Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эмэгтэй пап лам буюу дороо нүхтэй сандлын учирУншсан54,327

Дээрх хоёр баримт ямар холбоотой юм бол? Арай Ромын папаар сонгогдсон Иоанн VIII гээч нь энэ сандлын шалгалтад унасан нэг нөхөр байсан юм биш биз? Арай ... байж...

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Католик шашны төв болсон Ватиканы түүхэнд болж байсан сонин хачин зүйлүүд мундахгүй их. Бид одоо олон зүйлийн тухай мэддэг болсон ч бидний мэдэхгүй зүйл нь тэрнээс их байгаа гэж хэлж болох байх. Эдгээр сайн, муу янз бүрийн түүх дотроос нэгэн өвөрмөц гэмээр явдлыг энэ удаа сонирхуулъя.

Эхлээд хоёр баримт.

1276 онд Ромын пап Адриан V нирваан дүрийг үзүүлж орыг нь эзэлсэн хүн Иоанн XXI (Ioannes XXI) нэрийг авчээ. Байдаг л нэр, гайхаад байх юм үгүй мэт боловч уг нь дэс дарааллаар хөөгөөд үзвэл энэ хүн Иоанн XX гэсэн нэрийг авах ёстой байсан гэдэг. Гэтэл яагаад ч юм XXI гэсэн нэр авсан байв. Яагаад? Тэр 20 гаруй Иоанны дунд нэг маргаантай Иоанн VIII гэсэн хүн байсан бололтойгоос болж ийм будлиан үүсчээ.

 Шинээр пап болж байгаа хүн нэгэн өвөрмөц сандал дээр заавал сууж хэн нэг хүн, хаанаас ч юм «uovo» гэж хэлсний дараа эргэн тойрон байх хүмүүс энэ үгийг даган хэлснээр өнөө хүн маань пап болох нэгэн том шалгалтыг давж байсан юм гэнэ. Ямар шалгалт? Яахав дээ эр хүний нэг өвөрмөц эрхтэн байгаа эсэхийг нь тусгай нүх бүхий сандал дээр суулгаж дороос нь харж, барьж үзэж шалгаж байгаа нь тэр юм гэсэн. Энэ сандал одоо ч байгаа бөгөөд харин Лео X пап нь XVI зууны үед уг сандлыг хэрэглэхийг хориглосон юм гэнэ лээ. Сандал маань энэ, Ватиканы музейд байгаа нь.

Дээрх хоёр баримт ямар холбоотой юм бол? Арай Ромын папаар сонгогдсон Иоанн VIII гээч нь энэ сандлын шалгалтад унасан нэг нөхөр байсан юм биш биз? Арай ... байж...

Өөрийгөө эмэгтэй гэдгийг нууцалж байсан нэг хүн Ромын пап-аар сонгогдож байсан тухай яриа үнэхээр байдаг боловч үүнийг үнэн худал гэсэн юм дэндүү их. Анх энэ тухай олонд тарсан мэдээлэл нь IX зууны үед амьдарч байсан Ватиканы номын санчийн бичсэн зүйл дотор байдаг аж.

Дараа нь XIII зуунд лам Стефан де Бурбон нь “Ромын пап нь эмэгтэй хүн байгаад төрөх үедээ нас барж, нууц нь илэрсэн“ хэмээн бичиж байв. Харин нэрийг нь бичээгүй байжээ. Энэ мэтээр эмэгтэй папын тухай цөөнгүй зүйлүүд таардгаас хамгийн дэлгэрэнгүй гэмээр мэдээллийг Мартин Полоний гэдэг хүн бичиж үлдээжээ.

-“Англиас ирсэн цагаачдын удам болох Жанна хэмээх эмэгтэй эцэг эхийгээ нас барсны дараа эрэгтэй хүний хувцас өмсөн нэгэн сүмд амьдарч, тэндээ номын санч хийдэг байв. Тэрээр нэгэн удаа өөр нэгэн ламын хамт Афин руу явж шашны ном сурч байгаад дараа нь өөрөө уг сургуульдаа багшилж эхэлжээ. Түүний ой ухаан, ер бусын гэмээр эмх цэгцтэй бодол санаа олон хүнийг бишрүүлж байв. Ром энэ мундаг боловсролтой хүнийг татан авч бурхны сургаалын багш болгосон ба тэрээр Жованни Англико хэмээх нэрээр гэгээн Мартины сүмд амьдарч, багшилж эхэллээ. Нэгэн удаагийн “хичээлийг” нь санаандгүй үзэж сонирхсон  Лео IV папад энэ нь их таалагдаж мань хүнийг өөрийн хувийн нарийн бичгийн дарга, дараа нь папын зөвлөлийн нотариус болгосон байна. Шашны ариун зан үйлийг чанд барьсан, маш их өндөр мэдлэгтэй, бас их нэр хүндтэй болсон уг хүн удалгүй пап болсон бөгөөд хэзээ ч юм “гэнэ алдсан” явдлаас болж жирэмслэн, нэгэн сүмээс нөгөө сүм рүү хийсэн том шашны зан үйлийн баярын үеэр, олны өмнө, яг зам дээр төржээ” гэсэн утгатай зүйлийг тэрээр бичсэн юм гэдэг.

Энэ явдлаас хойш пап оролцсон шашны ийм зан үйл нь уг зам дээр огт болдоггүй гэдэг бөгөөд зарим эх сурвалжид бичсэнээр бол хүүхэд төрүүлсэн папыг яг л тэр газар нь оршуулсан юм байх. Өөрөөр хэлбэл пап нь эмэгтэй хүн болохыг мэдсэн сүсэгтэн олон, лам хар нар нь тэр эмэгтэйг тэнд нь цааш харуулсан юм байх.

Зарим сурвалжид бичсэнээр бол папыг хүүхдээ төрүүлэхэд хөнөөсөн бус харин огцруулж нэгэн сүмд насаар нь цөлсөн гэх нь ч бий. Харин түүнээс төрсөн хүүхэд нь ирээдүйд нэгэн алдартай сүмийн хамба болсон гэнэ. Ямар ч бай энэ эх сурвалжид бичсэнээр бол Лео IV-ийн дараагийн папаар англи хүн Иоанн сонгогдож байсан, тэр нь эмэгтэй хүн байсан, жирэмсэлсэн, олны өмнө хүүхдээ төрүүлж хамаг нууц нь илэрсэн бололтой.

Энэ тухай Ватикан огт ярьдаггүй, бичдэггүй боловч үгүй гэж эрс үгүйсгэсэн зүйл огт хэлэлгүй байсаар XV зуунд энэ түүхийг жирийн нэг цуу яриа, үлгэр гэж анх зарласан байна.  Гэхдээ энэ явдлаас удалгүй буюу 1557 онд Вержерио гээчийн бичсэн “Ионна папын түүх буюу садар эм пап болсон нь“  гэсэн ном гарч шуугиан тарааснаас хойш энд тэнд эмэгтэй папын тухай бичсэн олон арван юм гарч байсан нь тоолж баршгүй их болсон юм байх. Ном судар ярихаа больё гэхэд Ватиканы эртний сүм хийд барилгад пап-уудын дүрийг мөнхөлсөн олон баримал байдгийн дотор энэ хэрэгтэй холбоотой, анхаарал татмаар зүйл бас хангалттай байдаг гэнэ. Үгүй дээ л энэ ромын папын малгай-титэм өмссөн эмэгтэй хүний баримлыг хар.

Ватикан энэ тал дээр нэг л байр суурь барьсан хэвээр ба Лео IV-ийн дараа Бенедикт III пап болж байсан гээд өөр бас бус олон зүйлээр байсан үгүй нь мэдэгдэхгүй гэх Иоанны тухай яриаг худал гэж батална. Католик шашны энэ их том суудал дээр тухай үеийн ойлголтоор бол таагүй тодорхойлолттой эм хүн сууж байсан байж болох тухай түүх өдгөө болтол олон хүний сонирхлыг татсаар байгаа бөгөөд татахгүй байхын ч аргагүй юм. Тэр зэрлэг бүдүүлэг үед эмэгтэй хүн бүхэл бүтэн шашны тэргүүн болно гэдэг төсөөлөхөд ч бэрх.

Энэ маргаантай, маш их сонирхолтой түүхийн үнэн худал хэзээ нэгэн цагт ил гарч ирэх нь маргаангүй ч урлагийнхан үүнийг хүлээлгүй, энэ сэдвийг тойрч гаралгүй, тухайн  түүхээр  цөөнгүй уран сайхны, баримтат кино хийсэн байдгаас хамгийн шилдэг нь 2009 онд хийсэн “Pope Joan” хэмээх кино гэж болов уу. Монгол орчуулга байдаг үгүйг нь мэдэхгүй ч боломж гаргаад үзэхийг бодоорой.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 9. 22:12
Зочин

ok

3 сар 5. 11:33
РАВДАН

боржиа гэж сонин гэр бүлээс папууд гарсан .
тэр пап нь өөрийнхөө охины нөхөр нь байсан .

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]