Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эрт цагийн эмэгтэйчүүдийн гоо сайхны хачин жигтэй жоруудУншсан1,412

Гоо сайхны янз бүрийн жор агуулсан хэрэглэлүүд, элдэв тансаг үнэртэн эртний Грекийн үеэс л ихэд алдартай байжээ.

Гоо үзэсгэлэнгийнх нь өмнө эрчүүдийн өвдөг чичирч өөр бусад охид эмэгтэйчүүд атаархлын харц шидлэх сайхан бүсгүйчүүдийн түүх домог саяхных биш ээ. Гоо сайхны төлөө юугаа ч золиослоход бэлэн байсаар ирсэн эмэгтэйчүүдийн түүх, нууц жорууд өнөө бидний үе хүртэл тэмдэглэгдэн үлджээ.

Гоо сайхны янз бүрийн жор агуулсан хэрэглэлүүд, элдэв тансаг үнэртэн эртний Грекийн үеэс л ихэд алдартай байжээ. Гиппократ хүртэл өөрийн зохиосон гоо сайхны жоруудаараа тухайн үедээ ихэд алдартай байв. Алдарт туульч Гомерийн үед зочид ширээнд суухаасаа өмнө анхилуун тос биедээ түрхдэг ёс дэлгэрчээ. Яруу найрагч Анакреон үнэртэнг зөвхөн зүрхэн тус газраа түрхдэг, Эпикур өөрөө сүрчиг хийхээс гадна шар тайлдаг бэлдмэл хийдэг байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байх аж.

Түүнээс ч хэдэн зууны өмнө эртний Египетийн хатан хаан, цуут Нефертити гоо сайхан байх нь хүзүүгээ сайн арчлахтай холбоотой гэж үздэгээс өдөр бүр өглөө оройд маш ховор үнэтэй тосоор жин тавьдаг байсан гэх. Тэр тосыг нь бэлтгэж хатан хаанд түрхэхийн тулд эзэнт гүрнийх нь өнцөг булан бүрээс элдвийн ургамал, ховор жигтэй зүйлсийг татан цуглуулдаг байжээ. Тэгвэл Пальмирын хатан хаан домогт Будикия гоо сайхны нууцыг хиймэл үсэнд байдаг гэж үздэг байв. Энэ ч утгаараа тэрээр өөрийн хиймэл үсний цуглуулгаараа ихэд бахархах дуртай байжээ.

Эртний Египет бүсгүйчүүд ч эрчүүдтэйгээ адилхан халимаг, хиймэл үс хэрэглэдэг байсан бөгөөд хиймэл үс толгойгоо нарнаас хамгаалах, гоо сайхнаа хадгалах үүднээс жирийн хэрэглээнд тооцогддог байв. Мөн эртний египетчүүдийн гоо сайхныг цэцэггүйгээр төсөөлшгүй. Найр хуриманд ирж байгаа зочид амьд цэцгийн хэлхээгээр гоёдог байсан тухай түүхчид тэмдэглэсэн байдаг.

Харин арьс эрүүл байхын гол үндэс хэмээн үздэг Клеопатра хатан хаан өдөр бүр шинэхэн бүлээн сүүтэй онгоцонд ордог байжээ. Арьсыг цайвар зөөлөн болгоход үүнээс өөр арга үгүй бололтой. Өнөөдөр ч гэсэн бүсгүйчүүд энэ жороор усанд орох нь уламжлагдан үлджээ.

Мөн үрэлгэн зантай Клеопатра сүрчиг болоод оо энгэсэгний хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн юм. Сүрчиг гэснээс энэхүү гоо сайхны бүтээгдэхүүн нь халдварт өвчнөөс сэргийлдэг ажээ. Түүхэн ярианд итгэх юм бол цагаан цуунаас өвөрмөц үнэртэн гарган хэрэглэдэг дөрвөн дээрэмчин аймшигт тахал дэлгэрсэн Марсель хотоор үхсэн хүмүүсийг тонож байсан хэрнээ амьд үлдсэн гэдэг. Тэдний амьд үлдсэний нууцыг сүмийн лам нар өвөрмөц үнэртэнтэй нь холбоотой хэмээн үзэж хэсэгтээ л халдварт өвчний эсрэг тэмцэхдээ янз бүрийн үнэртэн бэлтгэж эрүүл мэндээ хамгаалах гэж оролддог байв. Эдгээрээс гадна тун сонирхолтой, хачирхалтай гэмээр эрт үеийн гоо сайхны арга, нууц жоруудаас сонирхуулъя. Нууц хэмээсний учир нь эдгээр жорууд тухайн үедээ ихэд нууцад тооцогдож, чамгүй үнэ хүрч байсантай холбоотой. Одоо харин нууц гэхэд хэцүү биз ээ...

 

Мөнхийн тос

Грек чирэг бол олон зан үйл, гоо сайхны жорын гол найрлага байв. Чирэг хэмээгч ургамлыг мөн хурган царгас, морин царгас ч гэдэг.

Грек чирэг (Fenugreek)-ийг эртний эмэгтэйчүүд наранд хатаасныхаа дараа хальс, илүүдлээс нь салгаж нунтаглаж шигшинэ. Бэлэн болсон нунтгаа устай хольж зуурмаг болгон усанд чанана. Усаа ширгэтэл буцалгасны дараа дахин зуурмаг гарган авч голын усанд зайлж, наранд хатаана. Хатсаных нь дараа тогоонд зуурмагаа хийж гал дээр халаах үед зуурмагаас тос ялгарч гардаг гэнэ. Энэ тос эртний эмэгтэйчүүдийн гоо сайхны гол хэрэглээ байв. Ийм тос бэлтгэдэг аж ахуйнууд ч байсан бөгөөд хэрхэн гарган авдаг жороо ихэд нууцалж, тосоо үнэ хүргэн худалдаалдаг байжээ.

Матрын ялгадас

Эртний грек, ромын эмэгтэйчүүд нэгэн төрлийн шавар маскийг залуу харагдахын тулд бэлтгэн хэрэглэдэг байв. Энэ нь матрын ялгадсыг шавартай хольж онгоцоо дүүргээд дотор нь хэсэг хугацаанд хэвтвэл арьс амарч, залууждаг хэмээн итгэж байжээ. Шаврыг нь умард Македон, Фрак аймгуудын нутгаас тээвэрлэн авчирдаг байсан тул энэ жор, арга нь чамгүй өндөр үнэ хүрдэг тул дээдсийн зиндааны хатагтай нар голдуу хэрэглэдэг байжээ.

Мөнгөн усан жор

Эртний грек, ромын үеэс хойш хэдэн зуунаар алгасан нэгэн түүхийг өгүүлье. Английн хатан хаан Викториагийн засаглаж байсан эрин үе буюу 1837-1901 оны хоорондох хугацааг Европт Викторийн эрин үе хэмээх. Энэ үеийн бүсгүйчүүдийн хэрэглэдэг байсан гоо сайхны нууц жор бол мөнгөн усны найрлагатай маск юм. Мөнгөн ус батгыг арилгадаг, үрчлээ тэнийлгэдэг гэж үздэг байсан учир тэд ийнхүү хэрэглэдэг байжээ. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн манай цаг үед мөнгөн усны хэрэглээ ямар их гай гамшиг дагуулдаг болохыг хүмүүс сайн мэднэ. Хүний эрүүл мэнд, байгаль орчныг асар ихээр хордуулдаг учраас дэлхий даяар хэрэглэхийг нь хорьж байгаа мөнгөн усыг зуугаадхан жилийн өмнө эмэгтэйчүүд гоо сайхан харагдахын тулд аймшиггүйгээр хэрэглэж байв. Одоо ч мөнгөн усны найрлага агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгддэг ба тэр байтугай шүдний ломбыг ч мөнгөн ус агуулсан найрлагатай хийх нь бий.

 

Гургалдайн ялгадас

Эртний грек, ромын хатагтай нар матрын ялгадас гоо сайхандаа хэрэглэдэг байсан бол дорны хатагтай нар ч алив амьтны ялгадас нууц увьдистай хэмээн итгэдэг байжээ. Японы гейша нар алтан гургалдайн ялгадсыг арьсыг өнгөлөг толигор болгож, сэвх толбыг арилгадаг байсан гэж үздэг байв. Одоо ч зарим нэгэн японы уламжлалт гоо сайхны газрууд алтан гургалдайн боловсруулсан ялгадас, цагаан будааны бэлдмэлийг хольж гоо сайхны бүтээгдэхүүн гарган авч үйлчлүүлэгчдэдээ өндөр үнэтэйгээр ашигладаг байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]