Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Цэргийн нэрт зүтгэлтэн маршал Гэлэгдоржийн ДэмидУншсан1,604

ХХ зууны Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн нэгэн эрхэм бол БНМАУ-ын анхны өрлөг жанжин (маршал), бүх цэргийн жанжин, Гэлэгдоржийн Дэмид билээ.

Д.Гомбосүрэнгийн нэрэмжит Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар

БНМАУ-ын маршал Г.Дэмидийн мэндэлсний 120 жилийн ойд зориулав.


ХХ зууны Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн нэгэн эрхэм бол БНМАУ-ын анхны өрлөг жанжин (маршал), бүх цэргийн жанжин, Гэлэгдоржийн Дэмид билээ.

Гэлэгдоржийн Дэмид болбоос Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу, одоогийн Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багийн нутаг Шар булан хэмээх газар малчин ард Гэлэгдоржийн гэрт 1900 онд төржээ. Тэрээр бага балчир байхын хөдөлгөөн ихтэй, ухаалаг, сэргэлэн цовоо, ой сайтай хүү байсан учир түүнийг Хан-Өндрийн хүрээнд лам болгохоор явуулж байжээ.

 Дэмид тус хүрээнд амьдарч ажиллаж байсан Хятад, Орос, Дани, Төвөд Монгоп, лам, хувраг, худалдаачин, малчин зэрэг таван хэлийн олон янзын хүмүүсийн дунд орж, тэдэнд үйлчилж, наймаа арилжаа, худалдаа үйлчилгээ, хөдөлмөр, үзэл санаа, зан чанарыг өөрийн нүдээр үзэж, биеэр мэдэрч, өөрөөр хэлбэл олон янзын хүмүүсийн дунд орж ажилласан нь тухайн үедээ, монгол орны нийгмийн амьдралыг танин мэдэж авсан нь ирээдүйн улс төр, цэрэг арми, нийгмийн зүтгэлтэн болох мэдрэмжийг нь нээж өгчээ.

Ардын хувьсгалын он жилүүдэд тэрээр өөрийн сайн дураар ардын журамт цэрэгт элсэн орж, 1921 оны дунд үеэр Идэр, Чулуутай, Цэцэрлэг, Туул голын адаг ба Борнуур, Шарын гол, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн зэрэг газар цагаантны эсрэг хийсэн хэд хэдэн байлдаанд оролцсон партизан бөгөөд ардын хувьсгал ардын засгийг бэхжүүлэхийн төлөө анхнаас нь идэвх зүтгэлтэй тууштай оролцсон нэгэн билээ.

Ардын хувьсгал ялсны дараагаар Г.Дэмид цэргийн хэргийн мэдлэгээ дээшлүүлэх үүднээс 1922 онд Ардын цэргийн даргын сургуульд элсэн суралцаж 1923 онд төгсжээ. Сургуулиа төгсөөд Ардын цэргийн даргын сургуульдаа курсийн дарга, сумангийн туслах, сумангийн дарга, захирлын туслахаар ажиллаж байгаад 1926-1929 онд ЗХУ-д Тверь хотын морин цэргийн дунд сургуульд суралцаж байжээ.

Монгол оронд 1930-д оны эхээр өрнөж байсан “баруунтан”, “зүүнтэн”-ий тэмцлийн нэн эгзэгтэй үед тэрээр цэрэг улс төрийн замналаа эхлүүлсэн байдаг. Түүнийг сургуулиас нь дуудан ирүүлж төрийн өндөр хариуцлагатай албан тушаалд тохиоон томилжээ.

Тухайн үеийн Засгийн газрын 1930 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар хурлын тогтоолоор “Тус цэргийн дээд эрхийг барих газрын байгуулалт нь ажил явуулгад хараахан тохироогүй буюу завсрын илүүдэл чирэгдэл бүхий зүйл үлэмжхэн болох тул нэгэнтээгүүр ЗХУ-ын Улаан цэргийн байгуулалтыг үлгэрлэж, тайван цагийн байгуулалтаар шинэчлэн өөрчилбөөс зүйтэй тул Цэргийн яам хэмээн нэрийдэхийг зогсоож, БНМАУ-ын Хувьсгалт Улаан цэргийн Бүх Ерөнхий штаб хэмээн нэрийдэх ба Цэргийн зөвлөлийг БНМАУ-ын Хувьсгалт Улаан цэргийн зөвлөл хэмээн нэрийдэж, басхүү сайд, жанжин хэмээн нэрийдэлгүй болгон, хэрэв байлдааны цаг тохиолдох ахул Бүх цэргийн байцаагчид Бүх цэргийн жанжны тушаалыг хүлээлгэж, тухай хэргийг эрхлэн гүйцэтгүүлэх”1 болж, улмаар БНМАУ-ын 15 дугаар Бага Хурлын 1930 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн нэгдүгээр хурлын тогтоолоор Хувьсгалт Улаан цэргийн зөвлөлийн тэргүүлэгчээр Г.Дэмидийг сонгон баталжээ. Ийнхүү Цэргийн яамыг татан буулгаж, цэргийн удирдах дээд байгууллагыг Г.Дэмид хэмээх шинэ хүн толгойлох болов.

Зүүнтний нугалаа, завхралыг баруунтны тал засаж залруулан “Шинэ эргэлтийн бодлого”-ыг 1932 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хуралдсан Улсын 17 дугаар онц Бага Хурлаас тунхагласан билээ. Тус хурлаас засгийн албан газруудын байгуулалтыг өөрчлөн тогтоож, Цэргийн яамыг сэргээн байгуулсан бөгөөд “Цэргийн яамны сайд бол Бүх цэргийн жанжин бөгөөд Хувьсгалт цэргийн зөвлөлийн тэргүүлэгч болно”2 гэж заав. Бага хурлаас ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжин, Хувьсгалт цэргийн зөвлөлийн тэргүүлэгчид Г.Дэмидийг баталжээ. Энэ цаг үеэс Г.Дэмид таван жилийн туршид ЦЯЯ-ыг толгойлон улс орны батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхийн төлөө тууштай ажилласан байна.

Түүнийг Цэргийн явдлын яамыг толгойлсон 1930-аад оны эхээр Монгол Улсын гадаад дотоод орчин ихээхэн ээдрээтэй байсан цаг үе юм. Зүүн хойд Хятадад Японы милитаризм ид хүчээ авч, Японы тагнуул идэвхжин Монголын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд заналхийлж байсан үе юм.

Тэрээр хэдийгээр цэргийн дунд боловсролтой морьт цэргийн дарга байсан ч угийн байгалаас заяасан сод ухаан, зохион байгуулах асар их авьяас чадвар, нь түүнийг цэргийн нэрт зүтгэлтний хэмжээнд хүргэжээ.

Мөн Монгол Улсын дотоод нөхцөл байдал ч хүндхэн байсан. Тухайлбал 1932 онд төрийн эсрэг гаднын оролцоотой хувьсгалын эсэргүү гэх ард түмнийг хамарсан бослого хөдөлгөөн гарсан хүнд цаг үе сорилт бэрхшээл дагуулсан он жилүүд байсан юм.

Ялангуяа Монгол Улсын батлан хамгаалах хүчин чадал 1921 оноос хурдацтай дээшлэн байлдах чадвар бүхий Монгол Ардын Хувьсгалт цэрэг гэж тодорхойлж байсан ч 1932 оны хувьсгалын эсэргүү бослогоор Зөвлөлтийн тусламжтайгаар арай хийж ялан гарсан нь энэ салбарт томоохон шинэчлэл хийх шаардлагатайг харуулсан. Нөгөө талаар гаднын дайсны өмнө БНМАУ-ын батлан хамгаалах хүчин бэлэн бус байгааг харуулсан үйл явдал болсон юм.

Иймээс Монгол Улсын батлан хамгаалах хүч чадлыг зузаатгах явдал маршал Г.Дэмидийн цэргийн үйл ажиллагааны гол чиг шугам байсан гэж хэлж болно. Тэрээр “байлдаан дэгдэх ахул тус улсын эдийн засгийн ба улс төрийн байдлыг байлдааны цагийн явдалтай тохируулах нь чухал болох бөгөөд бүх улс, мөн аж ахуй ба засаг захиргааны зэрэг олон нийтийн газрууд хийгээд олон түмэн ардаас улсыг батлан хамгаалах хэрэгт оролцохоор бэлхэн байваас зохино”3 гэж батлан хамгаалах үйл хэрэг бүх нийтийн хэрэг болохыг онцлон тэмдэглэж байв.

Монгол Улсын гадаад дотоод орчин хурцадсан тэр үед түүнийг Бүх цэргийн зөвлөлийн дэргэд Ерөнхий сайдаар толгойлуулан байгуулагдсан Улсыг хамгаалах комиссын орлогч даргаар томилсон юм. Уг комисс нь улс орныг болзошгүй дайнд бэлэн байлгах түүнд тохирсон техник хүн хүчээр нөхөн хангах, улсыг батлан хамгаалах дээд байгууллага байжээ.

Г.Дэмидийн улс орныг батлан хамгаалах талаар хийсэн олон талт ажлын нэг нь 1935 онд түүний гарын үсэг зурж баталсан “БНМАУ-ыг батлан хамгаалах байлдааны төлөвлөгөө”4 юм. Энэ төлөвлөгөө нь тухайн үедээ Монгол Улсын хувьд шинэ анхдагч зүйл байсан бөгөөд түүнд дайсан довтолж болзошгүй үндсэн чиглэлүүдийг тодорхойлж, түрэмгийллийг няцаахад хэрхэн яаж бэлтгэх, дайн, байлдааны аюул тохиолдсон үед улс орныг батлан хамгаалах, бэлэн байдлын төлөвлөгөө, дайчилгаа явуулах болон МАХЦ-ийн нэгтгэл, ангиудыг байлдаанд оруулах, стратеги, тактик, оперативийн зэрэг цогцолбор асуудлыг тусгасан нэн чухал баримт бичиг байв.

Тэрээр улс орныг батлан хамгаалах ажлын хүрээнд тэрээр улсын хэмжээний болон цэргийн дайчилгааны асуудлыг онц чухалчлан үзэж, багагүй зүйл санаачлан хэрэгжүүлсэн юм. Монгол Улсад энэ  талаар 1932 оныг хүртэл улс орныг хамарсан цэгцтэй бодлого, төлөвлөгөө байгаагүй ажээ. Г.Дэмид дайчилгааны ажлыг онцлон үзэж, улсын яам, төв, орон нутгийн албан байгууллагуудыг дайчилгааны төлөвлөгөөтэй болгон хийх ажил, үүргийг нь тодорхойлж өгөхийн зэрэгцээ шалган туслах ажлыг байнга хийж байсанг дурдах нь зүйтэй. Аймаг, хотын цэргийн хэлтсийн дарга, ажилтнуудыг удаа дараа түр сургууль цугларалтаар улс орныг батлан хамгаалах бодлого, арга ажиллагаанд сургаж байв. Дээрх арга хэмжээний үр дүнд 1930-аад оны дунд үе гэхэд дайчилгааны ажил цэгцэрч улс орныг хамарсан нэгдсэн тогтолцоо бий болсон байна.

Г.Дэмид ЗХУ-д суралцаж байх хугацаандаа Зөвлөлтийн цэргийн олон нэрт жанжингууд, цэргийн зүтгэлтнүүдээс суралцан тэдний ажлын туршлага, арга барил зэргийг МАХЦ-т нутагшуулах зэрэг ажлыг хийж бодож төлөвлөж байсан юм. Ялангуяа ЗХУ-ын маршал М.Н.Тухачевскийн цэргийн шинэчлэлийг тууштай баримталж байсан нь МАХЦ нь ихээхэн хэрэгтэй зүйл байжээ. Монгол орон бол дэд бүтэц харьцангуй сул хөгжсөн бөгөөд механикжсан байлдааны техник тун цөөн түүнийг дагаад боловсон хүчин харьцангуй сул байсан. Тиймээс Г.Дэмид морьт-механикжуулсан цэргийг хослуулан хөгжүүлэх нь Монгол Улсад нэн тохиромжтой хэмээн үзэж байсан билээ. Цэргийн нэрт түүхч Д.Гомбосүрэн абугай “Дэмидийг техникжсэн морьт цэргийн байгуулалтыг үндэслэгч”5 гэж нэгэнтээ хэлж байсан нь түүхэн үнэн юм. Мөн МАХЦ-ийг Европын янз маягийн байдал бүхий цэрэг болгох бодлого баримталж6 байсныг дурдах нь ч зүйтэй.

Үүний үр дүнд МАХЦ-ийн дотор орчин үеийн шинэ зэвсэг, танк, хими, холбоо, нисэх онгоц, төрөл бүрийн автомашин, техникээр зэвсэглэсэн төрөл мэргэжлийн цэргийн эзлэх хувийн жин мэдэгдэхүйц өссөн юм. Зөвхөн 1934 оны байдлаар МАХЦ нь 60 орчим хувиар техникжсэн байна.

Тэрээр мөн орон нутгийн хамгаалалтын асуудалд өндөр ач холбогдол өгөн анхаарч орон нутгийн цэргээс бүрдсэн хэд хэдэн дивиз хороо байгуулан олон зуун залуусыг богино хугацааны дотор цэргийн эрдэмд сурган гаргасан нь цэргийн алба хаах явдлыг хөнгөвчилсөн, нөгөө талаар дайн бүхий байдлын үед бүх цэргийн тоог хурдан хугацаанд нэмэгдүүлэх боломжийг хангаж өгчээ. Орчин үеийн орон нутгийн хамгаалалтын тогтолцоог Г.Дэмид тэртээ 1930-д оны үед хэрэгжүүлэх гэж оролдож байсан нь өнөөдөр хүртэл ач холбогдол буураагүй харин ч яг тохиромжтой алсаа харсан бүтэц гэж харагдаж байна.

Г.Дэмид нь мөн цэргийн нэрт стратегич онолч байсан юм. Тэрээр 1930-д оны үеийн бүс нутгийн цэрэг улс төрийн байдалд дүн шинжилгээ хийж Японы зүгээс одоохондоо БНМАУ-ын нутаг дэвсгэрт шууд халдан довтлох аюул хараахан үгүй гэсэн дүгнэлт хийсэн нь зөв байсан юм. Дайн гарвал хүчирхэг улсуудын хооронд болж Монгол түүнд татагдан орж болзошгүй гэсэн дүгнэлт хийсэн нь хожим 1939 оны Халхын голын дайнаар тодорхой харагдсан.

Тиймээс ч тэр ямар нэгэн шалтгаангүйгээр Зөвлөлтийн цэргийг Монголд байрлуулахын эсрэг байсан бөгөөд энэ нь улс хоорондын итгэлцлийг эвдэн дайны галыг өдөөж болзошгүй гэж дүгнэж байжээ.

Энэ дүгнэлт нь хожим хойно ч сургамжтай үйл явдал болсон. Зөвлөлтийн цэрэг 1990 он хүртэл Монголд байрласан он жилүүд нь улс хооронд итгэлцлийг эвдэн хүйтэн дайны галыг улам өдөөн тэр ч бүү хэл АНУ-ын цөмийн цохилт өгөх социалист улсуудын тоонд Монгол Улс багтан Хятадын ардын чөлөөлөх армийн хэдэн зуун мянган цэрэг Монголын өмнөд хилийн дагуу аюул заналхийлэл учруулж байсан юм. Г.Дэмид жанжин тэртээ 1930-д оны дундуур энэ аюулыг мэдэрч байжээ.

Г.Дэмид БНМАУ-ын зэвсэгт хүчин дайны үед дангаараа гаднын түрэмгийллийг няцаахад хүчин мөхөстөх тул зайлшгүй Зөвлөлтийн цэргийн туслалцааг авах нь зүйтэй ч дайны бус үед байнгын цэрэг байрлуулах нь итгэлцлийг эвдсэн үйл ажиллагаа болно гэж бодитоор дүгнэсэн байдаг.

Ялангуяа 1935 онд эхэлсэн Монгол-Манжуурын хэлэлцээр үндсэндээ найрсаг уур амьсгалд харилцан ойлголцол дээр явагдаж байсан учир тэрээр дайны аюулыг хол гэж харан Зөвлөлтийн цэргийг байрлуулахын эсрэг санаагаа шууд хэлж байсан юм.

Харин түүний энэ санаа бодол их гүрэн ЗХУ-д таалагдаагүй бөгөөд гагцхүү түүний амь насыг 1937 оны 8 сарын 22 нд хөнөөсний дараа улаан армийн цэргүүд 1937 оны 8 сарын 25 наас Монголд эрчимтэйгээр байрлах болж Халхын голын дайнд хүргэсэн түүхтэй билээ.

Г.Дэмид мөн МАХЦ-ийн боловсон хүчнийг бэхжүүлэн цэргийн чадварлаг удирдлагаар хангах асуудалд онцгой анхаарч ирсэн байдаг. Цэргийн боловсон хүчнийг Зөвлөлт Орос улсад болон дотооддоо бэлтгэхэд ихэд анхаарч боловсон хүчний их уурхай болсон Цэргийн ерөнхий сургуулийн талаар авч хэрэгжүүлэх олон арга хэмжээнд онцгойлон анхаарал тавьж байжээ. Г.Дэмид Цэргийн Ерөнхий Сургуулийг “Бүх улаан цэргийн манлай, мөрийг үзүүлэх зайлшгүй байгууллага” хэмээн үзэж МАХН-ын төв хорооны нэрэмжит болгож сургалтын хөтөлбөр, бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчлөн шинээр анги нээж элсэгчдийн тоог өргөтгөх зэрэг ажлыг хийснээр МАХЦ-ийн даргалах бүрэлдэхүүний гол цөм нь ЦЕС болжээ. Үүгээр ч зогсохгүй 1933 онд ЦЕС-ийн дэргэд академийн түр сургуулийг нээснээр Цэргийн яам, жанжин штаб, хороо, дивиз, корпусын удирдлага, зэрэг олон албан тушаалтан төгсжээ.

Г.Дэмид мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлэхэд онцгой анхаарч 1930-д оноос албаа хааж дууссан цэрэг, бага дарга нарыг цэрэгт улираан алба хаалгах нь зүйтэй гэж тэрээр үзсэн нь мэргэжлийн цэргийн үндэс суурийг тавиад зогсохгүй энэ тогтолцоо нь өнөөдөр улам боловсронгуй болж ахлагч бэлтгэх сургалтын тогтолцоо болон хувирчээ.

МАХЦ-ийн байлдааны бэлэн байдал байлдах чадварыг дээшлүүлэх нэгэн алхам бол тухайн үеийн хэллэгээр “манёврын сургууль” буюу өнөө цагийн хээрийн сургууль юм. Энэ асуудалд маршал Г.Дэмид цэргийн сургалтын дээд хэлбэр гэж онцгойлон анхаарч ЗХУ-ын ижил төвшний сургуулийн үйл ажиллагаатай танилцаж үр ашигтай талыг нь МАХЦ-т нэвтрүүлэх, хээрийн сургууль бүрийн дараа сургалтын үед гарсан ололт дутагдал зэргийг шүүн ярилцаж үүний дараагаар арга хэмжээ авч байдаг болжээ. Энэ уламжлал өнөөг хүртэл Монгол Улсын зэвсэгт хүчинд үр өгөөжөө өгсөөр байна.

Маршал Г.Дэмидийн цэргийн нэрт зүтгэлтний хувьд хийж гүйцэтгэсэн гол ажлын нэг бол түүний шууд удирдлагаар явуулсан цэргийн ажиллагаанууд юм. Тухайлбал 1932 оны зэвсэгт бослого, 1934 оны хасгийн дээрэмчдийн эсрэг үйл ажиллагаа, 1936 оны дорнод хилийн дагуух хилийн мөргөлдөөнүүд юм. Булан дэрс, Адаг дулаан, гээд зүүн хилийн бүхий л мөргөлдөөнд Г.Дэмидийн удирдсан МАХЦ нь дайсны санаархлыг тас цохин эх орноо харийн түрэмгийлэгчдээс бат хамгаалсан билээ.

1932 оны зэвсэгт бослого нь түүхэнд ихээхэн маргаан талцал дагуулдаг бөгөөд төр засгийн зүгээс бослогыг хүчээр дарсан хэмээн ихээхэн шүүмж дагуулдаг. Гэвч маршал Г.Дэмид нь төр засгаас өгсөн үүргийг цэргийн хүний үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. Баруун хилд хасгийн дээрэмчдийн өдөөсөн хэрэг болон зүүн хилийн мөргөлдөөнд МАХЦ нь өөрт оногдсон үүргээ үнэнчээр биелүүлэн эх орны харийн дайснаас өмгөөлөн хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлсэн төдийгүй цэргийн гарамгай удирдагч Г.Дэмидийн нэр хүнд ард түмний дунд Зөвлөлтийн нэрт жанжин М.В.Фрунзе, С.М.Будённый нарын адил домог болтлоо хүндлэгдэж ирсэн юм.

Цэл залуухан 36 насандаа БНМАУ-ын өрлөг жанжин (маршал) цолоор шагнагдана гэдэг бол хэн хүнд олдоод байхгүй эрхэм хүндтэй хүндэтгэл мөн. Ид хийж бүтээх асар их хүсэл мөрөөдөл ажил үйлсийн үедээ 37 насандаа гаднын их гүрний гар хөл дотоодын атаа жөтөөрхөлөөс болж харийн нутагт хорлогдон үхэх эмгэнэлт хувь заяатай учирсан юм.

Түүнийг хорлон алаад зогсохгүй жирэмсэн эхнэр аав ах гээд бүх ойр дотны хүмүүсийг буудан хороож “Гэндэн-Дэмид”-ын эсэргүү бүлэг гэх зохиомол хэргээр гүтгэн доромжлон харлан буруутгах харанхуй цаг үе ч байсан юм. Гэвч урин цагийн эрхээр маршал Г.Дэмидийн үйл хэрэг алдар гавьяа хэнд ч худалдагдаагүй ухаан бодол оюун санааг олон түмэн ойлгон мэдэж авсан. Түүний хэлсэн ярьсан хийж хэрэгжүүлсэн бүхэн өнөө цагийн зэвсэгт хүчинд биеллээ олж хөрсөн дээр бат бэх соёолжээ.

Г.Дэмид бол Монголоо гэх сэтгэлтэй, жинхэнэ эх оронч эр цэрэг цэргийн чадварлаг жанжны нэг байжээ. Түүний хэрэгжүүлсэн үйл ажиллагааны дүнд 1930-д оны БНМАУ-ын батлан хамгаалах хүчин батжин бэхжиж орчин цагийн зэвсэгт хүчинд шинэчлэл авчирч хэний ч өмнө нүүр улайхааргүй зэвсэгт хүчинтэй болсон юм. МАХЦ-ийг бэхжүүлэх талаар БНМАУ-ын анхны өрлөг жанжны (маршал) нэг Г.Дэмидийн хийж гүйцэтгэсэн гавьяа зүтгэлийг хойч үе нь үргэл санан дурсаж явах болно.

[1] Бүх цэргийн зөвлөл. 1921-1934 он. Баримтын эмхэтгэл. УБ.,2010. Тал 147.

[2] БНМАУ-ын Их, Бага Хурлуудын тогтоол, Үндсэн хууль, тунхгууд. УБ., 1956. Тал 322.

[3] Дэмид Г. Илтгэл, өгүүлэл, хэлсэн үг (1930-1937). УБ., 1991. Тал 69.

[4] МАХЦ-ийн түүхэнд холбогдох баримт бичгүүд (1921-1945). Эмхтгэсэн Ц.Чойндон. УБ., 1974.Тал 281-313.

[5] БХЭШХ “Монгол Улсын төр, цэргийн зүтгэлтэн маршал Г.Дэмид”. Маршал Г.Дэмидийн мэндэлсний 95 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. УБ.1996. Д.Гомбосүрэн. “Монгол Улсын өрлөг жанжин (маршал) Г.Дэмид” илтгэл. 16-р тал.

[6] БХЭШХ “Монгол Улсын төр, цэргийн зүтгэлтэн маршал Г.Дэмид”. Маршал Г.Дэмидийн мэндэлсний 95 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. УБ.1996. С.Ганболд. “Маршал Г.Дэмид ба МАХЦ” илтгэл. 39-р тал.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 18. 20:25
Зочин

Одоо ч гэсэн түүний садан төрөл төрсөн нутаг оронд. Нь амьдарсаар б.а. Хүний удам садан төрөл тасардаггүй ажээ.

5 сар 25. 16:40
Зочин

Өрлг жанжин Г_Дэмид танд"
Гурван тамирын хөвөөнд Тайхар чулуу өндөрлөнөа
Гучаад оны түүхэнд Дэмид жанжин сүндэрлэнэ
Улс Монголынхоо төлөө цохилж явсан зүрх юмсан
Улааны хорлолд өртөж Тайгад шингэсэн үр юмсан

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]