Нийтлэлч Чалчаа саарал маань энэ удаа эртний Ромын түүхээр уншигчдыг аялуулна.
Гай Юлий Цезарь Август Германик (12 онд төрж 41 онд алуулсан) буюу түүхэнд Калигула хэмээх нэрээр нэрлэгдсэн нэгэн эзэн хааны (an emperor, Latin: imperator ) тухай түүхэн, уран сайхны,... гэхээсээ илүү насанд хүрэгчдэд зориулсан кино 1990-ээд оны дундуур манай кино театруудад их гарч, элдэв түц-ээр тэр киноны VHS, диск нэг хэсэг зарагддаг байж билээ. Калигула гэдэг нэртэй, 1979 онд хийсэн, найруулагч Тинто Брассын энэ бүтээл нь түүхийн хувьд хэтрүүлэгтэй боловч бодит түүхээс сэдэвлэсэн, олон явдлыг уран сайхны хэтрүүлэгтэйгээр үзүүлсэн кино болсон гэх юм билээ.
Калигула гэдэг энэ хүний эзэн хаан болсон түүх нь хачирхалтай гэхэд ч багадмаар. Тэрээр Тибери эзэн хааны залгамжлагч болох Германикийн хүү нь байв. Хэдийгээр эцэг Германик нь Тибери хааны залгамжлагч, түүний өргөж авсан хүү, ойрын хамаатан гэх зэргээр тоочиход үүнд хачирхалтай юм юу байна гэж гайхмаар мэт боловч Тибери хаан залгамжлагч Германикийг үзэн яддаг, бүр Германикийг алсан тэр хорын эх сурвалж Тиберитэй холбогдох шижим байдаг, Тиберийд ч тэр, Германикт ч тэр өөрийн гэсэн өөр бусад олон хүүхдүүд байсан, тэд бүгд эзэн хааны ширээг горилсон хүмүүс байгаад ойлгомжтой шалтгааны улмаас үхэж үрэгдсээр, ... энэ бүх үйл явдлын адаг сүүлд Калигула нь Гиммел хэмээх Тиберийн ач хүүтэй хамт засгийн эрх барих болсон гэх мэт бөөн будлиан. Эзэн хааны суудал дээр хоёр хүн багтах уу? Мэдээж үгүй. Тэгээд яагаад?
Тибери хаан солиотой хүн байсангүй. Тэр тухайн цаг үеийн Ромын олон улстөрч, диктатор нарын адил өвөрмөц хүн байлаа. Үхэх гэж байж, хүний мууг үзэх гэж албаар хоёр хүнийг өөрийнхөө залгамжлагчаар тавьсан хүн. Зарим түүхчдийн үзэж байгаагаар энэ хүн 77 настай байх үедээ ухаан алдаж унахад нь Калигула түүнийг үхлээ хэмээн яаран зарлаж, эзэн хаан болсноо тунхаглаж байх үед нь (хагас эзэн хаан, түүнтэй цуг Гиммел бас хаан болно) Тибери сэргэн босч ирээд, Калигула нь тэр даруй боож алаад, юм юм “цэгцрээд” ирсэн гэдэг. Ийм явдал болоогүй гэх түүхчид ч бас бий.
Калигула ердөө дөрвөн жил эзэн хаан байж. Тэрээр эзэн хаан болоод хамгийн түрүүнд хийсэн ажил нь хамтран эрх барих ёстой Гимеллийг алсан явдал. Нялх жаахан амьтныг алж ядах юм байх биш.
Шинэ эзэн хаан өмнөх эзэн хааны үед гаргасан олон хатуу ширүүн хуулийг халж, усан хангамж, зам тээвэр дээр онцгой анхааран ихээхэн үр дүнд хүрчээ. Ялангуяа замтай холбоотой олон шинэ захирамж гаргасан байдаг ба замын хэсэг болгоныг тусгай хүн хариуцаж байх, хэрвээ тэрхүү замын хэсэг эвдрэлтэй, муу байдалд байвал хариуцсан хүнийг ихээхэн хатуу шийтгэдэг (ер нь л толгой нь өнхөрчих гээд байдаг байсан бололтой) гэх зэргээр ажилладаг байж. Иймэрхүү олон үр дүнтэй ажлын үр дүн гарч эхлэх үед тэрээр ард олонд аавтайгаа адил нэр хүндтэй болж хүн болгон л түүнийг агуу их эзэн хаан хэмээн нэрлэх дээрээ тулж ирлээ.
Калигула өвдөж, эдгээд... өөр хүн болсон байлаа. Урьдын Калигулаг бодвол одоо түүнд улс орны хэргээс илүү хувийн зугаа цэнгэл чухал болж. Янз бүрийн болсон болоогүй шалтгаанаар их найр хийж, гладиаторын тулаан байнга хийдэг болсон бөгөөд угаас зугаа цэнгэлд дуртай Ромын хүн ам түүнийг нь жигтэйхэн дэмжиж байв. Калигула хэн дайралдсан энгийн хүнийг барьж аван цэнгэлдэхэд оруулж ирж байгаа зэрлэг араатны өмнө хаядаг болоод байхад ч тэр. Жинхэнэ шоу...
Тэрээр хаа сайгүй хуйвалдаан байгааг олж харах бөгөөд ойрын хамаатан, найз нөхөд хэн ч байсан ялгаагүй гэв гэнэт түүний эсрэг хуйвалдаанч болж хувиран харагдах ба дараа нь зэрлэг тамлалт, цаазын ял хүртэнэ. Тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг өдрийн тансаг хоолоо идэж байх үедээ тэрхүү хүмүүсийг өмнөө авчруулан цаазлах гэх мэтийн хачирхалтай зан гаргах нь улам бүр ихсэж байлаа. Удалгүй тэр хүний хийх үйлдэл, биеэ авч явах байдал нь эрүүл хүнийхээс дэндүү өөр болсон бөгөөд дээр дурдсан Тинто Брассын кинонд энэ тухай тодорхой харуулсан байдаг билээ. Гэхдээ кино маань +18 гэдгийг бүү мартаарай.
Энэ солиотой гэмээр, нөгөө талаар ихээхэн ухаантай боловч дэндүү хорон муу санаатай, даажинч эрийн хийсэн хамгийн тэнэг, солиотой нэгэн үйлдэл бол өөрийн азаргыг...
Калигулад нэгэн хайртай хурдан хүлэг байсан гэдэг. Нэр нь Инцитат буюу латинаар энэ нь хурдан хөлт гэсэн утгатай юм байж. Эзэн хаан хайртай хүлэг мориндоо тусгай ордон гэмээр юм барьж өгсөн бөгөөд уг тансаг “жүчээ” нь болор, зааны яс, алт зэрэг үнэт зүйлээр гангалж гоёсон харш. Удалгүй адуунд уу, Калигулад уу энэ нь бага мэт санагдсан учраас үйлчлэх зарц нарын тоог нэмж, уйдах уйтгараас салгахын тулд Пенелопа хэмээх гүүтэй тансаг хурим хийлгэн цугт нь, ордонд амьдруулах боллоо. Хурим хийхийн тулд Ром хотын иргэн байх ёстой гэдэг саадыг давах хэрэгтэй. Инцитат, Пенелопа хоёрыг Ром хотын иргэн-хүн болгоод л гүйцээ.
Инцитат өөрийн нэрийн өмнөөс хүн ордондоо урих ба уригдсан хүнийг ирэхэд Инцитат маань Калигулатай цуг байж байна.
Инцитат уралдах гэж цэнгэлдэхэд орох үед хүн болгон чимээгүй байх ёстой байлаа. Хэрвээ дуугарвал сэлэм гялс, толгой бөндгөс.
Инцитат ширээний ард сууж, (зогсож) хамгийн сайхан хоол дарс идэх ба түүний өмнө боол зарц, бүжигчид бүжиглэх бөгөөд заримдаа хааны тушаалаар хатан хүртэл азарганы таашаалыг төрүүлэх бүжиг хийдэг байж. Ромын ихэс дээдэс Инцитатын төлөө хундага өргөж байгаагаа Калигулад сонсогдуулах гэж нэгнийгээ даван хашхиралдах нь байдаг л зүйл.
Калигулад энэ нь ч бага санагдаж эхэллээ. Адууны удам судар дотроос хамгийн өндөр, цаашид ямар ч амьтан хүртэхээргүй дээд албан тушаал авсан, Ром хотын иргэн болсон Инцитатыг одоо бүр Ромын сенат болгож, цаашдаа Консул болох боломжтой хүмүүсийн гэх үү... нэг гэж бүртгэсэн байна. Калигула ч бас тушаал ахиж одоо өөрийгөө бурхан гэдгийг зарлалаа. Бурхан болсон хойно түүнд мэрэгч төлөгчийн зөвлөл гэмээр зүйл байх хэрэгтэй. Тэдгээрийн нэг нь Инцитат болох ёстой. Бусад долоон төлөгч хүнээс ялгарахгүйн тулд Инцитат 8 сая сестерци төлөх ёстой (бусад хүмүүс нь мөн адил мөнгө төлнө) бөгөөд үүнийг нь Ромын бүх л адуунаас авах татвараар бүрдүүлж байв. Татвараа төлөөгүй азарга, гүү, морь байвал шууд л “хиаман цех”.
Үүнээс цааш газар үгүй мэт боловч... Удалгүй “Инцитат бол бүх л бурхны нэгдсэн нэг дүр” гэж Калигула зарлаад Ромын тангарагт (төрийн дуулал юм болов уу) “Инцитатын сайн сайхны төлөө”... гэсэн үг нэмсэн байна.
Калигула хорлогдлоо. “Бүх л бурхны нэгдсэн дүр” маань хэцүүдэж эхлэхгүй яахав. Жирийн адууны жүчээнд амьдрах болж муугаа үзлээ. Харин аз болж сенат цолтой тул түүнийг нь амархан хурааж авч чадахгүй. Учир нь сенат хүн нь өөрийн эрхийн хугацаа дуустал сенат цолтойгоо байх ёстой байв. Инцитатын эсрэг тал болох Клавдий эзэн хаан үүнийг шийдэх мэргэн арга олсон нь уг адууны цалин пүнлүүг хасч бараг юу ч үлдээхгүй байх явдал байв. Ингээд сенатын татвараа төлж дийлээгүй Инцитат маань албан тушаалаа хураалгахаас өөр аргагүй болжээ. Клавдий энэ тухай “Инцитат нь бусад сенатыг бодвол ганц ч тэнэг зөвлөгөө өгөөгүй, хэнийг ч алаагүй, аливаа нэг дайн эхлүүлээгүй, ер нь дажгүй сенатч байсан” гэсэн утгатай юм хэлж байж.
Ингэж Калигула хэмээх эзэн хаан, Инцитат хэмээх дөрвөн хөлтний ер бусын түүх дууссан гэдэг. Калигула ямар учиртай, ямар санаатайгаар Инцитатыг ингэж өөд нь татаж байсан тухай түүхчид маргалдсаар байдаг юм гэнэ. 2000 жил маргаж байгаа түүхчид маань дахиад хэдэн жил маргах юм бол доо гэсэн нэгэн тэнэг бодол төрөх ч шиг.