Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Тэд эцсийн мөчдөө юу өгүүлэвУншсан27,155

Ил хаан Хүлэгүгийн түмтийн жанжин, Найман Хит Буха ноёны Айн Жалутад хийсэн тулаан, түүний эцсийн мөчийг зохиолч, нийтлэлч Б.Номинчимэд "Айн Жалудын домог" номондоо гайхалтай дүрслэн өгүүлсэн байдаг.

Монгол орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцсэн зоригт баатрууд эцсийн мөчдөө юунд сэтгэлээ чилээсэн бол... тэдний сүүлчийн үгсээс...

Бэлтгэсэн Г.Жаргал


Хит Буха: Би бол Хүлэг хааны жирийн нэгэн дайчин, над шиг ийм эрс эзэнд минь мянга мянгаараа бий.

Ил хаан Хүлэгүгийн түмтийн жанжин, Найманы Хит Буха ноёны Айн Жалутад хийсэн тулаан, түүний эцсийн мөчийг зохиолч, нийтлэлч Б.Номинчимэд "Айн Жалутын домог" номондоо гайхалтай дүрслэн өгүүлсэн байдаг. Хит Буха ноён “Намайг аллаа ч ялж сөхрүүлж чадахгүй. Би үхэх ёстой бол энэ нь чиний сайных бус Мөнх Тэнгэрийн тааллаар болж буй хэрэг. Иймд чи хормын төдий ч бүү баярла, хумсын төдийд ч бүү сайрх. Өчүүхэн боол та бүхний энэ явдлын тухай Хүлэг хааны сонорт хүрмэгц, эзний хилэн далай мэт давалгаалж, Азербайжанаас Миссир хүртлэх газар нутгийг Монгол морины туурайгаар тэгшлэх болно. Би бол Хүлэг хааны жирийн нэгэн дайчин, над шиг ийм эрс эзэнд минь мянга мянгаараа бий” хэмээсэн тухай тэрхүү номд дурдсан байдаг.

Хотгойдын шадар ван Чингүнжав: Миний цусан өшөө заавал авагдана

Манж Улсын өмнө толгой гудайгаагүй Монгол баатруудын нэг бол Хотгойдын шадар ван Чингүнжав билээ. Чингүнжавыг засаг ноён болох үед ар Халх дахь Манжийн ноёрхол хүчээ авч Ойрадыг байлдан эзлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх түшиц газар болгох бодлого явуулж байв. Харийн ноёрхолд үндэс угсаа нэгтнүүдээ орж байгааг харж тэвчээгүй тэр цаг үеийн олон баатруудын нэгээр шадар ван тодорч зэвсэглэн тэмцсэн ч удалгүй дарагдсан. 1757 оны 3 дугаар сарын 11-нд Чингүнжавыг гэр бүлийнх нь хамт Бээжинд цаазалжээ. Баттай бус боловч тэрээр нөгөө ертөнцөд одохынхоо өмнө “Миний цусан өшөө заавал авагдана” гэж хэлсэн тухай ном зохиолд бичсэн байдаг.

Манлайбаатар Ж.Дамдинсүрэн: Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй

Монгол үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цуцалтгүй тэмцэгч Баргын эрэлхэг хөвгүүн Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн. Тэрээр XX зууны Монгол цэргийн домогт жанжин, Монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Барга түмний бахархал байв. Манлайбаатар ван Жамсрангийн Дамдинсүрэн амьдралынхаа сүүлчийн 107 хоногийг Хятадын шоронд өнгөрөөж, 1920 оны 1-р сарын 27-ны шөнө нас нөгчжээ. Монголын ард түмэн түүнийг Хятадын шоронд нас барахдаа “Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй” хэмээн амьсгал хураасан тухай домог болгон ярьдаг билээ. Мөн тэрээр “Би хятадуудын гарт хэвтээгээрээ үхэхгүй, үхэх бол босоогоороо үхнэ. Хэрэв эндээс амьд гардаг юм бол Маймаа /Амгаланбаатар/ хотоос Бээжин хүртэл хар хятадыг хүйс тэмтэрнэ”, “Зовж жаргасан ч Хятадын модон анжис чирж явахгүй шүү. Алдсан оносон ч ар Халхынхаа нутаг, Монголынхоо гал голомтыг түшиж ясаа тавина” гэсэн тухай ном, зохиолд бичсэн байдаг юм.

Ерөнхий сайд П.Гэндэн: Юуны учир энд байлгаад байгааг мэдмээр байна

Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнг ЗХУ-д удаан хугацааны амралт, эмчилгээнд гэр бүлийнх нь хамт явуулж улмаар 1937 оны 7 сарын 17-ны өдөр Сочи дахь “Кавказская” зочид буудалд байхад нь ЗХУ-ын ДХАК-ын Азов хар тэнгисийн хязгаарын удирдах газрын ажилтан Кабаев нар очин баривчилсан юм. Баривчлагдахаасаа сар гаруйн өмнө буюу 1937 оны 6 сарын 14-нд П.Гэндэн өөрийнх нь албан үүргийг хүлээн авсан Ерөнхий сайд А.Амарт захидал бичжээ. Захидлын төгсгөлд "...Энэ жил хагасын дотор хоцрогдсон үхээнц дорой би өөрийн орон нутаг ба ах дүү нар хийгээд малын үнэр, аргалын утаа зэргийг үргэлжлэн бодож, сэтгэл санаанаас гарахгүй өдөр шөнийн зүүд бодол болон байх юм. Намайг эргэж албан тушаал горилж байна гэж битгий бодоорой. Намайг анх явуулахдаа нэг жилийн хугацаагаар гэсэн боловч одоо жил хагас болоод байна. Буцая гэхээр буцаахгүй гэх юм. Юуны учир энд байлгаад байгааг мэдмээр байна. Амралтад сууж буй би байтугай ял хэрэгт холбогдсон хүн ч халдаж үйлдсэн тогтоол тушаалыг сонсохыг хүсдэг, сонсох ч ёстой хэмээн ойлгож явдаг юм.  Ёслогч би бээр гээгдэн жигшигдсэн тэнэг Гэндэн мөн” хэмээн бичсэн нь бидэнд ил болж үлдсэн билээ.

Ерөнхий сайд А.Амар: Хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг барьж хорьдог

А.Амар сайд эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын төлөө, Монгол улсынхаа төр түмний өмнөөс ухааны хурцыг сорьж, харь гүрний цэргийн шүүхийн өмнө эрэлхэг баатарлагаар хэлмэгдлийг сөрж зогссон улсын Ерөнхий сайдаар түүхэнд мөнхөрч үлдсэн баатарлаг хүмүүн билээ. Сталиныг тахин шүтсэн нь манайд нөлөөлж, хүмүүсийг олноор хэлмэгдүүлж байсныг Амар тухайн үед эсэргүүцэж байсан гэдэг. Тэрээр Холбоот Орос улсад мөрдөн байцаагдаж, эрүү шүүлтийн дараа шүүх хурлаар орохдоо, шүүгчдээс эцсийн үгээ хэлэхийг зөвшөөрөхөд "Хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг барьж хорьдог. Яг л тийм маягаар ЗХУ Монгол улсад хандаж байгаа. Түүний тод жишээ нь миний буюу" хэмээсэн тухай баримт үлджээ.

Монгол Улсын Баатар М.Экей: Би яахав, дайсныг эцэслэн цохь

М.Экей 1932 онд баруун дөрвөн аймагт гарсан эсэргүү хөдөлгөөнийг дарахад оролцсон. 1939 оны VII сарын 24-нд Гөлөгт Манханд болсон тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг сумангаа чадамгай удирдан хориглолтыг эзэлж авахад гарамгай гавъяа байгуулжээ. Түүнийг 1979 онд БНМАУ-ын Баатар цолоор нэхэн шагнасан байна. Тэрээр Халхын голын байлдааны үед VI морьт дивизийн сумангийн захирагч байхдаа давуу хүчтэй дайсны эсрэг баатарлаг тулалдаж амь үрэгджээ. Тэрээр эцсийн мөчдөө дайчин нөхөддөө “Би яахав, дайсныг эцэслэн цохь. Энэ бол миний биш эх орны тушаал” хэмээн хэлжээ.

Ө.Пунцаг: Монгол Улс хэзээд мандтугай

1937 оны хэлмэгдлийн хар шуурганд өртөж амь насаа алдсан хүний нэг нь Хоёрдугаар морьт корпусын дарга, БНМАУ-ын прокуророор ажиллаж байсан Өлзийбүрэнгийн Пунцаг юм. Тэрээр баригдахдаа Аж үйлдвэрийн даргаар ажиллаж байв. Түүнийг Хэнтий, Дорнод хязгаарын цэргийг Японы талд урвуулах, Аж үйлдвэрийн комбинатын 6000 төгрөгийг үл бүтэх этгээдүүдэд ашиглуулсан гэсэн ял тулгаж, эрүүдэн шүүж байгаад цаазлан хороожээ.

Хилс хэрэгт хэлмэгдэн хоригдсон тэрээр тулган хүлээлгэх гэсэн хэргийг огтхон ч хүлээлгүй өмсөж байсан цамцаа урж, тасархай дээр нь "Удирдагч Догсом, Амар, Маршал нарт үнэнч явсан ба үнэнээ илчилснийг цусаараа тангараглана. Монгол Улс хэзээд мандтугай Пунцаг. 27.11.28" гэж цусаараа бичин үлдээсэн нь өдгөө Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивт хадгалагдаж байна.

Ж.Лхүмбэ: Сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яах вэ

Түүхийн хуудаснаа “Лхүмбийн хэрэг” гэж нэгэн том сэдэв бий. Төр нийгмийн зүтгэлтэн Жамбын Лхүмбэ 1933 оны 12-р сарын 9-нд 6 сарын турш "хэргээ хүлээ" гэж тамлуулж байхдаа өгсөн мэдүүлэгт ийнхүү бичжээ.

"Амь насны тухай одоо ярих юм байхгүй, өнгөрсөн шүү дээ. Би тийшээ явахдаа ёстой нэг нарийн шалгаж үнэн мөнийг олоод өгөх юм байх гэж бодсон юмсан. Гэтэл тэгсэнгүй... зөвхөн хар амиа бодвол болох л байна. Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яах вэ? Ганц толгойгоороо үүрье гэж бодлоо. Би бүр шийдчихээд байна. Улсдаа зүтгэж яваад хайран залуу насаа алдах боллоо. Би их азгүй хүн юм" хэмээжээ.

Д.Бодоо: Надад баячуудыг талж, ядуучуудыг боолчлох зорилго үгүй байсан

1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг, Ардын эрхтэй, хэмжээт цаазат Монгол Улсын Ерөнхий сайд Догсомын Бодоо Эрдэнэ Шанзудбын яаманд бичээч, Орос-Монгол хэвлэлийн хорооны үсэг хянагчаар ажиллаж, Харбинд гарч байсан ”Монголын сонин бичиг”-ийг түгээх ажлыг хийж, Монголын анхны тогтмол хэвлэлүүдэд “Бо”, “Болд илд” нэрээр нийгмийн ардчилсан үзэл санааг сурталчилсан өгүүлэл, нийтлэл бичиж байв.

1922 онд түүнийг Улаан цэргүүдийг хөөсөн, Зөвлөлт Оросоос салж, Англи төрийн тогтолцоог авах гэсэн, Дамбийжанцанд захидал бичсэн, Егүзэр хутагт, Дилав хутагт, Жалханз хутагт Дамдинбазар нарт хувийн захидал бичсэн зэргээр хувьсгалын хэргээс урвасан хэмээн ял тулгажээ. Бодоо сайдын Зуугийн хувилгаан цорж ламд бичсэн захидлаас. Д.Бодоог эрүүдэн шүүсэн Коминтерний сургагч Сорокинд "...Би баячуудын хувьд ч ширүүлж хатуурхаж байгаагүй. Надад баячуудыг талж, ядуучуудыг боолчлох зорилго үгүй байсан. Хятадуудаас өгсөн 1000 жин гурилыг ядуучуудад тарааж өг гэж хэлсэн...” хэмээн эцсийн мэдүүлэгтээ хэлсэн байдаг аж.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]