Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хасах үнэтэй нефть аваарай! Шагналтай...Уншсан5,894

Хөдөө нэгэн малчин эр амьдран суудаг байжээ. Малаа маллаад, махыг нь зарж амьдардаг. Харин та бол махны худалдагч гэж бодоё.

Нэгэн уншигчийнхаа хүсэлтээр бичсэн нийтлэлийг нь та бүхэндээ хүргэж байна.

Нефтийн үнэ -30 доллар боллоо... аа ашгүй, эдийн засаг маань сэргэх нь... баларлаа сүйрлээ яана аа...

Хэдхэн хоногийн өмнө иймэрхүү мэдээ гарч олон хүнийг баярлуулж, айлгаж юм юм болж байж билээ. Нефтийн үнэ -30 доллар, өөрөөр хэлбэл чи нефть худалдаж  (бүр зүгээр авбал гэвэл зөв байх) авбал чамд дээрээс нь чамайг шагнаад баахан мөнгө өгөх юм гэнэ. Ийм байж болох уу? Хүн төрөлхтний хоёр зууны түүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн, олон сая хүний аминд хүрсэн энэ айхтар эд маань ийм үнэгүй зүйл байсан юм гэж үү? Гэхдээ энд ойлгох ёстой хэдэн зүйл бий, энэ бол дэлхий дээрх бодит болон цаасан нефть гэж хоёр янзын юм байдаг бөгөөд энэ тухай тун энгийнээр тайлбарлах гэж оролдоод үзье.

Хөдөө нэгэн малчин эр амьдран суудаг байжээ. Малаа маллаад, махыг нь зарж амьдардаг. Харин та бол махны худалдагч гэж бодоё. Мах зарагддаг хамгийн сайн үе бол 11-р сар, өвлийн идэшний үе гэж үзье. Та энэ үеэр ихээхэн ашиг хийхийн тулд аль хавар малчин залуу дээр очиж 100 хонь, хэдэн ч юм үхэр бэлэн мөнгөөр авахаар тохирч. Үнэ нь одоогийн хямд ханшаар буюу нэг хонь 50 000 төгрөгөөр учир (зүгээр зүйрлэж ярьж байгаа болохоос бодит үнэ мөнгө яриагүй гэдгийг дахин нэг сануулах нь зөв болов уу) хаа хаанаа ашигтай сайхан гэрээ хэлцэл боллоо.

Энэ ирээдүйд хийх худалдааг фьючерс буюу Futures contract хэмээн нэрлэх ба танд одоогоор хонь байхгүй, малчинд ч таны мөнгө очоогүй байна. Гэхдээ ийм худалдаа хийхээр харилцан тохиролцож гэрээ хэлцэл хийсэн учир энэ нь буцашгүй зүйл болж хувирчээ.

Энд нэг онцлох ёстой зүйл бол хонь малыг гэв гэнэт ихээр нь үйлдвэрлээд, бий болгоод байж чадахгүй явдал. Тийм учраас өвлийн идэшний мал авах хэрэгтэй бол хавар нь, аль болох эрт тохирч гэрээ байгуулах хэрэгтэй. Ингэснээр малчин ч хэдий хэмжээний юм заазанд зориулж бэлтгэх, өвөлжин тэжээж онд оруулах шаардлагатай муухан мал үлдээхгүй байх, үлдэх ёстой хамгийн сайн малаасаа бусдыг зарах боломжтой болж байна.

Ингээд та хаврын фьючерсээр баахан мал авч амжсан бол харин таны өрсөлдөгч хажуугийн лангууны Цогоо амжаагүй учир зунаас илүү өндөр үнэтэй мал авч, намар бага ашигтайгаар зарах боллоо. Гэхдээ Цогоод бас арга чарга бий. Тэр нь таны тэр фьючерсийг худалдаж авах явдал бөгөөд ер нь иймэрхүү фьючерсийг хэн ч хэзээ ч худалдан авч болно. Харин та Цогоод өөрийнхөө хийсэн наймааг зүгээр өгөлтэй биш зохих ашиг олох байдлаар хийж таарна. Хэдхэн төгрөгөөс хэд дахин нугалж ч зарж болно, та хоёрын л тохирох хэрэг. Нэг ёсондоо та малчин эрээс 50 мянгаар хонь худалдаж авсан бол хажуу лангууны залууд 60 мянгаар зарж болох нь. Гэхдээ энэ маань хонь биш худалдаа хийх эрхээ л зараад байгаа хэрэг гэдгээ санаж байгаа байх.

Одоо та махны худалдагч уу? Үгүй та одоо биржийн борлуулагч болж бодит хонь зарах биш харин фьючерсээр наймаа хийж байгаа нь тэр. Хонь хотондоо амар сайхан хэвтэж байхад та аль хэзээний тэр хониор ашиг хийгээд эхэлчихсэн байна.

Энэ үед малчин чухам юу болж байгааг мэдэхгүй, мэдэх ч шаардлагагүй, зөвхөн өөрийн малыг л сайн таргалуулж, намар арьс нь язрах шахсан юмнуудыг л бэлэн байлгах ёстой.

Тан шиг иймэрхүү төрлийн биржийн ажилтнууд зөндөө байх нь ойлгомжтой. Магадгүй Цогоо ч бас тийм хүний нэг байж болох бөгөөд 9-р сарын үед хонио цаадах чинь 70 мянгаар зарж болох юм. Өөрөөр хэлбэл Цогоо танаас нэг цаас худалдаж аваад өөр хүнд дамжуулж зараад бөөн мөнгө оллоо. Хонь хотондоо таргалсаар...

Хоёр ч хүн баяжсаар. Цогоогоос мал авах гэрээг худалдаж авсан хүн нь нүдний шилтэй, мал гэхээр айдаг хотын жижигхэн цагаан хүү байж. Тэр хүү ч 10-р сарын эхээр хонио 75 мянгаар зарж бас баахан ашиг. Энэ хүүд мал, мах зарах байтугай, мал гэхээр айдаг шахам хүн гэж дээр хэлсэн. Гэсэн ч тэр мал мах зарж мөнгө олоод байдаг. Хонь хотондоо таргалсаар л...

Ингээд 11 сар дөхөж хүн болгон л мах авах гээд дайрч эхлэх цаг ирлээ.  Хамгийн сүүлд уг гэрээг худалдаж авсан хүн хонио 100 000, бараг тэрнээс их үнээр зарна гэж баяртай хүлээн байна. Гэтэл халдварт өвчин гарч аливаа худалдаа байтугай хүн гэрээсээ гарах эрхгүй болов. Юун мал, мах худалдаж авах. Гэтэл тэр гэрээ бүхий цаастай нөхөр өчнөөн мал авах ёстой, тэрийгээ зарж ашиг олно гэж бодож байсан нь бүр огт үгүй болж, худалдаа таг хаагдлаа.

Энэ бол аймшиг биз? Гэхдээ болоогүй л байна.

Фьючерсийн нэг онцлог бол та худалдаа хийх тэр цаасыг эзэмшиж байгаа бол галав юүлдэг байлаа ч хамаагүй тэр наймаагаа хийж, малчин эрд мөнгийг нь өгөх л ёстой. Гэтэл одоо тэр махыг авч яах юм? Зарж чадахгүй, дээр нь авчрах гэж бөөн зардал, дараа нь агуулж хадгалах газар байхгүй учир удалгүй муудаад зүгээр хаяж таарна.  Хогны мөнгө хүртэл төлөх нь. Фьючерс болсон хойно та ингэхээс өөр арга зам үгүй.

Гэхдээ бас нэг арга бий. Энэ нь фьючерсээ үнэ бууруулж зарах явдал. 50 000-аар зарах гэхэд хэн ч аваагүй учир 25 000 зарах гэж үзээд бүтсэнгүй.  10 000... 5000... 1000... Фьючерсийн үнээ буулгаад байгаа ч хэн ч авдаггүй ээ. Тан шиг ингэж шатаж баларч байгаа олон хүн байгаа учраас тэр гэнэ. Хүн болгон л энэ гайт цааснаас салах гэж зүтгэж байгаа болохоор одоо яалтай билээ. Зүгээр хаях эрх байхгүй...

Одоо 100 хонио нэлээд хэдэн сая тонн нефтиэр солиод бодоод үзье. Иймэрхүү фьючерс атган суугаа, нефть гэдэг юм нүдээрээ хараагүй, энд тэнд цаас зарж баяжиж байдаг нефтийн худалдаачин саятнууд энд тэндхийн том оффист хэдэн мянгаараа бий. Тэд одоо өөрсдөө явж Саудын Арабд очиж нөгөө нефтиэ авах ёстой боллоо. 100 хонийг ямар нэг аргаар далд хийж болох байсан бол саяар тоологдох тонн нефтийг та яаж далд оруулах вэ? Саудын арабуудаас нефтээ аваад явъя гэсэн ч танд тийм тээвэрлэх хэрэгсэл олдохгүй, хадгалах агуулах ч байхгүй. Одоо яах вэ?  Үнээ дахин буулгах л байна. 0 доллараар заръя гээд авахгүй байгаа юмыг чинь яаж үнэ бууруулах юм бэ? Тэгвэл худалдаж авах хүнд өгөх мөнгөн шагналаа нэм. Тонн тутамд 5 доллар, 10 доллар амла... өөрөөр хэлбэл нефтиэ тонныг нь -10 доллараар зарна гэсэн үг. Нөгөө  -30 долларын үнэтэй нефть гэдэг маань энэ.

Та зурагтаар, хэвлэл мэдээллээр нефтийн үнэ ингэж тэгж уналаа гэдэг мэдээг сонсоод бодит нефтийн үнэ унаж байгаа биш харин нефтийн фьючерсийн үнэ унаж байгаа гэдгийг одоо ойлгож байгаа байх (гэхдээ фьючерсийн үнэ бодит нефтийн үнэ ханшид цаашдаа ихээхэн нөлөөлөх нь тодорхой). Яг одоо 7-р сарын фьючерсийн гэрээ ид хийгдэж эхэлж байгаа цаг даа...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]