Бөх сонирхогч олон түмний анхаарлын төвд байдаг олон сайхан бөхчүүд, улсын цолтнууд бий. Тэдний нэг, бөхийн хорхойтнууд андахгүй таних Монгол Улсын 25 дахь аварга Пүрэвийн Бүрэнтөгсийн тухай онцолж байна.
Аварга цол бол Монгол бөхийн хамгийн дээд цол. Монгол наадмын түрүү үзүүрийг булаалдаж, наадамд зодоглосон хүчтэнүүдээс хоёронтаа онцгойрон шалгарч түрүүлсэн бөх аварга цол хүртдэг уламжлалтай. Монгол бөхийн түүхийн салшгүй нэгэн хэсэг болсон барилдааныг үзүүлж, Улсын аварга цол хүртсэн тэрбээр 2012 онд, 24 настайдаа улсын наадамд анх түрүүлж байсан түүхтэй.
Аймгийн арслангаас шууд Улсын арслан цол хүртсэн ховорхон амжилтын эзэн П.Бүрэнтөгс 1988 онд Увс аймгийн Давст сумын харьяат аварга малчин Пүрэвийн гэр бүлд айлын отгон хүү болон мэндэлжээ. Түүний аав 1992 онд Улсын аварга малчин цолыг хүртсэн юм. Аав нь залуудаа их өндөр, бие хаа тэгш, хороо цэрэг жагсахад эхэнд зогсдог байсан тул нутаг усныхан нь өндөр Пүрэвээ хэмээдэг байжээ. Залуудаа метр 85 см өндөр, 140-өөд кг жинтэй байсан юм гэдэг.
П.Бүрэнтөгс зургадугаар ангиасаа л бөхийн спортоор тууштай явахаар шийдэж, Увс аймгийн Улаангом сумын “Эрдэм оргил” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ш.Бат-Очирын удирдлагад үндэсний бөхөөр хичээллэж эхэлжээ.
Аварга өөрт нь том урам зориг өгсөн анхны томоохон барилдааныхаа талаар ийн хуучилжээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Улаангомд болсон заалны нэг барилдаан дээр наймдугаар ангид байхдаа улсын заан Ө.Тулгааг хаяж өгүүлшгүй их урам зориг нэмж билээ. Ө.Тулгаа заан бол эгэлгүй төвшин, их даруу зөөлөн хүн байж дээ гэж одоо бодох юм. Надтай барилдаж байх үедээ миний шилэн хүзүү рүү ганц ч удаа ширүүн цохиж байгаагүй. Барилдааны үед ийм зүйл зөндөө л тохиолддог. Хэрвээ чанга цохичих юм бол сөхрөөд уначих жаахан хүүхэд байсан хэрэг. Ирээдүйд сайн барилдах хүүхдийг халираагаад яах вэ гэж бодсон болов уу” хэмээжээ. 1980-1990-ээд оны үед улсын заан Ө.Тулгаагийн бяр хүчний гайхамшиг үзүүлж, уран гоё барилдахыг харах гэж олон хүн цугладаг байсныг бөхийн хорхойтнууд андахгүй биз ээ. Дашрамд дурдахад Ө.Тулгаа заан агсан маань 90-ээд оноос ид хав нь буурсан ч гэсэн 2000-гаад онд ч аймгийн төвд залуучуудтай барилдаж, тэднийг сургаж, залууст урам зориг өгч хойшдынх нь зам мөрд нөлөөлөхүйц жудагтай сайхан амьдарч байсныг эндээс харж болно. Энэ барилдаанаас хойш П.Бүрэнтөгс улам ч эрчтэй шунан дурлаж, үндэсний бөхөөр хичээллэх болжээ.
П.Бүрэнтөгс дунд сургуулиа төгсөөд дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан "Шонхор-Олимп" дээд сургуульд элсэн оржээ. Олимп дэвжээнд дөрвөн жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж, 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа “Увс нуур” дэвжээний тамирчдын нэг болсон юм.
Бөхийн дэвжээнд хөлөө олоход тусалсан багш нарынхаа талаар нэгэн ярилцлагадаа "Би 2007 онд арван жилээ төгсөөд Батлан хамгаалахын их сургуульд эрх зүйч мэргэжлээр сурч байсан. Хоёр сар хэртэй сураад сургуулиа хаяж, А.Сүхбат аваргын “Олимп” сургуульд орж бөхөөр тууштай явах зориг гаргасан гэх юм уу даа. А.Сүхбат аваргынхаа шавь болж хоёр жил гаруй явсан. Тэр хүнээс авсан юм их бий. Дараа нь “Увс нуур” гал дээрээ нэгдэж О.Балжинням багштайгаа хоёр, гурван жил бэлтгэл хийсэн. Төрийн наадамд түрүүлэхэд хүргэсэн хүн маань. Одоо улсын гарьд Б.Гантогтох, улсын арслан Б.Ганбат багш нар маань хичээллээд явж байна. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Г.Жамсран багш маань жил гаруй багшилсан" хэмээн ярьжээ.
2008 онд Увс аймгийнхаа наадмаар тав давж начин цол хүртсэн тэрбээр хоёр жилийн дараа амжилтаа ахиулан Баян-Өлгий аймгийн наадамд эдүгээгийн улсын гарьд Ө.Бат-Оршихтой тунаж барилдаад түрүүлж аймгийн арслан цол хүртжээ.
2012 оны улсын наадмаар "өндөр" Пүрэвээгийн гозгор хүүд наадмын од гийлээ. Тэрээр гурвын даваанд улсын аварга О.Балжинням, дөрөвт улсын аварга С.Мөнхбат, тавд улсын заан М.Өсөхбаярыг тус тус хаяж улсын начин цолны эзэнг боллоо. Улсын аварга О.Балжинням гурвын даваанд шавиа амлан тунаанаас гаргахдаа "Миний хүү том цол аваарай" гэсэн гэдэг. Балжаа аваргын тэр ерөөл үнэхээр биелсэн юм. Шинэхэн начинг цаана нь заан, гарьд, арслангийн цол ээлж дараалан хүлээж буйг тэгэхэд лав хэн ч таамаглаагүй нь лавтай. Зургаагийн даваанд улсын өсөх идэр начин Э.Энхбат, аймгийн арслан П.Бүрэнтөгс хоёрыг хэн ч амласангүй тунаав. Энэ барилдаанд П.Бүрэнтөгс учраа бөхөө өвдөг шороодуулж, долоогийн даваанд М.Баяржавхлан гарьдыг ч давав. Наймын даваанд шөвгийн дөрөвт зүүнийг магнайлсан улсын арслан Х.Мөнхбаатар улсын гарьд Д.Рагчааг амалж, улсын арслан Г.Эрхэмбаяртай (аварга) П.Бүрэнтөгс тунав. Ингээд хоёр арслан учраа бөхчүүддээ өвдөг шороодож, үзүүр түрүүнд ид галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явсан Д.Рагчаа гарьдыг давж 24 настай П.Бүрэнтөгс аймгийн арслан цолтойдоо төрийн наадамдаа түрүүлж улсын арслан цол хүртсэн юм. Улсын цолгүй бөх төрийн наадамд түрүүлсэн дөрөв дэх тохиолдол нь энэ ажгуу.
Тэрбээр 2015 онд Улсын наадамд 8 даван үзүүрлэсэн. Энэ онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат бөх Улсын харцага Э.Оюунболд 22 насандаа Улсын наадмын түрүүг хүртэж, Улсын арслан цолтон болсон юм.
2016 онд П.Бүрэнтөгс Улсын наадамд 7 давж чимэг нэмсэн. Тэр жил Ардын хувьсгалын 95 жилийн ойгоор 1024 бөх барилдсан бөгөөд Улсын арслан Р.Пүрэвдагватай улсын өсөх идэр начин цолтой байхад нь наймын даваанд таарсан барилдаан ихээхэн маргаан дагуулсан билээ. Тухайн үед Бөхийн цэц барилдааныг камераар шүүхгүй хэмээн Р.Пүрэвдагвыг давсанд тооцож шийдвэрлэсэн удаатай. Энэ талаар П.Бүрэнтөгс хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тухайн үед МҮБХ-ны тэргүүнээр ажиллаж байсан Р.Нямдорж гуай надад аливаа юманд золиос хэрэгтэй. Тэр золиос нь чи гэж хэлэхэд нь их эгдүүцсэн” хэмээн дурджээ. Мөн “Тэр жилийн барилдаан их хор найруулгатай болж залуусыг хүнд цохилтод оруулсан. Гэхдээ бид чинь залуу хүмүүс. Олон жил цугтаа зүлэг ногоон дэвжээндээ хүч сорих хойно юундаа харамсах вэ гэж сүүлд энэ бүхнийг таягдан хаясан. Р.Пүрэвдагва арслан ч сүүлд уучлалт гуйсан” хэмээсэн удаатай. Ингээд энэ жилийн барилдаанд Р.Пүрэвдагва үзүүрлэж арслан цол, Ч.Санжаадамба түрүүлж улсын аварга цолтон болсон юм.
2017, 2018 онд хоёр жил дараалан дөрөв давсан амжилт үзүүлсэн. 2019 онд Улсын наадамд зургаа давж чимэг нэмсэн. Долоогийн даваанд Ч.Санжаадамба, Н.Батсуурь аваргууд ам авсны дараа П.Бүрэнтөгс арслангийн ээлж ирэхэд улсын арслан Э.Оюунболд, улсын арслан Ц.Содномдорж, улсын начин Д.Анар (заан) гэсэн гурван бөхөөс Ц.Содномдоржийг амлаж барилдаад өвдөг шороодсон билээ.
Ингээд 2020 оны буюу хамгийн отгон наадамд улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга болсон юм.
Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхийн допингийн шинжилгээгээр Улсын их баяр наадамд үзүүрлэсэн болон шөвгөрсөн хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаж, нэг хэсэг сошиал орчинд дуулиан болж байв. Допингийн шинжилгээний хариуг өөрт нь мэдэгдээгүй байхад ийнхүү цахим сүлжээнд эндүү, ташаа мэдээлэл цацагдсанд "Надад нууж хаах зүйл байхгүй" хэмээх тайлбарыг хийж байлаа.
Тэрбээр допингийн талаар "Допинг хэрэглэсэн бөхийг хэн нэгний үзэмжээр шийтгэхээ л болих хэрэгтэй. Хамгийн гол нь ямар шийтгэл ноогдуулах нь ойлгомжтой, тодорхой байх их чухал. Бусад спортын төрлийн тамирчин допинг хэрэглэсэн нь илэрвэл ямар шийтгэл оногдуулах нь тодорхой байдаг. Гэтэл үндэсний бөхөд тэгдэггүй. Эрхийг нь хоёр жилээр хасах уу, за больё нэг жил болгочихъё, цолыг нь хураах уу, яах вэ гээд толгойг нь илдэг" хэмээжээ. П.Бүрэнтөгс үндэсний бөхөөс гадна жүдо болон чөлөөтөөр барилддаг. Жүдо бөхийн Зүүн Азийн АШТ-ээс 2014 онд хүрэл медаль хүртсэн, Улаанбаатар хотын аварга. Харин чөлөөт бөхийн УАШТ-ий алт, мөнгөн медальтай.
Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилгаар “Бүрэн Монгол” төслийг хэрэгжүүлэх болсон билээ. Энэ талаар хэвлэлийн хурал хийж, "Бүрэн Монгол" төслийн хүрээнд ойрын хугацаанд буюу 2022 онд хэрэгжүүлэх ажлуудын нэг болох "Бүрэн Монгол гэр" төслийг 21 аймагт хэрэгжүүлж, аймаг бүрээс нэг залуу гэр бүлд бүрэн тавилгатай монгол гэр бусад шаардлагатай эд зүйлсээр хангана. Хөдөлмөрч хичээнгүй, амьдралын түвшин доогуур өрхийг сонгож төсөлд хамруулахаар болсныг мэдэгдсэн юм.
П.Бүрэнтөгс "Нийгэмд чиглэсэн сайн дурын ажил хийхээр зарим хүн ямар нэгэн зорилготой ийм ажил хийж байна. Улс төр рүү орох гэж байгаа юм уу гэж хардаж байх шиг. Тэр хүмүүст хандаж хэлэхэд би улс төр рүү орохгүй. Надад үндэсний өв соёлыг тээсэн улсын аварга гэдэг эрхэм нэр төр хангалттай" гэсэн юм.
Тэрбээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэр Ч.Номин-Эрдэнэ эрхзүйч мэргэжилтэй нэгэн. П.Бүрэнтөгс хүүхдүүдээ бөх болгох хүсэл тээдэг эсэх талаараа “Тамирчин хүний хүү тамирчин, нягтлан хүний хүүхэд нягтлан болж, аав, ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэх учиртай гэдэг их өрөөсгөл ойлголт. Энэ үнэхээр буруу. Би гурван хүүхдээ заавал тамирчин, спортын салбарын хүн болоосой гэж боддоггүй. Ерөөсөө том болоод ямар мэргэжил эзэмшихийг хүсэх нь үү түүнийг нь л харгалзана” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.