Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үндэстэн оршихуйн баталгаа: Монголын үрс маш олон болтугай!Уншсан1,536

Монголын хүн ам өсөөгүй 2 мянганыг туулсанд үндсэн хоёр учир шалтгаан буй. Нэг нь, үргэлжийн их дайн байлдаан, гадагш хийсэн асар их эзлэн түрэмгийлэх аян дайн байлаа.

МУСГЗ, доктор Я.Ганбаатар бичиж байна.


Жижиг улс, үндэстэнд маш хүчтэй дархлаа байх ёстой. Бүр тодруулбал, хөгжлийн баталгаа, аюулгүй байдлын дархлаа хэмээх хоёр үндсэн ойлголт яригдаж байна. Тэгж байж даяаршлын энэ эрин үед олон сая, олон зуун сая, тэрбум хүн амтай улс гүрнүүдийн хүрээлэлд, тэдний хүчтэй нөлөөлөл дор тэсч үлдэж, оршин тогтноно. Тэдгээр дархлааны дотор хүн амын тоо, хөгжлийн түвшин, баялгийн эзэмшил, сан хөмрөгийн нөөц хадгаламж, соёл иргэншлийн онцлог багтдагийн нэг нь өнгөрсөн түүх юм.

Тооноос чанарт шилжих хууль гэж философийн том ухагдахуун байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа юмс тоон үзүүлэлтээсээ чанарын үзүүлэлтэд дэвшин гарах тухай ойлголтыг илэрхийлдэг хууль. Энэ хуулиар бол аливаа юмс тодорхой тоо хэмжээ нь чанар болж байдаг аж. Тухайлбал, зарим улс үндэстний хүн амын тоо нь эргээд улс үндэстнийхээ аюулгүй байдал, оршин тогтнохуйн баталгаа, дархлаа болж байдаг. 70 сая хүнтэй Франц, Англи, 80 сая хүнтэй Герман, 90 сая хүнтэй Турк, 100 сая хүнтэй Иран, 250 сая хүнтэй Индонези, 130 сая хүнтэй Япон, 150 сая хүнтэй Орос, 120 сая хүнтэй Мексикийн энэ тоо нь улс орных нь аюулгүй байдлын дархлаа, оршин тогтнохуйн баталгаа болдог. Иймээс тэдгээр улс үндэстэн бусдад автах, эзлэгдэх, хүч түрэгдэх, уусах хайлах үйл явцад өртөхгүй. 2 мянган жилийн өмнө Европ тивд нийтдээ 25 сая хүн амьдарч байсан гэж үздэг бөгөөд энэ тоог тэр үеийн англи, герман, франц, испани, итали үндэстэнд хуваавал хэд байх нь ойлгомжтой. Өнөөдөр хэд болсныг нь та харж байна. Гэтэл бид?

Дээр дурдсан бусад дархлаанууд бидэнд ямар байна вэ? Эхний үзүүлэлтүүд нь Монголд бараг байхгүй. Бид хүн ам цөөхөн, тийм болохоор 3 сая гэдэг энэ тоо үндэстний хувьд аюулгүй байдал, оршин тогтнохуйн баталгаа, дархлаа болж чадахгүй. Хөгжлийн түвшин дэлхийн хөгжингүй улс орнуудаас хол хоцорсныг илтгэдэг. Баялгийн эзэмшлийн хувьд Монгол орон асар их баялагтай боловч шууд утгаар нь авч үзвэл Монголчууд, Монгол Улс баялагтаа эзэн нь биш. Бид баялгаа дангаараа боловсруулан эзэмшиж чадахгүй, тийм болохоор гадныхан манай баялагт эзэн суудаг. Алт, валютын нөөц гэх юмгүй. Бидэнд ганцхан түүх л байна. Гэтэл ганцхан дархлааг маань бусад хүн булаах гэж оролдох боллоо. Үүнд бид анхаарахгүй бол өөр хэн анхаарах юм бэ? Төр засаг бодлогоор анхаарахгүй бол бусдын төр засаг бодлогоор булаах нь байна. 

Хүн ам бага бол дархлаа бага, эсвэл бүр байдаггүй аж. Монголчууд яагаад ийм цөөхүүлээ юм бэ? Агуу их түүхтэй, эртний буурал үндэстэн гэгддэг Монголчууд яагаад өсч үржээгүй юм бэ? Яагаад хэдэн арван сая, хэдэн зуун саяулаа болоогүй юм бол? Ийм асуулт тавигдах нь зүйн хэрэг. Өнгөрсөн 2 мянган жилийн туршид Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн хүн амын тоо өсч нэмэгдээгүй ажээ. Тийм ээ, 2 мянган жилийн туршид шүү. Энэ нь шууд утгаараа өнөөгийн Монгол үндэстэнд хамаатай. Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийг өнөөдөр Монгол үндэстэн төлөөлдөг. Тэгэхээр шуудхан хэлчихэд Монгол үндэстний хүн ам чанарын өсөлтөд хүрэлгүй ийм цаг хугацааг туулжээ гэсэн үг. Энэ бол халаглахад багадаж, харамсавч нөхөж чадахгүй зүйл.

Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн өвөг дээдэс болсон хүннүчүүд Хүн улсыг байгуулж асан 2 мянганы тэртээх он жилүүдэд хүн ам нь 1.5-2 сая байжээ гэж судлаачид үздэг. 2 мянган жил гэдэг бол асар урт цаг хугацаа. Бүхэл бүтэн эрин. Тэр үед өмнөд хөршийн Нангиад түмэн 60 сая, Оросын тал нутагт 7 сая, Европ тивд нийтдээ 25 сая хүн амьдарч байсан гэж дээр дурдсан. Тэгвэл өнөөдөр Хятад 1.4 тэрбум, ОХУ 150 сая, Европ 500 саяулаа болж. Харин нүүдэлчдийн ертөнцийн хүн ам нэмэгдсэнгүй. Тэр үед 2 сая байсан бол өнөөдөр 3 саяулаа болсон байна шүү дээ гэж та хэлэх байх. Тийм ээ, тоон үзүүлэлт өөрчлөгдсөн. Гэхдээ тэр нь чанарын хувьсал болж чадсангүй. 2 мянган жилийн хугацаанд 60 сая байсан ард түмэн 1.4 тэрбум болж өсч. Хүннүчүүдээс 7,8 зууны дараа төр улс байгуулж оршин тогтнож байгаад өрнө зүгт нүүдэллэж одсон түрэгүүд гэхэд л  90 саяулаа болж.

Ямар учиртай юм бэ? Яагаад ийм байна? гэж та асуух байх. Хариулт нь тодорхой. Монголын хүн ам өсөөгүй 2 мянганыг туулсанд үндсэн хоёр учир шалтгаан буй. Нэг нь, үргэлжийн их дайн байлдаан, гадагш хийсэн асар их эзлэн түрэмгийлэх аян дайн байлаа. Хүн гүрнээс Галдан бошигтыг хүртэлх 1700 жилийн туршид нүүдэлчид үргэлжийн их дайн байлдаанд байсаар хүн амаа өсгөж чадсангүй. Өсгөх нь бүү хэл, харин ч цөөлж дуусгажээ. Тулааны талбарт эрсдэх нь эрсдэж, харь газар орныг эзлэн түрэмгийлэхээр эргэлт буцалтгүй явж одох нь одсоор. Энэ хооронд бусдын хүн ам тасралтгүй өсөн нэмэгдсээр байжээ.

14-60 хүртэлх насны бүх эрчүүл нь цэрэг дайчин байдаг Хүннүгийн хууль ёс хожмын олон үеийн нүүдэлчин удам угсаатанд нь ёс мэт үйлчилсээр, морь унаж, нум дэлж чадах тэнхээтэй бүхэн нь харийг дайлаар мордон одсоор байлаа. Тэд газар тариалан эрхэлж, мал адгуусаа маллан амар жимэр, амгалан тайван сууж чадсангүй ээ. Эрчүүл нь цэрэгт мордон гэр орон, эхнэр хүүхнүүдээсээ тусдаа алс холд олон он жилээр одсоор байхад хэрхэн нөхөн үржихүй байх билээ. Тиймээс Хүн гүрний хүн ам өссөнгүй, харинч хорогдож цөөрсөөр байжээ.

Хүн нарын дараа төр улс байгуулсан Түрэгүүд 2 зууны дараа мөхөн алс өрнө зүгт нүүдэллэн одсон. Тэд өнөөдөр 90 саяулаа болж. Тэдний дараа гарч ирсэн Уйгурууд өнөөдөр 10 саяулаа, тэдний дараа гарч ирсэн Киргизүүд 6 саяулаа болсон нь бага боловч тооноос чанарт шилжсэн хувьсал байсныг илтгэнэ. Гэтэл Монголчуудын хувьд тийм байж чадсангүй. Дэлхийн талыг эрхшээсэн дайчин Монголчууд зөвхөн Хятадад, зөвхөн Азид төдийгүй, Европоор, тухайн цаг үеийн ойлголтоор дэлхийгээр нэг тарж одсон билээ. 

 Нөгөө нэг учир шалтгаан нь зуу зуун жилийг дамнан үргэлжилсэн хөнөөлт их дайн байлдаан дуусч энх тайван цаг ирэхэд бас нэг аюул нөмрөн ирсэн нь харийнхны зориудын бодлогоор Монгол газарт нэвтрүүлсэн Шарын шашин юм. Шашин болгон бүдүүлэг, харгис, бүтээлч шинжгүй, хөгжлийг хойш татдаг юм биш. Харин Монголд нэвтрүүлж дэлгэрүүлсэн шарын шашин бол дээрх хэдэн шинжийг бараг бүгдийг нь агуулсан байжээ. Шарын шашин хүлцэнгүй номхоныг, үхээнц хөгжилгүй байхыг, хүсэл тэмүүлэлгүй, урагшилж дэвжихийг хичээхгүй байхыг номлож байлаа. Шарын шашны сүсэгтэн шавь хүн эхнэр авч үр хүүхэд төрүүлж болохгүй, өөрөөр хэлбэл эр эмийн явдлыг үйлдэх нь хамгийн хүнд нүгэл гэж номлож байлаа.

Уйгурууд өнөөдөр 10 саяулаа, тэдний дараа гарч ирсэн Киргизүүд 6 саяулаа болсон тухай дээр дурдсан. Учир нь тэд шарын шашинд биш, өөр шашинд орсон нь тэдэнд аврал болсон хэрэг. Тэдний орсон шашин хүлцэнгүй номхоныг, амьдралын идэвхгүй байдлыг, хамгийн чухал нь өсч үржихүйн ёсыг хориглосон харгис номлолгүй. Манжийн төрөөс дайчин, дайнч Монголчуудыг номхотгон сөгтгөж, мохоон дарж, цөөлөн устгах гэсэн зорилгынх нь илрэл, зэвсэг нь шашин байжээ.

Тэгвэл Монголчууд хэдүүлээ байх байсан бол? гэдэг асуулт урган гарч ирнэ. Хэрэв түүхийн хүрд өөрөөр эргэсэн бол Монголчууд өнөөдөр 3 саяулаа биш, 30 саяулаа байх байсан. Шарын шашинд ороогүй бол наад зах нь 10-15 саяулаа байх байсан. Эрийн зууныг дамнан үргэлжилсэн тэр их дайн дажин, эрийн хийморийг гутаасан бурангуй шашин номлол байгаагүй бол Монголчууд өнөөдөр тийм л байх байсаан. Харамсалтай нь түүхийг хүн бичдэггүй, түүх өөрөө бичигддэг авай. Гэхдээ л... гэж бодох цаг болжээ.

Зах зээл бий болох тоон үзүүлэлт гэж бий. Товчхон хэлэхэд, 5 саяас дээш хүн амын дунд зах зээл бий болдог гэнэ. Түүнээс доош тоотой хүн амд жинхэнэ зах зээл бий болохгүй, зах зээлийг эрүүл зөв утгаар нь хөгжүүлэх боломжгүй аж. Түүнчлэн хотжилт, зах зээл, хөгжил дэвшил соёл иргэншлийн гол чухал үзүүлэлтүүд ч бий болдоггүй аж. Тийм болохоор Монголд жинхэнэ зах зээл байхгүй, бий болох ч үгүй, бид нийгэм, эдийн засгийн амьдралаа, хувь хүмүүсийн амьжиргааны хэрэгцээгээ зөвхөн гаднаас хангах л боломжтой аж. Хүнсний хэрэглээ, хувцасны хэрэглээгээ Монголчууд гаднаас зөөгөөд байдаг нь ийм учиртай. Яагаад гэвэл дотоодод тийм үйлдвэр, аж ахуй эрхэлж, бизнес хийгээд ашиггүй. Монголд том төсөл, үйлдвэр, аж ахуй эрхлэх, хөгжүүлэх боломжгүй. Бас л зах зээл байхгүй учраас. Том үйлдвэр байгууллаа гэхэд ажиллах хүч хүрэлцэхгүй. Мэргэжилтэй боловсон хүчин байхгүй, бэлдээгүй гэж хэлэхээс өмнө тийм том обьектуудад ажиллах хүн хүч хүрэлцэхгүй.

Зуун сая хүн амтай улс хүн амын өсөлт зогслоо, төрөлтийг хөхиүлэн дэмжье гэсэн бодлого хэрэгжүүлж байхад Монгол Улс өнгөрсөн зууны ерээд онд үр хөндөлтийг чөлөөтэй болгосноор өнгөрсөн 30 жилийн дотор наад зах нь 2 сая үрээ “егүүтгэсэн” гэх тооцоо бий. Орос, Япон, Хятад бүгд хүн амаа өсгөх төрийн бодлого хэрэгжүүлж байна. Их гүрнүүд хүн амын өсөлт зогслоо, буурлаа, үндэстний оршихуй, аюулгүй байдлын асуудал,... хэмээн төр засгийнхаа түвшинд нухацтай ярьж хэлэлцэж, бодлого боловсруулан хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 1 тэрбум 400 сая хүнтэй өмнө хөрш маань хүн амаа өсгөх шийдвэр гаргаж 40 жил хэрэгжүүлж ирсэн “Нэг айл нэг хүүхэд” бодлогоо цуцалж хоёр хүүхэдтэй болохыг дэмжсэн бол сүүлдээ хүүхдийн тоог хязгаарлахгүй байх асуудал ярих боллоо. Энэ бүхэн юу хэлж байна вэ? гэхүл цаана нь улс, үндэстний оршин тогтнохуйн асуудал, аюулгүй байдлын асуудал байдаг учраас тэр.

Өнөөдөр улс, үндэстэн бүхэн аюулгүй байдлын дархлаа гэж ярих болжээ. Хэрхэн оршин тогтнох вэ, хэрхэн өнө удаан, үүрд мөнх, бусдад уусч алга бололгүй  байж байх вэ? гэдэг асуудал чухалчлан тавигдах болж. Хүн амын тоо нь өөрөө аюулгүй байдлын дархлаа юм. Хүн амын тооноос шууд хамааран тухайн улс, үндэстэн аюулгүй байдлын дархлаа хэр зэрэг хүчтэй, эсвэл сул байх нь тодорхойлогдоно. Хүн ам ихтэй бол тэр хэрээр дархлаа сайн байна. Шууд утгаараа ч цэрэг, батлан хамгаалах түвшин сайн байна, дам утгаараа ч бусдын нөлөөлөлд бага автана, эсвэл бүр автахгүй. Үүнд эдийн засаг, соёл, хэл бичиг гээд олон зүйл хамаатай.

Өнөөдөр Монголд хүн амзүйн бодлого алга, хүнээ өсгөх зорилт ч алга. Ирээдүйн мянга мянган иргэнээ эхийн хэвлийд нь егүүтгэсээр, ажилгүй, амьдралгүй мянга мянган залуус гадагшаа цагаачилсаар байна. Дэлхийн хүн амзүйн байгууллагууд, судлаачдын дүгнэлт таамаглалаар Монголчууд мөхөж байгаа улс, үндэстний тоонд багтсан. Ийм дүгнэлт хийхэд олон талын судалгаа шинжилгээг шинжлэх ухаанчаар хийсэн байж таарна. Энэ бүхнээс үүдэн эцэст нь хэлэх гэсэн зүйл маань юу вэ гэвэл, хүн амаа өсгөцгөөе. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж үг байдаг. Уг нь Монголчууд хэчнээн ядарлаа ядарлаа гэхэд төрүүлсэн үр хүүхдээ тэжээж өсгөх чадалтай. Төр засаг энэ асуудлыг анхааралдаа аваасай, үр хөндөлтийг хуульчлан хориглоосой, хүн амаа өсгөх бодлого баримтлаасай. Эрүүл мэндийн яам, эмэгтэйчүүд, хүүхдийн байгууллагууд онцгойлон анхаараасай. “Монголын үрс маш олон болтугай!”                                               

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 10. 14:55
Зочин

zda yadaj uvurmongoloo avchix yumsan

6 сар 11. 8:07
Зочин

ЗОЧИНЖОО ЧИНИЙ ЧАДДАГ ЧИНЬ ХАА БАЙНАА? АЛТВ ХЭЛЭЭД ӨГӨӨЧ.

5 сар 21. 6:42
Зочинж

Дандаа чадахгүй бүтэхгүй болохгүй гэсэн ямар арчаагүй бодолтой хүн бэ энэ бичсэн этгээд

5 сар 4. 17:34
Tuguldur

Zuw. Mash zuw bichsen bn. Ene bodlogiig tur zasagaas barimtalj, turiin har hairtsagnii bodlogo heregtei bn

5 сар 2. 4:02
Зочин

Маш үнэн, зөв зүйтэй юм бичжээ.

5 сар 8. 5:24
Зочин

Sanal neg baina

5 сар 17. 14:23
БАТ инженер

Дайн байлдаан хийсэндээ ч биш байх аа. Гол нь үндсэн аж ахуй нь мал аж ахуй байсанд л байх шмг. Монголын өндөрлөгт сайн л бол 100 сая мал багтана. Саар бол 30-50 сая мал тэгээр ийм эрчимгүй аж ахуй эрхлэхэд хүн амаа их өсгөвөл өлсөж үхнэ биз дээ. Монголын хөгжил дорой байгаагийн шалтгаан ч нүүдлийн гэх мал аж ауйдаа байгаа юм. Бид Хүн гүрний үед л өглөө малаа дагаад гардаг одоо ч ижил Ийм аж ахуй улс орныг хөгжүүлэхгүй ээ. Намайг эх оронч биш гэх байх. ГЭхдээ үнэн нь ийм юм даа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]