Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эмэгтэйчүүдийн хийсэн 9 гайхалтай нээлтУншсан974

Энд дурьдагдах зүйлсийг зохион бүтээсэн бүх эмэгтэй амьд ахуй насандаа олны анхааралд өртөж, түүнийгээ зах зээлд нийлүүлэн мөнгө олох боломжтой байгаагүй юм. Гэсэн хэдий ч тэдний шинэ санаа, бүтээгдэхүүн бүхэн тухайн салбарынхаа технологийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж чадсан байдаг билээ.

Б.Нямдолгор

Бүсгүйчүүдийн санаачлан зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлсэн зүйлс олон байдаг ч тэднийг зохих ёсоор магтан сайшааж, урамшуулж байсан нь ховор юм. Харин ч арьс өнгөний үзлээс болж заримынх нь оюуны бүтээлийг үл тоомсорлон, үнэгүйдүүлж байсныг дараах жишээнүүдээс харж болно. Энд дурьдагдах зохион бүтээгч эмэгтэчүүдийн хувьд амьд ахуй насандаа олны анхааралд өртөж, бүтээлээ зах зээлд нийлүүлэн мөнгө олох боломж байгаагүй юм. Гэсэн ч тэдний шинэ санаа, оюуны бүтээл нь салбар салбартаа технологийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан билээ.

Аврах завь

1880-аад оны эхээр Европын цагаачдын шинэ давалгаа АНУ руу чиглэж байхад Филадельфиягаас гаралтай Мариа Э. Бийсли хэмээх эмэгтэй аврах завины сайжруулсан зургийг гаргасан байна.

1870-аад онд ашиглаж байсан хавтгай аврах завийг бага зэрэг өөрчлөн хамгаалалтын хашлага нэмж хийж өгсөн нь зорчигчдыг аюултай үед усан онгоцоо орхиж, аврах завинд орон аюулгүй үлдэхэд нь тусласан юм. Бийсли 1880 онд АНУ, Их Британиас аврах завиндаа патент авч, 2 жилийн дараа аврах завиныхаа шинэчилсэн хувтилбарт АНУ-аас дахин патент авчээ. Тэрбээр зөвхөн аврах завиар ч тогтохгүй, хөл дулаацуулагч, усны генератор, торх хийдэг машин зэргийг зохион бүтээж АНУ-аас нийт 15 патент, Их Британиас 2 патент авч эзэмшсэн байдаг.

Эвхэгддэг ор

1885 онд тавилгын дэлгүүрийн эзэн, Чикагогийн зохион бүтээгч Сара Е. Гуд өөрийн бүтээсэн “Cabinet-Bed” бүтээлээ патентжуулжээ. Түүний шинэ бүтээл нь ор болдог ширээ байсан нь талбай багатай орон сууцанд аж төрдөг иргэдэд зай талбайгаа хэмнэх боломжийг олгосон юм. Түүний бүтээлийг 20-р зуунд бий болсон буулгадаг ор, татаж гаргадаг буйдангийн “эх” гэж үздэг билээ. Боолын гэрт төрж, Иргэний дайны үеэр эрх чөлөөгөө олж авсан Гуд АНУ-ын Патент, худалдааны тэмдэгтийн албанаас өөрийн бүтээлдээ патент гардаж авсан цөөн хэдэн хар арьст эмэгтэйчүүдийн нэг болсон байдаг.

Аяга угаагч машин

Иллинойс мужийн нийгмийн баян чинээлэг давхаргаас гаралтай Жозефина Кокрейнд аяга угаагч машин зохиох санаа төржээ. Хувийн эдлэндээ хэд хэдэн гэрийн үйлчлэгч ажиллуулдаг байсан ч заримдаа тэд санаандгүйгээр гангар шаазанг нь унагаж хагалаад байсан болохоор аргагүйн эрхэнд өөрөө угааж цэвэрлэдэг болсон байна.  Удалгүй бүсгүй аяга шаазан угаах нь залхуутай уйтгартай ажил гэдгийг ойлгож, энэ асуудлыг шийдэхийн тулд аяга угаах машиныг бүтээхээр зориг шулуудав.

Үр дүнд нь түүний бүтээл зах зээлд амжилт олсон ба Кокрейн 1886 онд патент авсан байна. Түүнээс өмнө бүтээгдсэн аяга угаах машинууд дандаа л ширүүн сойзтой байдаг байсан нь амжилттай болдоггүйн гол шалтгаан байв. Харин Кокрейн ширүүн сойзны оронд усны даралтыг ашиглан аяга таваг угаах төхөөрөмжийг бүтээсэн юм. Патент авсаныхаа дараа тэрбээр өөрийн гэсэн аяга угаач машин үйлдвэрлэх компани байгуулж, ихэнх айл өрхүүдийн худалдан авч дийлэхгүй үнэтэй аяга угаагч машинаа зочид буудал, ресторануудад зарсан ажээ.

Машины халаагуур

Авто машины халаагуурын патентыг анх эзэмшсэн эрхэм бол Чикагогийн инженер Маргарет А. Вилкокс юм. 1893 онд тэрээр машины хөдөлгүүрээс дулаан авч, машинаар аялж яваа зорчигчид, жолоочийг дааруулахгүй байх санааг бодож олсон ажээ. Хожим нь инженерүүд түүний энэ санаан дээр дөрөөлөн тохируулахад амар халаагуурыг бий болгосон байна.

 

Хоолны гуурс

Бесси Виржиниа Блаунт өөрөөр Бесси Блаунт Гриффин нэрээрээ олонд танигдсан энэ эмэгтэй Америкийн сувилагч, зохион бүтээгч, бичгийн хэв шинжээч байв. Тэрбээр 1940-өөд оны үед Нью-Йорк хотын Бронксийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Дэлхийн Хоёрдугаар Дайнд оролцсон ахмад дайчдыг асран сувилдаг байв.  Мөчөө тайруулсан өвчтөнүүдэд хөл, шүдээрээ хэрхэн бичихийг заадаг байсан түүнд нэг хүнд өвчтөн өөрийгөө хооллож болохуйц тийм төхөөрөмжийг зохион бүтээх шинэ санаа төржээ.

Хазангуут л ам руу нь шууд хоол оруулж байхын тулд гуурсыг сонгон ашиглажээ. 1948 онд Блаунт өөрийнхөө бүтээлийг патентжуулсан ч шашны удирдагчийн зөвөлсөн ёсоор 1951 онд Францын засгийн газарт тус бүтээлийнхээ эрхийг бэлэглэж орхисон юм. Мэдээж хэрэг улс орных нь Засгийн газар, холбогдох байгууллагууд түүний бүтээсэн гуурсанд ач холбогдол өгөөгүй нь ийм шийдвэр гаргахад нь голлон нөлөөлсөн. Блаунтын бүтээл орчин үеийн анагаах ухааны салбарт хэрэглэгдэж байгаа хоолны гуурсыг бүтээх замыг тавьж өгсөн билээ. 

Кевлар

Делавар мужийн ДуПонтсын судалгааны лабораторид химичээр ажиллаж байхдаа Стефани Кволек синтетик эслэгүүдийг гарган авсан байдаг юм. Эдгээр эслэгүүдээс хамгийн их амжилтанд хүрсэн нь жингийн хувьд тун хөнгөн, халуунд тэсвэртэй Кевлар синтетик эслэг юм. 1966 онд патенжсан Кевларыг ашиглан сум нэвтэрдэггүй хантааз зэрэг бусад бие хамгаалах зориулалттай төхөөрөмжүүдийг үйлдвэрлэсэн байдаг.  1970-аад оноос эхлэн компаниуд шөрмөсөн чулууг хорт хавдар үүсгэдэг гэж үзсэний улмаас Келеварыг оронд нь ашиглах болжээ. 

Өрхийн аюулгүйн систем

Марие Ван Бриттан Браун өөрийн авааль нөхөр Алберт Браунтайгаа хамтран 1969 онд өрхийн аюулгүйн системийг батлуулсан нь анхны тохиолдол болж бүртгэгджээ. Нөхөр нь цахилгааны техникч, өөрөө сувилагчийн мэргэжилтэй байсан тэд хоёулаа урт цагаар ажиллаж, шөнө дөлөөр л гэртээ ирдэг байсан нь ийм зүйлийг зохион бүтээхэд хүргэсэн байна. Уг систем нь хаалганы 4 өөр нүхээр зураг авах камер, авсан зургийг үзүүлэх телевизтэй байсны дээр хаалганы цаана зогсч байгаа хүнтэй ярилцах боломж олгодог микропонтой байжээ. Үүгээр ч зогсохгүй алсын зайнаас хаалга нээх удирдлага, цагдаа, хамгаалагчдад дохио өгөх товчтой байв. Тэдний бүтээсэн энэ системийн талаар патент хүссэн 32 өргөдөлд иш татсан байдаг нь тэднийг өрхийн аюулгүйн системийг үндэслэсэн гэдгийг баталж байгаа юм.

Нүдний болор цайлтын эмчилгээ

Патрисиа Бат бол өөрийн бүтээсэн эмнэлгийн төхөөрөмждөө патент авч чадсан анхны хар арьст эмч юм. Тэрбээр хараа бүрэлзэж, улмаар юм сайн харахаа болиход хүргэдэг нэгэн төрлийн эмгэг болох нүдний цайсан болорыг авдаг Laserphaco Probe төхөөрөмжийг бүтээжээ. Батын нүдний болор авдаг шинэ арга нь өмнөх аргуудаас илүү хурдан, илүү оновчтой байсан юм. Тэрээр анхны патентаа 1988 онд АНУ-аас авч байсан бөгөөд амьдралынхаа туршид нүдний болор авахтай холбоотой 4 өөр патентыг төрөлх улсаасаа, өөр олон патентыг Япон, Канад, Европын бусад улс орнуудаас авчээ. Олон хүнд харах нүд хайрласан тэрээр 76 насандаа өөд болжээ.

Үүдэл эс

Ази-америк гаралтай эрдэмтэн Анн Цукамото нь цусыг бий болгодог үүдэл эсийг ялгаж авсан багийн гишүүн байсан юм.  Хорт хавдрын эмчилгээг хөгжүүлэхэд тус болж байгаа үүдэл эсийн судалгааны ажлаараа тэрээр АНУ-ын 12 патентыг эзэмшдэг байна. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]