Чалчаа саарал бичиж байна.
Энэ онд гарсан “The Highwaymen” хэмээх Кевин Костнер, Вуди Харелльсон нарын тоглосон кино нь уг киног бүтээгчдийн тооцсоны дагуу олон хүний сонирхлыг татаж бас ч чамгүй амжилттай, орлоготой болж байгаа бололтой. Ер нь Бони болон Клайд нарын тухай кино, зохиол бүтээл амжилтгүй болж бүтэлгүйтэх нь ховор гэдэг.Яагаад тэгдэг юм бол? Бонни болон Клайд гэж хэн юм бэ?
Кино урлагийн од гэж хэлж болохоор болсон Бонни болон Клайд нь гэмт хэргийн ертөнцийн, бодит хүмүүс юм. Уг нь иймэрхүү шийдсэн гэмт хэрэгтнүүдийг олон нийтэд жигшил болгох ёстой байтал америкчууд болсон хойно харин ч эсрэгээр нь алдаршуулж, урлагийн бүтээлдээ мөнхрүүлсээр байх нь хачирхалтай. Америкчууд л юм даа гэхээс.
Клайд Бэрроу хэмээх хүү жижиг сажиг хулгайн хэргээр анх цагдаад баригдаж, удалгүй хийдэг ажил нь зөвхөн хулгай дээрэм болсон учраас болох ёстой юм номоороо болж шоронгийн хаалга татах нь тэр. Шоронд орохын өмнө Бонни Паркер хэмээх бүсгүйтэй танилцаж хайр сэтгэлтэй болсон боловч хулгай зэлгийгээс холдох биш харин ч өөрийнхөө хар үйлд уруу татсан байна. Клайд шоронд байхдаа Бонниг зэвсэг авчирч шоронгоос оргоход нь туслахыг гуйж зөвшөөрүүлсэн боловч энэ нь бүтэлгүйтэн, бүсгүй нь ч шоронд гурван сарын хугацаатайгаар хоригдох болжээ.
Алив юм хугацаатай болохоор тэд шоронгоос гарлаа. Одоо яах вэ? Яах юу байхав, дээрэм тонуулаа хийнэ. Харин ч улам зоригтой, шаргуу хийх болно.
АНУ-ын их хямралын үед дээрэм тонуул хэмжээ хязгаараа алдаж, мафи, янз бүрийн зэвсэгт бүлэглэл хүчээ аван банк болон бусад мөнгөтэй газруудыг дээрэмдэх нь элбэг болсон тийм цаг байв. Маш чанд сахилга баттай, зохион байгуулалттай бүлэглэлүүд нарийн бодож боловсруулсан төлөвлөгөөний дагуу ажиллан олон арван мянган доллар, зарим нэг нь бүр сая саяар нь дээрэмдэх тохиолдол их байсан бол өнөө Бонни болон Клайд хамгийн ихдээ 4000 доллар нэг удаа дээрэмдэж байжээ.
Их гарын дээрэмчдийн хажууд зүгээр л нэг сонирхогч гэмээр Бонни болон Клайд тэгээд яагаад тэгж их нэрд гарч бүр ард түмний баатар гэгдэх болсны учрыг таашгүй.
Их хямралын үед хангалттай хөрөнгө чинээтэй байсан ч ,дампуурч үгүй болсон банк болон хувьцааны уналт зэргээс юу ч үгүй хоосон хоцорч байсан хүн хэдэн зуун мянга, саяар тоологдоно. Тэгвэл тэдний мөнгийг луйвардаж дээрэмдсэн нөхдүүдийг зөрөн дээрэмдэж байгаа хүмүүс бол “миний дайсны дайсан-миний холбоотон” гэсэн зарчмаар тэд түмэнд алдаршсан гэх тайлбар их бий. Гэхдээ өөр бусад бүлэглэлүүд, банк руу халдаж олон зуун мянган доллар дээрэмдэж байсан бусад нөхдүүд дээрх хоёр шиг бас олны талархал хүлээж, алдаршиж байгаагүй болохоор ийм тайлбар учир дутагдалтай мэт. Шинэ цагийн Робин Гүүд болсон хоёр өөрсдийн хамтрагч нартай нийлэн дээрэм хийхдээ маш шийдэмгий, хэдхэн долларын төлөө хүний амь хохироохыг юман чинээ боддоггүй хүмүүс байж. Мэдээж иймэрхүү хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хангалттай давс хужир нэмээд бичиж өгөх бөгөөд нөхдүүд гэмт хэргээ АНУ-ын муж болгонд хийж сонин хэвлэлийн байнгын баатар болсон нь тэднийг од болоход их нөлөөлсөн л байх. Бонни болон Клайд гэх “жижиг гарууд” маань өнөөдөр нэг мужид дээрэм хийсэн бол маргааш нөгөөдөр нь өөр мужид дээрмээ хийх ба тэд ганцхан шөнийн дотор олон зуун миль газар туулж чаддаг тэвчээртэй хүмүүс байв. Тэр тусмаа Америкийн алив нэг мужийн хүчний байгууллага зөвхөн өөрийн муж дотроо л эрх мэдэлтэй, мужаас гараад хэн ч биш болдог учир хосууд дээрэм хийсэн мужаас гараад л хөөгдөх туугдахын зовлонгоос сална. АНУ даяар үйл ажиллагаа явуулах ХМТ (FBI) нь тэр үед тун ч арчаа муутай байгууллага байсан бөгөөд орчин цагийн гэмт хэргийн ертөнцийнхний зүрхэнд шар ус хуруулдаг өнөөгийн тэр агуу ХМТ нь тухайн үеийн ХМТ-тэй зөвхөн адилхан нэртэй гэхэд нэг их буруудахгүй болов уу.
Мөн Бонни болон Клайд нь маш сайн зэвсэглэсэн байсан бөгөөд Оклахома мужийн үндэсний гвардийн зэвсгийн санг дээрэмдэж тийм болсон юм байж. Тэдэнд таван ширхэг Браунингийн автомат винтов, арав хориор тоологдох Кольт, эдгээр зэвсэгт таарах 10 гаруй мянган сум байсан бол тэдний өөдөөс тулах хөдөөний алив нэгэн шериф сайндаа л гар буу, үрлэн сумт том буунаас цаашгүй. Бас Бонни болон Клайд нь өөрсдийг нь таньж мэдэхгүй хөдөөний цагдаа шалгах гэж ирэхэд нь үг дуугүй буудаж унагачихаад яваад өгдөг шийдсэн алуурчид байлаа.
Ийм л хүмүүс ард түмний баатар болж байсан учраас түүний өөдөөс засаг төр мөн тэднээс дутахгүй шийдэмгий нөхдүүдийг тавьсан байна.
Засаг төрийг төлөөлөх тэрхүү шийдэмгий эрсийн нэг болох Техасын рейнжерийн ахмад Фрэнк Хеймер нь бас л таарсан таар шуудай. 17 настайдаа дээрэмчдийн бүлэгт орж бужигнуулж байхдаа ахлагчийнхаа нүүр рүү нулимаад хутга далайгаад зогсож байсан эр. Дараа нь рейнжер болж бараг л 100-гаар тоологдох хүн (дээрэмчид) алж олон удаа шархдаж байсан хөгшин чоно маань тэгсгээд тэтгэвэрт гарсан ч 1934 онд Техасын шинэхэн мужийн захирагчийн “Бонни болон Клайдыг дор нь нам бууд” гэсэн тушаалыг биелүүлэхээр эргэн ажилдаа иржээ.
Хеймер нь дээрэмчин хоёрын тухай, тэдний хамтрагч нарын тухай бүх л зүйлийг судалж, Америкчуудын хамгийн сайн хэрэглэдэг арга болох эсрэг талаа, гэмт хэрэгтнийг худалдаж авах ажлыг нэн яаралтай амжуулах гэж хичээсэн байна. Тэрээр Бонни Клайдтай нэгэн үе хамтарч дээрэм хийж байгаад баригдсан Мэтвин хэмээх эрийн эцэгтэй тохирч дээрэмчин хосыг барихад тусалбал хүүг нь өршөөлөөр шоронгоос суллах баталгаа гаргаж өгчээ.
Ингээд 5-р сарын 23-нд Хеймер нь нутгийн шериф нөхдүүдийн хамт Бонни болон Клайдыг зам дээр отож эхэллээ. Хеймерийн өөрийн талд элсүүлсэн эцэг Мэтвин дээрэмчдийн хэзээ хаагуур явахыг мэдэж хэлсэн төдийгүй тэдний анхаарлыг сарниулах чухал үүрэг гүйцэтгэх болж. Тэрээр ачааны машиныхаа дугуйг хагарсан мэт болгож замын хажууд зогсох ба хажуугаар явах Бонни, Клайд нар зогсох үед хүчнийхэн дор нь нам буудах төлөвлөгөөтэй байв.
Машин ирлээ, зогслоо. Хеймер 20 сум бүхий 9.1 мм-ийн Ремингтоны загварын буугаар, түүний туслах нь «Кольт-Монитор» R-80 хэмээх том буугаар гэх мэтээр нийт 6 хүн зэрэг буудаж эхэлсэн бөгөөд 10-аадхан секундэд 150 гаруй сум гаргасан юм байж. Ингэж тэд Бонни болон Клайдыг шүүрэн шанага болгож үүргээ гүйцэтгэжээ. (кинон дээр гарах отолт хийсэн газар нь бодит явдал болсон яг тэр газар юм гэсэн)
Дээр дурдсан киноны төгсгөлд Бонни болон Клайдыг оршуулахаар, хүндэтгэл үзүүлэхээр олон мянган хүн ирж (Боннигийн оршуулгад 20 000, Клайдын оршуулгад 15 000 хүн) салах ёс гүйцэтгэж байгаа тухай гардаг. Хачирхалтай нь бодит байдал дээр яг л ийм юм болсон ба тэд үнэхээр олны анхааралд өртсөн дээрэмчид, алуурчид байжээ.