Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны байгуулсан, Их Монгол улсын үргэлжлэл, Монгол, Хятад, Солонгос, Өмнөд Азийн орнуудын газар нутгийг эзлэн оршиж байсан хүчирхэг гүрэн улс. Түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн уудам газар нутагтай эзэнт гүрнийг удирдах төв байлаа.

Их Юань гүрний төрийг бутаргасан Солонгос хатанУншсан26,492

Түүхэнд Өлзийхутаг хэмээн тэмдэглэгдсэн энэ хатан угийн ааш зан, царай зүс сайтай тул хааны ивээлийг хүртэж, шивэгчнээс хатан сэнтийд заларсан нэгэн.

Юань гүрний сүүлчийн эзэн хаан Тогоонтөмөр 1333 онд хаан сэнтийд заларч, 37 жил төр барьсан билээ. Түүнийг төр барьж байх үед улс дотор хоорондын тэмцэлдээн ихээхэн өрнөж байв. Энэ үед засаглалд ихээхэн нөлөөтэй байсан хүний нэг бол Солонгос угсааны Чи /Ки/ хатан. Түүхэнд Өлзийхутаг хэмээн тэмдэглэгдсэн энэ хатан угийн ааш зан, царай зүс сайтай тул хааны ивээлийг хүртэж, шивэгчнээс хатан сэнтийд заларсан нэгэн. Түүнийг зальжин, сэтгэл хөдлөлд автдаггүй, цэцэн сэргэлэн хүн байсан гэж сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.  Жирийн нэгэн харь угсааны шивэгчин хаан төрийн их хатан болно гэдэг соньхон бөгөөд содон түүх юм.

Хэдхэн жилийн өмнө Солонгосчууд энэ хатны талаар “Ки Иш хатан” нэртэй түүхэн цуврал бүтээснийг “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” хэмээн айхтар сүржин нэрээр эх хэлнээ буулгаж, үзэгчдийн хүртээл болгосон. Кино гарсан даруйдаа түүхчдийн хараанд өртөж, түүхийг мушгин гуйвуулсан талаар ихээхэн шүүмжлэгдэж билээ. Кинон дээрээ түүнийг Корйө ард түмнийхээ төлөө хаад язгууртнуудтай тэмцэлдэн эрх мэдэлд хүрч буй шудрага үнэнч бүсгүйгээр дүрсэлдэг ч солонгосын түүхэндээ хамгийн ихээр үзэн ядагддаг түүхэн эмэгтэй байжээ. Солонгосыг олон удаа уулгалан довтолж, ах, дүү төрөл төрөгсөд нь хатны нэрээр эх орондоо зоргоороо, харгис хэрцгий авирласан түүх бий. Тийм ч учраас солонгос хатан эх орондоо үзэн ядагдсан хүмүүсийн нэг байсан юм билээ. Ингээд тус кинонд гардаг хатны жинхэнэ түүхийн талаар сонирхуулая.

Корйө улсын Хэнжү хотоос олзлогдон ирсэн татвар эм түүнийг ордны шивэгчин болгосон хүн нь Түмэндэр ноён. Тогоонтөмөр 1333 онд Солонгос дахь цөллөгөөс 13 насандаа Дайдуд ирж хаан ширээнд заларчээ. Нэрэн дээрээ Тогоонтөмөрийг хаан ширээнд залсан ч, үнэндээ засаглалыг түрүүчийн Тугтөмөр хааны бэлэвсэн хатан Будашир атгаж байжээ. Будашир хатан Тогоонтөмөр хаанд Элтөмөр сайдын ганц охин, кипчаг угсааны Данашир бүсгүйг их хатан болгон буулгасан байна.

1335 онд Данашир хатныг нас нөгчсөний дараа Тогоонтөмөр Солонгос шивэгчинг гол ордны их хатнаар өргөмжлөхөөр оролдсон ч Баян жанжин тэргүүтний эсэргүүцлийн улмаас биелэлээ олсонгүй. Монголын алтан ургийн угсаа залгамжлах түүхэнд Хонгирад эсвэл Чингис хаантай худ ургийн барилдлагатай биш л бол өөр аймгаас хатан буулгаж болохгүй гэсэн хатуу хориг цаазтай тул аргагүйн эрхэнд Хонгирад овгийн Баянхутагийг их хатнаар өргөмжилжээ.

 “Өвгөдийн гэрийн хуульд Монгол охиноос өөр үндэстэн бүсгүйг их хатнаар өргөмжлөхийг хориглосон” болохыг сануулж, хориглож байсан чинсан Баянг цөллөгт явуулсаны дараа хаан хүслээ гүйцэлдүүлж, Өлзийхутагийг хоёрдугаар хатнаар өргөмжлөхийн зэрэгцээ Будашир хатны захирч байсан Яруу засгийн хүрээлэнг Төрд туслах хүрээлэн хэмээн өөрчилж түүний эрх мэдэлд шилжшүүлжээ. Өлзийхутаг 1340 онд бага хатан болсон юм. Хубилайн үед тогтоосон журам ёсоор харь угсааны хүн хааны их хатан болох ёсгүй байтал Тогоонтөмөр энэ ёсыг эвдсэнд олон хүн дургүй байлаа.

Өндөр эрх мэдэл эдэлсэн Өлзийхутагийн шунал хэтийдэн цаашлаад хаан ширээний төлөөх тэмцэл өрнөнө. Өлзийхутаг 1338 онд Аюушридар хэмээх хүү төрүүлжээ. Хатан хөвүүнээ хаан ширээнд суулгахын тулд тухайн үеийн улс доторх тэмцэл, хагаралыг хурцатган, хүчийг талцуулах байдлаар далд явуулга явуулж, өөрийн захирдаг Төрд туслах хүрээлэнгийн гол үйл ажиллагааг хунтайжийг хаанаар өргөмжлөхөд эрчимтэй чиглүүлэх боллоо. 1350-аад оны сүүлээс Өлзийхутаг хатан өөрийн шадар тайган Паг овогт, Хама чинсан нарын хамт Тогоонтөмөрийг сууринаас зайлуулахаар тэмцэлдэв.

 1353 онд Аюушридарыг хунтайжаар өргөмжилж, Төвлөн засаглах газрын тэргүүлэгч, Цэргийн явдлын хүрээлэнгийн хэргийг мэдэгч болгов. Аюушридар хэдий хунтайжаар өргөмжлөгдсөн ч төрийн хэрэг явдалд төдийлөн сонирхолгүй байв. Гэвч 1354 онд Тогоонтөмөр хаан Төлөвлөн засах газар, Цэргийн явдлын хүрээлэн, Байцаан шийтгэх газар эхлээд хунтайжид айлтгаж байх зарлиг буулгасны сацуу өөрөө төрийн хэрэг явдлаас хөндийрснөөр Аюушридарын төрийн эрх мэдэл бэхжив. Зарим түүхчид Тогоонтөмөр хааныг хувийн зугаа цэнгэл хөөгч, Солонгос хатандаа толгойгоо мэдүүлж, олон төрийн зүтгэлтнүүдийг хэлмэгдүүлсэн хэмээн тэмдэглэсэн буй. 

1365 онд Баянхутаг хатан таалал төгсөхөд Чи /Ки/ хатан цор ганц их хатан болов. Тогоонтөмөр хаан зарилга буулгаж түүний гурван үеийн өвөг дээдэст ван цол нэхэн өргөмжөлжээ.

Хатан Тогоонтөмөрийг хаан ширээгээ хунтайжид найр тавин өгөхийг шахамдуулсан ч Тогоонтөмөр хаан насан залуу байгаа тул хаан ширээгээ өгөх хүсэлгүй байгаагаа "Миний үс цагаан болоогүй, шүд унаагүй бөгөөтөл өтлөв хэмээв үү" хэмээн илэрхийлсэн нь түүхэн сурвалжид тэмдэглэн үлдсэн юм.

Ийнхүү Чи /Ки/ хатан, хунтайж нар өөрсдийг нь дэмжих нөлөө бүхий сайд, албатуудыг өөртөө татах, эс зөвшөөрсөнтэй зөрчилдөх далд явуулгуудыг хийсээр байлаа.

Хатны энэ увайгүй явуулгыг эсэргүүцэж, албан тушаалаасаа хагацсан нэгэн бол  баруун гарын чинсан Тайпин болой. Тэр Аюушридарын дарамт, сүрдүүлгээс болж өвчнөөр шалтаглан албан суудлаа орхисон байна. Түүний оронд өргөмжлөгдсөн Чосчин болвоос хатан болон хунтайжийг дэмжихийн сацуу тухайн үед газар нутгаа булаалдан тэмцэлдэж байсан Бортөмөр болон Цагаантөмөр нарын зөрчлийг далимдуулж, тэдний дунд яс хаях замаар ихээхэн олз ашиг олсон нэгэн.

Энэ үед хааны итгэлт түшмэлийн нэг Лошида угаас баруун гарын чинсан болохыг хүсч байсан тул Чосчингийн бусармаг үйлдлийг хаанд айлтгахад Өлзийхутаг хатан Чосчинг өмгөөлөв. Уг хэргийн тайлаар дахин хаанд айлтгасан тул Лошида нь Ки хатан болон Аюушридар хунтайжийн өстөн болжээ. Тэр дутааж Бортөмөртэй нэгдсэн тул Бортөмөр ч мөн өстөн болов.  Бортөмөр төрийн эрхийг атгаж, Аюушридарын энэхүү хорт явуулгыг мэдээд ихэд хэлэгнэн Өлзийхутаг хатныг ордноос гаргаж, Өнгөт нүдтэний нийтийн даргын хорионд хорьж байсан аж.

Тухайн цаг үед төрийн түшиг болсон хоёр жанжин газар нутгаа булаалдан олон жил тэмцэлдэж байжээ. Бортөмөртэй Жинин газар нутгийг булаалдан тэмцэлдэж байсан Хөхтөмөр жанжин болвоос угаас Аюушридартай дотно байсан тул ханьсан Бортөмөрийн эсрэг тэмцэлдэв. Гэвч энэ тэмцэл цаашлаад ордны доторх хуйвалдаантай холбогдсоноор улс төрийн хямрал улам хурцдав.  

Удалгүй хатны ятгалгаар хаан зарлиг буулгаж, Хөхтөмөрөөр Бортөмөрийг дайлуулав. Тэдний тэмцлийн эцэст Бортөмөр алагдаж, Хөхтөмөрийн суурь бэхжинэ. Хөхтөмөр хэдий Аюушридартай дотно авч төрийн эргэлт хийхийг хүсээгүй нь түүний цэргийн хүчинд түшиглэн эцгээ хаан ширээнээс буулгах бодлогыг нь дэмжээгүйгээс харагддаг юм.  Өлзийхутаг хатан "Хунтайж Аюушридарыг их цэргээр хамгаалан нийслэл хотод ирэгтүн" хэмээн Хөхтөмөрт нууц бичиг илгээсэнд хатны цаад санааг мэдсэн Хөхтөмөр жанжин Нийслэлд хүрэхээс 30 газрын зайд ирэх үед цэргээ тараан, цөөн хэдэн шадар цэргийн хамт Аюушридарыг хамгаалан нийслэлд ирсэн байдаг.

Ийнхүү Хөхтөмөр ч мөн Өлзийхутаг хатан болон Аюушридарын заналт дайсан болжээ. Аюушридар Хөхтөмөрийн цол хэргэмийг хасах, цэргийн эрхийг булаан авах хорт явуулгыг хийснээр Хөхтөмөр жанжин тэрслүү түшмэл болон хувирсан билээ.

Тогоонтөмөрийн засаглалын дунд үеэс Монголчуудыг ноёрхлыг эсэргүүцсэн хятадын ард түмний эсэргүүцэл өрнөж эхэлсэн юм. Тэдний дотроос хамгийн хүчтэй нь Улаан алчууртны бослого. 1351 онд уг бослого эхэлжээ. Их Юань улсын төрөөс бослогыг нэн даруй төвшитгөх арга хэмжээг яаралтай авч байсан ч төдийлөн амжилт олоогүй юм. Үүнд улс доторх хагарал, бутрал их бага хэмжээгээр нөлөөлсөн нь тодорхой биз ээ.

Их Юань улсын цэргийн жанждыг өөр зуураа зөрчилдөн тэмцэлдэж байх зуур өмнөд Хятадын бослого хүчирхэгжин, нэн ялангуяа Мин улсыг үндэслэн байгуулсан Жү Юаньжаны удирдсан цэрэг ихэд хүчирхэгжсэн юм.

Жу Юаньжан нарын зүгээс газар сайгүй тарааж байсан ухуулах бичигт дурдсан үгс хүртэл Их Юань гүрний язгууртнуудын дотоод тэмцлийг илтгэх түүхэн сурвалж болж үлдсэн юм.  Ухуулах бичигт "...Мөн түүнчлэн татар-монголын хувь заяа нэгэнт дууссан. Тэд эгнэгт сөнөх тавилантай улс. Эзэн хаан нь эрх мэдлээ алдаж, гутамшигт байдалд орсон. Эцэг, хүү хоёр хаан ширээгээ булаацалдан нэг нэгнийгээ алахад бэлэн болсон. Эрэлхэг жанжин нар нь хоорондоо талцан байлдаж, сүр хүчээ эцэс болгов. Одоо муу урвасан хулгай Хөхтөмөр л үлдэв" хэмээсэн байдаг. Эндээс Тогоонтөмөр хаан болон хунтайж Өлзийхутаг хатны төрүүлсэн хүү болох Аюушридар хунтайж нарын тэмцлийг "Эцэг, хүү хоёр хаан ширээгээ булаацалдан нэг нэгнийгээ алахад бэлэн болсон" гэдэг үгсээс харж болохоор.

Мин улсын их цэрэг довтлон айсуыг мэдсэн Тогоонтөмөр яаралтай Цэрэг тохинуулах яамыг татан буулгаж, Хөхтөмөр жанжны хуучин цол хэргэмийг сэргээгээд “Урьд Бортөмөр цэрэг хөдөлгөн ордныг халдав. Эдүгээ Хөхтөмөр цэрэг дайчилснаас дэлхий дахин тайван бус болов. Та, эх хөвүүн хоёулаа намайг саатаав. Дэлхий дахины газар нутаг салан бутарч, аюуд зовлонг суун хүлээнэ. Энэ цөм та эх, хөвүүн үйлдсэн үйл болой” хэмээн халаглажээ. 

Хятад орныг 10-н жил хөдөлгөөнд оруулсан хэдэн арван сая хятад тариачдын бослого эрчээ авч 1368 онд Мин улсыг байгууллаа. Мин улсын цэрэг Тунжоуд хүрч ирэх үед Тогоонтөмөр хаан шөнө дүлээр Жяньдэ хаалгаар гарч умар зүгт зугтан оджээ. Улмаар 1368 огд Мин улсын их цэрэг нийслэл Дайдуг эзлэн авсанаар Юань улсын засаглал нуран унав. 

Мэдээж хэрэг Юань улсын уналт энэхүү Солонгос хатны засгийн эрх булаалдсан хуйвалдаанаас бүрэн болоогүй ч улс орны төрийн тогтвортой байдлыг алдагдуулах, хагарал бутрал үүсэхэд чухал нөлөө үзүүлсэн. Хоёр жилийн турш Тогоонтөмөр хаан Юань улсыг дахин байгуулахыг оролдож Мин улстай их байлдсан боловч ялж чадаагүй. 1370 оны тавдугаар сард хаан Инчан хотод таалал төгсжээ. Өлзийхутаг хатны хувьд 1368 онд Тогоонтөмөртэй хамт монгол нутаг руу одсоноос хойш түүний талаарх мэдээ үгүй. Эдүгээ БНСУ-ын Кйөнги мужийн нутагт Ки овогт Өлзийхутаг хатны булш хэмээн домоглодог булш байдаг аж. 

Харин зарим сурвалжид Мин улсын цэргүүд Чи /Ки/ хатан болон Майдарбал тэргүүнтэй Монголын олон язгууртныг олзолж Нанжин хотод аваачсан хэмээн тэмдэглэсэн нь бий. Ийм нэгэн харь хатны түүх Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Тогоонтөмөр хаан барснаар Монголын бага хаадын будлиант үе эхэлж түүнийг том хүү Аюушридар нь Билэгт хаан цолтойгоор эцгийн ширээг залгаж түүний орхисон хэргийг үргэлжлүүлэн шинээр үүсэн бий болж буй Мин улстай хатуу ширүүнээр тулан тал нутгаасаа их хэргээ хөтөлж эхэлжээ. Тэрбээр Монголын төрийг есөн жил жолоодон 1378 онд таалал болжээ.

Эх сурвалж:

Монголын эзэнт гүрний түүх, Дэд боть

Монгол Их Юань Улсын түүх

Кён Мүн Хуан. Солонгосын түүх

Монгол өв соёлын хүрээлэн. Юань улсын судар

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 7. 0:47
Монгол хүү

Хөөрхий Их түүхэнд нэрээ оруулах гэж Солонгосууд гуйсан юм байхдаа, 2000 оны үед Японууд нэг иймэрхүү түүх зохиогоод бичдэг байсанын тэгэхдээ эрэгтэй ах дүү хоёр Шоо гүн муудалцаад нэг нь Монгол ирсэн гээд. .... үлгэр ярьдаг байсан. Одоо арабууд дутаад байнадаа.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]