Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тэр хүний нэг ярьдаг сонин юм нь “Би Монголд бага сургуульд орсон хүн шүү” гэдэг үгУншсан15,046

Тэр хүний нэг ярьдаг сонин юм нь “Би Монголд бага сургуульд орсон хүн шүү” гэдэг үг. Панкин 1931 оных. Гучин долоон найман онд Улаан-Үдээс Улаанбаатар руу засмал зам тавьж байхад засмал замын инженер аав минь Зөвлөлтийн бригадыг ахалж явсан.


Ц.Гомбосүрэн: Константин Симонов гуайн тухай сайхан ном орчуулж сууна

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, нэрт гүүш Цэрэнпилийн Гомбосүрэнтэй уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Оросын зохиолч В.Астафьевийн “Хаан загас”, А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, “Айдас”, “Үнс чандруу”, И.Ильф, Е.Петров нарын “12 сандал”, “Алтан тугал”, Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвгүүд”, “Солиот”, “Хөвүүн заяа”, “Албингууд” зэрэг хорь гаруй сонгодог зохиолыг хөрвүүлж, Лалын шашны хөлгөн судар “Коран”-ыг анх Монголчлон, сонгодог утга зохиолын орчуулгыг шинэ шатанд гаргасан хэмээн үнэлэгддэг билиг төгөлдөр бичгийн хүмүүн юм.

-Та сайхан зусаад байна уу. Ном бүтээл арвин уу?

-Сайхан зусаж байна. Зуслангийн газар байдаг. Наадам өнгөрөөж байгаад орон нутгаар жаахан явах байх. Зуслан дээр зусна гэдэг чинь зүгээр нэг наранд ээгээд байхыг хэлэхгүй. Наранд ээх ч ажил байна. Гэхдээ тэр өдрийг тэнгэртэйгээ холбож сууна шүү дээ.

-Танай зусланд оюун санааны болон ойр дотно найз нөхдийнх чинь байх уу?

-Тийм нөхөд байхгүй. Манайх Баянбулагийн амны эсрэг талд голынхоо баруун талд нэг уулын зүүн хажууд байгаа юм. Тэнд надад оюун санааны байтугай зүгээр найз нөхөд ч байхгүй. Ер нь тосгон шиг шавчихсан газар.

-Оросын их зохиолч Ф.М.Достоевскийн таван романыг бүрэн орчуулаад гаргачихав уу?

-Достоевскийн агуу таван ном гэдгийг дуусчихлаа. Оросын утга зохиол судлаачид л тэгж нэрлэж байгаа хэрэг шүү дээ. Энэ оны дөрөвдүгээр сард “Албингууд” гэдэг романыг хэвлүүлсэнээр тавууланг нь хийчихсэн болж байгаа юм. Энэ номыг хэвлүүлснээр Достоевский бид хоёр бие биедээ баяртай гэж хэлчихсэн юм шиг болоод байгаа. Одоо Достоевскийгоос юм барьж авахгүй байх. “Давахгүй гэсэн даваагаар хэд давдаг” ч билээ тэрний үлгэр болох уу, үгүй юу.

-Одоо ямар бүтээл орчуулахаар барьж авах гэж байна даа?

-Өнгөрөгч хорьдугаар зууны, манайтай холбоотой Константин Симонов гэж зохиолч байсан.

-Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн алдартай сэтгүүлч, зохиолч доо. “Намайг хүлээгээрэй” дуугаараа их алдаршсан гэдэг дээ?

-Дуу юм уу, шүлэг юм уу тэр нь. Тэрийг нь гэхэд манай гурван ч хүн орчуулсан байдаг. Миний мэдэж байгаагаар Э.Оюун гуай, Мишигийн Цэдэндорж, хожим төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа агсан бас орчуулсан. Константин Симонов энэ шүлгээрээ дэлхий дахинд алдаршсан байх. Манайд бол Халхын голын байлдааны тухай “Зэвсэг нэгт нөхөд” анхны романаараа алдартай. Тэр роман төдийгүй хаалтан дотор “Халхын голын тэмдэглэл” нэртэй “Хаа холын дорнын тэртээд” дурсамж бичснийг Халхын голын байлдааны 30 жилийн ойгоор 1969 онд манайд Ц.Шүгэр орчуулсан юм. ЗХУ, БНМАУ хоёрт зэрэг хэвлэсэн байх ёстой. Тэр орчуулга олдохоо байсан эд. Тиймээс Халхын голын байлдааны 75 жилийн ойгоор 2014 онд би шинэчлэн орчуулж, К.Симоновын Г.К.Жуковын тухай бас нэг дурсамжтай нийлүүлэн хэвлүүлсэн. К.Симоновын “Гурамсан роман” гэж Лениний шагнал авсан бүтээл бий. “Үхэгсэд, үлдэгсэд”, “Хал үзэж цэрэг болдог”, “Сүүлчийн зун” гэсэн тэр гурван романыг манайхан өнгөрөгч зууны дал наяад онд орчуулсан. “Сүүлчийн зун”-ыг нь манайхан “Ийм нэгэн зун” гэж буулгасан.

-Зохиолч Константин Симонов гуай манай улсад олон ирсэн хүн байх шүү?

-Монголд нэг бус ирсэн хүн. Халхын голд мань хүн дайны төгсгөлөөр ирж сурвалжлагчаар бараг сар болсон юм билээ. Гал зогсоох тухай яриа хэлэлцээ хийж, хоёр тал хэд хэдэнтээ уулзаж амь үрэгдэгсдийн шарилыг зөөх, олзныхноо солилцох гэх мэтийн асуудал хэлэлцсэн. Тэр үед сэтгүүлч хүнийг хэлэлцээнд оруулахгүй учраас хар ажилтан маягаар ажиллаж “Халхын голын тэмдэглэл”-ээ бичсэн юм билээ. Сүүлд ирэхдээ Халхын гол руу зохиолч Сэнгийн Эрдэнэ гуай эдэнтэй явсан байдаг. Сүхбаатарын одонгоор шагнагдсан Зөвлөлтийн хоёрхон зохиолч байдгийн нэг нь энэ Симонов. Нөгөөх нь Михиал Шолохов.

-Шолохов гуай манайд ирээгүй байх аа?

-Шолохов манайд ирээгүй бөгөөд манайтай барин тавим тов тодорхой харилцаа хамаагүй хүн гэж хэлж болно. Дэлхий дахины алдартай хүн гэдгээр нь шагнасан юм байгаа биз. Симоновын Халхын голоос үүдэлтэй “Манай хотын залуу” гэдэг жүжиг байдаг юм. Манай зохиолч нэг Нямаагийн “Утга зохиол” сонинд бичсэн Симоновынд очсон дурсамж байдаг шиг санана. Эрдэнэ гуайг гэл үү, Чойжилын Чимэд гуайг ч бил үү дагаж очиход манайхныг элгэмсүү дотно угтаж, бийлэгжүү дайлаад гаргасан тухай байсан. Орсон хүн бүхэнд 25 рубль өгсөн гэж байгаа. Мань хүнд бол мөнгөний проблем байгаагүй байх. Симонов чинь 1979 онд нас барсан, олигтой наслаагүй хүн шүү дээ. Энэ бүхнийг ярихын учир юу гэвэл би Симоновын тухай “Константин Симоновын дөрвөн би” гэдэг ном орчуулж байна. Ямар учиртай вэ гэхээр мань хүн “Миний дөрвөн би” гэж жүжиг бичиж байж. Дуусгаж амжаагүй тэр жүжгээс нь сэдэвлэж ийм дурсамж роман бичиж. Амьдралынх нь дөрвөн үеийг “Костя”, “Цэргийн сурвалжлагч”, “Константин Михайлович”, “К.М” гэсэн дөрвөн байдлаар бичсэн. Симоновыг анд нөхөд нь К.М гэж дууддаг болсон байгаа юм. Симонов 1915 онд төрж, 1979 онд бурхан болсон. Тэр хооронд болсон Зөвлөлтийн явдлыг бичиж. Зөвлөлтийн явдал даа Зөвлөлийн оюун санааны амьдралыг тойрсон гэх үү, Сталин, Хрущев, Брежнев гурван даргын нүүр үзэж “Сталины эрх хүүхэд” гэгдэж хүртэл явсан байгаа юм.

-Симоновын талаар их л сонирхолтой өнцгөөс бичиж дээ?

-К.Симонов чинь Сталины шагналыг зургаахан удаа авсан хүн л дээ.

-Зургаахан удаа гэдэг чинь төрийн шагналыг “бараа бөөндөнө” гэдэг шиг хүртсэн нөхөр байна даа?

-Зөвлөлтийн Зохиолчдын эвлэлийн ерөнхий нарийн бичгийн даргыг Фадеевын үед хашиж байсан Симонов манайтай яах аргагүй холбоотой хүн л дээ. Энэ дурсамж романыг Борис Панкин гэдэг хүн бичсэн юм. Борис Панкин бол Зөвлөлтийн хамгийн сүүлчийн Гадаад явдлын яамны сайд.

-Тантай мэргэжил нэгтэй дипломатч хүн үү?

-Шевардназе Гадаад хэргийн сайдаар буцаж томилогдоод хоёр гуравхан сар болсон. Энэ Панкин түүний өмнөхөн Гадаад хэргийн сайдаар ердөө зуун хоног л суусан нөхөр. Яадаг эр вэ гэхээр Улсын онцгой байдлын хороо гэдгийг наймдугаар сард байгуулж М.С.Горбачевыг гэрийн хорионд оруулсан төрийн эргэлтийн үеэр Чехословакт Элчин сайд байсан. ЗХУ чинь том гүрэн болохоор гадаад улс орнуудад зуу гаруй элчин сайд байна шүү дээ. Тэгэхэд Панкин л Горбачевыг хорьсныг ганцаараа эсэргүүцсэн. Горбачев тав хоногийн дараа сууриндаа ирээд хуучин Гадаад хэргийн сайд Бессмертныхыг дор нь халаад түүнийг оронд нь тавьчихсан юм. Энэ хүнтэй би намар нь НҮБ-ын чуулганд оролцох гэж очихдоо аравдугаар сард танилцсан. Ах дүү орнууд гэдэг утгаараа их харилцаатай байлаа л даа. Борис Панкин өөрөө ид шидтэй намтартай эр. “Комсомольская правда” сонины эрхлэгчээр арав гаруй жил ажилласан. Энэ сонинг бараг тэрс үзэлтэй сонин болгосон гэж үздэг. Тэгэхээр өнөөхийг чинь яаж ийгээд халах ёстой ш дээ. Тэр үед дэвшүүлж халдаг арга байсан юм.

-Дэвшүүлэн зайлуулж, дэвжүүлэн гайтуулна гэдэг шиг үү?

-ЗХУ-д 1975 онд Зохиогчийн эрхийн агентлагийг байгуулж захирлаар Панкиныг тавьсан. Сайдын зиндааны хүн байхгүй юу. Тэнд ажиллаж байхдаа үнэхээр их юм хийсэн гэдэг. Дараа Шведэд Элчин сайдаар дэвшүүлээд явуулчихсан. Тэнд зургаан жил ажиллаад Чехословакт Элчин сайдаар шилжин томилогдсон үед Горбачевыг хорьж барьсан явдал болоод СССР-ийн Гадаад хэргийн сайд болсон.

-Мань эр дээшээ л явдаг шатаар өгссөн байна шүү дээ?

-Тэр хүний нэг ярьдаг сонин юм нь “Би Монголд бага сургуульд орсон хүн шүү” гэдэг үг. Панкин 1931 оных. Гучин долоон найман онд Улаан-Үдээс Улаанбаатар руу засмал зам тавьж байхад засмал замын инженер аав минь Зөвлөлтийн бригадыг ахалж явсан. Зам барьдаг хүмүүсийн арваад хүүхдүүд гэрт хичээллэдэг байгаа биз дээ. Тэгэхэд нэгдүгээр ангид орсон гэж ярьдаг хүн байгаа юм. Нөхөр бол ном зохиол их бичдэг, шүүмжлэгч талдаа хүн. “Строгая литература” гэдэг ном бичиж ЗХУ-ын төрийн шагнал авсан бэрх эр. Оросын алдартай улстөрийн тоймч Александр Бовин гэж хүн байлаа. Леонид Брежневийн үед зөвлөхүүдийн ахлагч байсан. Хорвоогийн явдлыг чөлөөтэй цуурдаг хүний нэг л дээ. Москвад ажиллаж байхдаа Монголынхоо ЭСЯ-нд урьж авчирч яриа хийлгэж байсан юм. Үнэхээр нэг барласан ярианаас арай өөр юм ярина. Нэг бус ном бичсэн билэг танхай хүн. Тэрний нэг номыг гурав дөрвөн жилийн өмнө Москвад явж байхдаа олж уншсан. “Хорьдугаар зууныг амьдрал гэвэл...” номыг уншиж байсан чинь Панкинтай Израйльд таарч байснаа бичээд “Панкин “Константин Симоновын дөрвөн би” гэж ном бичсэн байна. Дажгүй уншигдаж байна. Нэг их роман нь ч юу юм” гэх маягтай юм оруулсан байгаа юм аа. Тэгж би тэр номны тухай мэдээд Панкин гуайгаа сураглаад байсан чинь СССР-ийнхээ Гадаад сайдаас буугаад, Англид Элчин сайдаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч. Шведэд очоод Оросын нэг өдөр тутмын сонины орон тооны бус сурвалжлагч болчихож. Одоо 87-той хүн.

-Тэгээд Панкин гуайтай очиж уулзав уу?

-Ноднин Шведэд байгаа ЭСЯ-ныхнаараа дамжуулан ОХУ-ын ЭСЯ-наас хаягийг нь олж, товчдоо цахим захидлаар харьцсан. “2019 онд Халхын голын ялалтын 80 жил, Симонов бурхан болсны 40 жилийн ой болно. Тиймээс номыг чинь орчуулмаар байна” гэтэл надад цахим хэлбэрээр нь явуулсан. Би “Цахим чинь тусгүй юм. Монгол хүн тэмтрэхгүй л бол мэдрэхгүй юм” гэж тоглоомын үг хаяснаар Москвад байдаг хүү нь манай Элчингийн хүнд өгч явуулсан байна лээ. гэсэн үг байдаг даа. Хуучин эхийг нь бас олж авсан. Ингээд л одоо нухаж сууна даа.

-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар уулзаж аав, хүү шиг сайхан тэврэлдлээ. Дэлхий дахинд үндсэндээ хүйтэн дайн өндөрлөж амар жимэр цаг ирж байх шиг. Харин Монголд маань л улс төрийн хүрээндээ ч, урлаг спорт, ус нутаг, бөхчүүд, бөө нар гээд нийгмийн бүхий л орчиндоо эвдрэлийн синдромтой байгаад байх шиг санагдах юм. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Дэлхийн байдлыг бол би чамаас шал эсрэгээр үнэлнэ. Өнөөдөр дэлхий дахиад хуваагдах маягтай болчихоод байгаа. Шинэ маягийн хүйтэн дайн эхлээд их эрчтэй явж байгаа. Хүйтэн дайны шинж юу байдаг юм гэхээр Орос, Америк хоёр тэргүүлж байгаа. Түрүү нийгмийн үед ч тийм байсан. Яагаад хүйтэн дайны байдалтай болчихоод байна вэ гэхээр хоёр биенээ муулдаг. Сүрхий муулж байгаа. Хуучин бол онол, үзэл суртлаараа муулалцдаг байлаа. Одоо бол их үндэстний үзэл суртлаар биенээ муулж байгаа. Хоёрдугаар хамгийн ноцтой юм юу байдаг вэ гэвэл зэвсэглэлээр хөөцөлдөх гэж юм байдаг юм. Одоо шинэ маягийн зэвсэглэлийн (технологийн төвшнөөрөө) тавдугаар эрэмбэ рүү шилжээд орчихсон. Мөн үү?

-Цөмийн зэвсгээс ч аймшигтай зүйл бий болсон гэсэн үг үү?

-Зэвсгийн чинь тээх хэрэгслийг нь л улам нарийсгадаг юм шүү дээ. Пуужин харвана гээд байна шүү дээ. Пуужинг устгадаг системийг хоёр талдаа бий болгочихсон. Тэгсэн тэр гэрээнээсээ АНУ гараад явчихсан. Пуужингаас эсэргүүцэх гэдэг чинь хамгийн гол зүйл байхгүй юу. Сүнхийж очоод нөгөө атомын бөмбөгийг нь өвөртлөөд л жирийх эд шүү дээ. Тийм гэрээнээс америкчууд гарснаар Орос, Америк хоёул баригдахгүй довтлох пуужин хийж байгаа. Өөрөөр хэлбэл зэвсгээр хөөцөлдөх гэдэг ажил шинэ төвшинд гарчихлаа. Гуравдугаарт, нэгэндээ эдийн засгийн хориг гээч юм тавиад эхэлчихсэн. Үүний шалтгаан гэхээр биендээ итгэх итгэл эрс буурсан байгаа. Юу гэж биенээ буруутгаж байна гэхээр “Америк НАТО-той нийлээд Югославыг буталж хаясан. Дараагаар нь Ливи, Ирак, Сири зэрэг Арабын хэдэн орны цусыг холилоо. Афганистан гэж нэг наждын орон байна. Эдгээр улсын амгалан тайвныг алдагдуулж дайны байдалд оруулсан” гэж оросууд үздэг. Оросууд болохоор дайн дажин хийж улсыг задрааж байгаа, газар нутаг булааж авч байгааг чи харж байгаа. Крым гэдэг газрыг авчихсан шүү дээ. Хоёр мужийг нь цаана, наанаас янз бүрээр хатгаад Донецкийн бүгд найрамдах улс, Луганскийн бүгд найрамдах улс болгоод байгаа. Тэрнээс өмнө Гүржийг Абхаз, Осет, Гүрж гэсэн гурван улс болгоод хаячихсан. Энэ бүхний цаана дэлхийн дайн биш ч гэсэн мэр сэр халуун яваад байгаа юм. Хүйтэн дайны нэг ноцтой шинж нь янз бүрийн цэг дээр халуун дайн болоод байна. Тэгээд худалдааны дайн гээч юм яваад эхэлсэн. Энэ чинь юу болж байна вэ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гүтэрриш ноднин “Хүйтэн дайн ноцтой явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр хүйтэн дайны талаар Гомбосүрэн хэлээд байгаа ч юм биш. Тэгэхээр дэлхий хуваагдчихсан байгаа биз.

-Тийм л юм даа?

-Дэлхий хэрвээ хуваагдчихаад байгаа юм бол, эсвэл бүр ноцтой даамжирч хуваагдвал энэ жижигхэн Монгол хэний талд байх вэ гэдэг асуудал үүсдэг юм.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс элсэх ёстой, элсэх ёсгүй гээд сүүлийн үед талцдаг боллоо. Аль нь ч зөв юм?

-Тийм тийм. Би бол “Бид аль ч талд орох ёсгүй ээ” гэдэг байхгүй юу. Тэр юу гэсэн үг вэ гэхээр Оростой муудна, Америктай сайдна гэсэн үг биш. Аль алинтай нь мөрөөрөө байх тухай ярьж байна. Манайхан сая ШХАБ-д орно, орохгүй гэлцлээ. ШХАБ гэдэг нь Орос, Хятад хоёр давамгайлсан бүлэглэл. Манайхан юу гэж толгой түрийгээ цохьж авч байгаа вэ гэхээр “Энэтхэг, Пакистан орчихлоо, бид хоцорчихлоо” гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид энэнд ороогүйгээрээ хоцорч байгаа, хохирч байгаа юм ерөөсөө байхгүй гэж би үзэж байгаа. Ер нь Орос, Хятадын өвөр түрийд орж байгаа юм шиг үзэгдэл байхгүй юу. Манайд “Олон тулгуурт гадаад бодлого” гэсэн нэртэй юмны нэг мундаг тулгуур нь “Гуравдахь хөрш” гэж нэг улсыг хэлээгүй, нэг хэсэг улсыг хэлсэн ойлголт бий. Энэ хоёр улстай бид эвтэй найртай харьцана аа, энэнээс халиад биднийг харж үзэж байгаа дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай өв тэгш харилцаатай байх ёстой. Ялангуяа шилжилтийн зовлонт үед биднийг харж үзсэн Япон, Америк, Европын холбоо, Дэлхийн Банк, Валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэг улс орон болон Америк, Япон давамгайлж байдаг санхүүгийн байгууллагуудтай яаж харьцах вэ гэдэг чухал. Бидний цахилгаан станцуудаа хөлдөөчихөөгүй, эсвэл өлсгөлөн гачланд нэрвэгдээгүй чинь тэд нарын тусалсан, харж үзсэнтэй холбоотой. Тиймээс энэ гуравдахь хөршийн бодлого гэдэг бол хоёр хөршөөсөө холдож зайлах гэсэн биш, хоёр хөрштэйгөө харилцахын хажуугаар хорвоо ертөнцтэй эвтэй найртай байх, тэднээс бага буурай улсын авч болох тусламж дэмжлэгийг авч байх бодлого байдаг юм. Их гүрнүүд биенээ муулаад, зэвсгээр хөөцөлдөөд, янз бүрийн хориг тавилцаад, худалдаа наймааны дайн зарлаад байгаа ийм нөхцөлд бид Орос, Хятад хоёрын давамгайлж буй юм руу орохоор гуравдахь хөрш гэдэг тэднээсээ хөндийрөөд явчихаж байгаа юм шиг тийм үзэгдэл болох гээд байгаа юм. Тийм учраас ШХАБ-д орохыг би эсэргүүцдэг. Эртэд би нэг том ярилцлага өгөхөд тэрийг тойрч шуугьцгаасан байна лээ. Сая тэгээд манай Ерөнхийлөгчийг элс гэхэд “Парламент мэднэ” гээд ирлээ. Хэрэг дээрээ элсэх зөвшөөрөл өгөөгүй гэж хэлж болно.

-Манайхан “Улс төрийн хүрээнд, нийгмийн хүрээнд элсэх, эсэх талаар хэлэцүүлэг явж байгаа” гэсэн. Мөн үү?

-Мөн...

-Манайхан “ШХАБ байгуулагдаад арван хэдэн жил болчихлоо. Мануус хойно хоцорчихлоо. Манаас төө хойно бараа сураггүй байсан Энэтхэг, Пакистан орчихлоо” гээд байгаа юм. Тэр бидэнд ямар хамаатай юм бэ. Юу гэхээр энэ байгууллагад орохоор бидний тов тодорхой эрх ашиг, шууд хэрэгжээд эхлэх олз омог юу байна гэдэг хувилбарыг бодох ёстой. Энэ хоёртой гурван талаараа яриад хэрэгжүүлмээр зүйл маш олон байгаа. Тэрийг хэрэгжүүлэх арга механизм бол ОХУ, БНХАУ, Монгол Улсын гурван Ерөнхийлөгчийн уулзалтыг манайх сэдэж гурав дөрвөн ч удаа хийчихэв үү дээ. Тэнд протокольдсон том том төслүүдийг хэрэгжүүлэх л хэрэгтэй болохоос ШХАБ-д элсэх асуудал ямар ч хамаагүй асуудал байхгүй юу. Тийм учраас “Михиальд нэг бодол бий” гэлээ гэх шиг бид цаадуулынхаа бодлого энэ тэрийг сайн бодолцож байх ёстой.

-Аливаа улсын хөрш улс нь “Мөнхийн нөхөр, мөнхийн дайсан байдаг” гэсэн үг байдаг байх аа?

-Дайсан гэдэг үгийг одоо бид хэрэглэхгүй, хэлэхгүй л дээ. “Мөнхийн нөхөр гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг гэж байдаг” гэсэн үг байгаа. Английн нэг товарищ л хэлсэн гэдэг юм. Нөхөр мөнх л дөө. Гэхдээ нөхөр мөнх биш, танай улсын эрх ашиг чинь мөнх шүү гэсэн үг юм. Тэгэхээр бид мөнхийн эрх ашгаа бодолцож, тэрийгээ аль болохоор өргөн хүрээтэй дэвсгэр дээр тавьж байх ёстой. Бид чинь дэлхийн улс юм байгаа биз дээ. Үүх түүх гэхэд юун Америк л гэцгээдэг байх аа. Манайх дэлхийг эзэлж байхад Америк гэж улс байгаагүй. Тэр бөмбөрцгийн цаад руу эзгүй байсан байна. Дэлхийн явдлыг ярихад ийм хэцүү болчихоод байгаа юм. ШХАБ-ыг бид арваад жил ажиглагчаар оролцсон. Гэтэл дэлхий яг муудалцаж байгаа үед элсэх юм яриад байх юм. Тэрийг огт бодохгүй байна.

-Эгзэгтэй үед л эмзэг сэдвээр оролдоод байгаа юм байна шүү дээ?

-Эд нар буцаад хэл амаа ололцоод улс төрийн уур амьсгал гайгүй болно л доо. Миний яриад байгаа хүйтэн дайн гэдэг юм багасна, бүдгэрнэ. Трамп бол түүхэнд орохын тулд л БНАСАУ-ын удирдагчтай уулзлаа гэхэд болно. Өөрөө ч “Би ер нь Солонгосын хойгийн асуудлын үндсийг шийдчихлээ шүү. Гэхдээ шахсаар байгаад гүйцээнэ” гээд байгаа шүү дээ. Тэр тэгэх байх. Яагаад вэ гэхээр энэ хөөрхөн хүү их ухаантай хүн юм. “Хорвоогоос зожигроод хол явахгүй юм байна, сүрэгтээ нийлэх ёстой юм байна. Цөмийн зэвсэг гээч юмыг бид хийж чадсанаа харуулчихлаа. Тэрийгээ зөөдөг пуужин, 13 мянган км нисэж чаддаг ийм юм хийж чаддагаа харуулчихлаа. Одоо бол устгасан ч болно” гэж л бодож байгаа шүү дээ. Эд нар ч их ухаантай л даа.

-Оросын сонгодог зохиолч Виктор Астафьевын “Хаан загас”-ыг та Монгол хэлнээ яруу сайхан орчуулсан. Өнгөрөгч онд дутуу бүлгүүдийг нь гүйцээж орчуулан шинээр хэвлүүллээ гэсэн үү?

-Өмнө орчуулсан И.Ильф, Е.Петров нарын “12 сандал”, “Алтан тугал” хоймсон роман, В.Астафьевын “Хаан загас” туужаа бүрэн бүтэн болгоно гэж бодож явснаа биелүүллээ. Эдгээр бүтээл ЗХУ-ын үед цензурт өртөж, хорь гучин хувь нь хасагдчихсан байсан юм. “Хаан загас”-ыг бичигч В.Астафьев Красноярск орчмын хүн. В.Астафьев “Хаан загас” туужаараа ЗХУ-ын төрийн шагнал хүртсэн, Зөвлөлтийн алдартай зохиолч хэдий ч манайхан түүнийг Эрхүүгийн Распутины дайтай мэдэхгүй. В.Астафьев жинхэнэ Сибирь нутгийн хэлээр бичдэг учраас мосвагийнханд адлуулдаг, нутгийнхнаасаа талархал сонсдог хүн байсан. Түүний бүтээлийг орчуулахад амаргүй. “Хаан загас”-т л гэхэд үй олон загас, ургамлын нэр бий. Түүнийг оноохоос гадна, хэл найруулгыг нь Монгол руу буулгахад бэлэнгүй. “Хаан загас”-т холбогдох мэдээ сэлтийг хайсаар, уг зохиолын бүрэн эхээс гадна зохиогчийн өөрийнх нь бичсэн тодорхой тайлбарыг олсон. Тэр олз маань уг ном ямар зовлон туулж, эрэмдэглүүлж байсныг илэрхий гэрчилж байсан учраас хоёр дахь хэвлэлд оршил болгон орууллаа. В.Астафьев гуай 1986 онд манай оронд зочилж, энгүй уудам Сибирь нутгийн хүн атлаа манай элчилгүй их говийг үзээд бас ч гэж гайхалзан, эх дэлхийн маань өөрийнх нь үзээгүй нэгээхэн хэсэг хэмээн баясаж, хөдөөний малчдын аж байдал, байгальтайгаа хүйн холбоотой амьдарч байгааг мэдрэн бахдаж байсан гэдэг юм.

-“Хаан загас”-ын бүрэн эх хэдэн онд эх орондоо хэвлэгдсэн байх юм?

-Зохиогчийн нотлон өгүүлсэнээр “Хаан загас”-ыг хамгийн бүрэн хэлбэрээр нь анх удаа 1993 онд Красноярскийн “Гротеск” хэвлэлийн газар нийтэлсэнийг орчуулгын хэвлэлийн эх болгон барилаа. В.Астафьев гуай 2001 онд өөд болсон. Түүнийг Орос-Зөвлөлтийн өнгөрсөн зууны сонгодог зохиолч гэдгийг эдүгээ уншигчдын болон мэргэжилтний хүрээнд нэгэнт хүлээн зөвшөөрөх болсон. Үүнийг Зөвлөлтийн хоёр удаагийн төрийн шагнал, Оросын гурван удаагийн төрийн шагнал, утга зохиолын гадаад дотоодын бас бус шагнал, түүнчлэн олон саяар хэвлэгдсэн зохиол бүтээл нь бэлээхэн гэрчилнэ.   

(“Өдрийн сонин”-ы 2018 оны зургаадугаар сарын 27-ны №  -т хэвлэгдсэн болно)

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]