Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дракула коммунистуудыг ялсан ньУншсан9,131

Үүнээс үндэслэн Румыний түүхчид Дракулаг харийн түрэмгийллээс ард олноо хамгаалах баатар болгосон байтал барууны шар толгойтнууд ардын баатрыг “цус сорогч” болгон нэрлэж байгаа нь румынчүүдэд таалагдахгүй байв.

Жуулчдын соронз болсон нь

Румын улсын нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг эзэлдэг Трансилвань хэмээх газар нутгийн нэр нэгэн “алдартан”-ы нэртэй бараг л адилхан сонсогддог болсон юм. Тэр бол Дракула гүн. Английн зохиолч Брэм Стокер 1897 онд “Дракула” хэмээх ном бичиж олон нийтэд хүргэсэн нь түүнд хэмжээлшгүй их алдар нэрийг авчирсан юм. Ном нь зохиогчдоо алдар нэрийг авчирсан, Карпатын уулсын дундах нэгэн эртний цайзад амьдардаг цус сорогчийн түүхийг бүгдэд танил болгосон зэргээс гадна Трансилвань нутгийг сонирхогчдын эцэс төгсгөлгүй цувааг бий болгосон түүхтэй.

Зохиолын ихэнх үйл явдал Английн хатан хаан Викториягийн үеийн Лондон хотод өрнөдөг боловч Трансилванийн тухай зохиогчийн тайлбарсан “харанхуй, зэрлэг, шинжлэх ухаан болон орчин үеэс тасарсан” гэх тодорхойлолт нь адал явдал хайгчдын хорхойг хүргэжээ.

Сонирхолтой нь Брэм Стокер хэзээ ч Трансилвань нутагт очиж байгаагүй аж. Гэсэн хэдий ч түүний айдас хүйдэс дагуулсан бүс нутгийн тухай дүрслэл Европт хэдийнэ танил болж, энэ хэрээрээ олны төсөөлөлд үлдсээр иржээ. Мөн Дракула гүнгийн дүр төрх, зохиомж нь цус сорогчдын тухай нийтлэг дүрслэлийг кино урлаг, ном зохиолд тусгаж ирснийг хэлэх юун.

Гэхдээ энэхүү нийтлэлд Брэм Стокерийн алдартай зохиолын үйл явдлыг өгүүлэх гэсэнгүй. Харин Дракулагаас гадна есөн шидийн цус сорогчдын тухай ном зохиол, кинонуудаас Румын улс маш их орлого олдог ба, энэ улсын эдийн засагт хэрхэн ихээр нөлөөлдгийг та бүхэнд сонирхуулах гэсэн юм. 

Монголд анхны кино гарахаас 5 жилийн өмнө буюу 1931 онд Дракулагийн тухай кино баруунд бүтээгджээ

Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойшхи арваад жилд Европ арайхийн сэргэн босож, хүмүүсийн аж амьдрал дээрдэж ирсэн 1956 онд л гэхэд “Цус сорогчдын эх орон”-ыг үзэхээр Румынд ирсэн жуулчдын тоо 5000 байснаа 1960 он гэхэд огцом өсч 103 мянга болжээ.

Ингээд 1970 он гэхэд Румынд жуулчилсан Дракулагийн шүтэн бишрэгчдийн тоо 2 сая 300 мянга болтлоо гэрлийн хурдаар нэмэгдэв. Дракулагийн шүтэн бишрэгчид Трансилваньд зүгээр үзэж хараад, гэрэл зураг дараад жуулчлаад явсангүй тус нутагт зогсолтгүй эрэл хайгуул хийж, тэр чинээгээрээ элдвийн тэмдэглэл, ном зохиол, кино Европ, Америкийн улс болгонд л нээлтээ хийж байснаас жуулчдын тоо гэрлийн хурдаар өсөхөд нөлөөлж байв.

Энэ үед Румын улс соц дэглэмийн хаалттай улс байсан шүү дээ гэж та гайхаж магадгүй. Румын нь үнэхээр Варшавын гэрээний орнуудын нэг бөгөөд ЗХУ-ын холбоотон социалист улс байсан. Соц лагерийн аль ч оронд үзэл суртлын үл үзэгдэх гар хүчтэй байж, барууны капиталистуудад хаалттай байсныг та бид мэднэ.

Социалист Румын ба Дракула

Гэхдээ Румын арай өөр байв. Соц дэглэмийн хөрш орнуудаа бодвол румынчууд барууны жуулчдыг дуртайяа хүлээн авдаг байв. Жуулчлал Румынд өөрийн үзлийг бусдад түгээх, бас бусад орнуудтай нөхөрсөг харилцаа тогтооход тустай байсан аж. 1967 онд Румыний Засгийн эрхэнд гарсан Николае Чаушеску дараа жил нь болсон “Прагийн хавар” (Варшавын гэрээний орнууд Чехийн ард түмний хувьсгалт эсэргүүцлийг цэрэг, улстөрийн хүчээр нухчин дарсан)-ыг буруушаан ЗХУ-ыг хурцаар шүүмжилжээ. Ингэснээрээ тэр Румынийг бусдын заавар, зааварчилгагүйгээр бие даасан бодлого явуулж эхэлсэн гэдгийг зарласан хэдий ч өөрөө хэмжээлшгүй эрхт дарангуйлагч болсон. Бусад социалист дэглэмтэй орнуудаар юу хийхээ заалгалгүй барууныхантай дураараа харилцаж байсан ч түүний энэ бодлогод мөнөөх л Дракула гүнгээс эхтэй аялал жуулчлал чухал үүрэг гүйцэтгэж байв.

Чаушеску барууныхан тус улсад жуулчлахад улам л амар хялбар болгож, хилийн шалгалт бага, визний өртөг хямд төсөр болгов. Харин эндээс орж буй орлого Румыний ард түмэнд гэхээс илүүтэй Чаушеску болон төрийн өндөр алба хашиж буй түүний хэдэн зуун төрөл төрөгсдийн гэр бүлийн халаасанд орж байв.

Гэхдээ цагийн эрхээр Трансилванийг зорьсон Дракулагийн шүтэн бишрэгчдийн урам хугарч байлаа. Дракулагийн ачаар гадаад өрөө тэглэж, автомашины үйлдвэрлэлд анхаарал хандуулсан Чаушескугийн бодлого ч өөрчлөгдөх болов.

Цус сорогч уу, үндэсний баатар уу?

III Влад Цепеш

Румынчууд ихэнхдээ Дракулагийн талаар маш бага зүйл мэддэг болохыг жуулчид ойлгоод хачирхдаг байлаа. Арга ч үгүй юм. Брэм Стокерийн ном хаа байсан 1990 онд л Румынд хэвлэгдсэн юм. Хэдийгээр номын хэсгээс “Реалитата Илустрата” хэмээх Бухарестын сэтгүүл 1930-аад оны үед цувралаар нийтэлж байсан ч румынчууд Дракулагийн цайз руу очих зам эсвэл Румын дахь цус сорогчдын талаар асуухад хачирхсан харцаар харахаас өөрөөр жуулчдад тусалж чадахгүй байв.

1972 онд Нью-Йоркийн жуулчны компани “Женерал Турс” Дракулагийн сэдэвт аялал “Дракула дээр тусгасан гэрэл”-ийг зохион байгуулжээ. Аялагчдыг хорон санаанаас хамгаалахын тулд сармис авч явахыг зөвөлсөн ба Румыний аялал жуулчлалын сайдад Брэм Стокерийн номоос анхаарал татаж болохуйц нэг бүлгийг явуулжээ.

Гэвч энэ нь ацан шалаанд оруулав. Өнгөрсөн үеийн үл мэдэгдэх далдын хүчинд суурилсан жуулчны компанийн төсөл шинжлэх ухаанч коммунистуудтай нүүр тулав. “Дракулагийн жуулчлал” Трансилванийг Румыний орчин үеийн, хөгжиж буй, үйлдвэржсэн улс гэж харуулах дүр зурагтай тэрсэлдэх харанхуй аймшгийн газар болгон харагдуулахыг шаардаж, хэмжээлшгүй эрхт дарангуйлагчийн дургүйг хүргэв. 

Үүнээс илүү асуудал ч байлаа. Румыний түүхэнд жинхэнэ Дракула байсан. XV зуунд III Влад (Цовдлогч Влад) гүнтэн Османы байлдан дагуулагчдын эсрэг тэмцэл өрнүүлэхдээ дайснууддаа хэтэрхий харгис хэрцгий хандаж, цус урсгаж байснаараа алдартай байлаа. Влад өөрийгөө Дракулае буюу “Лууны хүү” гэж нэрлэжээ. Учир нь түүний аав II Владыг Османы туркуудтай тулалдаж байхдаа гаргасан эр зоригийнх нь төлөө ард түмэн “Луу” хэмээн хүндэтгэж байв.

Үүнээс үндэслэн Румыний түүхчид Дракулаг харийн түрэмгийллээс ард олноо хамгаалах баатар болгосон байтал барууны шар толгойтнууд ардын баатрыг “цус сорогч” болгон нэрлэж байгаа нь румынчүүдэд таалагдахгүй байв.

1972 онд Раду Флореску болон Реймонд Т.МакНэлли нар “Дракулагийн эрэлд” номоо хэвлүүлж, түүндээ Брэм Стокерийг номоо бичихдээ III Владаас сэдэвлэсэн хэмээн тайлбарласан нь асуудлыг бүр ч хурцатгав.

Ямар улс үндэсний баатраа цус сорогч болгон харуулахыг хүсэх вэ дээ. 1973 онд Румыний аялал жуулчлалын яам “Дракула: Домог ба Үнэн” хэмээх III Владын амьдралд үндэслэсэн аялал зохион байгуулав. Түүхэн Дракула болон уран зөгнөлт цус сорогчийн ижилсэлд цэг тавих зорилготой аялал.

Ингээд ч нэмэр болсонгүй, жуулчид Брашов хотын ойролцоох Бран цайзыг зорьсоор байв. Учир нь Бран цайз III Владтай маш бага холбоотой хэдий ч зохиолынхтой адилхан байж. Уг нь цайзыг Румын улс дундад зууны үеийн уран зургийн музейн байдлаар ашиглаж байсан ч 1960-аад оны Бран цайз “Дракулагийн цайз” гэх нэрээр баруунд алдаршиж, аяллын компаниуд ч энэ нэршлээр нь жуулчдадаа танилцуулж байв.

Дракулагийн шүтэн бишрэгчид коммунизмыг дөнгөв

Бран цайз

Орон нутгийн удирдлагад ажиллаж байсан Алесандру Мисиуга хэмээгч зураач, зохиолч нэгэн эр асуудлыг өөрөөр харжээ. Тэрээр Брэм Стокерийн номонд гардаг Дракулагийн цайз орших одоогийн зүүн хойд Трансилвань дахь Биштрита мужийн удирдлагад ажилладаг байв. Александру Мисиуга барууны жуулчид Биштритад Дракулагаас болж ирдэг байсныг мэдэж байсан хэдий ч, ихэнх румынчууд шиг зохиолын талаар бараг мэддэггүй байж. Тэрээр Бран цайзын ойролцоо Баргау жим хэмээх газар (мөн л Стокерийн зохиолд дурдагддаг) баригдаж байсан шинэ зочид буудлыг “Алтан титэм” гэж нэрлэх зоригтой санаачилга гаргажээ. Ингэснээрээ жуулчдыг татахыг тэрээр гадарлаж байв. Стокерийн номонд Английн хуульч Жонатан Харкер хэмээгч эр “Алтан титэм” буудалд хоноглодог юм.

Энэ нь мэдээж коммунистуудад таалагдсангүй. Тэгсэн хэдий ч Мисиуга албан тушаалтнуудыг ятгаж шинэ зочид буудлын нэрийг өөрийнхөөрөө зөвшөөрүүлж чаджээ. Зочид буудал 1974 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийж, хоолны цэсийг нь хүртэл Харкерын оройн хоолоос сэдэвлэж дөнгөжээ.

Мисиугагийн бодсончлон зочид буудал жуулчдыг соронзон мэт татсан ба орон нутагт нь хөрөнгө мөнгө урсан орж ирэв. Мисиуга ингээд ч зогссонгүй дахин өөр нэгэн зочид буудлыг Стокерийн зохиолд гардаг цайзын байрлалд барихыг хүсэв. Аялал жуулчлалын  яамнаас түүний хүсэлтийг олон удаа буцааж байсан ч эцэст Мисиуга Чаушескугийн бодлыг хүртэл эргүүлж чадсан юм.

1983 онд Тихута зочид буудал нэртэйгээр элдэв амьтдын гавлын ясаар чимэглэгдэн Дракулагийн зохиолын төсөөлөлтэй ойртуулан нээгдсэн зочид буудал аажимдаа “Дракула зочид буудал” хэмээн нэрлэгдэв. Коммунистууд цус сорогчийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч хэмжээлшгүй эрхт дарангуйлагчид нухлуулсан ядуу буурай Румын улсад Дракулагийн шүтэн бишрэгчдийн доллар илүү хэрэгцээтэй байсан нь мэдээж хэрэг.

Н.Доржсүрэн

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 4. 22:15
Дракула номд дуртай

Брашов хот биш Варшав хот. Румыны нийслэл. Парис нь Унгарын нийслэл.

6 сар 9. 14:26
Зочин

Тэнэг минь ямарч мэдлэгтэй соёлтой хүн Унгарны нийслэл Токио гэдгийг мэдэж байх хэрэгтэй

6 сар 13. 18:48
Газарзүйч

Токио улсын нийслэл Унгар хот ш дээ.
Тархиа цэнэглэ

7 сар 2. 23:28
Зочин

tegeed ulaanbaatariin niislel yu yum be.bur tolgoi eregchihlee...

7 сар 2. 23:33
Зочин

dashinchilen bizdee malaa yadaj baga surguulia duurgehgui yasan yum be...Molorerdeniig dagaad haana ch bilee gadaadad surguuli tugsuud orig tarhia soruulaad baahan savantai us shahuultsan yumuu...

6 сар 7. 21:57
Зочин

Uuchaarai ! Brashov gej bhad Polishiin niislel Varshav-tai yagaad hamaatuulah geed bn ! Gazar zyin nom olj unshildaa hicheeldee anhaarch chadaagyi yvsaar bgaagaa yun gargaad bgaa m be hu???...

6 сар 6. 19:24
Зочин

Юу дэмийрээд байгаа юм бэ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]