Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үндэсний бөхийн Даян аварга цолтнуудУншсан4,803

Бөх сонирхогч олон түмэндээ зориулан Даян аварга цол хүртсэн бөхчүүдийн талаарх мэдээллийг хүргэе.

Бөх сонирхогч олон түмэндээ зориулан даян аварга цол хүртсэн бөхчүүдийн талаар хүргэе. Улсын аварга цолтой бөх наадамд 9 давж түрүүлэх юм уу эсвэл 9 давж үзүүрлэхэд (тэгш ойн жилд) даян аварга цол хүртээдэг билээ. 1921 оноос хойш өдгөө даян аварга цолтон дөрөв төрөн гарсан бөгөөд үүн дээр бид 1907, 1911 онд даян аварга цол хүртсэн хоёр бөхийг нэмэн танилцуулж байна.

 

Цэвэгийн Буянтогтох

 

Ард олондоо “Буянто” аварга хэмээн нэрлэгдсэн даян аварга Ц.Буянтогтох 1903 онд анх долоон хошуу даншиг наадамд барилдаж тав даваад зургаагийн даваанд Намхай аваргын аманд гарч унасан байна. 1903 оны бага даншиг наадамд үзүүрлэж, Намхай аваргад буулгуулан “арслан” цол авч, 1904 оны даншиг наадамд 10 давж Намхай аваргатай үлдэж үзүүрлэн дахин арслан цолоо батлаад, 1907 онд шөвгөрөн Богдын зарлигаар 27 настайдаа даян аварга цол тус тус хүртжээ. 1906, 1907, 1908, 1911 онуудад даншиг наадамд шөвгөрсөн юм.

  Алдарт Намхай аварга, Лусанжамбаа аварга, Шаравжамц аварга, Вандан аварга нарын гол өрсөлдөгч энэ алдарт бөх нас дээр гарсан хойноо ч эмнэг хангалыг уургагүй барьж дарж оосорлодог байсан төдийгүй Сэцэн хан аймгийн гоё бичдэг бичээчийн нэг, мөн үндэсний сурын улсын мэргэн цолтой шилдэг харваач байсан ажээ. Даншгийн алдарт аварга Ц.Буянтогтох нийтлэлийг үзнэ үү

 

"Их Монгол" Хасын Шаравжамц

 

Ах, дүү Намхай, Лувсанжамбаа аваргыг өвдөг шороодуулж явсан энгүй хүчтэн, даншгийн даян аварга Х.Шаравжамцыг Маршал Х.Чойбалсан дэвээ шавааг нь үзэх гэж баяр наадамд урьж, “Буур” Н.Жамьян аварга өөрийн биеэр цолыг нь дуудан хүндэтгэдэг байсан гэдэг. “Их Монгол” хэмээх энэ аваргыг “Буур” Жамьян аварга төрийн их наадамд засч байгаа дүр зураг өдгөө бидний үед ирсэн билээ.

Х.Шаравжамц 1876 онд Далай вангийн хошуунд Хас хэмээх хүний хоёр дахь хүү нь болж одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд суманд мэндэлж, бага насаа тарчиг ядуу амьдрал дунд өнгөрүүлжээ. Удамт хүний үр, угшилт гүүний унага гэж монгол ардын зүйр үг бий. Шаравжамц гуай удам дамжсан бөх хүн. Түүний эцэг Хас нь 1864 оны бага даншигт шөвгөрч начин цол хүртэж байсан бөх байжээ. Х.Шаравжамцыг 1911 онд 31 настайд нь Түшээт хан Ханддорж Богд хаанд шавь оруулсан бөгөөд, тэр жилээ анх удаа 1024 бөх барилдаж, түрүүлэхэд нь шууд Даян аварга цол олгосон байдаг.

Ард олондоо Их монгол гэж алдаршсан даян аварга 2 метр 30 см өндөр байсан гэдэг. Ардын хувьсгалын дараа улсын наадамд 6 удаа ирж барилдахдаа 1937 онд хоёр, 1943 онд дөрөв, 1945, 1946 онд тус бүр гурав давж 1950 оны наадамд барилдалгүй хөл хянагч (хөлийн цэц)-аар ажиллаж, 1951 онд хоёр даваад зодог тайлжээ. Түүний зээ Т.Дэмбэрэлсамбуу 1980 онд улсын начин цол хүртсэн юм. Түүний зээнцэр Пэрэнлэйдашийн Мөнхжаргал 1994, 1995 оны Самбо бөхийн Дэлхийн Залуучуудын аваргын мөнгө, хүрэл медальтай, Азийн аваргын хошой мөнгөн медальтай тамирчин байсан. 1994 онд Үндэсний бөхийн Залуучуудын улсын аваргаар шагналт байранд шалгарч уран барилдааны шагнал авч байжээ.

"Маршал аа, ахад нь төрийн наадамд тав давах нүүр бий, гэхдээ өөрийнхөө хүчээр гурав давнаа" нийтлэлийг үзнэ үү.

Засуул нь даян аварга, Буур хэмээх Жамьян, бөх нь Их Монгол хэмээх Шаравжамц аварга
 
"Буур" хэмээх Нацагийн Жамьян

 

Монголын үндэсний спортын гавьяат тамирчин, даян аварга Нацагийн Жамьян олон түмэндээ "Буур" хэмээн алдаршсан нь учиртай. Нутгийн аянчид Нийслэл хүрээ ороод буцах явах замдаа гол гатлах болжээ. Аян жинд сойн дөрөө даасан атнууддаа чадлынх нь хэрээр ачаа ачсан жинчид модон гүүрээр гол гарчээ. Хуучирч муудсан модон гүүрээр жингийн цуваа гарч дуусах тэр үед сүүлийн тэмээтэй ачаа цөмөрч, гүүр нурахад хүрч гэнэ. Энэ үед халхын наадмын дэвжээнд хүч үзэн хоёр түрүүлж, нэг үзүүрлэн “Даян аварга” цол хүртээд байсан Цахир нутгийн хүү Жамьян сүүлчийн тэмээний араас гүйн хүрч ачаатай атыг "Чүү” хэмээн өргөхөд гүүрний банзны завсар хавчуулагдан тэгнэсэн атны хөл, ачаатайгаа хамт өргөгдөн гарч иржээ. Ийнхүү жингийн цувааг гарз хохиролгүй гол гаталгаж, ачаатай атан тэмээг сэвхийтэл өргөсөн түүний бяр хүчийг гайхан биширсэн нутгийн түмэн түүнийг "Буур аварга" хэмээн хүндлэн дуудах болсон юм гэдэг. Зээ хүү нь Дархан аварга Г.Өсөхбаяр юм.

 

Цэрэндоржийн Чимэд-Очир

Түүнийг нэлээд биерхүү хүн байсан талаар тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ид барилдаж байх үедээ 198 см орчим өндөр, 100 кг жинтэй, хөрслөг, хүрэн бор царайтай хүдэр эр байжээ. Түүний эцэг Цэрэндорж хүүдээ нутгийнхаа Бэгз хэмээх уран гартнаар зодог шуудаг хийлгэн өмсгөж, улсын заан /1935/ Банзар хэмээх бөхөд шавь оруулан гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, бөх болох замыг нь нээж өгсөн гэдэг.

Тэрээр тасралтгүй гурван жил дасгал сургууль хийсээр улсын баяр наадамд анх 1938 онд барилдаж тав даван начин цол хүртжээ. Ингээд 1938 оноос таван жил начин цолтой барилдсаар эр бяр нь жагсаж 1944 оны наадамд Б.Түвдэндорж аварга, "хужаа" хэмээх улсын арслан Ө.Чүлтэмсүрэн, Г.Цоодол арслан нартай шөвгийн дөрөвт үлдэв. Улмаар С.Түвдэндорж аварга Ө.Чүлтэмсүрэн арсланг амлахад начин цолтой Ц.Чимэд-Очир, шинээр заан цолны болзол хангасан Г.Цоодол хоёр тунаж барилдан, С.Түвдэндорж аварга, Ц.Чимэд-Очир начин нар төрийн наадмын үзүүр түрүүнд үлджээ. Ингээд начин цолтой Ц.Чимэд-Очир төрийн наадамдаа түрүүлснээр улсын арслан цол хүртжээ. Дараа жилийн наадамд нь 7 давжээ.

1946 оны улс хувьсгалын 25 жилийн ойд 1024 бөх барилдахад гурвын даваанд Дорноговийн Дашийн Ухнааг, дөрөвт Булганы Бадарчийг, тавд Чүлтэмийг, зургаад Сэлэнгийн "боохой" Данзан арсланг, долоод Баян-Өлгийн Д.Абдигаашийг, наймд Цэвээнравдан арсланг, есийн даваанд Самбуу заантай тунаж барилдан давж, үзүүр түрүүнд даян аварга Б.Түвдэндоржид өвдөг шороодон үзүүрлэж, 1024 бөх барилдсан тэгш тоотой наадам тул цол нэмэн улсын аварга болсон юм. Түрүүлсэн даян аварга Б.Түвдэндорж дархан аварга болсон билээ. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа 1950 онд 34 настайдаа Ө.Чүлтэмсүрэн арсланг орхин түрүүлж даян аварга цолтны эгнээнд багтсан юм.

    1943 онд 5 давж улсын начин

    1944 онд 9 давж түрүүлэн улсын арслан

    1945 онд 7 давсан

    1946 онд 9 давж үзүүрлэхэд улсын аварга цол хүртээв

    1948 онд 6 давсан

    1950 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон

    1951 онд 8 давж дөрөвт үлдсэн

    1952 онд 8 давж үзүүрлэн "Улс даяар дуурсах" чимэг хүртэв

    1953 онд 7 давсан

    1957 онд 5 давж шөвгөрчээ

    1971 онд АХ-ын хувьсгалын 50 жилийн ойгоор 55 настайдаа зодоглож 4 давжээ

    1972 онд 4-ийн даваанд Дархан аварга Батсуурьт амлуулан өвддөг шороодсоноор зодог тайлжээ.

Даян аварга Ц.Чимэд-Очир, дархан аварга Б.Түвдэндорж, аварга Ж.Цэвээнравдан
 
Сэрээтэрийн Цэрэн

 

Сэрээтэрийн Цэрэн бол монгол бөхийн 33 шинжийг хадгалж төрсөн бөх юм. Тэгш тоотой ойн жилүүдэд одтой барилддаг, ганцхан удаа түрүүлсэн хэрнээ даян аварга цол хүртсэн түүнийг "Их ойн одтой бөх" ч гэлцдэх. Ямартай ч үндэсний бөхийн гайхамшигтай сайхан хүчтэн билээ.

Эцгээс багадаа өнчирсөн С.Цэрэн хүүхэд ахуйгаас нутгийн сайхан бөхчүүдийг бахархан харж, яриаг нь сонсож өссөн. Улсын цолтой бөхийн аманд 12 насандаа гарч, тавин хэдэн онд мөн тийм нэгэн барилдаанд өөрийн нутгийн Чимид хэмээх сайн бөхийг өвдөг шороодуулж байжээ. 16-тайдаа сумын наадамд гурав давж, 17-тойдоо Баян-Агт сумын наадамд аймгийн арслан цолтой бөхийг хаяж түрүүлсэн. С.Цэрэн бие гүйцэж цэрэгт татагдан Улаанбаатар хотноо алба хаах болсон үеэсээ л бие галбир, барилдааны өсөлтөөр олны анхаарлыг татах болсон байна. 1961 онд буюу Ардын хувьсгалын 40 жилийн ойн их баяр наадмын барилдаанд 24 настай, улсын начин цолтой зодоглож, тавд улсын арслан С.Самданжигмэдийг хаяж, зургаад улсын заан Т.Зундуйтай тунаж барилдан давж, долоогийн даваанд мөн л хэн ч амласангүй улсын начин Ч.Дугарсүрэнтэй тунаж барилдан давжээ.  Ингээд наймын даваанд улсын заан Ч.Бээжин амлахад нь өвдөг шороодуулан, үзүүр түрүүнд Дарийн Дамдин аваргыг давснаар 24 настай улсын начин цолтон ес даван түрүүлж шууд улсын аварга цолтой болсон юм.

1961 оноос хойш таван жил төрийн наадамд шөвгөрсөөр 1971 оны Ардын хувьсгалын 50 жилийн ойн наадамтай золгов. Энэ наадамд 34 настай улсын аварга С.Цэрэн тэгш ойн жилд одтой бөх гэдгээ харуулж, тавд аймгийн арслан Волоожийг, зургаад Б.Батхуягийг тус тус давж, долоод дархан аварга Ж.Мөнхбатад амлуулж барилдан өвдөг шороодуулж, наймд зүүний магнайд босож улсын начин Ж.Хайдавыг амлаж даваад есийн даваанд аварга Х.Баянмөнхөд өвдөг шороодон үзүүрлэжээ. Ингээд Ардын хувьсгалын тэгш ойн жилд аварга цолтой бөх үзүүрлэсэн тул даян аварга цолтон болсон билээ. Түрүүлсэн Х.Баянмөнх дархан аварга, шөвгийн дөрөвт үлдсэн П.Дагвасүрэн, Ж.Хайдав нар урслын арслан цолтон болсон.

    1960 онд 6 давж улсын начин

    1961 онд 9 давж түрүүлэн улсын аварга

    1964 онд 7 давсан

    1965 онд 6 давсан

    1966 онд 6 давсан

    1967 онд 7 давсан

    1968 онд 5 давсан

    1971 онд 8 давж үзүүрлэн даян аварга

    1972 онд 6 давсан

    1973 онд 6 давсан

    1974 онд 5 давж шөвгөрчээ

 

Намсрайжавын Батсуурь

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд зодоглосон 512 хүчтэнээс үзүүрлэж, үзүүр түрүүний барилдаанд Э.Оюунболдод өвдөг шороодсон ч Н.Батсуурьт өдгөө даян аварга цол хүртээсэн билээ.

Н.Батсуурь нь 2006 онд Ховд аймгийн баяр наадамд 5 давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Бөхийн өргөөнд болдог барилдаануудад аварга, арслан, гарьд, заан цолтнуудыг өвдөг шороодуулж үзэгчдийг шуугиулдаг дайчин, шуурхай, хийцтэй барилдаантай бөх бөгөөд 2011 оны цагаан сарын барилдааны үеэр даян аварга А.Сүхбат түүнд "Ирээдүйн аварга" шагналаа гардуулсан.

2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж "Спортын мастер", 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж "ОУХМ" цол хүртсэн, 2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болсон, 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн жүдоч.

Тэрээр 2013 оны улсын наадамд 6 давж шөвгөрөн, улсын харцага цол хүртжээ.

Чингэхдээ гуравт аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй тунаж даван, дөрөвт 2012 оны түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй оноолтоор таарч өвдөг шороодуулан, тавд улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг, зургаад аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунаж тус тус давсан бөгөөд долоод улсын начин Б.Батмөнхтэй тунаж барилдаад унасан.

Улсын цол авсныхаа дараа жил, 2014 онд тавын даваанд улсын начин Өлзийтогтохын Бат-Оршихтой тунаж барилдан даваад, зургаад улсын начин Р.Пүрэвдагватай мөн тунаанд үлдэж давсан (өдгөөгийн арслан цолтон), улмаар зааны даваанд улсын гарьд Д.Рагчаад амлуулж барилдан өвдөг шороодуулсан. Ингээд наймын даваанд улсын заан Ч.Санжаадамбыг (өдгөөгийн улсын аварга) өвдөг шороодуулснаар төрийн наадмын үзүүр түрүүнд үлдэж чадсан юм. Үзүүр түрүүнд улсын гарьд Н.Ганбаатарыг орхиж үлдсэн улсын начин Ширбазарын Жаргалсайхантай барилдаж өвдөг шороодуулснаар Н.Батсуурь нь Монгол Улсын арслан цолтны эгнээнд багтсан билээ.

2015 онд зургаагийн даваанд улсын начин Н.Батзаяад тахим буулгуулж, 2016 онд шөвгийн дөрөвт үлдсэн. Шөвгийн дөрөвт үлдэхдээ тавд аймгийн заан Д.Буянтыг, зургаад аймгийн арслан Б.Дэлгэрсайханг, долоод аймгийн заан Д.Бат-Эрдэнийг, наймд улсын харцага Б.Пүрэвсайханыг (одоогийн улсын заан) тус тус давж, есийн даваанд улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагвад өвдөг шороодсон. Энэ наадамд зодоглосон 1024 бөхөөс улсын заан Ч.Санжаадамба 10 даван түрүүлж аварга цолтны эгнээнд орсон билээ. 2017 онд дөрвийн даваанд аймгийн арслан Д.Тамирт (улсын начин) өвдөг шороодоод дараа жил нь буюу 2018 онд өнгөтэй сайхан барилдаж түрүүлэн улсын аварга цолны болзлыг хангасан билээ. Ингэхдээ тавд улсын начин Д.Амарсайханг, зургаад аймгийн арслан Ц.Бямба-Очирыг, долоод аймгийн арслан Н.Золбоог (улсын харцага), наймд улсын заан Н.Жаргалбаярыг тус тус давж, үзүүр түрүүнд улсын аварга Ч.Санжаадамбыг өвдөг шороодуулан түрүүлсэн.

2019 онд улсын гарьд Б.Гончигдамбаар найм давж үзүүрт үлдэн, Э.Оюунболдод өвдөг шороодсон ч допингийн асуудал дэгдсэнээр үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурь саяхан улсын даян аварга цолтны эгнээнд орсон юм. 2020 оны наадмаар Н.Батсуурь аварга цолтой барилдахдаа үзүүр түрүүнд хүрч П.Бүрэнтөгсөд өвдөг шороодсон билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]