Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гандангийн хамба ламыг НАХЯ, Намын төв хороо тодруулсан түүхУншсан28,513

1955 онд Батлан хамгаалах яаманд Нийгмийг аюулаас хамгаалах яамыг нэгтгэжээ. Дээд газрын энэхүү шийд одон тэмдэгт тусгай хороог ч тойрсонгүй, Батлан хамгаалах яаманд шилжүүлэв.

Хуульч, сэтгүүлч, хуульзүйн ухааны доктор Ш.Сүхбаатар нь “Монгол төрийн мэргэн өвөө”, “Монголын хуульч эрдэмтэд”, “Бор цэргээс Бороо генерал”, “Дайчин Баатарын туулсан замнал”, “Төрийн тэргүүн шүүгч Иш” аман хууч яриа, баримт түшиглэсэн судалгааны номууд олныг бүтээж хэвлүүлсэн бөгөөд мөн түүний бүтээл болох 1998 онд хэвлүүлсэн БНМАУ-ын прокурор, БНМАУ-ын Батлан хамгаалахын сайд, Ж.Авхиа генералын тухай “Эр хүн” номын хэсгээс зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр Толгойлогч.мн сайтын уншигчдадаа хүргэж байна.  


...Авхиа генерал нэгэн биед яаж багтав гэмээр баялаг намтартай. Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга, бага сургуулийн багшаас захирал, ардын армийн байлдагч, хилчин, офицер, хорооны захирагч, Улсын Цагдан сэргийлэх Ерөнхий газрын дарга, Нийгмийн аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, БНМАУ-ын прокурор, БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, Шинжлэх ухааны академийн төр, эрхзүйн хүрээлэнгийн Зөвлөх, Хуулийн дээд сургуулийн багш, өмгөөлөгч, Улсын прокурорын Ахмадын хорооны дарга.

Бас энэ их алба ажлын хаагуур нь хэдийд нь амжуулчихав гэмээр баруун хил дээр байлдаж явсан ахмад дайчин, Улсын наадмын дэвжээнээ гурвантаа таваас дээш даваатай улам нэмэх, үнэн хүчит начин, БНМАУ-ын Ардын Их хурлын таван удаагийн депутат, Монгол Улсын шинэ Үндсэн хууль санаачлагчдын нэг, Хуульзүйн ухааны доктор, Төрийн хууль цаазны жинхэнэ зөвлөх, хурандаа генерал, Монгол Улсын гавъяат хуульч билээ.

Энэ ном бол намтарчилсан байдлаар бичсэн түүний хөрөг юм. Хорьдугаар зууны нэгэн Монгол эр хэрхэн өсч өндийсөн тухай нэгэнтээ Авхиа генералын намтар мэт боловч нөгөөтэйгүүр Монгол Улсын хорь дахь зууны түүх, түүний амьдралын олон талт хуудсыг нээх бүр харагдана.

...1943 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанхуаранд байрлаж байсан Ардын армийн дэд хурандаа Чойндондаваагийн удирдсан есдүгээр морин хорооны бие бүрэлдэхүүнд орж бүртгэгдэн цэрэг шинель анх удаа өмсч цэргийн албан хаагч болсон Авхиагийн цэрэг армийн ажил амьдралын алтан шар зам эндээс эхэлжээ. Цэргийн нарийн эрдэм, дүрэм, журамд суралцаж эхэлсэн 14 цэргийн 10 нь аймаг өөр, олон янзын яс үндэстэй хүмүүс байжээ. Тэдэнтэйгээ удалгүй танилцаж, журмын нөхөд болцгоов. Шинэ цэрэг Авхиа улсын 22 жилийн ойн баяр наадамд анх удаа барилдаж хоёр давж бөх болох замаа нээсэн байна.

Үдийн нар эгц голлож шинэ цэргүүдийн зулай нэвт төөнөнө. Эр хүний хатуужил тэсвэрийг шалгасан энэ албанд ирээд удаагүй Авхиагийн хувьд юм бүхэн содон сонин байлаа. Хөл гарын сургуулийн дөртэй болсон тэднийг гэнэт түргэн жагсаалын дохио хангинан дуудав. Жагсаалын өмнүүр Дотоод яамны дэгжин хувцастай, гуалиг өндөр офицер албархуу алхаж хааяа нэг цэргээс юм асууж тэмдэглэж буй нь нүдний буланд харагдана. Сураг сонсвол хязгаарын цэргийн удирдах газрын дарга нарын хэлтсийн дарга хошууч Ж.Жамъян гэх аж.

Авхиа гуай хуучилсан нь: Тэр жил улсын наадамд хоёр давснаа бөх болсон мэт бодож байсан нь залуугийн зан юм байх. Би даргын нүдэнд өртөх санаатай цээжээ түхийлгээд зогсчихлоо. Азаар даргын нүдэнд туссан хорин нэгэн цэргийн тоонд багтсан. Хожмоо мэдэхэд намайг сонгож авсан тэр дарга өдгөөгийн Хөдөлмөрийн баатар, дэслэгч генерал Сүхбаатарын гурван одонт Жамъян гуай юм билээ. Ер нь Жамбын Жамъян гуай бол надад зүйрлэхийн аргагүй тус болсон хүн. Үр хүүхэддээ би энэ хүн “Миний хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэсэн хүн. Та нар үр ачыг нь хүндэтгэж яваарай” гэж хэлдэг юм. Жамъян дарга биднээс тоо, хэл бичгийн шалгалт авахад Алтай нутагтаа хэдэн жил багшилсны ачаар тэнцэв. Ингээд ардын армийн байлдагчаас Хилийн ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газарт офицерын орон тоон дээр бичээч, дагалдан сургагчаар ажиллаж байтал 1945 оны хавар дахиад л Жамъян дарга дуудуулав.

Даргын өрөөнд орж ёсловол Жамъян гуай сул зогс гээд намайг офицер болгож цол, форм шагнаснаа мэдэгдэв. Ийнхүү би Хязгаарын цэргийн штабт Жамъян гуайн удирдлага дор ажиллаж эхэлсэн юм. Тэнд цэрэг дайчилгааны асуудал хариуцан ажиллаж байтал Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд бөгөөд Хязгаарын ба дотоодын цэргийн удирдах газрын дарга хошууч генерал Батын Доржийн бие хамгаалагч, нарийн бичгийн даргаар дэвшин ажилласан.

Намтарт нэмэн өгүүлэх нь: 1955 онд Батлан хамгаалах яаманд Нийгмийг аюулаас хамгаалах яамыг нэгтгэжээ. Дээд газрын энэхүү шийд одон тэмдэгт тусгай хороог ч тойрсонгүй, Батлан хамгаалах яаманд шилжүүлэв. Харин хороон захирагчаа Улсыг аюул хамгаалах газар өөртөө авч үлдэхээр шийдэж тус газрын орлогч сайд хошууч генерал Д.Батаа Авхиаг өрөөндөө дуудаж “Чамайг бид арми руу явуулахгүй, эндээ үлдээж Ю.Цэдэнбал даргын хамгаалалтын тасгийн дарга болгоно” гэж шуудхан тулгав. Авхиа улсын энэ чухал албанд өөрийгөө таарч тохирохгүй бүдүүн хадуун хүн гэдгээ хэлж өөр албанд томилж өгөхийг хүсчээ. Сайд ч нэг их шавдуулсангүй. За явж бай бид эндээ ярилцана гэснээр яриа өндөрлөв. Удалгүй түүнийг хурандаа Төмөр-Очирын удирдлагад нэг сар ном үзэж биеэ боловсруулахыг даалгав. Тэр сургалтаар тагнуулчийн мэргэжлийн нарийн ном заажээ. Ямар ажилд тавих нь тодорхой бус. Тийн өдөр хоног солигдсоор түр сургалт ч дуустал Улсыг аюулаас хамгаалах газрын хоёрдугаар хэлтэст үзэл суртлын асуудал эрхэлсэн тагнуулын тасгийн даргаар томилсон байна. Урд өгсөн ажилд нь шалтаг тоочиж татгалзсандаа бантсан ч гэх үү, энэ удаа дуугүй л тагнуулчийн хүнд хариуцлагатай ажил хүлээн авчээ.

Эл албанд Авхиа жил хиртэй ажиллахдаа аюулаас хамгаалахын нарийн ширийн ажилтай ёстой л улаан нүүрээрээ тулав. Цаг үе нь чанга хатуу, тэр дундаа үзэл суртлын ажил нарийн нягт ёс горимтой. Өнөө санахад заримдаа хөгийн даалгавар ч авах. Нам улсын хариуцлагатай алба ажилд дэвших, гадаад улс гүрэнд албан томилолтоор явах хүн Улсыг аюулаас хамгаалах газраар заавал шалгуулж зөвшөөрөл авдаг журам мөрдөгддөг байв.

Намтарт нэмэн өгүүлэх нь: Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба Гомбожавыг тодруулсан хүн чинь Авхиа гэж танил нэгэн маань өгүүлж билээ. Энэ тухай сонирхохоор Авхиа гуайн гэрээд утас залгавал өвгөн "Миний бараг мартсан юмыг чи хэнээс олоод сонсчихов" гэж хүд хүд инээснээ “Тэр үнэн. Өнөөх тагнуулын тасгийн даргын хийж явсан ажлын нэг. Манай дарга намайг дуудаад "Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба гавж Эрдэнэпил гуайн нас өндөр боллоо. Орны хүнийг нь танай тасаг, чи өөрөө гардаж судал” гэсэн сонин үүрэг өгөв. Ийм даалгавар авна чинээ санаагүй явсан болоод ч тэр үү анхандаа "хамба тодруулахий" гэж золтой л хэлчихсэнгүй, хэлээ хазаад л өнгөрсөн. Даргын үг бол даалгавар, шашны номтой, улс төрийн ноён нуруу сайтай, таарч тохирох хүнийг олох гэж олон ч хүнтэй уулзаж, нэлээд хэдэн хүний нэртэй болов. Тэднийхээ дотроос Шинжпэх ухаан академийн номын санд ажиллаж байсан Гомбожав гуайг тэнцэж тохирох хүн гэж сонгосон.

Гомбожав гуай бол тухайн үеийн хумүүсийн үнэлж байснаар бурхны ном сайн мэддэг, Монгол, төвд бичигтэй, нас тогтсон, зан төлөв сайтай, ард түмэн, сүсэгтэн олны итгэл хүндийг дааж чадах хүн байв. Энэ бүхнийг үндэслэж Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамбад тохирох хүн гэж бидний оруулсан саналыг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо хүлээн авч баталсан юм” гэв.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 29. 21:00
Зочин

Интерномд байгаа

2 сар 27. 20:25
Зочин

Хаанаас энэ номыг олж унших вэ?

2 сар 28. 14:50
Зочин

Зохиолч нь Ш.Сүхбаатар гэж хүн байгаа бараг олдохгүй талдаа төв номын санд байгаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]