Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Кинонд үлдсэн далд түүхУншсан313

Би хүнтэй зүй бусаар харьцаж, хүний амийг бүрэлгэн сүйтгэснээ ойлгон гэмшиж байна. Миний амийг өршөөхийг гуйя...

Шүүгч: -Та хүн рүү мэс далайж байхдаа юу бодож байсан бэ?

Саруул: -Юу ч бодоогүй. Уур хүрээд л...

Шүүгч -Очир таныг цохьсон юм уу, та өөрөө харуулдаж унасан юм уу?

Шүүгч: -Шүүгдэгч Саруул танд эцсийн үг болгож хэлэх зүйл байна уу?

Саруул: -Би хүнтэй зүй бусаар харьцаж, хүний амийг бүрэлгэснээ ойлгон гэмшиж байна. Миний амийг өршөөхийг гуйя...

/”Хүний амь” киноны хэсгээс/

 

1975 онд нэгэн шинэлэг сэдэв бүхий дэлгэцийн бүтээл гарсан нь Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнгийн “Хүний амь” кино байлаа. Хүн хүнээ хайрлахын утга учир, хүний амь ямар их үнэтэй гэдгийг үзүүлэхийн зэрэгцээ мөрдөн байцаагчийн хүнд бэрх, нарийн нягт ажиллагаа, хүнлэг сэтгэлийн тухай өгүүлсэн энэ кинонд рецетив  гэмт хэрэгтэн Бадарч, өсвөр насны залуус Саруул, Эрдэнэ нарын сул талыг ашиглан хулгай  хийлгүүлж, улмаар тэдэнд архи уулгаж буруу зам руу хөтлөнө. Тэд согтуу явж байгаад тохиолдлоор тааралдсан иргэн Очирын амь насыг бүрэлгэн хүн амины хэрэгт холбогдоно. Энэ хэргийг илрүүлэх явцад мөрдөн байцаагч Уламбаяр янз бүрийн хүмүүстэй уулзаж байгаaгaap нийгмийн сэтгэл зүй, ёс суртахууны асуудлыг хурцаар хөндөн гаргажээ. Эрдэнийн дүр бол хэргийн гол сэжүүрийг хөөх гогцоо болсон дүр. 16-хан настай залуу хүүгийн дүрийг Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар бүтээсэн бол олон удаа гэмт хэрэгт холбогдож байсан, залуу хөвгүүдийг уруу татсан Лхүндэв гэгчийн дүрийг Ардын жүжигчин П.Цэрэндагва, онгиргон зантай, айлын эрх танхи хүү Саруулын дүрийг СГЗ Ш.Гүрбазар бүтээжээ.

Кинонд зөвхөн гэмт хэргээр зогсохгүй, хүний сэтгэлзүйн олон асуудлуудыг хөнддөг билээ. Тухайн цаг үедээ “Нийгмийн хар барааныг гаргалаа, дэлгэц дээр муу муухайг мандууллаа” гэж ихээхэн шүүмжлэлд өртөж, улмаар киног гаргахыг зөвшөөрөөгүй байна. Нийгэм ийм байсан хойно. Гэтэл Цагдан сэргийлэх газрын дарга С.Бүдрагчаа ийм сэдэв байвал чухал хэмээн өмгөөлөн дэлгэцнээ гаргахыг зөвшөөрүүлжээ. С.Бүдрагчаа генерал байгаагүй бол уг кино дэлгэцэнд гарах боломжгүй байсан гэдгийг найруулагч нэгэнтээ дурдсан билээ.

Киног бүтээхийн тулд найруулагч хүнд гэмт хэргийн талаар маш нарийн судлгаа, гэмт хэргийн материалуудыг он оноор нь архиваас шүүн боловсруулсан. Уг киноны үйл явдлыг бодит хэргээс сэдэвлэсэн ч гэдэг. Тодруулбал,

...1965 онд үйлдвэр комбинатын нэгдүгээр байрны гадна онц ноцтой хүн амины хэрэг гарчээ. Тус байранд оршин суух Пүрэвжав гэгч цагдаагийн хэлтэст яаралтай мэдэгджээ. Энэхүү онц ноцтой гэмт хэргийг цагдаагийн дэд хурандаа Ламжавын Хорлоо шуурхай судлан мөрдөж тавхан хоногийн дотор гэмт этгээдийг илрүүлж чадсан байна. Хэргийн газарт очиход ирт мэсээр хөнөөгдсөн нэгэн хохирогч олдсон бөгөөд хэрэг гарсан газраас холгүйхэн хогийн савнаас хүний амь хөнөөсөн байж болзошгүй мэс олдсон байдаг. Дэд хурандаа Л.Хорлоо болон цагдан сэргийлэхийн ажилтнууд хавь ойрны орон сууц, зоогийн газар, албан газруудаас гэмт хэрэгтнийг хайж эхлэв. Гэтэл хэрэг гардаг өдрийн орой комбинатын дэлгүүрээс урьд өмнө нь харагдаж байгаагүй гурван халамцуу эр хоёр шил архи авч, хар шилтэй нэг эр нь мөнгийг нь төл гэж өндөр туранхайгаа загнаж байсныг мөрдлөгийн явцад илрүүлсэн байна. Гурван залуу архидан, согтуурч улмаар нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй гэдэг таамаг эндээс урган гарч, хэргийг мөрдөхөд Ахуйн үйлчилгээний гуравдугаар байранд хэрэг гардаг шөнө Дорлиг гэгч эр үл таних, өндөр шовгор малгайтай залуутай орж ирсэн бөгөөд маргалдаж эхэлсэн тухай мэдээлэл ч олджээ.

Ингээд хэргийн сэжүүрийг Дорлиг гэгч хүнээс эхлэхээр болсон байна. Үйлдвэр комбинатад нэлээд нэр бүхий атаман бужгар Дорлиг нь Зоргол хайрханы уурхайд ажиллаж байсан. Дорлиг нь Зорголхайрханы уурхайд ажилтай Далхаа гэгч өндөр, туранхай залуутай нэг айлд орж цай уугаад гарчээ. Цагдан сэргийлэхийн ажилтнууд хэргийг нягталж, таамаг сэжүүрүүдийг гаргасан нь хоорондоо тохирч байсан тул шуурхай ажиллаж гэмт хэрэгтэн Дорлигийг баривчилжээ.  Дорлиг хэргээ хүлээхгүй нэлээд мэлзэснээ, Далхаа гэгчтэй хамт архи уусан гэх илт зөрүүтэй мэдээлэл өгсөн нь бүр их анхаарал татаж байв. Хэргийн бас нэгэн сэжигтэн Далхаа гэгчийг сэргийлэхийн ажилтнууд баривчлав.

Далхаа “Би хүн амины хэрэг хийсэн. Нэгэнт болсон хэргийг яалтай ч билээ. Хорвоо ямар миний санаснаар болох биш дээ” хэмээн хэргээ хүлээв. Хэргийн процесс нь Далхаа гэгч нь Дорлигтой тааран түүний найз Баярсайхан гэгчтэй нийлэн архидан согтуурч улмаар Баярсайхантай маргалдан хороожээ. Хэрэг гарсны дараа Дорлиг нь Далхааг “Одоо чи хотод байж болохгүй, маргааш өглөө гэхэд Зоргол хайрханы уурхай руу очиж бүг. Чамайг хэн ч олохгүй, хэрэв илчлэгдэх юм бол өөрөө хэргээ хүлээгээрэй. Би ичээндээ орлоо” гэж хэлсэн. Кинонд ч мөн ийм өгүүлэмж байдаг бөгөөд тус кино энэхүү хэргээс үүдэн бичигдсэн гэдэг билээ.

Цагдаа хүний толгойд юун түрүүнд “Яаж хамгаалах вэ, яаж аврах вэ, яаж шийдэх вэ гэсэн үй олон яаж, яаж... гэдэг хүнд асуултууд эргэлдэж явдгийг зохиолч, цагдаагийн хошууч Уламбаярын дүрээр тун нарийн харуулсан. Энэхүү дүрийг Ардын жүжигчин Л.Жамсранжав бүтээсэн юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]