулахаар өөрийн ээжийг Москвад авчирсан боловч яваандаа алдарт Михаил Калинины гэрийн үйлчлэгч болгож чадсан байна. Одоо ээж нь янз бүрийн албан ёсны маягт бланк хэдийг л бол хэдийг олж өгч чадна. Халх голын дайнд явах болоод балрах дээрээ тулаад байх үед ээж нь Лениний одон зэргийг нэр усгүй бичиг баримттай нь хамт хулгайлж авчирсан нь аврал болсон билээ. Чухам ийм байдлаар хуурамч Пургин нь жинхэнэ Лениний одон зүүн Халх голын дайнаас “эргэн ирсэн” юм. Дараа нь финийн дайн. Халх голд Лениний одон “авсан” бол одоо Баатар болох хэрэгтэй.

1940 онд Пургин-Голубенко нь ЗХУ-ын Баатар болж түүний нэр олон баатруудын дунд орон сонин сэтгүүлд гарсан бөгөөд тэрээр өөртэй нь цуг ажилладаг сайхан бүсгүйтэй хурим найр хийж гэр бүл болон ёстой тэнгэрт гарлаа. Сайхан ч орон байртай болж энд тэнд баатарлаг үйлсийнхээ тухай яриа өгч, элдэв уулзалт хийж ...

Нэрд гарч, баатарлаг үйлстэн хэмээх дүрд тоглохдоо ханаж цадахаа байсан энэ эр нэг алдаа хийснээ ойлгосонгүй. Түүний баатар болсон зураг хөрөг энд тэндхийн сонин сэтгүүлд гарч байхад энэ нөхөр өөрийгөө улам бүр алдаршиж “тусгай хүн” болж байна гэж л мэдэрч явснаас цуг шоронд сууж байсан, түүнийг таних хүмүүс үүнийг нь харж болох юм гэж бодоогүй бололтой. Үнэхээр ч цуг хоригдож байсан нөхөр сонин дээрх зургийг харан таньж НКВД-д мэдэгдсэнээр бүх зүйл төгсгөл болжээ.

1940 онд хуурамч Пургин болох Голубенког баривчлахаар ирэхэд нь сайхан эхнэр нь галзуурч “ЗХУ-ын баатар, Халх гол, Финийн дайнд цусаа урсгаж явсан хүнийг та нар хуурамч хэргээр баривчлана гэнэ ээ... нөхөр Сталинд би одоо өөрөө утасдаж та нарыг шоронд суулгана...“ гэх зэргээр авирлаж байсан боловч НКВД-ийнхэн бүх л баримт баталгааг олж авсан байснаа үзүүлсэн гэдэг. 1940 оны 11-р сарын 5-нд залилагч эрийг цаазаар аван, бүх л одон медалийн бичиг баримтыг нь хүчингүй болгосоноор энэ айхтар зальтай эрийн түүх дууссан билээ.

Нэмээд хэлэхэд Голубенко дэндүү даварч байсан бөгөөд баатрын тэмдэг зүүх төдийгөөр хязгаарлахгүй бүр хамтрагч нөхөр, ээжээрээ дамжуулан баатар цол олгох тушаалыг яг л номоор нь буюу өөрийн зохиосон баатарлаг түүх, энд тэндхийн нэр алдартай хүмүүсийн хийсэн гэх хуурамч тодорхойлолт гэх мэтийн элдэв баримт материалтай цуг өгч байж авсан байдаг. Өөрөөр хэлбэл түүний баатар болсон тушаал, баатрын тэмдэг, бичиг баримт нь яг жинхэнэ зүйл байжээ.

ЗХУ-ын баатар цол олгосон тушаалыг нь хүчингүй болгосон баримт

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]