Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Н.Батсуурь: Ууж идэх зүйлд эм холиод өгчихөж дээ гэсэн хар байнаУншсан526

Президин эм нь дэлхийн допингийн эсрэг олон улсын байгууллагын бүх цаг үед хориглосон эм бэлдмэлийн жагсаалтад заасан эм юм байна.

Улсын их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний хариу гарахад гурван бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл гараад байгаа. Гурван бөхийн нэгийг Улсын аварга Н.Батсуурь хэмээж байсан энэхүү мэдээллийг үнэн болохыг баталж аварга  өөрийн биеэр олон нийтэд хандлаа.

Тэрээр “Допингийнхоо хариуг өөрийн биеэр зарлах гэж байна. Би Б сорьцын шинжилгээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн учраас өөрөө хариугаа зарлаж байна. Миний бие Үндэсний их баяр наадамдаа үзүүрлэсэн билээ. Би допингийн хариугаа хүлээн авсан, хариуг үнэн зөв гэж хүлээн зөвшөөрч байна. Миний шинжилгээний хариунд “Таны биеэс президин гэх допингийн төрөлд хамрагддаг бодис илэрсэн" гэсэн  байсан. Шинжилгээний хариуг үнэн зөв гэж хүлээн зөвшөөрч байна.

Президин эм нь дэлхийн допингийн эсрэг олон улсын байгууллагын бүх цаг үед хориглосон эм бэлдмэлийн жагсаалтад заасан эм юм байна. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс тэмцээний үед хэрэглэхийг хориглож байгаад 2016 оноос бүх цаг үед хэрэглэхийг хориглосон жагсаалтад оруулсан байна.

Би есдүгээр сарын 10-нд допингийн хариугаа авсан. Гурван хоног надаас илэрсэн эмээ судалж үзлээ. Энэ илэрсэн бодис буюу президин нь  зүрхний эм байсан. Энэ эмийг ямар ч жоргүйгээр олгодог бөгөөд Монголд нэг ширхэг нь 400 төгрөгөөр зардаг эм байсан. Миний бие энэ эмийг огт хэрэглэж байгаагүй. Миний шинжилгээнээс маш бага хэмжээгээр илэрсэн гэсэн. Би лабораторийн шинжилгээний хариутай маргахгүй. Би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Би өнөөдрийг хүртэл олон наадамд орохдоо үнэнч шударгаар өдий зэрэгт хүрсэн. Надад эмийн санд 400 төгрөгөөр зарагддаг эмийг хэрэглэх шалтгаан байгаагүй, уугаагүй гэдгээ баттай хэлж чадна. Миний хувьд долоон удаа төрийн наадамдаа шөвгөрсөн. Нийт 10 удаа допингийн хариу өгч байсан.

Гэхдээ шинжилгээний хариу нэгэнт гарсан учраас би хариуцлагаа хүлээж, Монголынхоо ард түмэн, үндэсний бөхөд хайртай хүмүүсээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Гаднаас миний биед орж ирсэн байх магадлалтай учраас би хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг хэлье. Гэхдээ миний анхаарал болгоомжгүй, хариуцлагагүйгээс болж ийм байдалд хүрлээ. Зохих хүмүүс холбогдох шийдвэрийг гаргах байх. Би цол тэмдгээ хураалгахад бэлэн байна. Өдий олон жил үндэсний бөхөөр хичээллэж, том алдар хүндэд хүрсэн хүний хувьд надад ийм бүтээгдэхүүн хэрэглэх нь ёс зүйн хувьд байж болохгүй зүйл. Гэвч надаас нэгэнт ийм бодис илэрсэн учраас би хариуцлага хүлээнэ. Цэвэр миний хариуцлагагүйгээс гаргасан алдаа боллоо.

Гэхдээ би маш их харамсч байна. Өдий зэрэгт хүрэхдээ үнэнчээр, хүч хөдөлмөрөөрөө барилдаж ирсэн. Нэгэнт ам нээснийх энэ эм нь зүрхний шигдээстэй үед өдөрт 60 мгр-аар ууж хэрэглэдэг эм юм билээ. Монголд бүртгэлтэй эмийн жагсаалтад бүртгэгдсэн, Польш улсад үйлдвэрлэгдсэн, жоргүй зарагддаг эм. Энэ эм Дэлхийн допингийн эсрэг байгууллагын хориотой эмийн жагсаалтад орсон бөгөөд 2016 оноос эхлэн бүх цаг үед хориглосон жагсаалтад орсон эм юм билээ. 2014 онд БНХАУ-ын тамирчин Сүн Ян эмчийн заавраар хэрэглэж байсан зэрэг бодит кейсүүд бий.

Миний хувьд ууж идэх зүйлд маань нэг ширхэг эм л холиод өгчихөж дээ гэсэн хар бол төрж байна. Учир нь энэ эмийг уух шаардлага надад байхгүй. Миний зүрх эв эрүүл. Дээр нь миний бие Монгол Улсын аварга цолтой бөх, надад гурван үе удмын 70 жилийн үндэсний бөхийн жудаг байна, надад хийсэн бэлтгэл, туршлага, ген байгаа учраас допинг гэдэг зүйлийг хэрэглэх шаардлага, ёс зүй байхгүй. Гэтэл нэгэнт миний биеэс шинжилгээгээр бодис илэрсэн учраас гаднаас орж ирсэн л гэж хардаж байна. Миний биеэс үүссэн бодит зүйл биш шүү. Дүү нар, найз нөхдөдөө зөвлөхөд, допингийн шинжилгээ өгөхдөө ууж, идсэн зүйлдээ анхааралтай байхгүй бол маш зэвүүн цаг ирсэн байна. Би өөрөөрөө эцэс шийдвэр болгоод, барилдах эрхээ хасуулж, хариуцлагаа хүлээнэ” гэлээ.

Улсын аварга Н.Батсуурь дараа нь сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулав.

-Таны зүрх өвдөж байсан уу. Яагаад илрэх болов?

-Би зүрхний ямар нэг өвчингүй.

-Та Б сорьцын шинжилгээ өгөх үү?

-Өгөхгүй гэж бодож байна.

-Допингийн хариугаа авсан бөхчүүдийг өөрсдийгөө зарлаж болохгүй гээд байсан. Та яагаад ингэж өөрийгөө зарлах болов?

-Би өнөө өглөө бөхийн салбар хороон дээр очиж, А сорьцынхоо хариуг авсан. Тэгэхдээ Б сорьцын шинжилгээгээ өгөхгүй, А сорьцынхоо шинжилгээний хариутай санал нийлж байгаагаа мэдэгдсэн. Ийм учир миний мэдэгдэл хийх эрх нээгдсэн. Хэрэв А сорьцын шинжилгээтэйгээ санал нийлэхгүй бол Б сорьцын шинжилгээний хариу иртэл өөрийгөө зарлахгүй байж болно л доо. Бусад бөхчүүд Б сорьцын шинжилгээний хариуныхаа дараа мэдэгдэл хийх байх.

-Шинжилгээний хариу солигдох боломжтой юу?

-100 грамм шээсийг А, В хоёр саванд хийдэг. Би өөрөө лацдана. А, В сорьцын хариу зөрсөн түүх байхгүй. Өөрөөр хэлбэл, нэг шээсийг л хоёр хуваана гэсэн үг. WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас дахин давтагдашгүй тоотой шинжилгээний шилийг илгээдэг. Миний шинжилгээний 44066049 тоот сав дэлхийд ганц л бий. Хоёр биш ганц. Камерын өмнө бид гэрчтэй бие засна.

-Эм тан хэрэглэхдээ эмчээс заавар, зөвлөгөө авдаг уу?

-Би аптекаас өөртөө хамрын цацлага авахдаа диксомецинтай хамрын цацлага авдаггүй. Эм зүйчээс нь орц найрлагыг нь асуудаг. Би хэзээ ч 400 төгрөгийн эм уухгүй. Өөртөө итгэхгүй байна. Миний санамсаргүй, хайнга байсны буруу. Гэхдээ би хорлогдчихлоо гэсэн үг биш шүү. Би дархан аварга гэдэг цолыг хүсч барилддаг. Гэтэл цэвэр уснаас хямдхан эм хэрэглэсэн гэж гарч ирлээ.

-Тантай хамт хэд хэдэн бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Тэдний талаар мэдэж байна уу?

-Би яг тэрийг мэдэхгүй. Миний асуудлыг надад л хэлсэн.

-Эмч нар шинжилгээний хариуг дардаг, нуудаг, сольдог гэдэг. Эмч нарын нөлөө хэр их байдаг вэ?

-Надад бол мөнгө өгч шинжилгээгээ аргалуулж байсан тохиолдол байхгүй. Энэ жилийн хувьд Допингийн эсрэг үндэсний төв бүрэн шинэчлэгдсэн. Гадаадын тэмцээн уралдааныг хархад тамирчны ард допингийн шинжилгээг нь хариуцсан ажилтан алхаж байдаг. Гэтэл манай улсад энэ процесс алдагдаж байна. Шууд л допингийн шинжилгээний өрөө рүү явах байтал телевизийн эфирийн өрөө рүү ороод, цаашаа айраг цагаа идэж уугаад л, сүүлд нь шинжилгээгээ өгч байна. Нэгэнт миний хариунаас допинг илэрсэн учир би БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн энэ шинжилгээг үгүйсгэхийг хүсэхгүй.

-Допингийн эсрэг үндэсний төвөөс наадмын өмнөхөн бөхийн галуудаар явж таниулах, сэргийлэх арга хэмжээ авсан болов уу?

-Энэ жил хийгээгүй.

-Ер нь хийдэг байсан уу?

-Хийдэг байсан. Энэ жил л хийсэнгүй. Хотоос 130 км зайтай газар наадам боллоо. Тэнд очоод л зааж өгсөн гэрт нь ороод, олдсон юмыг нь л идэж уусан.

-Өнгөрсөн жил Э.Оюунболд аварга, энэ жил та допингийн асуудалд холбогдлоо. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Би үнэхээр харамсч байна. Хүүхэд байхаасаа л түүхт 100 жилийн ойгоор барилдахыг хүсч байлаа. Ид үе дээрээ ийм асуудалд орсондоо харамсч байна. Миний цэвэр хариуцлагагүй байдлаас боллоо.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]