Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүхэн гэрэл зургийн мөрөөр мөшгисөн нь: Унаж буй цэрэгУншсан9,421

Капагийн жинхэнэ нэр Эндл Фрийдман бөгөөд Унгарын еврей гэр бүлд төржээ. Түүнийг 19 настай байхад Гитлерийн дэглэм ид хүчээ авч эхэлж байв

1944 оны 6 сарын 6, фото камераар "зэвсэглэсэн" нэгэн зурагчин дайсны ширүүн галын дунд Холбоотны цэргүүдийн хамт Нормандын эрэгт буусан юм. Намайг бууд, би амьд бай байна гэж байгаа мэт цор ганцаар дайсан руу нуруугаа харуулсан түүний камер дайчин нөхөд рүүгээ чиглэж, суманд өртөн үхэтхийн унах цэрэг эрсийн сүүлчийн мөчийг хальсанд буулгаж байв. Амь насаараа дэнчин тавьж, үхэл дунд зураг авч байсан тэр хүн бол "дайны фото зурагчин" хэмээн алдаршсан Роберт Капа юм.

 Таван дайнд оролцсон тэрээр одоо ч домог болон яригдсаар байгаа цөөхөн зурагчны нэг билээ. Дайнд хүн үхэх мөчийг түүхэнд анх удаа, хамгийн сайн дүрсэлсэн зураг бол Капагийн авсан "Бүгд найрамдах улсын цэргийн үхлийн мөч" буюу сүүлд "Унаж буй цэрэг" хэмээн нэрлэгдэх болсон зураг юм. Испанийн дайны үед авсан түүний 100 зургийн нэг бөгөөд хэтэрхий төгс гэмээр энэ бүтээл олон эргэлзээг дагуулсаар иржээ. Зурагт дүрслэгдсэн цэрэг үнэхээр буудуулж байгаа болов уу, тэр амьд үлдэж чадсан болов уу. Гэвч фото хальс болон зурагт дүрслэгдсэн хүнтэй холбоотой ямар ч мэдээлэл хадгалагдан үлдээгүй учир өдийг хүртэл энэ бүхэн нууц хэвээр байсан юм. Харин энэхүү нууцыг тайлах түлхүүр болсон үнэт зургууд саяхан олджээ. Цэрэг буудуулаагүй, бас үхээгүй байв!

 Капагийн өвийг эзэмшиж буй байгууллага түүний эд зүйлсийг цэгцэлж байх үедээ "унаж буй цэрэг"-тэй адил цагт, адил газар авагдсан 43 зургийг өнгөрсөн жил санамсаргүйгээр илрүүлжээ. Испанийн нэгэн их сургуулийн профессор зургуудыг хаана авсан болохыг анхлан тодорхойлов. Зургуудад дүрслэгдсэн газар нутгийн онцлог, уулын хэлбэр өмнөд испанийн Эспежо хэмээх жижигхэн хотын ойролцоох нэгэн толгодын урд хэсгээс харагдах байдалтай тохирч байв.

Мэдээллийг баталгаажуулах зорлилгоор газарзүйн түүхэн мэдээлэл, газрын зураг, хиймэл дагуулын зурагт тулгуурлан 1936 оны Эспежо орчмын дүр зургийг компьютер графикаар бүтээн, зургуудыг байрлуулж үзэхэд яв цав таарчээ. 43 зураг цаг хугацааны хувьд Испанийн иргэний дайны үед хамаардаг. Нацист Германы дэмжлэг авсан босогчдын эсрэг Бүгд найрамдах улсын армийн хамт бусад улсын цэргүүд мөр зэрэгцэн тулалдсан дайн гурван жилийн турш үргэлжилжээ. Тэр үед хэний ч танихгүй 22 настай, залуу Капа анхны дайндаа оролцож байв.

 Шинээр олдсон 43 зургийг ямар дарааллаар авсан нь тодорхойгүй боловч гараа өргөн зогсож буй, жалга дээгүүр харайж байгаа, нуувчнаас цухуйж байгаа цэргүүд тус тус дүрслэгджээ. Налуу газар явган суугаад буу шагайж буй цэргүүд, өөр зурагт дахин налууг өгсөж байна. Tэдний дунд буудуулан "унаж буй цэрэг" ч байна. Зургуудад дүрслэгдэх 10-аад цэргийн өмссөн хувцас, дуулга өөр өөр байгаа нь өөр өөр улсын цэргүүд гэдгийг илтгэнэ. Тэдний дундаас унаж буй цэрэг ганцаараа цагаан цамцтай учир аль ч зургаас таних боломжтой.

 Хамгийн түрүүнд эргэлзээ төрүүлсэн зүйл нь зургууд жинхэнэ тулалдааны үед авагдсан гэдгийг илтгэхгүй байсан явдал байв. Цэргүүд дайсанд алган дээр тавьсан мэт харагдах ил газар зэрэгцэн суугаад буу шагайж байгаа нь жинхэнэ дайнд байж болох үзэгдэл үү. Хуурай газрын тулалдааны чиглэлээр мэргэшсэн цэргийн түүхийн мэргэжилтэнд зургуудыг үзүүлэхэд цэргүүдийн барьсан буу сумлагдаагүй, сумлагдсан зарим нь шууд буудах боломжгүй байгааг замагны байрлалаар нотолсон байна.

"Унаж буй цэрэг" 1936 оны 9 сарын 23-нд анх нийтэд толилуулагджээ. Гэтэл уг цаг хугацаанаас өмнө ямар ч тулалдаан болж байгаагүй бөгөөд бослого нэлээд сүүлд эхэлсэн байна. Ингээд Капагийн авсан "унаж буй цэрэг" үнэн чанартаа ердийн сургуулилтын үед авсан зураг гэдэг нь тодорхой болжээ. "Унаж буй цэрэг" буудуулаагүй, иймд үхээгүй байж таарна. Гэвч уг зураг мэдээллийн ертөнц болох Америкт хүрэх үед Капагийн төсөөлөө ч үгүй байсан агуу их хүчийг агуулах болно.

Францын сэтгүүлд нийтлэгдсэний дараа жил буюу 1937 оны 7 сарын 12-нд үүсгэн байгуулагдаад удаагүй байсан фото зургийн Лайф сэтгүүлд "Унаж буй цэрэг" нийтлэгдэв. Лайф сэтгүүл тухайн үед 1 саяаас илүү хувь хэвлэгдэн, дэлхийн хамгийн их нөлөө бүхий мэдээллийн хэрэгсэл болж эхэлж байжээ. "Унаж буй цэрэг" тэр дороо олон нийтийн сэтгэлийг хөдөлгөж, фашизмын эсрэг тэмцлийн бэлэг тэмдэг болов. Капа цор ганц зургийнхаа ачаар цаг үеийн шилдэгт тооцогдох болжээ. Гэвч тэрээр "унаж буй цэрэг"-ийн тухай нэг ч үг дуугарсангүй.

 Капагийн жинхэнэ нэр Эндл Фрийдман бөгөөд Унгарын еврей гэр бүлд төржээ. Түүнийг 19 настай байхад Гитлерийн дэглэм ид хүчээ авч эхэлж байв. Түүний төрсөн Будапешт хотод ч 100 мянган хүн еврей болж төрснийхөө төлөө алагдсан байна. Капа Парист хэсэг хугацаагаар амьдарч байгаад дайн эхлэх үед Испани явж, фашизмын эсрэг өөрийнхөөрөө тэмцэж эхэлжээ. Тэрээр зөвхөн Испанийн Бүгд найрамдах улсын цэргүүдийн зургийг авч байв. Капа өөрийн үнэн зөв гэдэгт итгэж, Бүгд найрамдах улсын тусын тулд дуугаа хураахаас өөр аргагүй ч байсан байж магадгүй юм. Жинхэнэ дайны үед авагдаагүй үхлийн зургаар нэрд гарсан тэрээр хэнд ч илчилж чадахааргүй нууцыг хадгалах болжээ.

Үргэлжлэл: Түүхэн гэрэл зургийн мөрөөр мөшгисөн нь: Хоёр дахь зурагчин

Эх сурвалж: Robomec.blogspot.com-ын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв. Хуулбарлахыг хориглоно.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]