Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Барулас угсааны ноёны хүү Төмөр монголчуудын түүхэнд алдартай байлдан дагууллуудыг үргэлжлүүлж алдар нэрээ цууриатуулсан юм. Түүнийг Төмөр хаан, “Доголон” Төмөр, “Бурхны ташуур”, Тимур, Исламын илд, Тамерлан, хэмээдэг байлаа.

Байлдан дагуулагч Төмөр: Хятадыг эзлэхээр хөдлөвУншсан6,739

Төмөр Бага Ази, Энэтхэг, Алтан Орд, Турк, Египетийг номхотгосны дараа Мин улсыг дайлах аянд бэлтгэж эхлэв.

Нийтлэлч Б.Батмөнхийн аугаа их байлдан дагуулагч Төмөр эмирийн тухай цуврал нийтлэлийг түүх сонирхогч уншигчдадаа хүргэж байна.

Эхний хэсэг: Байлдан дагуулагч Төмөр: Цагадайн улсыг нэгтгэхийн төлөө

Байлдан дагуулагч Төмөр: Алтан ордыг мөхлийн замд нь оруулав

Байлдан дагуулагч Төмөр: Энэтхэгт довтолж, Туркийг хүйс тэмтрэв


Долдугаар бүлэг: Төмөр Хятадыг эзлэхээр хөдлөв

 

“Төмөр бол хар багаасаа хал үзэж, 12 наснаас дайн тулалдаанд оролцож, 70 хүртлээ амь өрссөн тэмцэлд аз сорьсон Монгол угсаат, түүхэн хүн юм” Д.Гүн-Үйлс

Төмөр Бага Ази, Энэтхэг, Алтан Орд, Турк, Египетийг номхотгосны дараа Мин улсыг дайлах аянд бэлтгэж эхлэв. Энэ үед Төмөрийн нас 70 хүрч байсан ч тэрээр огтхон ч түүртсэнгүй. Евроази даяар түүний өмнөөс сөрөх олигтой өрсөлдөгч ч байсангүй.  Ингээд 3000 км чанадад байх улс руу дайрахаар болов. Төмөр Мин улсыг дайлах санааг бүр эртнээс бодож эхэлсэн юм. 1397 онд Кашгарт олзны хүмүүсийг олноор аваачин тариа тариулах болсон нь Мин улсыг буулгаж авах аян дайны бэлтгэлийн эхлэл байв. Кашгарт Төмөр хүнсний агуулах байгуулах, тариа тариулах, агт тэжээхэд онцгой анхаарч байсан гэдэг. Бүр 1389 онд Төмөр өнөөгийн Шинжааны нутагт цэрэг суулган цайз байгуулжээ. Төмөр Хятад руу орохын өмнө Монголчуудтай холбоотон болохыг хичээж байсан гэж зарим түүхчид бичдэг.

1404 оны 2-р сард Төмөр их цэргээ дагуулан Хятадын Мин улсыг чиглэн хөдлөв. Гэвч замдаа түүний бие муудсаар 1405 оны 4-р сарын 1-ний өдөр нас баржээ. Төмөрийн шарилыг Самаркандад авчирч “Гүр Эмир” хэмээх бунханд залжээ. Энэ бунханы загвараар хожмоо Наполеоны бунханг байгуулсан гэдэг. Төмөрийн бунханд түүний шарилаас гадна ач хүү Мирза Мухамед, хоёр хүү болох Мирза, Шахрух нарын шарил байдаг.

Наймдугаар бүлэг: Төмөрийн ул мөр, Төмөрийн дараа....

 

Хамгаас гайхамшигт

Хайр найргүй эзэрхэгч

Аугаа их жолоодогч нэгэн,

Алдарт төгс дайчин

Бүх дэлхийг байлдан дагуулагч

Их Эзэн Төмөр энд нойрсож байна.

/Самарканд дахь Төмөрийн бунхны үүдэн дэх бичээс/

Төмөрт эвдлэн сүйтгэгч, бүтээн босгогч чанар хосолсон гайхалтай хүн байв. Тэрээр бүтээн байгуулах ажлаа бүр эртнээс эхэлжээ. 1365-1366 онд Каршийг тойрсон хэрэм босгов. 1370 онд Самаркандад бат бэх хэрэм байгуулав. Чингис хааны Дундад Азид байлдан дагуулал хийх үедээ устгасан бүхнийг Төмөр сэргээсэн гэдэг. Өнөөгийн Самарканд бол Төмөрийн суурийг нь тавьж босгосон хот бөгөөд Чингис хааны үед байсан Самарканд хотын туурь арай өөр газар байдаг. Төмөр Самаркандыг шинээр босгосон юм. Энэтхэг, Иран, Армян, Гүрж, Сириэс олзолсон уран дархчууд, уран зураачдыг ашиглаж Самарканд, Бухарыг босгох ажлыг өрнүүлж, сүм, цэцэрлэгт хүрээлэнг олноор байгуулжээ.

Төмөрийн аян дайныг усалгааны систем дагалдаж байжээ. Кабул, Муганы усан сан ч түүний санаачлагаар байгуулагдсан юм. Мөн олон гүүр барьж, зам тавьжээ. Төмөрийн цэргийн үйлдвэрт 1000 гаруй дархчууд зогсоо зайгүй ажиллаж байлаа. Самаркандад 150000 гаруй гар урчууд ажиллаж байв. “Исламын уран барилгын оргил нь Төмөрийн үед бөгөөд Самаркандын барилгууд нь Перс төрхтэй боловч хэмжээ болон далайцаараа Персээс ч, Энэтхэгээс ч давжээ” гэж нэрт эрдэмтэн Бартольд дүгнэжээ. Төмөрийн дараа түүний бага хүү Шахрух нь залгамжлан эзэн суусан юм. Дараа нь 1447 оноос ач хүү Улугбек авчээ. Тэрээр 1457 он хүртэл эзэн суусан юм.

Төмөрийн ач Улугбек бол төрийн зүтгэлтнээс гадна эрдэмтэн, одон оронч, соён гэгээрүүлэгч юм. Түүний байгуулсан одон орон судлалын төв нь дэлхийд алдартай. Улугбек энэ төвдөө сууж, бүтээсэн одон орны шинэ зурхайд 1018 одны орчил, байршлыг нарийвчлан тогтоосноороо шинжлэх ухаанд гарамгай гавьяа байгуулсан юм. Төмөрийн удмын Бабур Энэтхэгт довтолж, Их Могулыг байгуулсан юм. Бабур 1526-1527 онд Хойд Энэтхэгийг бараг тэр чигээр нь эзэлсэн. Түүний эзэмшил Кабулаас урагш Бенгалийн хоолой хүрч байв. Бабур урлаг, утга зохил, түүх сонирхдог хүн байжээ. Их Моголын эзэнт улс 1707 он хүртэл оршин тогтнож, бараг 181 жил болжээ. Олон ч сурвалжид энэ гүрнийг 1878 он хүрсэн гэж бичдэг.

  • 1336 он: Төмөр мэндлэв.
  • 1346 он: Эмир Хасаган Мавераннархыг захирах болов.
  • 1353 он: Ил хаант улс мөхөв.
  • 1357 он: Алтан Ордод хаан ширээний төлөө тэмцэл өрнөв.
  • 1360 он: Төмөрийн аав Тарагай нас барав. Их эмир Хасаган алагдав.
  • 1361 он: Урус хаан Цагаан Ордны хаан болов.
  • 1362 он: Мамай Алтан Ордод гарч ирэв.
  • 1364 он: Төмөр, Хусей нар Мавераннахрыг эзлэв.
  • 1365 он: Могулистаны цэрэг Төмөр, Хусейны цэргийг Чирчик голын дэргэд цохив.
  • 1366 он: Төмөр Самаркандыг авав.
  • 1370 он: Төмөр Хусейныг ялав.
  • 1371 он: Төмөр Могулистаныг довтлов.
  • 1372 он: Төмөр Ургенчийг авав.
  • 1375 он. Төмөр Цагаан Ордны хаан Кутлуг-Бухатай байлдав.
  • 1376 он: Тохтамыш Сыгнакийн дэргэд Урус хаантай байлдав. Төмөрийн хүү Жахангир нас барав.
  • 1377 он: Тохтамыш Цагаан Ордны хаан болов.
  • 1378 он: Тохтамыш Алтан Ордныг захирав.
  • 1379 он: Төмөр Ургенчийг дайлав. Тохтамыш Сарайг эзлэв.
  • 1380 он: Дмитрийгийн цэрэг Куликовын талд Мамайг цохив.
  • 1381 он: Төмөр Герат, Систан, Кандагарыг эзлэв.
  • 1381-1383 он: Төмөр Иранд довтлов.
  • 1382 он: Тохтамыш Москваг шатаав.
  • 1383 он: Төмөр Дербент, Тбилисиг эзлэв.
  • 1386 он: Төмөр Азербайжан, Армян, Гүржийг эзлэв.
  • 1387 он: Төмөрийн цэрэг Ираны бослого гарав.
  • 1398 он: Төмөр Балхаш нуурын дэргэд Узбекуудыг эцэслэн цохив.
  • 1391 он: Төмөр Тохтамышийн цэргийг Самар хотын дэргэд бутцохив.
  • 1392 он: Төмөр “7 жилийн дайн”-г эхлүүлж Перс, Багдад, Кавказыг талав.
  • 1395 он: Төмөрийн цэрэг Тохтамышийн цэргийг Терек голын дэргэд бутцохив.
  • 1397 он: Тохтамыш нас барав.
  • 1398 он: Төмөрийн цэрэг Дели рүү хөдлөв.
  • 1399 он: Төмөр Делигийн дэргэд Энэтхэгийн цэргийг бутцохив.
  • 1400-1401 он: Төмөр Дамаскийг эзлэв.
  • 1402 он: Төмөрийн цэрэг Анкарагийн дэргэд Баязидын цэргийг бутцохив.
  • 1403 он: Төмөр Армян, Гүржийг бүрэн эрхшээв.
  • 1404 он: Төмөр Мин улсыг эзлэх дайнд бэлдэв.
  • 1405 он: Төмөр нас барав.
Есдүгээр бүлэг: Хоёр гарамгай жанжин

 

Төмөр жанжныг Чингис хаантай харьцуулж, үзүэл бодлоо бичсэн судлаачид их олон байдаг. Энэ 2 жанжинд төстэй чанарууд олон байсны адилаар ялгаатай талууд, давуу болон сул шинж чанарууд аль аль нь байжээ. Төмөр нь Чингис хааны адилаар суут жанжин, авьяаслаг удирдагч байжээ. Энэ 2 хүний дэргэд Ганнибал, Наполеон, Македоны Александр нарын тулааны эрдэм чадал нь дэлхий нийтийн бус, харин хязгаарлагдмал цар хүрээнд хэрэглэгж байсан байдаг. Чингис хаан ба Төмөр нь ямар ч саадыг давах асар их эрч хүч, хүсэл зоригтой байжээ.

Чингис хаан үлэмж тэвчээртэй нэгэн байсан бол Төмөр түргэн зантай хүн байжээ. Чингис хаан зарим аян дайнаа алсаас удирддаг байсан бол Төмөр заавал өөрөө дунд нь байх шаардлагатай байдаг байв. Чингис хааны хөвгүүд болон шадар сайдууд, 9 өрлөгүүд нь бие даан дайн байлдаан хийх чадвартай байв. Энэ нь ч түүхэнд олон баримтаар харагддаг. Чингис хаан нас барсан ч гэсэн түүний орон зайг, газар нутгийг жанжид, үр хүүхдүүд нь тэлж чадсан юм. Харин Төмөрийн залгамжлагчид тэгж чадаагүй. Чингис хааны удирдлага дор Монгол цэргүүд нэг үүрний зөгий адил хоорондоо харилцан үйлчилнэ. Харин Төмөрийн цэрэг удирдлагаа алдвал шууд л байлдах чадвараа алддаг байна. Энэ талаараа Төмөрийн арми Ганнибалын армитай төстэй. Монголчууд олон фронт дээр хүчирхэг дайсны эсрэг тус тусдаа тулж чаддаг байсан бол Төмөрийн цэргүүд нэгдсэн журмаар л нэг фронт дээр төвлөрч аян дайн хийдэг байв.

Чингис хаан аян дайны үед хамгийн нарийн аргыг ч хүртэл эс ширхгийн түвшинд боловсруулж чаддаг байсан. Жанжид ноёдтойгоо хэлэлцэж, зөвшилцдөг байжээ. Чингис хаан өрсөлдөгчийнхөө удирдлага, гол хүчийг бүрэн устгах дээр төвлөрч, илүү тулалдаанууд хийх, цаг алдах зүйлтэй орооцолдоггүй байжээ. Харин Төмөрийн дайчид арай өөр байв. Төмөр гайхамшигт ялалт хийдэг байсан ч эсэргүүцлийг нуга дарж чаддагүй байлаа. Байлдан дагуулсан газрууддаа тогтвортой засаглалыг тогтоож чадаагүй юм. Харин Монголчууд тэгж чаджээ. Аян дайны хувьд Төмөр нь Чингис хааны адилаар ул суурьтай хандаж, нягт нямбай бэлддэг байсан ч гэсэн стратегичийн хувьд Чингис хаан шиг стратегич байгаагүй юм. Чингис хаан Хятад руу цөмрөхдөө хамгаалагчдад нь хүчээ нийлүүлэх боломж олголгүй, хэсэгчлэн бутцохиж эсэргүүцлийг дардаг байсан бол Төмөр дайсандаа хүчээ хуримтлуулах боломжийг олгож байгаад шийдвэрлэх тулалдаан хийж ялдаг байжээ.

Ашигласан материал

  1. Р. Ю. Почекаев. “Алтан Ордны хаад: Тохтамышийн намтар”.
  2. А. В. Шишов. “100 великих военачальников: Тимур, Тамерлан, Тимурленг, Тимур-Хромец”.
  3. Шри Чинмой. “Моголын их хаад”
  4. Б. В. Соколов. “100 великих войн: Завоевания Тимура”.
  5. Бамбэр Гаскойн. “Их Моголчуудын товч түүх”.
  6. Клайв д Оссон. “Монголчуудын түүх”.
  7. Г. В. Вернадский. “Монголын эзэнт гүрэн”.
  8. Жавахарлал Неру. “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл, 1-р боть: Монголын эзэнт гүрэн задран унасан нь”.
  9. Харольд Лемб. “Доголон Төмөр”.
  10. Ш. Насанбат. “Монголчуудын түүхэнд үлдээсэн 33 цуут тулалдаан: Төмөр Алтан Ордны улсыг дайлсан нь буюу Ижил мөрний хөвөөн дахь тулалдаан, Дэлхийг ноёрхохын төлөөх Ангорын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаан”.
  11. Ш. Насанбат. “Монголын түүхэнд тодорсон 33 суут жанжин: Доголон Төмөр”.
  12. Р. Болд. “Дэлхийн цэрэг-улстөрийн түүхийн хураангуй толь: Төмөр хаан”.
  13. Д. Гүн-Үйлс, Н. Дугарсүрэн. “Монгол хаад-түүхэн шастир: 8-р боть: Доголон Төмөр”.
  14. Адам Харт-Дэвис. “Дэлхийн түүх-бүрэн хэмжээний зурагт лавлах”.
  15. Д. Өлзийбаатар. “Монголчууд-цахим түүх: 2-р бүлгийн 23-р хэсэг, Дэлхийн түүхэнд нэрээ дуурсгасан Монгол хаад: Доголон Төмөр”.
  16. /法/勒内-格鲁塞。“草原帝国:游牧人民族与农社会三千年的历史”。
  17. Константин Куксин. “Воин: Тамерлан” https://www.youtube.com/watch?v=0flwL31PQ5c
  18. Архитектор Степей - Документальный Фильм “Тимур Тамерлан”.
  19. Железный Хромец Тамерлан
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]