Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гитлерийн хайртай фельдмаршал -"Цөлийн үнэг"Уншсан13,347

Роммелийг амиа хорловол цэргийн бүхий л хүндэтгэлийг үзүүлж, оршуулах ажлыг төрөөс зохион байгуулахаас гадна гэр бүлийг нь ч тайван орхиж тэтгэлэг олгоно гэсэн байна.

Гимназийн захирлын хүү Эрвин Йохан Ойген фон Роммель 1891 оны 11-р сарын 15-нд Германы олон вант улсуудын нэг Вютембергийн нутагт төржээ. Тэрээр 19 настайдаа цэргийн алба хашиж эхэлсэн байна. Эцэг нь удам дамжсан багш хүн байсан ба хүүгээ ч эрдэм номын мөр хөөсөн хүн болгохыг хүсжээ. Гэвч Роммель хүү цэргийн хүн болсон юм. 1912 онд бага дэслэгч цолтой Роммель дэлхийн 1-р дайнд оролцож Итали, Өрнөд болон Дорнод фронтод тулалдаж явжээ. Роммель дайн дууссаны дараа 1-р ба 2-р зэргийн Төмөр загалмайн одонгоор шагнуулаад байв.

Дайнд германчууд ялагдсаны дараа тэрээр өөрийн албандаа хэвээр үлдэж 10 орчим жил Штутгартад хороо командалж байжээ. 1929 онд Дрездений их сургуульд багшаар томилогдож, хоёр жилийн дараа хошууч цол хүртжээ. 1933 онд нацистууд засгийн эрхэнд гарахад тэрээр нэг их ойшоож, дэмжсэнгүй. Харин 1936 онд нацист намын хурлаар цэргийнхэн Роммелийг Гитлертэй биечлэн уулзуулсан байна. Улс төр огт сонирхдоггүй байсан Роммель Гитлерийн шүтэн бишрэгч болжээ.

1937 онд Роммелийн бичсэн “Явган цэрэг давшиж байна” ном нь цэргийн мэргэжилтнүүдийн төдийгүй Гитлерийн анхаарлыг ихэд татжээ. Роммель Гитлерийн хамгаалалтын албанд ажиллаж, эр зоригоороо гайхагдан Фюрерийн итгэлийг олжээ. 1939 онд Польшийг эзэлсэний дараа Роммель өөрийг нь танкийн дивизийн командлагчаар томилохыг хүсжээ. Фюрер түүний хүсэлтийг биелүүлж тухайн үедээ нэлээн хоцрогдсон байсан Чехийн армийн муу танкууд зонхилсон 7-р дивизийг Роммельд өгчээ. Гэсэн ч Роммель маш богино хугацаанд өндөр хүчин чармайлт гаргасны хүчинд дивизийнхээ байлдааны чадварыг нь эрс дээшлүүлж Европт байхгүй мото механикжсан нэгтгэл болгож чаджээ.

1940 онд Франц руу довтлох үед Роммелийн удирдсан 7-р дивиз хамгийн том гавьяаг байгуулав. Маас гол дээрх Францын танкийн болон явган цэргийн хоёр ч дивизийг устгаж, Нормандыг эзэлжээ. Роммелийн амжилтыг тооноос өөр юу ч тийм тодоор илэрхийлж чадахгүй. Францад байлдаж байхдаа 7-р дивизийн 2500 цэрэг алагдаж, 42 танк жагсаалаас гарсан боловч дайсны 100000 цэргийг устгаж, 450 танк, 360 их буу, 10 онгоцыг устгаж, олзолжээ. Роммелийн энэхүү гавьяаг үнэлж дэслэгч генерал цолоор шагнажээ. Хамгийн гол нь Роммель Гитлерийн хамгийн хайртай жанжин нь болсон юм.

1941 онд англичуудад ялагдсан Италийн Африкт байлдаж буй цэргийн үлдэгдлийг хамгаалуулахаар Роммелийг Африкт илгээжээ. Нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан Роммель үндсэн хүчээ Хойд Африкт ирэхийг хүлээлгүй шууд давшилтад оров. Улмаар Английн танкийн хоёр дивизийг ухраан шахаж, сандаргасан ч Британийн агаарын хүчин Газар дундын тэнгист ноёрхож байсан учраас шатахуун болон хүнсний дутагдалд орж амжилтаа бататгаж чадалгүй давшилтаа зогсоожээ.

Ливийн нутаг дэвсгэрийг эзлэн авсныхаа дараа Роммель Египетэд цохилт өгөхийг хүсч байсан боловч ЗХУ-тай хүнд ширүүн дайтаж байсан Гитлер нэмэлт хүч явуулах боломжгүй байв. Энэ нь Египет дэх Английн армийг сүйрлээс, харин Английг Египет, Суэцийн сувгаа алдахаас аварсан байна.

1941 оны 7-р сард англичууд давуу хүчээр дайрсан боловч их хохирол амссанаар ухарчээ. Холбоотнуудын хувьд Роммель жинхэнэ хоолойд нь тээглэсэн яс байсан бөгөөд ямар ч үнээр хамаагүй түүнийг Африкаас хөөн гаргахыг чухалчилж байв. 1941 оны 11-р сарын 18-нд Холбоотнууд дахин давшилтад оров. Роммельд байсан 10 дивизийн долоо нь байлдах чадвараар тун муу Италийн дивизүүд байв. Түүний эсрэг холбоотны 120000 цэрэг, 900 танк, 1000 онгоц бүхий арми хөдөлжээ. 100000 орчим цэрэг, 500 танк, 340 онгоцтой Роммель Холбоотны армийн бүх довтолгоог няцаасан юм. Гэсэн ч ар талаасаа хангамж авч чадахаа байсан Роммель ухрахаас аргагүйд хүрэв. Англичуудын хүчирхэг тэнгисийн флот ч тэдэнд үнэхээр нэмэр болсон юм.

Роммель ухралтыг үнэхээр зөв зохион байгуулсан бөгөөд нэмэлт хүч авсан даруйдаа сөрөг давшилтад орж баярлаж байсан англичуудыг сандаргаад авчээ. Роммель 800 километр ухарсан ч гэсэн сөрөг давшилтынхаа хүчээр дахин 600 орчим километр давшсан байна. Гэсэн ч ар талаасаа таслагдсан германчууд давшилтаа зогсоосон юм. Учир нь англичууд Германы хөлөг онгоцуудад Газар дундын тэнгист хүнд цохилт өгч, ар талын хангамжийг нь тасалдуулсан байна.

1942 онд нацистын Герман Сталинградад хүч үзэж байсан тэр үед Роммельд нэмэлт хүч өгч чадахгүй байсан бол Хоёрдугаар фронтыг нээгээгүй байсан Холбоотнууд Хойд Африк дахь армиа шаардлагатай бүхнээр тасралтгүй хангаж, АНУ-ын армийг буулгахыг хүлээж байв. 1942 оны 5-р сарын 27-нд Роммель өөрөөсөө давуу хүчтэй дайсан руугаа довтолжээ. Герман-Италийн арми 610 танктай байсан бол англичууд 1270 танктай байжээ. Дээрээс нь холбоотнууд их бууныхаа тоогоор 1,5 дахин их байв. 14 хоног орчим зууралдан тулалдсаны эцэст Роммелийн үнэмлэхүй ялалтаар тулалдаан дуусан байна. 6-р сарын 22-нд Гитлер фельдмаршалын очирт таяг илгээжээ. Тэрээр түүхэн дэх хамгийн залуу фельдмаршал болсон юм.

Очирт таяг авсныхаа дараа эхнэртээ “Фюрер надад очирт таягныхаа оронд 1 дивиз өгсөн бол би баярлах байлаа” гэжээ. Гэвч гайхамшигт ялалтдаа Роммель эрдсэн юм. 100 орчим танктай үлдсэн ч гэсэн тэрээр англичуудын эсрэг давшиж Египетэд цөмрөн оржээ. Александри хотоос 100 км орчимд англичууд Германы давшилтыг зогсоож, италичуудыг жигүүрээс нь бүслэн бут ниргэжээ.

1942 оны 7-р сард Роммелийн Египетийг эзлэн авах төлөвлөгөө үндсэндээ нурсан юм. Роммель ялагдахад дайсны илт давуу хүчнээс гадна италичуудын байлдах чадвар дорой байсан, мөн зэр зэвсэг, хангамжийн хомсдол ихээр нөлөөлжээ.

Англичууд богино хугацаанд хүчээ сэлбэж хүн танкаар 3:1, онгоцоор 4:1 харьцаатайгаар илүү болсон байна. Роммель Алам-Халфагийн өндөрлөгөөр Египет рүү нэвтрэхийг оролдсон боловч талаар болжээ. Энэ ялагдлын дараа Роммель эмчлүүлэхээр чөлөө авч Австрид иржээ. Африкийн аагим халуун элсэн цөлд жил гаруй болохдоо юм л бол зугтаахад бэлэн италичуудын хамт тулалдсаар Роммель туйлдаа хүртэл ядарчээ. Дээрээс нь ходоод гэдэсний өвчинд нэрвэгдсэн байв.

Аравдугаар сарын 23-нд англичууд 1440 танк, 2311 их буу, 1500 онгоц бүхий хүчээр Германы 540 танк, 1219 их буу, 350 онгоцын эсрэг давшилтад оржээ. Роммелийн оронд командлалыг авсан генерал Штумм маргааш нь сураггүй алга болсон байна. Удалгүй түүнийг зүрх нь хаагдаж үхсэн байхыг олжээ. Давуу хүчтэй дайсантай тулалдахад сэтгэлийн хат хэрэгтэй гэдэг нь үүнээс мэдэгдэнэ.

Роммель Африкт буцан ирж чадах бүхнээ хийсэн ч аргагүй л давуу хүчинд түрэгджээ. 11-р сарын 3-нд тэрээр ухрах тушаал өгөв. Гитлер Роммельд эцсээ хүртэл тулалд гэсэн харгис тушаал ирүүлсэнд Роммель мэл гайхаж орхив. Энэ бол тэнэг гэхэд ч багадмаар тушаал байсан юм. Тийнхүү Эль-Аламейн тулалдаан Холбоотны ялалтаар төгссөн байна. Энэ үед АНУ зонхилсон Холбоотны арми Алжир, Мароккод газардсанаар Роммель араасаа цохигдохоос сэргийлж ухрахаас өөр аргагүй болсон юм.

Эль-Аламейний тулалдаан хүртэл Гитлер, Роммелийн харилцаа үнэхээр сайн байсан юм. Ялалт авчирдаг хүнд яаж ч дургүй байхав дээ. Гэтэл анхны ялагдлын дараа бүх зүйл өөрчлөгдсөн байна. Гитлер “Чиний цэргүүд яагаад ухрав, байрандаа яагаад тогтохгүй байна вэ?” хэмээн хашгирч байсан гэдэг. Хариуд нь Роммель “Фюрер минь та фронт дээр өөрөө очоод биечлэн үзүүлвэл ямар вэ” хэмээн хэлээд авчээ. Гитлерт ингэж хэлэх хүн байна гэдэг санаанд багтамгүй шүү.

Роммель гэр бүл дотроо туйлын даруу нэгэн байсан бөгөөд эхнэрээсээ эмээдэг, харцаар нь хөдөлдөг хүн байсан гэлцдэг. Тэрээр эхнэртээ байнга захиа бичих ба тулалдааныхаа сэтгэгдлийг эхнэртэйгээ л хуваалцдаг байжээ. Энэ нь чухам эхнэрээсээ айсан ч юмуу эсвэл хүндэлж байсны илрэл ч юмуу бүү мэд. Ямартай ч түүний амьдралд эхнэр нь гол байр суурь эзэлж байсан гэдэг нь харагддаг.

Гайхамшигт тактик, маневрлах чадвараараа тэрээр “Цөлийн үнэг” хэмээх алдрыг хүртсэн бөгөөд тэрээр цэргүүддээ хайрлагддаг нэгэн байжээ. Роммель 1944 онд Гитлерийн эсрэг хуйвалдаанд оролцож, ихээхэн үүрэг гүйцэтгэх болов. Гитлерийн солиотой бодлого, утгагүй тушаалууд сүйрэлд хүргэхийг мэдэрсэн тэрээр Гитлерийг баривчилж шүүхэд өгөх хэрэгтэй гэж үзэж байжээ. 1944 оны 6-р сард Холбоотны арми Нормандид газардсанаар нацистын Германы сүйрэл тодорхой болсон юм.

Түүний зохион байгуулсан хуйвалдааныг Гестапо илрүүлсэн бөгөөд удалгүй баривчилж гэрийн хорионд оруулав. Роммель шүүхээр орох хүсэлт гаргасан боловч хэрвээ ингэвэл өөрийг нь буудан хороож, гэр бүлийг нь хэлмэгдүүлэхийг дуулгажээ. Харин Роммелийг амиа хорловол цэргийн бүхий л хүндэтгэлийг үзүүлж, оршуулах ажлыг төрөөс зохион байгуулахаас гадна гэр бүлийг нь ч тайван орхиж тэтгэлэг олгоно гэсэн байна. Роммель хоёр дахь саналыг сонгож өөрийн зусландаа цианит натри ууж амиа хорлосон юм. Гитлер ч хэлсэн амандаа хүрч гэр бүлийг нь хэлмэгдүүлээгүй бөгөөд улс даяар эмгэнэл зарлаж, оршуулгыг нь ёслол төгөлдөр зохион байгуулжээ. Тэгээд ч гэр бүлийнхнийг нь баривчилсан бол Германы ард түмэн бүх учрыг ойлгох байсан бөгөөд Роммелийн үхлийг цус харвалт хэмээн зарлажээ.

Роммель бол эрсдлийг туулах дуртай, дүрэм журамд баригдаггүй хүн байжээ. Аливаа нэг эрсдлийг боломж хэмээн хардаг бөгөөд түүнийг ашиглах хэрэгтэй гэж үздэг байв. Шаардлагатай бол тушаалыг зөрчихөд бэлэн байдаг байв. Роммель улайрсан Нацист байгаагүй юм.

Судлаач Б.Батмөнх

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]