Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ковидийн урт хугацааны нөлөөтэй эрдэмтэд нүүр тулж эхэллээУншсан19,556

Дэлхий даяараа корона вирусийн цар тахалд өртөөд бараг нэг жилийн нүүрийг үзэх гэж байгаа энэ цаг үед эрдэмтэд, эмч нар болон өвчтөнүүд учир нь олддоггүй энэ вирусийн тайлагдашгүй нууцуудыг хэдийнэ тайлаад эхэлжээ.

Уолл Стрийт Журналд нийтлэгдсэн өгүүлэл.

Дэлхий даяараа корона вирусийн  цар тахалд өртөөд бараг нэг жилийн нүүрийг үзэх гэж байгаа энэ цаг үед эрдэмтэд, эмч нар болон өвчтөнүүд учир нь олддоггүй энэ вирусийн тайлагдашгүй нууцуудыг хэдийнэ тайлаад эхэлжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй идэр залуусыг оролцуулаад ковидоор өвчилсөн олон хүнд эдгэрсэнийх нь дараа ч ноцтой эрүүл мэндийн асуудлууд үүсч байгаа ажээ. Эдгэрснээсээ хойш хэдэн 7 хоног, хэдэн сарын дараа ч гэсэн олон хүний биед маш ихээр ядарч сульдах, мартаж санах, хоол шингэхгүй болох, зүрхний цохилт хэвийн бус болох, толгой өвдөх, толгой эргэх, цусны даралт хэлбэлзэх, үс унах зэрэг шинж тэмдгүүд илрэх нь хэвийн үзэгдэл болоод байна.

Тиймээс хөнгөн шинж тэмдэгтэй өвчтнүүд хоёр долоо хоногийн дараа эдгэрдэг гэсэн таамаглалд эргэлзэхэд хүрээд байгаа аж. Эдгэрсний дараа илрэх эдгээр шинж тэмдгүүдийг анагаахын мэргэжлийн хэллэгээр “Ковидын дараах хурц үе”, “Ужиг ковид” хэмээн нэрлээд байгаа ба эдгээр шинж тэмдгүүд илэрсэн өвчтөнүүдийг “Урт хугацааны ковидоор өвчлөгсөд” гэж тусгайлан нэрлэжээ.

"Архаг өвчтэй хүмүүст салж өгдөггүй шинж тэмдгүүд илэрдэг бол ковидоор өвчилсөн хүмүүст ийм биш" гэж Оксфордын Их сургуулийн профессор, BMJ анагаахын сэтгүүлийн 8-р сарын дугаарт хэвлэгдсэн ужиг корона вирусийн талаархи судалгааны гол автор Триша Грийнхалг ярьжээ. 10-р сард АНУ-ын Эрүүл мэндийн Үндэсний хүрээлэнгээс эдгээр шинж тэмдгүүдийн тодорхойлолтыг Ковид-19 эмчилгээний зөвлөмжид нэмж оруулжээ.

“Коронагаар өвчлөх хүртлээ хүн өөрийгөө ямар азтай гэдгээ мэддэггүй” гэж гурван хүүхдийн ээж, 43 настай хуульч Элизабет Мур ярьжээ. Өмнө нь Мур цанаар гулгах хорхойтон байсан ба фитнессээр идэвхитэй хичээллэдэг нэгэн байж. Харамсалтай нь гуравдугаар сард коронагаар өвчилснөөс хойш юмсыг мартаж санадаг болсноос гадна ходоод гэдэсний асуудлаар шаналах болж, найман сарын дотор 12 кг туржээ.

Мур 3-р сард халдвар авч, 4-р сарын эцсээр бие нь тэнхэрч эхэлсэнд өөрийгөө эрүүл саруул болчихлоо гээд газар хүрэхгүй баярлаж байжээ. Харамсалтай нь 5-р сард давтан шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна. Муу мэдээ сонссон Мурын бие огцом муудаж, зүрхний цохилт түргэсэн, цусны даралт хэлбэлзэх болжээ. Удалгүй эдгээр шинж тэмдгүүд үгүй болж эхэлсэн ч түүний ходоод гэдэсний асуудал өнөөдрийг хүртэл түүнээс салахгүй байгаа гэнэ. Гайхсан бүсгүй юу болоод байгааг мэдэхээр шинжилгээ өгөхөд ходоодны өнгөрийн үрэвсэлтэй болсон гэсэн хачин хариуг олж сонсчээ. Мур пепцид, антигистамин, цагаан идээнээс зайлсхийснээр ходоод нь бага зэрэг дээрдэж байгаа ч ой ухаан самуурах гэх мэт зарим шинж тэмдгүүд түүнээс салж өгөхгүй хэвээр байгаа гэнэ. Хатагтай Мур үүнийг бодит байдал гэж хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа болохоор дараагийн алхам байх ёстой хэмээн найдаж байгаа ажээ. Тэрээр ковидоор өвчлөөд байгаа өвчтөнүүдэд шийдэл олж өгөхийг зорьж байгаа Чикаго хотын Нордвестерн Медисин эмнэлгийн клиникээс явуулсан судалгаанд идэвхтэй оролцох болжээ.

Сүүлд явагдсан нэгэн судалгаагаар 18-49 насны 4000 гаруй өвчтний 10 орчим хувьд нь эдгэрснээс хойш дөрвөн долоо хоногийн дараа ч биед нь сөрөг шинж тэмдэг илэрсээр байсан бол бүх насны хүмүүсийн 4.5%-д нь найман долоо хоногийн дараа, 2.3%-д нь 12 долоо хоногийн дараа ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илэрчээ.

Лондонгийн Кингс коллеж, Массачусеттсийн эмнэлэг, Zoe компани хамтран уг судалгааг явуулсан. Өөр нэгэн судалгаагаар эмнэлэгт хэвтээгүй ковидоор өвчлөгсдийн 25%-д нь эдгэрсэнээс нь хойш 90 хоногийн дараа сөрөг шинж тэмдэг ажиглагдаж байжээ.

“Дэлхий даяар 46 сая тохиолдол бүртгэгдчихээд байгаа өнөө үед олон сая хүн ковидын дараах ужиг өвчнөөр урт хугацаанд шаналах болохоор нийт өвчтөнүүдийн  тоог яаралтай гарган, илүү гүнзгийрүүлэн судлах зайлшгүй шаардлага урган гараад байна. Ковид-19 өвчний эдгэрэлтийг хэрхэн яаж тодорхойлох, ямар эмчилгээг өвчтөнд бичиж өгөхөд энэ судалгаа их тус болох болно” гэж судлаачид хэлж байна. Хөл хорио, тусгаарлалтад орсноос болж үүссэн сэтгэл санааны хямрал, цар тахлын эргэн тойрон дахь тодорхойгүй байдал нь байдлыг улам дордуулж байгаа. SARS, MERS, Ebola, H1N1, Испани ханиад гэх зэрэг бусад вируст ч урт хугацааны шинж тэмдэг илэрч байсан аж.

Гэхдээ Ковид-19-ийн хүний биед учруулж байгаа хор уршгийн цар хүрээгээрээ бусад вирусын халдвараас эрс ялгарна. Эмч нар уушгаар дамжиж зүрх, бөөр, хоол боловсруулах болон мэдрэлийн систем зэрэг бусад хэсгүүдэд нөлөөлдөг ийм халдварт өвчнийг огт харж байгаагүй юм. "Зарим хүн хэвийн байдалдаа эргэж орохгүй байгаа нь үнэхээр аймшигтай санагдаж байна” гэж ковидын дараах эмчилгээ үзүүлдэг Маунт Синай эрүүл мэндийн төвийн захирал Зижиан Чен ярьжээ.

Ковид-19 өвчний урт хугацаанд илрэх шинж тэмдэгүүдийн талаар судлаачдын өгч байгаа онцлох тайлбар нь вирус хүний биед бүрэн үгүй болсны дараа ч гэсэн дархлалын систем идэвхжин, үрэвсэл цаашид үргэлжилсээр дотор эрхтнүүд юмуу мэдрэлийн системд нөлөөлдөг гэсэн тайлбар. Эмч нар эхлээд зүрх судасны үйл ажиллагаанд үзүүлж байгаа нөлөөг ажиглажээ. Ковид-19 вирусээр өвчлөөд эдгэсэн 100 өвчтөнөөс 2 сарын дараа судалгаанд хамруулахад 78-д нь зүрхний гажиг, 60-д нь зүрхний булчингийн үрэвсэл илэрсэн байна. 

“Биед нь ямар ч шинж тэмдэг илрээгүй, идэр залуухан, эрүүл чийрэг хүмүүс хүртэл гажигтай болсон нь тогтоогдсон” гэж Германы Франкфуртын Их сургуулийн Зүрх судасны тасгийн дарга Эйке Нэжел ярьсан юм. Зарим өвчтөнүүдийн зүрхний зурган дээр сорвижилт  харагдаж байгаа нь Эйкийн санааг түгшээж байгаа аж.

Сүүлийн үед гарсан шинэ судалгаагаар ковидтой өвчтөнүүдийн өтгөн болон гэдэсний өнгөрт халдвар илэрч эхэлсэн нь вирус ходоодыг ч бас чиглэдэг гэсэн санааг эмч нарыг дэвшүүлэхэд хүргэжээ.

Жон Хопкинсийн Их сургуулийн шигшээ багийн гишүүн 19 настай Кристофер Вильгелм өдөрт 16 км газар гүйдэг байсан бол одоо ээжийнхээ хамт 400 метр газар ч алхаж явж хүчрэхээ больжээ. 6-р сард корона вирустэй нь батлагдсан Вильгелмийг алхахад зүрхний цохилт нь 130-170 болтлоо нэмэгддэг болж. Сууж, босохдоо цусны даралт нь ихэсч, зүрхний цохилт нь нэмэгддэг түүнийг зүрхний цохилт түргэсэх синдромтой гэж эмч нар оношилжээ. Эмч нар хяналтад авч эмчилгээ хийсэн ч зүрхний цохилт нь хэвийн болж буураагүй л байгаа аж. “Шинжилгээний хариу эерэг гарсны дараа би 2 долоо хоногийн дараа л гэхэд ханиад хүрсэн үед илэрдэг шинж тэмдгүүдээс салаад хэвийн байдалдаа эргэн орно гэж бодож байсан. Гэвч ийм удчихаад байхад бие маань хэвийн болж, сайжраагүй байгаад санаа минь их зовж байна” гэж Вильгелм ярьсан юм.

Вирусээр халдварлаад хагас жил өнгөрөөд байгаа 33 настай Женника Харрис байнга л ядарч сульдан, ой санамж, анхаарлаа төвлөрүүлэх тал дээр асуудалтай байгаа юм. Хүнтэй ярилцаж байхад нь жирийн үг хэллэг хүртэл орж ирэхээ болих, бодож байсан зүйлээ мартах, ээрч гацах шинжүүд түүнд илрэх болжээ. Хэлэх гэсэн зүйлээ дотроо хадгалалгүйгээр хэлчихдэг зантай түүнд эдгээр санаа зовом шинж тэмдгүүд илэрч эхэлснээс болоод өөртөө итгэх итгэл нь буурчээ.

Коронавирусээр нас барсан зарим хүний цогцост задлан шинжилгээ хийсэн эмч нар тархины хурц үрэвсэл байхыг анзаарчээ. Задлан шинжилгээний судалгааны үр дүнгээр хүнийг үнэрлэхэд оролцдог тархины хэсгүүдэд коронавирус ихээр тархсан байсан. Коронавирус хүний судасны хананы бүрхүүлийг халдварлуулах явдал түгээмэл байгаа ба ингэснээр тархинд гэмтэл, үрэвсэл үүсч байгаа юм байна. Ужиг корона вирусээр өвчилсөн хүмүүсийг ор мөргүй эдгэхэд хэдий хэрий хугацаа шаардагдах нь одоогоор тодорхойгүй л байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]