Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өөрөөсөө илүү хүчтэнтэй учирсан ньУншсан18,572

Нацагийн уур шатаж өвгөнийг хэд сайн өшиглөсөн ч өвгөн ер өвдсөн шинжгүй цаашаа улам атиран хэвтэв гэнэ шүү.

ӨӨРӨӨСӨӨ ХҮЧТЭНТЭЙ УЧИРСАН НЬ

Долоон хошуу даншгийн их наадамд арван удаа түрүүлж хоёр удаа үзүүрлэсэн, арван засгийн наадамд ес түрүүлж гурав үзүүрлэн Монгол бөхийн түүхэнд хамгийн аварга амжилт тогтоосон алдар цуут Намхай аварга өөрийн хошууны хүчит бөх Хулгар хэмээх Нацагийг өөрөөсөө илүү хүчтэйд тооцдог байжээ. Намхай аварга мөн Сэцэн хан аймгийн Санбэйсийн хошууны Тавхай арсланг их үнэлдэг байсан гэнэ. Халхын аль хүчтэй бөхчүүд Намхайн бяр чадлыг арслан, баавгай зэрэг араатан амьтантай зүйрлэн ярьж хэлэлцдэг байсан гэдэг. Дээрх Хулгар хэмээх Нацаг бол сайн эр байсан тул олны анхаарлыг татан нэр алдраа цуурайтуулж үзүүр түрүүнд хүрч барилдах сонирхолгүй байсан нь тодорхой юм. Монгол даяар алдаршсан энэ их хүний тухай домог яриа ам дамжин яригдсаар иржээ. Эрдэнэт хотын Баян-Өндөр хорооны 10-р хороонд оршин суугч Ц.Цанашир Хулгар Нацагийн тухай олон жилийн өмнө эцгийнхээ ярьж байсан нэгэн сонин түүхийг өгүүлж билээ. Энэ хууч яриа хоёр хэсэгтэй болой.

Өгүүлэх нь: Хулгар хэмээх Нацаг гуай чухам л яахаас ч буцахгүй, ид хүч тэнхээтэй насандаа нэгэн удаа баруун зүгт морджээ. Тэр жирийн хүнээс юу ч авдаггүй харин ч ямагт тус болдог нэгэн байсан ажгуу. Баруун зүгийн нэртэй баян, харамч хахир ноёдын мал сүргээс таслан хөөж ирэх ээлжит аяндаа явж байсан нь тэр бололтой. Олон хоног явсаар одоогийн Ховд аймгийн нутагт байх нэгэн асар өндөр хад цохио бүхий уулын бэлд ойртож явж дээ. Гэтэл энгүй өндөр тэр уулын элгэн хадны бараг орой дээр шахам хоёр цэнхэр юм нэг тодрон нэг бүдгэрэн байх юм гэнэ. Сайн тогтож харвал хоёр цэнхэрийн нэг нь үе үе хөдлөөд байх нь лав амьд амьтан бололтой, Нацаг ч эзгүй хээр олон хоног явсаар амьд амьтны бараа олж харсандаа тэр үү, юу ч гэсэн очиж үзэхээр шийдлээ. Шувуунаас өөр амьтан очиход тун бэрх элгэн хад руу мацсаар хоёр цэнхэрт ойртон харвал ер бусын том сайхан цэнхэр бор морь унтаж байгаа эзнийхээ хажууд чихээ сортолзуулан зогсож байх юм гэнэ. Морины хажууд, цагаан цэнхэр өнгийн гандсан дээлтэй, цал буурал шахам толгойтой тийм ч том биш биетэй нэгэн өвгөн цаашаа хараад унтаж байх юм гэнэ. Нацаг угаас сайн морины хорхойтой, хүлэг морийг эрдэнэ мэт нандигнах тул цэнхэр бор морийг харах тутам авах хорхой нь улам оволзож гарчээ. Цэнхэр бор морь ерийн нэгэн морь бус үлэмжийн өндөр чац мөчтэй сүрлэг сайхан онцгой нэгэн адгуус гэнэ. Бодвол тэр холын аянд яваа хүн тул мориороо сольж унахыг хүсээ биз. Дахин мацаад бүр дэргэд нь хүрч ирээд өвгөнийг сэрээх санаатай зориуд чанга ханиалгаж чимээ өгчээ. Гэтэл өвгөн сэрэх янз алга гэнэ. Нацаг ч дахин нэг чимээ өгөөд жаал хүлээж, мөн л таг чиг гэнэ. Ингээд өвгөнийг аяархан чангаахад огт хөдөлсөнгүй. Үхсэн юмуү гэтэл зөөлөн нуугитал хурхирч байх юм гэнэ. Нацагийн омог бардам зан, уур уцаар гэнэт дүрс хийж ширүүхэн өшиглөөд авчээ. Гэтэл өвгөн ер юу ч болоогүй юм шиг үл ялиг хөдөлснөө сугандаа хавчуулсан цулбуураа улам чангалаад үргэлжлүүлэн хурхирч гарчээ.

Нацагийн уур шатаж өвгөнийг хэд сайн өшиглөсөн ч өвгөн ер өвдсөн шинжгүй цаашаа улам атиран хэвтэв гэнэ шүү. Халхын цуутай сайн эр хүчит Нацаг өөрийг үл тоосонд ч юм уу улам уурсан хар тэнхээгээрээ хоёр гурав өшиглөв. Өвгөн энэ үед гэнэт босон харайж Нацагийг үг дуугүй барин авч толгойг нь хоёр өвдөгнийхөө завсарт хавчуулчихаад урьдын адил унтахаар хэвтэв гэнэ. Нацаг ч энэ сацуу уур нь улам шатан салтаанаас нь толгойгоо гаргах гээд хоёр өвдөгтэй нь ноцолдож гарчээ. Бодоход чамгүй удаан ноцолдоо биз. Өвгөн ер дажгүй хурхираад л байх юм гэнэ. Нацаг өвгөнийг дийлэх байтугай хоёр хөлийг нь салгаж ч хүчрэхгүйгээ ухаарчээ. Хэчнээн ч ноцолдоод дийлэх нь өнгөрөв бололтой, хоолой нь боогдоод бараг л үхэх дээрээ тулжээ. Ингээд үхэлтэй биш арга буюу өвгөнөөс өршөөл гуйж гэнэ. Ингэхийг нь хүлээж байсан бололтой өвгөн сая нэг юм Нацагийг тавьжээ. Тэгээд тэр хоёр танилцаж учир явдлаа ярилцав гэнэ. Өвгөн бол Халхын бас нэгэн хүчит сайн эр байсан бөгөөд олон хоног морин дэл дээр явж баахан чилээрхээд дуг хийж байх хооронд нь Нацаг гуай тааралдаж дээрх үйл явдал болсон нь тэр ажгуу. Нацаг ч нэр усаа хэлж бор моринд нь хорхойссоноо ний нуугүй ярьжээ. Ийнхүү халхын хоёр сайн эр анд бололцон нас дээр гарсан өнөөх өвгөн Нацаг гуайд том биетэй цэнхэр бор морио зориуд бэлэг болгон өгсөн юм гэдэг. Энэ цэнхэр бор морио Нацаг гуай асар холын аянд унаж морь нь хамгийн үнэнч хань нөхөр нь болж явсан юм гэдэг. Халхад надаас хүчтэй хүн үгүй хэмээн итгэж явсан Нацаг гуай энэ явдлаас хойш их л хашир суусан болой. Цэнхэр бор морьтойгоо нэгэн шөнө нутгийн тун харамч баян айлын үхрийг морин дээрээсээ авч дүүрээд явчихсан гэдэг. Харамч баян хүний мөр гараагүй, уяатай байсан үхэр нь алга болсныг ихэд гайхаж байсан гэсэн бас нэгэн яриа байдаг гэнэ. Энэ яриа нь уг морь онцгой сайн хүлэг байсныг давхар нотолж байгаа хэрэг ээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 13. 10:05
Зочин

арай л аймаар үлээх юмаа

8 сар 14. 10:19
Зочин

yu uleeh gej, baij boliishde asar huch tenheetei humuus urid tsagt bailgui yhavde, yostoi goy ineedtei tuuh bn,

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]