Орчуулсан Б.Бадрал
Уншигчдадаа геополитик болон олон улсын цэрэг зэвсэглэлийн салбартай холбоо бүхий цаг үеийн мэдээллүүдийг хүргэж байна.
Украин улс Оросын Хар тэнгисийн флоттой тэнцүү хүчтэй болохын тулд маш их мөнгө зарцуулах шаардлагатай
Британийн Засгийн газар Украины Батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэх үүднээс хоёр байлдааны усан онгоц, пуужингийн зэвсэглэл нийлүүлэх болсон байна. Энэ тухай Британи дахь Украины Элчин сайд Вадим Пристайко мэдээлжээ. Тэрээр “Дом” сувагт ярилцлага өгөхдөө Украин нь Их Британиас мина шүүрдэгч онгоц ойрын үед худалдаж авах тухай яриад “Тэд бол Их Британийн тэнгисийн цэргийн хүчинд ашигладаг орчин үеийн усан онгоц. Дээр нь бас хамгийн сүүлийн үеийн зэвсэг ашигладаг, НАТО-гийн стандартад нийцсэн” гэжээ.
Үүнээс гадна Украин, Их Британитай хамтран бага ангиллын усан онгоц барих, Азовын тэнгис болон Хар тэнгист хоёр боомт барих гэж байгааг хэлсэн байна. Боомтыг барьж өгөх Британийн компани ажлаа хэдийн эхлүүлсэн гэжээ. Пристайко нь Хар тэнгис дэх Орос ба Украины нөлөөг тэнцүүлэхийн тулд маш их зүйл хийх хэрэгтэй гэж мэдэгдээд “Бид Орос руу дайрах гээгүй, манай зорилго бол өөрийнхөө эргийг хамгаалах” хэмээжээ.
“ВВС”-гийн мэдээлснээр Украины Хар тэнгисийн флот одоогоор “Гетман Сайгадачный” гэдэг нэг фрегат, мина шүүрдэгч “Геническ”, десантын “Юрия Олефиренко” гээд нийт гурван том усан онгоц болон нэлээд хэдэн жижиг завинуудаас бүрдэж байгаа гэнэ. Нэг ч шумбагч, мөн шумбагч эсэргүүцэгч байхгүй. Харин Оросын Хар тэнгисийн флот 260 янз бүрийн зориулалт бүхий байлдааны усан онгоцтойгоос долоон шумбагчтай байна.
Тэгэхээр украинчууд Оросын Хар тэнгисийн флоттой тэнцүү хүчтэй болохын тулд маш их, бүр асар их мөнгө бас нэлээд олон жилийн хугацаа зарцуулах шаардлагатай нь гарцаагүй. Эдийн засаг, санхүү нь тун хүнд байдалд байгаа энэ улс хаанаас тэр их мөнгийг олох нь ойлгомжгүй. Уг нь өөрсдөө Николаевскт бүх төрлийн байлдааны усан онгоц барих арвин туршлагатай асар том усан онгоцны үйлдвэртэй атлаа өөрсдийн үйлдвэртээ байлдааны усан онгоц барих захиалга өгдөггүй, Туркийн үйлдвэрт “Ada” ангиллын корвет л дөрвөн ширхгийг захиалан үйлдвэрлүүлэхээр болсон байна.
Мэргэн буучийн винтовтой робот нохой
Жил бүр зохион байгуулагддаг АНУ-ын Армийн ассоциацийн хурал дээр мэргэн буучийн винтовоор зэвсэглэсэн робот нохой танилцуулсан тухай “Fox News” мэдээлж байна. “Ghost Robotics” компанийн бүтээсэн дөрвөн хөлт робот тусгай зориулалтын буучгүй винтовоор (SPUR, Special Purpose Unmanned Rifle) зэвсэглэсэн аж.
Винтовыг бүтээсэн “SWORD International” компанийн сайт дээр SPUR-ыг Ghost Robotics Vision-60 гэх мэт дөрвөн хөлт залуурчгүй платформ дээрээ өндөр нарийвчлалтай гал нээхээр тусгайлан бүтээсэн гэж онцолсон байна. Сайт дээр “Өндөр бүтээмжтэй датчикуудын тусламжтайгаар SPUR нь өдөр, шөнө цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах чадвартай” гэжээ. Ийм зэвсэгтэй робот нь тун удахгүй Америкийн тусгай хүчний хамгийн сайн найз нь болно гэж үйлдвэрлэгчид нь үзэж байгаа аж.
Нисэх онгоц тээгч цөмийн онгоцны нисдэг радар KJ-600
Хятадын “Xian Aircraft Corporation” (XAC) нь тэнгисийн цэргийн хүчний тавцангаас ашиглах боломжтой радио локацийн алсын илрүүлэлт ба удирдлагын онгоц болох KJ-600-г угсарч дууссан байна. “Jane's Defence Weekly”-ийн мэдээлснээр орон нутгийн ажиглагчид энэхүү бэлэн болсон загварыг аравдугаар сарын эхээр Сиянь-Янляны нисэх буудалд байхыг харж зургийг нь авсан байна.
KJ-600-гийн анхдагч загварын хоёр дахь бэлэн болсон хувилбар XAC компанийн угсрах цехүүдийн ойролцоох тавцанд хоёул зэрэгцэн байсан аж. KJ-600 нь Хятадын ирээдүйд баригдах нисэх онгоц тээгч дээр байрлах зориулалттай. Яагаад гэвэл Хятадын флотын зэвсэглэлд одоогоор байгаа "Ляонин", "Шаньдун” хоёр нь нисэх онгоцыг трамплинаас хөөргөхөөр тоноглогдсон тул “нисдэг радар”-ыг байршуулах боломжгүй. Жишээлбэл, Америкийн нисдэг радар болох “E-2 "Хокай" нь Америкийн нисэх онгоц тээгч цөмийн онгоц дээр зөвхөн катапульт буюу харвагч төхөөрөмж ашиглан хөөрдөг. Тиймээс KJ-600-ийг Хятадын нисэх онгоц тээгч одоогийн усан онгоц дээрээс хөөргөх боломжгүй бөгөөд цахилгаан соронзон катапультаар тоноглогдох дараа үеийн нисэх онгоц тээгчээс л ашиглах боломжтой болох юм.
Ингэснээр нисэх онгоц бүхий цохилтын бүлгийн радио локацийн хэрэгслийн алслалтыг эрс нэмэгдүүлэх бөгөөд агаарт байгаа сөнөөгч онгоцуудыг эсрэг талын бай руу чиглүүлж өгөх үүрэгтэй гэнэ.
KJ-600 нь анх 2020 оны наймдугаар сард агаарт хөөрч байсан. Одоохондоо онгоцыг олноор үйлдвэрлэх эсэх нь тодорхойгүй. KJ-600-гийн их биеийн дээд хэсэгт идэвхтэй фазлагдсан антенн бүхий өндөр хүчин чадалтай радар байршуулсан. Энэхүү шинэ радар нь “стелс” технологиор хийгдсэн тав дах үеийн F-22 "Раптор", F-35 зэргийг илрүүлэх чадвартай гэж мэдэгдэж байжээ.