Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тэмүжиний тэмцэлУншсан12,836

Тэмүжин Онон, Хэрлэн, Туулын сав газрыг захирсан хаанаас нийт Монгол овогтныг захирсан хаан болохын тулд ханлигууд ба хуучин овог аймгийн толгойлогчдын эсрэг шургуу тэмцлийг явуулах ёстой байжээ.

Тэмүжин Онон, Хэрлэн, Туулын сав газрыг захирсан хаанаас нийт Монгол овогтныг захирсан хаан болохын тулд ханлигууд ба хуучин овог аймгийн толгойлогчдын эсрэг шургуу тэмцлийг явуулах ёстой байжээ. Тэмүжинг Хамаг Монголын хаанд өргөмжлөгдсөнд Жамуха ихэд дургүйцсэн. Ингээд ил далд тэмцэл өрнүүлж эхэлжээ. 1190 оны орчимд Тэмүжин, Жамуха хоёрын хооронд анхны ширүүн тулалдаан болжээ. Ер нь Жамухыг дарахгүйгээр Монголыг нэгтгэх боломжгүй байсан юм. Тэмүжин, Жамуха хоёрын хооронд Туулын Хар шугуйд ширүүн тулалдаан болжээ. Тэрхүү тулалдааныг түүхэнд 13 хүрээний тулалдаан гэнэ. Хоёр тал тус бүр цэргээ 13 хүрээ зохион байгуулж, Туулын Хар шугуйн Далан Балжуд гэдэг газар тулалджээ. Тулалдаан үндсэндээ Жамухын ялалтаар төгсжээ.

Гэсэн ч Тэмүжин шантарсангүй, түүний гол хүчийг бүрдүүлэгч овог аймаг, баатрууд, анд нөхөд нь цугаар нэгэн зангидсан гар мэт хэвээр байлаа. Тэмүжиний байдал өдөр ирэх тутам бэхжиж байхад түүний хуучин холбоотон нарын байдал улам доройтсоор, Жамухын харъяат нараас Чингист дагаж орох нь олширсоор байв. Жишээлбэл, Жамухын харъяанд байсан Урууд, Мангууд аймгууд Чингист дагаж орсон байна. Хэрэйд улсын дотор 1194 онд эвдрэл гарч, Тоорил хан өөрийн дүү Эрх Хартай муудалцан, түүнийг алахыг завдахад цаадах нь Найман улсад зугтан очжээ. Хэрэйдтэй зах нийлсэн Найман аймаг энэ шалтгийг ашиглан, өрсөлдөгч дайсан Тоорилыг цохихоор Эрх Харыг өмгөөлөн Хүгсэү Сабраг жанжнаар цэрэг удирдуулан Хэрэйдийн нутагт цөмрөн байлджээ. Эртний баатар жанжин Хүгсэү Сабраг Тоорилыг ихэд дарсан тул Тоорил баруун Тангудад зугтан гараад Тангудын Ся улсын Гүр хааны ивээлд орж нэг жил шахам оршиж байгаад цаашдаа орших боломжгүй болж тэндээс зайлан гарахад хүрчээ.

Тоорил Тангудын нутгаас гарч Тангуд, Уйгурын хотуудаар дамжин явсаар ихэд цуцан ядуурч, 1196 онд арай гэж Монгол нутгийн захад хүрч ирээд Тэмүжинээс тусламж гуйхад Тэмүжин түүнийг хүлээн авч, хүрээндээ агуулж суулгаснаас гадна харьяат ардаасаа гувчуур татаж өгчээ. Тэмүжиний ийнхүү Тоорилыг туслаж тэтгэж байсан нь түүний хэлсэнчлэн зөвхөн хуучин ачийг дурсан санасан хэрэг төдий биш, харин эртний сурвалжит Хэрэйдийн ханы нэр нөлөөг ашиглах, мөн хүчирхэг явсан Хэрэйдийн ханыг ивээж тэтгэхээр чадалтай болсноо бас олон нийтэд харуулах гэсэн бодлого бүхий байжээ. Тэмүжин тэр үед Тоорилыг урьдын адил өмөг түшиг гэж үзэхээ больж, түүнтэй эн зэрэгцэн холбоотон ёсоор үзэх болсон нь өөрийн бие ба Тоорилыг тэрэгний хоёр дугуйтай адил гэж зүйрлэн хэлж байснаас тодорхой.

Татар аймаг бол Монголын эсрэг гол өрсөлдөгч аймаг байв. 1196 онд Татар аймгийн Мэгүжин сүүлт тэргүүлэн Алтан улсын ноёрхлын эсрэг бослого гаргасан юм. Үүнээс болж Алтан улсаас Татарыг дайлав. Татарчууд ялагдан Улз голын хавиар зугатааж иржээ. Тэмүжин энэ бүхнийг мэдмэгц Ван хан Тоорилтой хамт Татарыг дайлахаар Улз голд очжээ. Алтан улсын цэрэг ч цаанаас нь ирэв. Ингээд Улз голын Нарату шүтээн, Хусту шүтээн гэдэг газар байлдаж, Татарыг бут цохиод Мэгүжин сүүлтийг барьж хороожээ. Үүнийг түүхэнд "Улз голын дайн" гэж нэрлэдэг. Алтан улсын зүгээс Тоорилд Ван хаан цол шагнасан ба үүнээс хойш сурвалж бичгүүдэд Тоорилыг Ван хаан хэмээх болсон юм. Татартай байлдаж буцаж ирсний дараа Тэмүжин 1197 онд Жүрхэн аймгийг дагуулан авчээ.

1199 онд Тоорил, Тэмүжин нар Найман улсыг хамтран байлдсан юм. Хүгсэү Сабраг жанжин хөгширч, морины ая даахаа байсан, Найманы Инанча Билгэ хан үхсэний дараагаар ноёдын хоорондын хямрал тэмцэлд нэрвэгдэн, хүчин чадал нь нэлээн доройтсон цаг тул тэр дашрамыг тохиолдуулан Тоорил хан Тэмүжинтэй хамтран, Найманы Буйруг ханыг довтолсон юм. Буйруг цэргээ цуглуулж амжилгүй байсаар Ховд орчимд Тоорил нарт бут цохиулж, Алтайг дамжин буруулж Кызылбаш (одоогийн Улингүр) нуурт хүрч ирсэн боловч мөн тэнд сүрхий цохигдож, тэндээс зугтан Киргизийн хараат Кэм-Кэмчигүүдэд очиж хоргоджээ.

Ингээд Ван хаан Тэмүжин нар Байдрагийн голд буцаж ирж буудаллажээ. Энэ үест Буйругийн ах Даян хан нар цэргээ яаран цуглуулж Хэгсэү Сабрагаар захируулан Тэмүжин, Тоорил нарын цэрэгтэй байлджээ. Хэдий хөгширч өтөлсөн боловч Хүгсэү Сабрагийн цэрэг дайнч тул хоёр этгээдийн цэрэг дийлэх, дийлэгдэх нь мэдэгдэлгүй цус их урсган тулалдаж бүхий үед Тэмүжин, Тоорил нарын дунд хагарал гарч, Тэмүжин хойш ухран Хангай уулыг давж нутагтаа буцаж иржээ. Үүнийг Хүгсэү Сабраг мэдээд Ван ханы цэргийн сүүлээс нь довтлон дайрч аргагүй болсон Ван хан Тэмүжинд яаралтай элч довтолгож, түргэн туслахыг гуйжээ. Тэмүжин ван хантай холбоогоо таслах цаг хараахан болоогүй гэж үзэж байсан тул Боорчи, Мухулай, Зэв, Чулуун дөрвөн хөлөг баатраа харьяат цэргээ авахуулан явуулж тусалсан байна.

Энэ явдлын дараа Чингисийн эрхэнд орохыг хүсэхгүй байсан Тайчууд, Хатагин, Салжиуд, Хонгирад зэрэг аймгууд холбоо байгуулан, Тэмүжин ба түүний холбоотон Ван ханыг цохихоор шийдвэрлэсэн байна. Учир нь Найман цэрэгтэй ихэд цус урсган хүчийг барсан хэмээн тэдгээр дунд зэргийн хүч бүхий аймгууд тооцоолж байсан ба энэ үеийг ашиглан Тэмүжинг ч, түүний холбоотнуудыг ч дарж авья хэмээн шийдсэн байдаг.Найманы Тэмүжиний хадам эцэг Дай сэцэн Хонгирад аймгийн хүн тул энэ бүх учрыг Тэмүжинд мэдэгджээ. Тэмүжин хүчээ яаран хуралдуулан тэдгээр аймгийн нэгдэхээс өмнө амжиж тайчиудыг Буйр нуурын орчим, хатагин, салжиуд нарыг Хөлөн нуурын орчим тус тус цохижээ. Гэвч тайчиуд, хонхирад, икирас, горлос, дөрвөн, хатагин, салжиуд, татар, ойрад, найман аймгийн ноёд Чингисийн эсрэг дахин шинэ холбоо байгуулжээ. 1201 онд Жамухыг Эргүнэ мөрний орчим "Гүр хаан" гэж өргөмжилжээ. Ийнхүү хүчний харьцаа Жамухын талд шилжиж, Тэмүжиний байдал маш хүнд болсон тул ван ханаас туслахыг гуйжээ. Ван хан Тэмүжиний хүссэн ёсоор цэргээ авч хоёр этгээдийн цэрэг Хэрлэнд нийлж, тэндээс хөдлөн мордож, Хүйтэн гэдэг газар Жамухын цэрэгтэй байлдан бут цохижээ. Энэхүү Хүйтэн гэдэг газар Х.Пэрлээгийн тайлбарласнаар Онон, Хэрлэнгийн хооронд буй "Хүйтэн муус"-ыг хэлж байгаа гэнэ. Жамухын холбоотон нар сарнин татар, найман, мэргид, ойрад, тус тусын нутагт буруулан оджээ. Тэмүжин тайчуудыг нэхэмжлэн бут цохиж, дагуулан авсан байна. Үүний дараа хонгирад аймаг сайн дураар Тэмүжинд даган оржээ. Ер нь Хүйтний тулалдаан бол Монголыг нэгтгэх дайны явцад гарсан хамгийн зангилаа чанартай дайн байсан юм. Аймгуудын ноёдын эвслийг цохисны дараа Тэмүжиний байр байдал ихээхэн бэхжсэн нь Тэмүжин нар татартай байлдан 1202 онд бут цохисноос тодорхой. Мэргидийн ноён Тогтоа бэхи, Найманы Буйру

г хан нар Тэмүжинг татартай байлдаад цэрэг, морь ядарсан гэж ойрад, хатагин, дөрвөн, татарын үлдэгдлийг нийлүүлэн, 3-р удаа тэмүжиний эсрэг байлдсан ажээ. Тулалдаан их шургуу болж, Тэмүжин, Ван хан нарын хүч мөхөсдөн цэргээ авч зүүн зүг ухарч, хонгирадын нутагт орж суужээ. Тэр үе нь өвөл цаг тул цас шуурганд боогдож, холбоотны цэрэг Ван хан, Тэмүжин нарыг нэхэн байлдахаас бэрхшээн хойш буцжээ. Жамуха 1203 онд Алтан, Хучир нарыг биедээ татан авч, Чингисийн эсрэг шинэ эвсэл хуувилдаан байгуулжээ. Жамуха, Алтан нар ван ханы хүү Сэнгүмтэй биеэр очиж уулзан, Чингисийн найманы Даян хантай нууц холбоотой, сэрэмжилбэл зохино гэх зэргээр итгүүлэхийг оролджээ. Сэнгүм бол хэзээнээс Тэмүжинг үзэн ядаж, түүнтэй тэмцэхийг эцэгтээ үргэлж ятгадаг хүн байсан учир, Жамухын үгийн үнэн худлыг төдий л эс хайхран, Чингисийг хамтран тэмцэхээр тогтоод энэ тухай эцгээсээ лавлахад, Ван хан "өөрсдөө мэдтүгэй" гэж хэрэг дээрээ зөвшөөрчээ. Ер нь Хэрэйдийг байлдан эзлэхгүйгээр Монголыг нэгтгэхэд хэцүү байжээ. Ван хан хүүтэйгээ нийлж санаа буруулсныг Тэмүжин нэгэнт мэдсэн тул Хэрэйдтэй арга буюу байлдахаар шийджээ. Ван ханы цэрэгтэй байлдахад тийм ч хялбар биш байсан учир цэргийн хүчнээс гадна арга ухаан зарах учиртай байжээ. Чингис хаан Түнхэлэг горхинд буусны дараа хүчээ сэлбэх, цаг хожих зороилгоор Ван хантай түр найрамдахыг бодож, элч явуулахын хамт ван ханыг довтлох бэлтгэлийг зэрэгцүүлэн сэм хийжээ. 1203 оны намар Чингис цэргээ дайнд бэлтгэж аваад ван ханыг санамсаргүй байхад нь зэгзгэр Өндөрийн зээр хавцалын аманд бүслэн авчээ. Гурван өдөр, гурван шөнө үргэлжилсэн байлдааны явцад хэрэйдүүд ялагджээ. Энэ тулалдааныг Муу өндөрийн байлдаан ч гэдэг. Ван хан хөвүүн Сэнгүмийн хамт байлдааны талбараас зугатан гарчээ. Ван хан явсаар найман улсын хил дээл хүрч, Найманы харуулын цэргүүдтэй тохиолдон тэдэнд алагджээ. Сэнгүм зугатан явсаар Цайдамд ирээд тэндээс зайлан гарч,Тэнгэр уулын орчим очоод удалгүй нас баржээ. Ингэж эртний сурвалжит Хэрэйд улс мөхөж, газар нутаг, иргэд нь Чингисийн эрхэнд оржээ. Тэр дайнд Тэмүжин хэдийгээр ялалт байгуулсан ч их хохирол хүлээсэн гэж сурвалжид тэмдэглэсэн буй. Тухайлбал, 1000 шахам цэргээ дайны талбарт алдаж, эрэлхэг жанжин Хуйлдар шархтаж, Боорчи унаж явсан байлдааны сайн хүлэгээ алуулж, Өгэдэй хүзүүндээ шарх авсан зэрэг болно. Тэмүжин, Ван ханыг дайлан дийлж цэргээ авч Балжуд нуурт ирж бүх үнэнч анд нөхдөө цуглуулан үүрт хамт амьдрана тэмцэнэ гэж тангараг өргөснийг түүхэнд "Балжид нуурын тангараг" гэдэг. Тангараг өргөхөд Тэмүжиний 19 сайн анд нөхөд оролцсон гэж сурвалжид тэмдэглэжээ. Хэрэйд улс мөхсөн нь Чингис Найманы даян хан хоёрыг нүүр нүүрээр нь эсэргүүцүүлэн хандуулжээ. Энэ үест найманы Даян ханы дэргэд Чингисийн заналт дайсан Жамуха сэцэн, хатагин, салжиуд, дөрвөн, тайчиуд, хонгирад аймгуудын ноёд бас хэрэйдийн үлдэгдлүүд, мэргидийн Тогтоа бэхи нар хуралдан, Чингисийн эсрэг шинэ эвсэл бүлэг буй болсон цаг байжээ. Даян хан Чингисийн ар талаас нь хавчин байлдах хүчин болгохоор Онгуд аймгийн эзэн Алгуш-тэгинд элч явуулж холбоотон болохыг хэлэлцүүлжээ. Гэвч Алгуш-тэгин Чингисийн хүчирхэгээр мандаж буйг үзээд болгоомжлон, Найманы Даян ханы дайсагнахаар бэлтгэж байгааг Чингист мэдэгдэхийн хамт найрамдан нөхөрлөхөө илэрхийлжээ. Чингис Даян ханы төлөвлөгөөг мэдмэгц 1204 оны хавар Тэмээн хээр гэдэг гол дээр их хуралдайг зарлаж Найман улстай байлдах асуудлыг зөвлөлдөн хэлэлцэхэд хоёр салаа санал гарчээ. Нэг санал нь хавар цагт агт морьд туранхай учир намрыг хүлээж, морь мал таргалуулах нь зүйтэй гэжээ. Энэ саналыг баримтлагсад нь олонхи нь байжээ. Нөгөө нь нэн даруй байлдан орох нь зүйтэй гэсэн Чингисийн авга Отчигин ноён, дүү Бэлгүдэй нарын санал байжээ. Чингис, найманчуудыг бэлтгэхээс өрсөн байлдах гэсэн хоёрдахь саналыг зөвшөөрөн даруй байлдахаар шийдвэрлэжээ. Бүх цэргийг бүртгэн тоолж, мянга мянгаар хуваарилан зохион байгуулаад, Хулгана жил буюу 1204 оны тэргүүн сарын 16-ны өдөр тугаа тахиж, Халх голоос их цэрэг хөдөлгөсөн ажээ. Чингисийн жанжин Зэв, Хубилай, Зэлмэ, Сүбээдэйгээр магнай харуулын ангийг тус тус ойлгуулжээ. Харин цэргийн манлайд Чингис өөрөө явж, гол хүчийг дүү Хасарт захируулжээ. Цэргийн бэлтгэл агтыг авга Отчигин ноёнд эрхлүүлжээ. Чингис цэргийн тоо цөөхөн, холын замд хүн, морь ядарсныг харгалзан алгуур аялсан бөгөөд агтаа цатгахын тулд Сайр хээр гэдэг газар бууж, хэд хоноход шөнийн цагт цэрэг бүр таван хэсэг гал түлэх тушаал өгчээ. Найманы тагнуул үүнд хууртагдан, Монголын цэрэг тэнгэрийн одноос олон байна гэж Даян ханд мэдээ хүргэжээ. Тэр үед Даян хан цэргийн хамт Хангайн Хачир ус гэдэг газар оршиж байжээ. Даян хан, Монголын цэрэг тоо олон боловч агт морь нь туранхай гэдэг мэдээг аваад шууд байлдахгүй, харин түүнийг өдөөн баруун тийш Алтайн ууланд удирдан аваачиж хүн, морины хүчийг нэг мөсөн ядармагц өөрсдийн амар хүчээр байлдан сөнөөх аргыг гаргахад, түүний хүү Хүчүлүг нь дайснаас хоосон айж, цэргийн сүр хүчийг мохоолоо гэж эцгээ буруушаан, саналыг нь эс дэмжсэн учир даян хан арга буюу байлдахаар цэргээ авч Хачир уснаас хөдлөн Тамир голыг уруудан явж, Орхоныг гатлаад, Наху гүний зүүн хормойг дайран Цахир Могод гэдэг газар хүрч иржээ. Тэндээс Монгол, найманы цэрэг Наху баяны Цухал хөндийд уулзан өдөржин байлдаж үдэш болоход найманчууд ялагдаж буруулжээ. Байлдааны үеэр Даян хан хүнд шархтаж төдөлгүй үхжээ. Хүчүлүг зугатан гарч Тамирын голд хүрээд, хүрээ бэхлэлтийг барин Монголын цэрэгтэй харилцан байлдсан боловч бут цохиулаад, Хар Хятан улсын зүг буруулжээ. Мэргид аймгийн толгойлогч Тогтоа бэхи бас хар Хятаны зүг буруулан очсон бөгөөд Жамуха байлдаан болохоос өмнө найманы цэрэг дарагдаж магадгүй гэж болгоомжлон, шадар хүмүүсийн хамт зайлан одсон ажээ. Жамухыг дагаж найман нартай нийлэлдэн явж байсан жадран, хатагин, салжиуд, тайчиуд, хонхирад зэрэг аймаг цөм Чингист буун дагаж оржээ. Монгол аймгуудын олонхи нь сая болтол Жамухын захиргаанд байсан нь ийнхүү бүрмөсөн Чингисийн мэдэлд шилжин иржээ. Даян ханы цэргийн хүрээнээс үүний урьд зайлан гарсан Жамуха сэцэнийг шадар нөхөд нь баривчлан авч, Чингист хүргэж ирснийг яллан цаазалжээ. Сэцэний зүтгэлийг бүх талаар харлуулах нь бас ч өрөөсгөл дүгнэлт болох биз ээ. 1206 он болоход "Нууц товчоо"-ны өгүүлсэн ёсоор Эсгий туургатан цөм Чингис хааны мэдэлд захирагджээ. Монголын ханлигууд ба аймгууд нэг төв улсын хүрээнд нэгдсэн явдал бол мэдээжээр зөвхөн Тэмүжин нэгэн хүний дур зориг, гавъяа зүтгэл төдийгөөр бүтсэн хэрэг биш, харин юуны урьд Монголын нийгмийн дотоод түүхэн хөгжлийн үр дүн бөгөөд Монгол улс аймгуудын нэгдэх явдалд Тэмүжинг улс төрийн тавцанд гарахаас аль өмнө үүссэн хамаг Монгол улс чухал бэлтгэл суурь болж, томоохон үүрэг гүйцэтгэснийг цохож тэмдэглэх хэрэгтэй. Ямар учраас хамаг Монгол улс, Монголын нэгдсэн төрийн гол мөхлөг болж чадсан бэ гэвэл, дахин сэргэсэн хамаг Монгол улс нь тэр үед нэгэнт сулран доройтсон Хэрэйд, Найман, Татар зэрэг ханлигуудыг бодвол шинэхэн байгуулагдсан, хүчин чадал төгөлдөр, цул нэгдэлтэй байжээ. Хамаг Монгол улс зөвхөн энэ чанараараа улс төрийн төв болоод зогсоогүй, үүний нөгөөтэйгүүр чухамхүү Монгол угсаатний бүрэлдэх түүхэн үйл явц нь хамаг Монгол улсын дэвсгэр нутаг дээр болсныг бодолцох хэрэгтэй ажээ. Хамаг Монгол улс газар нутгийн ойр дөтийн эрхээр харийн, тухайлбал Алтан улсын довтолгоо дайралтанд цаг ямагт эрсдэж байсан тул улс төрийн талаар бутархай байдлыг эцэс болгон, тусгаар тогтнолоо хамгаалан сахих ашиг сонирхлыг илэрхийлэхийн хувьд бусад ханлигуудаас илүү соргог байсныг тэмдэглэх хэрэгтэй. Үүнээс гадна Монголын нутаг дэвсгэр нь тэр цагийн Монголын эдийн засгийн бааз нүүдлийн мал аж ахуйн хамгийн том төвүүдийн нэг байсан бөгөөд Хэрлэн, Онон, Туул гурван мөрний сав газрын ус бэлчээр тохирсон сайхан нутаг, дорнод Монголын уудам тал нь мал өсгөхийн аятай нөхцлийг бүрдүүлж байжээ. Түүнчлэн Хамаг Монгол нь өөрийн нутаг дэвсгэрээрээ худалдааны захад ойр дөт, бусад төрөл Монгол аймгуудтай харилцахад тохиромжтой байсан зэргийн эдийн засгийн боломжтой байсан ажээ. Хамаг Монгол улсын үүргийн тухай өгүүлэхдээ тэрхүү улсыг сэргээн дахин байгуулж, түүнийг түшиглэн улмаар Монгол туургатанг нэгтгэж. Монголын нэгдсэн төрийг байгуулсан Тэмүжиний гүйцэтгэсэн үүргийг өгүүлэх хэрэгтэй. Тэмүжиний Монгол угсаатнийг нэгтгэх талаар явуулсан үйл ажиллагааг хоёр үе болгон хувааж болох бөгөөд эхэн үе бол түүний хэлсэнчлэн "Бутарсан улсыг бөөгнүүлэх", "хагацсан улсыг хамтатгах" тэмцэл байжээ. Энэ тэмцлийн үр дүнд Тэмүжин зөвхөн эцэг Есүгэйн захирч байсан улс харъяатныг захирах болсон төдийгүй харин ч Хамаг Монголыг хан болсон байна. Хамаг Монголын хан болсны дараа "Гүр (нийт) улсыг хамтатгаж ганц жолоондоо оруулах" тэмцэл нь эхэлжээ. Тэмүжин бүх Монгол овогтныг 1189-1206 оны хооронд 20 хүрэхгүй жилийн ахар хугацаанд эрхэндээ бүрэн оруулан чадсан явдлыг хэрхэн тайлбарлах вэ? гэвэл, Чингис үйл ажиллагаандаа хүн амийн зарим хэсгийн зүгээс дэмжлэг авч байсан бөгөөд эс тэгвэл уул хэрэг нь ч амжилтгүй болох байсан нь тодорхой. Тухайлбал, Чингис урт дурын хүн хэмээх хөрөнгөлөг, баялаг малчдын зарим талаар түшиглэж байжээ. Тэмүжиний хүчжин улмаар Монгол туургатныг нэгтгэхэд түүний "анд", "нөхрүүд"-ийн дэмжлэг тусламж ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг юуны урьд тэмдэглүүштэй. Овгийн байгууллын үед нөхөр ханийн харилцан туслалцах ёс журам байсан боловч нийгмийн хөгжил гүнзгийрэхийн зэрэгцээгээр анд нөхрийн холбоо улс төрийн нэгдэл, бүлгийн шинжийг олсоор байжээ. Үүнийг Тэмүжин чадамгай ашиглажээ. Эцэг Есүгэйн анд Хэрэйдийн хан Тоорил мөн Хамаг Монголын олонхи аймгийг захирч өөрийн анд Жадран аймгийн ноён Жамуха нарын цэрэг зэвсгийн тусламжийн нэг бус удаа хүлээж байжээ. Тэмүжин хүчжин байсан ноёдод зүтгэж, ашиг завшаан олохыг эрмэлзсэн баатар эрсийг өөрийн тугийн дор нөхөр болгон элсүүлэн хуралдуулж, нэг талаар зэвсэглэсэн эрсийн хүчийг харъяат аймгийн олонхи ардыг ноёлон дарангуйлж байхад итгэлт өмөг түшгээ болгож бусад харь аймгуудыг байлдан дагуулж нэгтгэхдээ ашиглажээ. Үүнээс гадна тэр үед Чингисийн эсэргүүцэл этгээд хэрэйд, найман, татар зэрэг улс аймгууд дотроо хямран тэмцэлдэж, хүч нь ихээхэн суларч байсан нь бас нөлөөлжээ. Жишээлбэл, Хэрэйд улсад хан ширээний төлөө тэмцэл үргэлжлэн гарсаар байсан ба Найман улс хоёр хэсэг тасарч, хоорондоо тэмцэлдэхийн зэрэгцээ Хэрэйд улстай дайсагналцан байлдсаар байжээ. Монголын хамгийн хүчирхэг аймгийн нэг байсан Татар аймаг Алтан улсын түрэмгийлэх бодлогын уршгаар их л сулран доройтоод тэр үест Монгол аймгуудын дотор болж байсан үйл явдалд бараг оролцож чадахгүй болоод байжээ. Мэргид, дөрвөн, икирас, хатагин, хонхирад, горлос зэрэг жижиг аймгуудын удирдагчид овог аймгийн ёс дэглэмийг хэвээр хадгалан үлдээхийг зорьж, Чингисийн нэгтгэн захирах бодлогыг эсэргүүцэн янз бүрийн эвслийг зохион байгуулж байжээ. Гэвч тэд биеэ чадахгүй, аль нэгэн хүчирхэг удирдагчдын аясыг дагалдаж байжээ. Тэднийг Жамуха сэцэн өөрийн захиргаанд нэгтгэж Чингисийн эсрэг тэмцэхийг хэд хэдэн удаа оролдсон боловч амжилт олсонгүй. Тэмүжин Монгол аймгуудыг нэгтгэхдээ ов мэх, итгэлийг олох, зэвсгийн хүчийг хэрэглэх зэргээр зүйл бүрийн арга хэрэглэжээ. Өөрийн өрсөлдөгч дайснуудын сул тал, тэдний өөр хоорондоо эвдрэл хямралтай байгааг чадамгай ашиглажээ. Ялангуяа хэрэйдүүдийн хүчийг өөрийн зорилгод сүрхий завшин хэрэглэжээ. Тэмүжин хэрэйдийн Ван хантай хэдэн удаа муудалцсан боловч сайн бэхжих хүртлээ түүний алдар нэр, цэрэг зэвсгийн хүчийг дуустал ашиглахыг чухалчилж байжээ. Мэргид, татар, найман, жүрхэн зэрэг аймгуудыг ямагт Ван хантай хамтран байлдаж бүрмөсөн дагуулах буюу хүчий нь сулруулан доройтуулж байжээ. Ван хан Тэмүжинг улам хүчжихээс болгоомжлон түүнийг замаасаа зайлуулахыг бодсоор байсан боловч тэр үед Хэрэйд улсын дотор байн байн хан ширээний төлөө тэмцэл гарч, хэдэн удаа маш хүнд байдалд орж байсан ба хэрэйд улсын доторхи самууныг ашиглан Найман улс түүнийг эзлэн авахыг шууд завдаж байсан учир Тэмүжинтэй холбоогоо таслахгүй, харин аль болохоор нйарамдалтай байхыг мөн зорьж байжээ. Энэ бүхэн нь олон аймгийг нэгтгэхэд Тэмүжинд таатай нөхцөл болжээ. Нөгөөтэйгүүр чухамхүү тэр үед Алтан улс ихэд сулран доройтож байсан цаг тул Монголын дотор улс төрийн хүчирхэг нэгдэл бүрэлдэж тогтох явдлыг саатуулан зогсоож чадахгүй байжээ. Тэмүжин бүх Монгол овогтныг нэгтгэх тэмцлийг 1185 оноос эхэлсэн ба 1189-1206 он хүртэл 20 шахам жилийн дотор шаргуу тэмцэл хийжээ. Тэмүжин 1185 оноос 1206 оны хооронд их бага 32 удаагийн дотоодийн дайн тулалдааныг өнгөрүүлж, Монгол угсаатны нийт 81 том жижиг аймгийг нэгтгэжээ. Ийнхүү 1205 оны эцэс 1206 оны эх хүрэхэд Монгол угсаатны ихэнх аймаг Тэмүжиний мэдэлд орж Их Монгол улс байгуулагдах нөхцөл нэгэнт бүрдсэн байжээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 20. 20:42
Зочин

Bayrlalaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]