Монголын Байгалийн Түүхийн музей 1924 онд "Үндэсний Музей" хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд Улаанбаатар хотын төвд одоогийн байршилдаа нүүж ирсэн ба 89 жил оршин тогтноод 2019 онд "газрын хөрснөөс арчигдлаа". Тус музей 1940-41 онд "Орон нутаг судлах музей", 1956-91 онд "Улсын төв музей" нэртэй байсан ба 1953 онд баригдсан музейн барилгын ашиглалтын хугацаа 2013 онд дуусаж, ашиглахад аюултай болсон тул музейн 6000 орчим үзмэрийг нүүлгэн шилжүүлсэн. Нэгэнт үзмэргүй болсон, барилгын ашиглах хугацаа нь дууссан тул байгаа барилгаараа "хотын үзмэр" болж асан музейн барилгыг яаж ч хичээгээд сэргээн засаж, анх баригдсан хэлбэрээр нь хадгалж чадсангүй нь харамсалтай.
Азийн өндөр хөгжилтэй орнуудад нүд булаам гоё сайхан барилга байшинтай, загвар дизайнтай музей олонтаа байдаг ч XX зууны эхэн хагаст Азийн өндөрлөгт Европын соёл иргэншлийн хэв маяг бүхий байшинтай музей ховор доо. Аягүйдвэл байхгүй ч байж мэднэ. Тэр ч утгаараа Байгалийн түүхийн музейн барилга нь өөрөө түүхийн ховор нандин үзмэр болчихоод байсныг энэ цагийн төр засаг ойлгож чадсангүй. Гэхдээ бид энэ удаа нэгэнт буулгаж орхисон музейн араас үг хэлэхийг гол болгосонгүй, харин аврая гэвэл арга нь олддог болохыг сануулах нэгэн түүхийг хүүрнэх гэсэн юм.
Энэ түүх өнгөрсөн зууны 70-аад оны үед болсон бодит явдал бөгөөд түүхийн аль ч цаг үед түүх соёлын уламжлалаа ойлгохыг хүсдэггүй, нурааж буулгахыг юман чинээ боддоггүй дарга нар байсныг гэрчлэхийн зэрэгцээ, мөн бидний амьдарч буй энэ цаг үед түүх соёлын дурсгалаа аргыг нь олоод аварч үлдээж чадах дарга нар байхгүй болсныг ч давхар батлах ажгуу.
XX зууны нэрт соён гэгээрүүлэгч, доктор Сономын Лувсанвандан нэгэнтээ өөрт тохиолдсон дурсамжаа хүүрнэж үлдээжээ. С.Лувсанвандан гуай гадаадад төдийгүй дотооддоо ч Монголын урлаг соёл, түүний дурсгалын төлөө ихээхэн тэмцэл хийж байсан аж. Ардынхаа урлаг, түүх соёлын дурсгалыг хамгаалахын тулд заримдаа бяцхан заль зохиохоос аргагүй байдалд ч хүрдэг байжээ.
1973 онд Соёлын яам, Монголын Урчуудын эвлэл (МУЭ)-ийн хороо нийлж "Тайз дэлгэцийн урлагийн засал чимэглэлийн байдал, түүний хэтийн төлөв” сэдвээр онол-практикийн бага хурал хийж, хэд хэдэн илтгэл хэлэлцүүлж театр, киноны, дүрслэх урлагийн 50 гаруй жилийн үйл явц, ололт, дутагдал, тулгамдсан асуудлыг хөндөж ярилцжээ. Энэхүү хурлын мөрөөр, нэгэнт боловсорсон материалыг түшиглэж "Театрын тайз чимэглэлийн урлагийн музей"-г шинээр Дүрслэх урлагийн музейн харьяанд байгуулах, түүнчлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн газрыг бий болгох хоёр асуудлыг шийдсэн.
Музейн барилгын асуудал их сонин шийдэгдсэн тухай С.Лувсанвандан гуай ийн өгүүлжээ.
"Тэр үед хуучныг хамгаалж, үндсэрхэх үзлийн илрэл гаргадаг гэсэн хардлага сэрдлэгт нэлээд хэмжээгээр холбогдож байсан надад бас нэгэн ноцтой асуудал тохиолдлоо.
МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга утсаар ярьж, “Идэр техникчдийн ордон, орон сууцны шинэ хорооллын дэргэд хуучны навтгар байшин үлдээж, хотын үзэмжийг эвдэж байна. Чи түүнийг хадгалж, хамгаалах гэж оролдож байдаг гэнэ. Танай харьяа байшин гэнэ. Иймээс уг байшинг маргаашийн дотор зайлуулах бэлтгэлийг хангаад надад мэдэгд” гэж үүрэг өгөв.
-Дарга аа, та намайг цөөн минут хүлээж авнауу? Би танд таницуулах зүйл байна гэж хүсэв.
-Одоо хүрээд ир гэж байна.
Ингээд уулзаж бусад асуудлын завсраар тухайн байшин нь Ханд чин вангийн зуны өргөө юм. Тэр ноён Оросыг түшиж, Хятадын эсрэг тэмцэж байгаад хүүгээ алдсан хүн, түүний Оросыг түших үзлийн бодитой баталгаа болгон Европ маягийн байшинг барьжээ. Энэ бол анхны юм гэж батлав. Үүнд үнэний хувь байсан юм шүү!
Дарга:
-За тэгвэл үлдээе. Ойрын үед засуулах нь зүйтэй. Чи тэгээд юу хийх юм бэ, хоосон байлгах юм уу? гэхэд
-Театрын музей байгуулах юм гэж хариулав. Ингээд даргын зүгээс нөхөр Майдар, Лувсангомбо нарт утсаар үүрэг өгөөд тэр муу байшин үлдсэн хэрэг. Хамгийн гол нь аврахад л байлаа. Дараа нь Майдар гуайтай ярьж циркийн ойролцоох хоёр гэрийг авах болов. Майдар гуай ч засуулж өгнө гэж амлав. Ингээд музей, бас Соёлын яамны үзэсгэлэнгийн тэнхимтэй болсон хэрэг. Харамсалтай нь үзэсгэлэнгийн тэнхмийг уран барилгын холбоонд алдаад, музейн байшинг гол орхиод өнөөдөр 16 жилийн дараа музей байгуулах асуудлаа бүр эхнээс нь дахиад ярьж суугаад харамсана. Ядахдаа эхлээд байшин сав багадлаа, тохирохгүй байна гэж ярьж суугаа бол ямар сайхан байх билээ. Бас 15 настай музейтэй айл ирээдүйд хүнд үзүүлэх юмтай, ирээдүйг ярих үндэстэй болсон байх байжээ. Энд л хамаг учир байна” хэмээн дурсжээ.
Аврая гэвэл арга нь олддог ажгуу.
Одоо манай нийслэлд сүм хийдээс өөр түүхэн барилга хуруу дарам цөөхөн үлдлээ. Саяхан даа, Ардын Засгийн газрын Ерөнхий сайд асан Пэлжидийн Гэндэнгийн амьдарч байсан байшинг гэр музейн байдлаар ашиглаж байсныг нурааж, өндөр байшингийн суурь барьж байна.
Одоо Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан, тусгаар тогтносон Монгол Улсын анхны гадаад хэргийн сайд явсан эх оронч Ханддоржий нийслэл хүрээнд бариулсан гэр-ордон түүхийн үнэлж үл болох үнэт өв болж үлджээ. М.Ханддорж шинэ тулгар төрийн Гадаад яамны сайдаар тохоон томилогдсоноос их Хүрээнээ байнга суурьших болж 1911 онд Богд эзнээс шагнасан зэрэг пүнлүү, олгосон лан мөнгөн дээр хувиасаа нэмэрлэн 3800 лан мөнгөөр Буяндалай, Доржбилэг нарын мужаан пүүстэй тохиролцон энэ байшинг бариулж 1913-1915 оныг дуустал энэ байшинд амьдарчээ. 1941-1948 онд Улсын II зэргийн хамгаалалтад авч, 1973 онд СнЗ-ийн 259-р тогтоолоор сэргээн зассан түүхтэй. Богд хааны ордон музейг эс тооцвол манай тунхаглан зарласан тусгаар улсын сайд нарын түүхээс ганц энэ байшин л үлдэж дээ.
Мөнгөөр толгойгоо мэдүүлсэн эрх мэдэлтнүүдийн гайгаар хамаг түүхийн буюу хуучин барилгуудад акт гаргуулсан болоод нурааж шинэ барилга барьж байгаад их харамсаж байна Тийм их мөнгөтэй юм бол хотын зах руу шинэ барилгаа барина биз дээ А бүс рүү шунадаг луйвраа зогсоож цөөхөн үлдсэн хуучин барилгаа тордож хамгаалах зүйтэй байх өө Бусад оронд хэдэн зуун жил болсон барилгаараа бахархаж байхад манайд 50, 60 жил болов уу үгүй юу нураах юм
Haramsaltai yuma hoich uedee uldeeh tuuhiin geh zuil 1 ch bhgui boloh yum bna l da