Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Саддам Хусейны гол найдвар Горбачёв байжээУншсан12,561

Саддам Хусейн 1937 онд төрсөн. 1954 онд Иракийн тухайн үеийн улс төрийн сөрөг хүчний нууц бүлгэмд элсэж нэгэн нууц ажиллагааны үеэр шархдсан байна. Тэрээр шархдан амь гараад нутгаасаа зугтан Сири, Египет улсуудад хэсэг амьдарч байгаад 1963 онд өөрийн “Баас” нам нь төрийн эргэлт хийх үед нутагтаа иржээ.

Саддам Хусейн 1937 онд төрсөн. 1954 онд Иракийн тухайн үеийн улс төрийн сөрөг хүчний нууц бүлгэмд элсэж нэгэн нууц ажиллагааны үеэр шархдсан байна. Тэрээр шархдан амь гараад нутгаасаа зугтан Сири, Египет улсуудад хэсэг амьдарч байгаад 1963 онд өөрийн “Баас” нам нь төрийн эргэлт хийх үед нутагтаа иржээ.

Удалгүй 1968 онд түүний “Баас” намынхан төрийн эрхийг гартаа авчээ. Түүний ойрын садангийн хүн болох Ахмед Хасан Аль Бакар 1979 он хүртэл Иракийн ерөнхийлөгч байв. Харин түүнээс Саддам Хусейн ерөнхийлөгчийн суудлыг нь авсан байна. Саддам Хусейныг Иракийн тэргүүн болоход Америк туслалцаа үзүүлсэн талаар мэдээллийн хэрэгслээр нэг биш цацагдаж улс төр, цэргийн шинжээчид ч түүнийг баталдаг.

Ойрхи Дорнод дахь 1973 оны “Ёом киппүрийн дайн” газрын тосны анхны хямралыг эхлүүлсэн нь өрнөдийнхөн тус бүс нутагт Иран, Израйлиас өөр холбоотонгүй болох шахав. Сири-Ливи-Египет-Саудын Араб хамтарсан нь хүчний тэнцвэргүй байдлыг үүсгэсэн учраас тэдэнд газрын тосоор баялаг өөр нэгэн хамтрагч хэрэгтэй болсон нь Саддам байж. Улс орныг ганхуулах хамгийн сайн найдвартай арга нь өрсөлдөгчдийг хооронд хүч үзэхэд туслах.

Энэ үүднээс Саддам Иракийг АНУ-ын туслалцаатайгаар гартаа авч чадсан юм. Ираны шахтай хамтын сайхан ажиллагаа өрнүүлж байсан АНУ нь 1979 онд Ираны хувьсгал гарахад Шах Реза Ханыд туслаагүй бөгөөд хувьсгал өөрсдөд нь ашигтайгаар эргэхийг харзнаж байсан болов уу. Гэтэл Ираны хувьсгал АНУ-д ашиггүй төдийгүй хортойгоор туссанаар Иран дахь цэргийн баазуудаа хааж ахин энэ орны хаалгыг татах эрхгүй болсон байдаг.

Тиймээс тэд Иран-Иракийн дайныг эхлүүлж Иракийг дэмжсэнээр 1980-1988 он хүртэл аль аль талаас нийтдээ 2 сая цэрэг эрс амь насаа алдсан байдаг. Иран-Иракийн дайн нь 1979 оны Ираны хувьсгал эмх замбараагүй байдлыг Ирак ашиглан эхлэж довтлосоноор энэхүү дайн эхлэсэн. Дайн эхлээд 1980-1982 он гэхэд Ирак ялагдал хүлээж энхийн хэлэлцээр эхлүүлэхийг хүссэн боловч Иран зөвшөөрөлгүй дайтсаар 1988 онд гал зогсоохийг зөвшөөрсөн байдаг.

Энэ үед Иракийн ард АНУ байсаар байсан. Өөрийн давуу байдалдаа эрдсэн Саддам 1990 онд Кувейтэд довтолжээ. Кувейт өмнө нь Иракийн нэг хэсэг байсан билээ. 1930 онд газрын тосны нөөц илэрсэн нь өрнөдийн орнуудын анхаарлыг татаж тусгаар улс болгоход нь түлхэц болсон биз ээ. Кувейтийг эзэлсэн Саддам дэлхийн улс төрийн тавцан дээр гарч ирэх боломжтой болгосон гэдэгт эргэлзээгүй. Учир нь түүнд дэлхийн газрын тосны 5/1 байв. Ахин газрын тосны хямрал эхлэв. Дэлхийн том жижиг гэлтгүй олон улсын эдийн засаг дагаж ганхлаа. Улмаар Америк өөрсдийн бүтээл болох даварсан нөхрийг хашраах арга сэдэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулан Иракт цохилт өгөхөд 45 улсаар гарын үсэг зуруулж, 30 орчим улсаас цэргийн дэмжлэг авав.

1991 оны хоёрдугаар сарын 24-нд АНУ тэргүүтэй эвслийн цэргийн хүчин давшилтад орох мөчид Саддам Хусейн уур хилэнгээ огт хамаагүй хүн буюу Зөвлөлтийн удирдагч Михайл Горбачевт илэрхийлж байжээ. Тэрбээр холбоотнуудын хуурай замын ажиллагааг эхлүүлэхгүй байхыг оролдохдоо Гадаад харилцааны сайдаа 11 цагийн хугацаатай шуурхай айлчлалаар Москва руу томилон явуулсан байна.

Горбачев Хусейнд хандан Иракийн цэргийг гурван долоо хоногийн дотор Кувейтээс гаргах санал тавьжээ. Гэвч иракчуудыг тэндээс хүчээр цохин гаргахаар америкчууд нэгэнт шийдсэн байлаа. Хусейн өмнөх орой нь ЗХУ-ын Ерөнхийлөгчид илгээсэн илгээлтдээ “нөхцөл байдал муудаж байна. Манай улс, арми яахаа мэдэхгүй сандралд ороод байна. Бид ЗСБНХУ-ын саналууд, америкчуудын сүрдүүлэг хоёрын алийг нь илүү харгалзан үзэх вэ? гэдэг асуулттай тулгараад байна” гэж онцлон тэмдэглэжээ. Хусейн итгэлтэй туслахуудтайгаа ярилцахдаа нэг их дипломат зан гаргалгүй Горбачевыг америкчуудыг зогсоохыг үл хүсэгч «өөдгүй новш” гэж нэрлэн, “тэр биднийг мэхэллээ”, “түүнийг биднээс урвана гэдгийг мэдэж байсан юм” хэмээн дургүйцэж байжээ.

Персийн булан дахь хуурай замын ажиллагааны эхний өдөр Хусейны хаалттай байдалд хийсэн ярианы тухай мэдээ, зөвлөгөөнүүдийн явцын тухай дуу хураагчийн 2300 цагийн бичлэг, олон сая хуудас материал бүхий нэн сонирхолтой материал Иракийн архивт хадгалагдаж байна. Энэ “эрдэнэсийн санг” америкчууд 2003 онд Иракт халдан довтолсныхоо дараа олзонд авчээ. 1991 оны нэгдүгээр сарын 17-нд агаараас цохилтоор эхэлсэн “Цөлийн шуурга” ажиллагаанаас хойш хорин жилийн хугацаа өнгөрсөнтэй холбогдуулан гурван тийм бичлэгийг нийтэд дэлгэсэн байна. Үндэсний цэргийн их сургуульд одоо хадгалагдаж байгаа тус архивын фондын багахан хэсгийг нийтэд нээлттэй болгож, судлаачдад ашиглуулах болсон байна.

Персийн булангийн дайны түүх хангалттай судлагдсан боловч тэр үед Иракийн дээд удирдлагын дотор юу болж байсан тухай маш сонирхолтой шинэ дэлгэрэнгүй мэдээлэл бүхий гурван бичлэгийг нийтэд дэлгэжээ. Эдгээр бичлэг Саддам хусейн Горбачевын үйл ажиллагаанд тун дургүйцэж байсныг ч, тэр америкийн цэргийн тактикийг огт ойлгоогүйг ч гэрчилж байгаа юм. Хусейн Иракийн цэрэг амжилт олж байгааг өчүүхэн төдий ч гэсэн гэрчилсэн мэдээ дуулаад алга ташихад бэлэн байсан захирагдагсаддаа хандаж америкчууд хуурай замын дайн хийж зориглохгүй гэдэгт итгэлтэйгээ байгаагаа илэрхийлж байжээ. Америкчууд Иракийнхаас дөрөв дахин бага хохирол амслаа ч гэсэн Вашингтоны “өвдөг чичирнэ” гэж тэр зоригтойгоор урьдчилан хэлж байв.

Холбоотнуудын нисэх хүчний ажиллагааг хүндрүүлэхээр газрын тосны цооногуудыг түймэрдэх нь дэлхий дахинд дургүйцэл төрүүлэхгүй байх тун үр ашигтай тактик мөн гэж тэр хамтран зүтгэгчдэдээ батлан хэлж байжээ. Саддам болон Иракийн бусад удирдагч хуурай замын давшилт эхэлсэн талаарх хоорондоо зөрчилтэй мэдээллийг хүртэл буруу тайлбарлаж байсан байна.

Горбачев уг хямралыг өөрийн холбоотон Иракийг хамгаалахын сацуу ЗСБНХУ бол олон улсын дипломат үйл ажиллагаанд АНУ-тай эн зэрэгцэхүйц, эрх тэгш түнш гэдгийг харуулан зохицуулахыг эрмэлзэж байсныг дээрх бичлэгүүд гэрчилж байна. Ингэхдээ тэр үүний төлөө Бушийн засгийн газартай тогтоосон харилцаагаа муутгахгүй байхыг хичээж байжээ. Буш Горбачевыг тайвшруулахыг хичээж байсан ч Иракийн цэргийг ямар нэг урьдчилсан болзол тавилгүйгээр Кувейтээс гаргах тухай шаардлага дээрээ хатуу зогсож байлаа. Тэр 1991 оны хоёрдугаар сарын 22-нд Зөвлөлтийн удирдагчтай утсаар ярихдаа, “Та бүхний хувьд энэ бол хөрш бүс, зарим улс орнууд нь танай найз нөхөд. Бид тус бүс нутаг дахь ЗСБНХУ-ын эрх ашгийг харгалзаж байна. Би тэндээс аль болох түргэн цэргээ гаргахыг хүсэж байна. Үүнийг Иран болон бусад улсууд хэрхэн хүлээн авч байгааг би ойлгож байна” гэжээ.

Буш, Горбачев хоёр Иракийн дайн ид өрнөж байхад халуухан ярилцаж байсан хэдий ч тэд ЗСБНХУ, АНУ-ын сайн харилцааг хэвээр хадгалах асуудалд голчлон анхаарч байсан юм. Энэ тухай Техасын хөдөө аж ахуй техникийн их сургуулийн харьяа Бушийн нэрэмжит удирдлага төрийн албаны хүрээлэнгийн профессор Жефри А.Энгел ярьж байна.

Хоёрдугаар сарын 21-нд Иракийн Гадаад харилцааны сайд Тарик Азиз Москвад хүрэлцэн иржээ. Мөн өдөр ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч Багдадын байр суурьт “өөрчлөлт” гарах хандлага ажиглагдах болов уу гэж би үзэж байна гэж Буштай утсаар ярихдаа мэдэгджээ. Энэ ярианы бичлэг Бушийн номын санд хадгалагдаж буй. Горбачев хэлэхдээ, Ирак Персийн булангийн хямралыг зохицуулах явдлыг Ойрхи Дорнодын бусад асуудалтай холбож үзэх шаардлагагүй гэдгийг дурдсан байна.

Кувейтээс цэргээ гаргахад бүтэн хагас сарын хугацаа шаардагдана гэж Багдад эхлээд эрс хатуу мэдэгдэж байсан ч Зөвлөлтийн тал уг хугацааг хоёр дахин багасгахыг шургуу шаарджээ. Энэ хувилбар Бушийн байр суурьтай нийцэхгүй хэвээр байв. Тэрбээр Иракийн цэргийг үг дуугүй гаргаж, Кувейтэд дайны төлбөр төлөн, хими, биологи, цөмийн зэвсэг бүтээхтэй холбоотой Хусейны хөтөлбөрийг цуцлахыг шаардаж байлаа.

Гэвч Горбачевын дипломат хүчин чармайлт ердөө дараа өдөр нь гэхэд бүтэлгүйтсэн юм. Хоёрдугаар сарын 22-нд Буш Зөвлөлтийн удирдагчтай ярилцахдаа Хусейны тушаалаар Кувейтын газрын тосны цооногуудыг түймэрдсэн явдлыг “хуйхалсан газрын тактик” гэж нэрлээд хуурай замын цэргийн ажиллагааг нэн даруй эхлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Тэрбээр Иракт Кувейтээс цэргээ долоо хоногоос илүүгүй хугацаанд гаргахыг Багдадад тулган шаардсан байна. Шаардлагын хугацаа дуусахаас хэдхэн минутын өмнө Буш Горбачев хоёр дахин утсаар ярилцсан ажээ. “Жоржоо, тайван байцгаая. Саддам хугацаа сунжруулах нь мэдээж, гэхдээ бид ч тэнэг амьтан биш шүү дээ” гэж тэр нэмж хэлсэн байна. Гэвч Бушийн тэвчээр барагджээ. Тэрбээр “Хэрэв иракчууд цэрэг гаргах тухай шаардлагыг биелүүлэх бодолтой байгаа бол тэд одоо хэдхэн минутын дотор үйл ажиллагаа явуулж эхлэх нь чухал байна” гэв.

Дараачийн өглөө нь Багдадад Саддам Хусейн Москвагаас ирсэн Гадаад харилцааныхаа сайдынхаа илтгэлийг сэтгэл догдлон хүлээж байжээ. “Нөхөр Тарик хэзээ ирэх вэ?” гэж тэр яарч бачимдан асуусан байна. Азиз Багдадад хараахан ирээгүй байна гэсэн хариу сонсоод Хусейн ууртайгаар “Хараахан ирээгүй байна гэсэн чинь юу гэсэн үг вэ?” гээд “Тарик Азиз Багдад буцаж ирж байна” гэсэн сонины гарчгийг чанга дуугаар уншжээ.

Тэр зуур Азиз Хусейны албан тасалгаанд орж ирэхэд тэрээр сайдаасаа “Чи яаж байна, бас Буш шиг гэнэтийн бэлэг барих дуртай юм уу?” гэж инээн асуусан байна. Азиз Америкийн сөнөөгч нисэх онгоцнуудтай дайралдахаас зайлсхийж, Иорданд буун тэндээсээ Багдадад машинаар ирлээ гэж тайлбарлажээ. Тэр хоёрын аль аль нь хөршүүдээсээ тусламж авна гэдэгт онц найдахгүй байв. Туслахуудаас нэг нь Иракийн байр суурийн тухай асуусан байна. “Энэ иранчуудаас үнэндээ залхаж гүйцлээ” гэж Азиз хариулжээ. Ирак Ирантай 8 жилийн турш байлдаж, уг дайн 1988 онд дууссан билээ.

Америкчууд тэнгис талаас дайрах байх гэж тэд үзэж байсан боловч үнэндээ тэнгисээс десант буулгахаар бэлдэж байсан нь анхаарал сарниулсан ов мэх байжээ. Америкчууд хэд хэдэн хэсэгт тандах байлдаан хийснийг Хусейн эхлээд том хэмжээний давшилт гэж үзээд иракчууд тэдгээр дайралтыг няцааж чадлаа гэж бодсон байна. Энэ нь эхний цохилт байсан бол тэдний давшилт бүтэлгүй боллоо гэж тэр тайлбарлаж байсан байна. Гэвч байдал ноцтой болсон нь цаг тутам улам тодорхой болж байжээ. Өөрийн болзлын дагуу хэл амаа ололцох гэсэн хүчин чармайлт нь бүтэлгүй болсонд цөхөрсөн Иракийн удирдагчид хуурай замын ажиллагааны үеэр хүлээх хохирол нь Бушийг шаардлагаа зөөлрүүлэхэд хүргэнэ гэж тооцох болов. “Америкчуудыг аль болох олноор нь устгах бололцоог бидэнд олгооч” гэж Атшах бурханд залбирцгаая, ингэвэл бид хэрэгтэй үр дүндээ хүрэх бололцоотой болно” гэж Азиз хэлж байжээ.

Харин Саддам “Кербеллад ороод ирцгээг. Энэ хот тэдний хувьд оршуулгын газар болно” гэж тун итгэлтэй айлдаж байсан байна.

Шүүсэн нь

Дээр дурдсан үйл явдлууд өрнөж байсан цаг үеэс хойш арав илүү жилийн дараа буюу 2003 онд Ирак АНУ-д эзлэгдэж, улмаар Саддам Хусейн 2006 онд шүүхээс цаазлах ял сонссон юм.

Шүүх ажиллагаа өмнө нь нэр нь нууцлагдаж байсан таван шүүгчийг даргалагч Саддамын хэрэгтэй танилцсан дүгнэлтээс эхэлжээ. 68 настай Саддам Хусейн костюм өмсч Коран судар тэврэн шүүх танхимд орж ирэхэд хамгийн сүүлд олны өмнө ил гарснаасаа хавьгүй хөгширч бас жин хассан харагдсан гэж “ВВС”-гийн сурвалжлагч бичсэн байна. Саддамд үг хэлэх зөвшөөрөл олдмогц тэрбээр шүүх хурал зохион байгуулагчид болон шүүгчдийн эсрэг “довтолж” эхэлжээ. Шүүгч Ризгар Мохаммед Амин /курд vндэстэн/ Саддамыг нэрээ хэлэхийг хүсэхэд ноён Хусейн “Та өөрөө хэн бэ? Энэ шүүх юу хүсээд байгаа юм. Ингэхэд та нар урд өмнө нь шүүгч байсан юм уу” хэмээн хариулжээ. Тэрбээр “Шүүх гэж нэрлээд байгаа та нарт би захирагдахгүй. Би Иракийн Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн эрх, үүргээ эдлэх эрхтэй. Би та бүхнийг болон та нарыг шударга бусаар тохоон томилсон байгууллага, Америк тэргүүтэй олон улсын хүчнийг ч хүлээн зөвшөөрөхгүй“ гэж хэлсэн байна.

Саддамын өмгөөлөгчдийн багт Лондонд 20 гаруй жил амьдарч байгаа доктор Абдул Хак Ани, Умард Ирландын Лондондерри хотын хуульч Дес Дохерти, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн Британийн нэр хүндтэй шvvгч Энтони Скрайвенер, Америкийн Хууль зүйн сайд асан Рамсэй Кларк, Малайзын Ерөнхий сайд асан Махатхир Махоммед, Ливийн ерөнхийлөгчийн охин Айша Муаммар Каддафи нар дээрх багт нэгдэн ажиллаж байв.

Гэсэн хэдий ч шүүхээс Саддам Хусейнд дүүжлэн хороох ял оноож 2006 оны арванхоёрдугаар сарын 30-нд гүйцэтгэж байв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]